• Өнөөдөр 2024-05-03

Ц.ТУВААН: Хөл хорио тогтоохгүй байж болох байсан

2020-12-07,   932

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ НЬ ЦЭВЭР УЛСТӨРЖИЛТ-

 
УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.
 
-УИХ дахь АН-ын бүлэг цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван гарах тал дээр сөрөг хүчний хувьд ямар үүрэг гүйцэтгэж оролцож байна вэ?
 
-Коронавирусийн халдвар дотоодод илэрсэн нь маш том асуудал болоод байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан Цар тахлын эсрэг хууль нь олон зүйл заалттай, Засгийн газарт тодорхой асуудлуудыг шийдэх эрх мэдлийг өгсөн хууль. Тодорхой хэлбэл, Монгол Улсын төсөвтэй тэнцүү хэмжээний буюу 5.1 их наяд төгрөг зарцуулах эрх мэдлийг эрх баригчдад өгсөн. Гэвч энэ хууль хэрэгжихгүй байна. Учир нь, өнгөрсөн оны нэгдүгээр сараас цар тахал биднийг отсон.
 
     Энэ үед эрх баригчдын зүгээс ямар нэгэн тодорхой арга хэмжээ шийдэл гаргаагүй, энэ нөхцөлд бэлтгэлгүй байгаа нь харагдаж байна. Тиймээс л халдварыг дотооддоо алдсан. Энэ бүгдийг сөрөг намын хувьд эрх баригчдад анхааруулах үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. УИХ дахь АН-ын бүлэг Цар тахлын үеийн хуулиа бүрэн хэрэгжүүлэх тэргүүтэй маш тодорхой асуудлуудыг ярьж байгаа. 
 
-Иргэдэд тулгамдаж байгаа олон асуудал бий. Засгийн газраас байж болох боломжит хувилбаруудаа авч ажиллаж байна гэж байгаа. Үнэхээр Засгийн газрын нөөц боломж ийм л байна уу?
 
-Мэргэжлийн байгууллагаас цар тахал иргэд, аж ахуйн нэгжийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа гаргасан байна лээ. Олон аж ахуйн нэгж цаашид ажлын байраа удаан хадгалах боломжгүй нөхцөлд хүрсэн гэж байна. Ер нь Засгийн газар, УОК авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь иргэдэд ойлгомжгүй тодорхой бус байдлыг үүсгэж байна. Ингэхдээ төрөөс гаргаж байгаа бодлого шийдвэрүүд хоорондоо уялдаа холбоо муутай, зөрүүтэй мэдээллийг иргэдэд өгч байгаа.
 
-Хөл хорио сунгасныг та бүхэн юу гэж харж байгаа вэ. Хөл хориог сунгахгүйгээр ажиллах боломж манайд байсан уу?
 
-Хөл хорио сунгасан нь Засгийн газраас гаргасан шийдвэр. Уг нь хөл хориог сунгахгүй байж болох байсан. Халдвар тархсан орнууд ямар арга хэмжээ авч байна, хэрэв алдчихвал яах вэ гэдэг зааварчилгаа, дүрэм, журам, хуулийг бид аль хэзээний бэлэн болгох ёстой байсан. Халдвар алдаад жил орчим болж байгаа орнуудын нөхцөл байдлаас туршлага судалж болох байв. Энэ тал дээр огт ажиллаж чадахгүй байгаа. Дэлхий нийтээрээ коронавирусийн халдвараас сэргийлэх дөрвөн зөвлөмжийг мөрдөж байна. Тодруулбал, маскаа зүүх, гараа ариутгаж, зайгаа баримтлах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих.
 
Ийм асуудлуудыг ярьж байхад манайд өөр нөхцөл байдалтай  байна. Ингэхдээ хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдал зарлаж байгаа. Хатуу хөл хорио тогтоож байгаа бол иргэддээ энэ нөхцөл байдалд яаж амьдрах вэ гэдэг асуудлыг нь шийдэж өгөх ёстой. Дэлхийн бүх улс орон энэ шийдлийг гаргасан байтал манай  улсын Засгийн газар энэ шийдлийг огт гаргахгүй байгаа нь харамсалтай.

Эрх баригчид УИХ-ын сонгуулийн өмнө 180 тэрбум төгрөг өгч байсан. Ямааны ноолууранд 180 тэрбум төгрөг өгчихөөд, ядарсан иргэдээсээ 180 тэрбум төгрөг харамлаж байна

 
-Засгийн газраас авч хэрэгжүүлэх 23 арга хэмжээ иргэдийн амьдралд бодит дэмжлэг болж чадах уу. Иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авч болох вэ?
 
-Энэ 23 арга хэмжээ бол зүгээр хоосон лоозон. Монгол Улсын  2021 оны төсөв нь коронагийн өмнөх төсөв. Өнөөдөр Монгол Улсад цоо шинэ нөхцөл байдал үүссэн. Дээр хэлсэнчлэн Цар тахлын эсрэг гэгдэх сүртэй нэртэй хуулийнхаа бүх зүйл, заалтыг хэрэгжүүлэхгүй байна гэхэд худлаа хэлсэн болохгүй. Энэ хуульд мониторонг хийсэн дүнг УОК Коронагийн эсрэг түр хороонд тайлагнасан. Тайланг нь үзэхэд энэ хуулийг дагаж мөрдөх ёстой 12 хуулийн 12 дүрэм, журмын зургааг нь огт батлаагүй байх жишээтэй. Дээрээс нь боловсролын салбарт их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг багасгах, цаашдын хугацааг нь нөхөж тооцох зэргийг ярихгүй байна.
 
-АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өрх бүрд нэг сая төгрөг олгох санаачилгыг дэмжсэн байна лээ. Үүнд 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж байгаа. Манайд ийм хэмжээний нөөц хөрөнгө байгаа юу?
 
-Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. Дэмжихээс ч өөр аргагүй нөхцөл байдалд байна. Монгол Улс 897 мянган өрхтэй, өрх бүрд нэг сая төгрөг гэхэд 900 тэрбум төгрөг шаардлагатай. Үүний 20 хувь буюу 180 орчим тэрбум төгрөг бэлнээр өгнө. Үүгээрээ иргэд импортын өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээ авна. Үлдсэн 800 мянган төгрөгөөр нь үндэсний үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүн авах санал гаргасан. Тэгэхээр ваучер байдлаар олгох энэ дэмжлэгийг Засгийн газар ковидын үед зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой. Энэ нь ганцхан иргэдээ биш аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэдээ дэмжлэг үзүүлэх асуудал юм. 
 
Эрх баригчид УИХ-ын сонгуулийн өмнө 180 тэрбум төгрөг өгч байсан. Ямааны ноолууранд 180 тэрбум төгрөг өгчихөөд, ядарсан иргэдээсээ 180 тэрбум төгрөг харамлаж байна. Энэ асуудлыг би УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлж байсан. Дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг сая төгрөгийн санаачилгыг маш их улстөржүүлж байна. Ерөнхийлөгчийг “Сонгуульд бэлдэж байна” гэх мэтээр хардах явдал байгаа. Ний нуугүй хэлэхэд, ковидын эсрэг хууль дотор иргэддээ ямар нэгэн хатуу хөл хорио тогтоовол, дотооддоо алдсан нөхцөл байдал үүсвэл, тодорхой дэмжлэг үзүүлнэ гэсэн. Бүр тодруулж хэлбэл, өрх, иргэн бүрд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хуульчлаад өгсөн байна. Засгийн газар нэг талаараа энэ хуулийг мэдсээр байж мэдэхгүй царайлж, иргэддээ дэмжлэг үзүүлэх асуудлыг хойш нь тавьж байна.
 
-Дээрх санаачилгыг Засгийн газар хүлээж аваагүй. Эрх баригчдын зүгээс 800 мянган төгрөгийн ваучер олгох нь хоосон амлалт болно. Үндэсний үйлдвэрлэлээ хүнд нөхцөлд оруулна гэсэн тайлбар өгөөд байна. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Тэгж харж болохгүй. Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нь буруу гэж үзэж байгаа бол Засгийн газар аж ахуйн нэгжүүдийнхээ хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар ямар ч ойлголтгүй байна гэсэн үг. Цар тахлын үед хөл хорио тогтоосон улс, орнууд иргэддээ тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг буюу бодит дэмжлэг олгож байгаа. Засгийн газар энэ дэмжлэгээ хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжээр олгож байгаа гэж тайлбарласан. Энэ нь бол маш буруу тайлбар бас шийдвэр. Юу гэхээр корона гараагүй үед боловсруулсан төсвөө корона дотоодод алдсан үеийн төсөвтэй хольж хутгаад байна.
Энэ 23 арга хэмжээ бол зүгээр хоосон лоозон
 
-Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авсангүй. Яагаад хүлээж авсангүй вэ?
 
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байгаа нь цэвэр  улстөржсөн үйлдэл. МАН-ынхны толгойд ганцхан л асуудал байна. Тэд бүх асуудлыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хараад байгаад учир байгаа юм. Энэ бол алдаа гэдгийг хэлье. Эрх баригчдын шийдвэр бол цэвэр улстөржсөн үйлдэл байлаа.
 
-АН-аас 2021 оны төсвийг тодотгол хийх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн. Цаг хугацааны хувьд хэзээ хийх ёстой гэж үзэж байна вэ?
 
-Төсвийн тодотголыг төсөв батлах үед ярьж болохгүй гэж эрх баригчид тайлбарлаад байна. Төсөвт тодотгол хийх ёстой. 2021  оны төсвийг боловсруулах үед корона гараагүй байсан. Одоо бол бодит аюултай нүүр тулж байгаа учраас тодотгол зайлшгүй хийх хэрэгтэй. Эрх баригчид нөхцөл байдлыг харж байгаад төсөвт тодотгох хийх эсэхээ шийднэ гэж байгаа. Энэ нь амиа аргацаасан шийдвэр.
 
-Хэнтий, Баянхонгор, Увс аймгийн ирэх жилийн төсвийг та болон танай намынхан юу гэж харж байгаа вэ?
 
-Энэ бол гэмт хэрэг. Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан иргэдийн тэгш байх эрхэд халдсан асуудал. Энэ талаар цаашдаа байр сууриа илэрхийлж, үүнийг тэгш байхын төлөө тэмцэнэ.
 
-Та орон нутгаас сонгогдсон гишүүн. Малчдад тулгамдаж байгаа асуудал нь юу байна вэ. Та тойрогтоо бие төлөөлөгчөөр ажиллах боломжтой эсэх талаар санал гаргаж байсан. Зайлшгүй очиж ажиллах нөхцөл байдал үүсчихсэн байна уу?
 
-Малчдаас олон санал ирж байна. Коронагийн үеийн хямралд хамгийн бага эрсдэл хүлээх салбар нь хөдөө аж ахуй гэж харж байсан. Харамсалтай нь, энэ жил зарим аймаг, суманд зуншлага тааруу болсноос болж өвөлжилт хүндрэхээр болчихлоо. Мөн хивэг, өвсний үнэ дээд амжилт тогтоож байна. Хивэг орон нутагт 22-25 мянган төгрөг, нэг боодол өвс 15 мянган төгрөгийн үнэтэй байгааг салбарын сайд нь хэлсэн. Өдийд өвс, тэжээлийн үнэ ингэж нэмэгдэхээр цаг хатуурч, хүйтрэхээр улам нэмэгдэнэ гэсэн үг.
 
Ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтчихсон. Хавар нөхцөл хүндрэх нь тодорхой байна. Энэ үед бодлоготой хандахгүй бол ирэх жилийн хавар малчдад ч хүндрэл үүсэхээр байна. Ард түмнээ төлөөлж, Их хуралд сууж байгаагийн хувьд орон нутагт хууль тогтоомж хэрэгжиж байгаа юу гэдгийг бид мэдэх ёстой. Бид асуудалтай танилцаж, газар дээр нь ажилламаар байна. Харамсалтай нь, шинжилгээгээ өгсөн ч УОК-оос орон нутагт ажиллах зөвшөөрөл өгөхгүй байна.  
 
-АН-ын  нэр бүхий гишүүд АТГ-т шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ тал дээр танд мэдсэн зүйл байна уу?
 
-Мэдээлэл алга. Гишүүн гэдэг статусаар шалгагдаж байгаа АН-ын гишүүн бий гэдгийг би мэдэхгүй. Надад мэдэгдсэн зүйл алга.
 
-Ирэх жилүүдэд Төв аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл, хөтөлбөр юу байгаа вэ?
 
-Энэ нутгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн нутаг орноо гэх сэтгэл, энэ нутгийн төлөө хийсэн ажил олон бий. Өмнө нь хийж байсан ажлуудын нэлээд нь тодорхой үр дүнгүй байсан. Тэгэхээр үүнийг өөрчлөх шаардлагатай. Төв аймаг нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр Улаанбаатар хотыг хангах боломжтой байрлалд оршдог. Энэ тал дээр илүү анхаарч ажиллана. Мөн Төв аймагт хийгдэх томоохон төсөл, хөтөлбөрүүд байгаа. Тухайлбал, манай аймгийн нутаг дэвсгэр дээр “Чонжинболдог”, “13 дугаар зуун” гэх томоохон аялал жуучлалын цогцолбор бий. Ирэх жилүүдэд “Майдар сити”, “Аэро сити” зэрэг дагуул хот байгуулах томоохон ажлууд яригдаж байгаа.  Энэ бүтээн байгуулалтын ажлуудыг дэмжиж, нутагтаа орлого олох эх үүсвэр нэмэхийн төлөө чармайн ажиллана.

Ц.ТУВААН: Хөл хорио тогтоохгүй байж болох байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-07 11:25:20
    нохой: Энэ Туваан гэдэг чинь бас нэг мал уу үгүй юу, хэрвээ хөл хориогүй бол Монголчууд шиг тэнүүлчин хүтүүс асар олноороо Корона тусаж балрах байсаныг жоохон хүүхэд ч бодоод олчихно, АН-г энэн шиг ухаан муутай юмнууд босгоно гэж байхгүй дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188