• Өнөөдөр 2024-04-26

У.ХҮРЭЛСҮХИЙН УРД ХӨРШ ДЭХ АЙЛЧЛАЛ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ ГАЦААНААС ГАРГАЛАА

2022-11-29,   3784

    У.Хүрэлсүхийн урд хөршид хийсэн айлчлал өндөрлөв. Хятад Улс халдварт тахлын хүнд хоёр жилийн дараа таван төрийн тэргүүнд тусгайлан урилга илгээсний эхнийх нь У.Хүрэлсүх. Тиймдээ ч тэр гэдгэр очлоо. 
   Хамгийн чухал нь, У.Хүрэлсүх урд хөрш дэх айлчлалынхаа хүрээнд хэд хэдэн том тохиролцоо хийлээ. Эхнийх нь, нүүрсний экспортыг гацаанаас гаргах, урьд нь нийлүүлдэг байснаасаа ч ахиу нийлүүлэхээр Хятадтай тохиролцов. 
 
    Тодруулбал, авах нь гэдийж, өгөх нь бөхийдөг зарчмаар Хятад хүссэн үедээ хилээ хаадаг байв. Хил хаагдахад, дамаа нүүрс тээвэр зогсоход дансаа хаалгачихсан аятай л дээр, дооргүй бужигнацгаадаг байлаа, бид. Халдварт тахлын хоёр жилд энэ байдал хэд ч давтагдав. Гашуунсухайт ганц хоног хаагдаж, нүүрс тээвэр “тэг” зогсоход юу болдгийг бүгд мэддэг болсон. 
 
     Дээрээс нь, Хятад манайхаас биш Австрали зүгээс нүүрс авах сонирхлоо ил далд илэрхийлж эхэлсэнд хэн хүнгүй түгшиж байлаа. Гуравдагч орон руу гарах гарцаа нээж амжаагүй байтал ганц авдаг улс нь буруу харчихвал бид яах вэ гэдэг асуудал. Хятадаас манайд суугаа Элчин сайд нь хүртэл “Хятадын нүүрсний хэрэглээ багасаж байгаа, танайхаас нүүрс авахгүй байсан ч болно” гэж даналзаж асан удаа ч бий. Товчхондоо, экспортолсон нүүрснийхээ орлогоор эдийн засгаа “тэжээж”, төсвөө бүрдүүлдэг манай улсын хамгийн том зовлон энэ байж ирсэн. 
 
Харин У.Хүрэлсүх урд хөрш дэх айлчлалынхаа үеэр гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, ялангуяа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гол нь гацаагүй гаргах асуудлыг хөндөв. Хариуд нь Хятадын тал ч "Танай улс олборлож чадах хэрээрээ бидэнд нийлүүл, бид авахад бэлэн" гэж татгалзах зүйлгүйгээр дэмжив. Тухайлбал, манай хоёр улс гадаад худалдааны эргэлтээ 4-5 жилийн дотор 20 тэрбум ам.доллар болгох, энэ хүрээндээ нүүрсний экспортыг жилд 40-70 сая тоннд хүргэхээр тохиролцжээ. Жилд ихдээ 30 орчим сая тонн нүүрс экспортолж, тэр орлогоороо төсвийнхөө талаас илүүг бүрдүүлдэг манай улсад 70 сая тонн гэдэг бол том тоо. Төсвийн орлого тэр чинээгээр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Засгийн газрын зүгээс Боомтын сэргэлтийн бодлого хэрэгжүүлж, гарцаа нэмэгдүүлэхээр ажиллаж буй. Харин У.Хүрэлсүх урьд нь өгдөг байснаасаа ахиу өгөхөөр тохиролцчихлоо. Хоршиж, хамтарсан энэ бодлогын дүнд эдийн засаг сэргэж эхэлнэ гэж харагдаж байна. Чухамдаа, элэг дөрвөөрөө мөлхсөн эдийн засгаа түшиж босгох, тулж зогсооход Төрийн тэргүүний том хувь нэмэр энэ боллоо. 
 
     У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр тохиролцоонд хүрсэн бас нэг чухал асуудал нь своп хэлцлийн хугацааг сунгах асуудал байв. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд анх 2011 онд гурван жилийн хугацаатай, 5.0 тэрбум юанийн дүн бүхий своп хэлцлийг байгуулж байлаа. 2012, 2014 онд хэлцлийн дүнг тус бүр 5.0 тэрбум юаниар нэмэгдүүлж, 15 тэрбум юань буюу 6.0 их наяд төгрөгт хүргэсэн. 
 
Хамгийн сүүлд буюу 2020 оны долдугаар сард эл хэлцлийг шинэчлэн байгуулж, хугацааг нь дахин гурван жилээр сунгасан, ирэх онд дуусна. Харин энэхүү айлчлалын үеэр 15 тэрбум юанийн энэ хэлцлийн хугацаа нь ирэх онд дуусахаар дахин сунгах тохиролцоонд хүрч чаджээ. Энэ бол эдийн засагт ирэх онд ирэх дарамтыг чөлөөлсөн том тохиролцоо юм. Өөрөөр хэлбэл, манай улс эл хэлцлийн дагуу ирэх онд Хятадад 6.0 их наяд төгрөг буюу 1.8 тэрбум ам.доллар төлөх ёстой байсан. 1.8 тэрбум ам.доллар гэдэг бол манай улсын эдийн засгийн 14 хувьтай тэнцэх их мөнгө. Тиймдээ ч Монголбанкны 1.8 тэрбум ам.долларын энэ өр төлбөр ирэх оны эдийн засгийн төсөөллийг бүхэлд нь харлуулж байсан юм. 
 
      Цаашилбал, У.Хүрэлсүхийн урд хөрш дэх айлчлалын хүрээнд хэд хэдэн том төслийн санхүүжилт шийдэгдлээ. Мөн Хятадаас буцалтгүй тусламжууд ч авахаар болов. Тухайлбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор төмөр зам доогуур дөрвөн нүхэн гарц барих төслийг Хятадын талаас 30 сая ам.доллароор санхүүжүүлэхээр боллоо. Энэ төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын түгжрэл 20 хувиар буурах тооцоо бий. Мөн Хүүхэд залуучуудын спорт цогцолбор, Урлагийн их театрын төслийг Хятадын талаас санхүүжүүлж өгөхөөр болов. Энэ мэтээр У.Хүрэлсүх урд хөршид хийсэн айлчлалынхаа үеэр дээр дурдсан хэд хэдэн томоохон тохиролцоог  хийж, 16 баримт бичигт гарын үсэг зуржээ. Товчхондоо тэр богц дүүрэн буцаж ирэх нь ээ. 
 

У.ХҮРЭЛСҮХИЙН УРД ХӨРШ ДЭХ АЙЛЧЛАЛ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ ГАЦААНААС ГАРГАЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-30 20:29:27
    Ахмад иргэд: Ийм их баялаг нөөцөө зөв ашиглаж эх орноо хөгжүүлэхэд хүн бүрийн идэвх санаачлага өрнүүлэн ажиллах нь ус агаар мэт санагдаж үгүйл.гдэж байна одоогийн байдлаар ажиллаад олсноо идээд байвал Монгол улс хөгжин дэвшихгүй монголд алт мөнгө төмөр нүүрс нефть мал мах ой мод цэнгэг ус агаар бүгд л байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 19:07:18
    Зочин : Баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 14:22:20
    Х: Хамтарч нүүрсний хулгайчаа ил болгож хөрөнгийг нь хурааж гадаад өрөө төлөө. Эдийн засгаа сайжруулаачээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 13:00:06
    зочин : Ярих нэг хэрэг ажил болох нь нэг хэрэг. Ши Жинпин дипломат ёсыг бодож авна л гэж байгаа. Өмнөх 10 жилийн хугацаанд мөн л авна гээд л байдаг яг авсан нь хэд билээ. Нээг их хошгироод сүр Данзан царайлаад байх юм байхгүй за.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 10:39:39
    Зочин : Буцалтгүй тусламж гээд гараа тосоод шүлсээ шавируулаад байх юм Үнэгүй юм зөвхөн ҮХЛИЙН ХАВХАНД л байдаг юм шүү Хар хятадын энэ бодлого хятадууд Монголд суурьших ЯМХ ямханы бодлого шүү дээ Сайхан ааштай хятадын ард ямар их цус нуугдаж байгааг Наад ХҮҮК мэдэхгүй ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 10:32:01
    Ц.Молор-эрдэнэ : Баяр хүргэе.баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 10:12:49
    aa: sain bna. Amjiltttai. Bayar hvrgey ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 10:04:46
    Зочин: За да мэдэхгүй дээ. Өрөө хойшлуулж л ирж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 10:04:45
    Зочин: За да мэдэхгүй дээ. Өрөө хойшлуулж л ирж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 09:52:35
    Цог: Өгөх хүн гэдийдэг ч гх шг кк. Илүүц үг дайж бх юм. Хятад л үнэ ханшин дээрээ гэдийж, арайхийж зах зээлийн ханшаас доогуур авбал их юм болдог бз дэ? Ирэх онд төлөх ёстой бсан $1,8 тэрбум-ыг хойшлуулж, энэ өрөө 2024 оны сонгуулиар байгуулагдах ЗГ-т үлдээснийг гавьяа болгож сурталчлаад бга эх сурвалж нь ЕХМАлбаных уу? Эсвэл аль нэг дэмжигч, тролл-ын үг бн у? 4-н нүхэн гарц хэрэгтэй байлгүй яахав. Метроны асуудал л хамгийн чухал бна даа. Спорт цогцолбор, Урлагийн их театр браво!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 09:47:02
    Чүлтэмийн Машбат: Баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 08:09:43
    Zochin: Kherev ynen bol neg tom yumaa amlachikhaad l irsen baikh. Khyataduudiin olon ulsiin ailchlaliin ard dandaa tiim yum yavj bdg. Nuguu uul uurkhain ded said Batnairamdaliin benzinii onigoo shig yum bolokh vii dee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 08:03:30
    zochin: mundag bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 07:52:57
    sain: Bayrlalaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188