• Өнөөдөр 2024-04-30

БЯМБААГИЙН НАЙЗУУД: "ХУЙРНАН ШУУГИГЧ"-ИЙН ДЭВЖЭЭН ДЭЭРЭЭС ЭХЭЛСЭН НӨХӨРЛӨЛИЙН ГЭГЭЭН ТҮҮХ

2022-02-01,   1099

   ХVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг угтаж, Эргэлт.мн мэдээллийн сайт “БЯМБААГИЙН НАЙЗУУД” буландаа “Хуйрнан шуугигч” хүүхдийн бөхийн барилдааны 32 удаагийн аварга А.Даваабаатарыг А.Ананд, А.Мөнх-Амьдрал гэдэг хоёр найзынх нь хамт урилаа. “Том болоод унасан ч, давсан ч нэг л зангаараа байдаг, жудагтай бөх болохыг хүсдэг. Бөхийн дэвжээнээс найзуудтайгаа нөхөрлөсөн, нэгнийгээ давахаар их баярладаг” хэмээн ярих бяцхан хүчтэнгүүдийн гэгээн яриаг уншигч танд хүргэж байна. Тэд “Цар тахлын улмаас Бөхийн өргөөнд орж ирээгүй удсан байна, зөндөө өөрчлөгдөөд, гоё болчихжээ" гэснээр бидний яриа эхэлсэн юм.

 

-БӨХӨӨР ХИЧЭЭЛЛҮҮЛСЭН ААВ, ЭЭЖДЭЭ БАЯРЛАЛАА-

-Сайн байна уу, та гуравт энэ өдрийн мэнд хүргэе. Манай сайтын уншигчдад мөн "Хуурнин шуугигч"-ийн фенүүддээ зориулаад анх хэрхэн бөхөөр хичээллэж эхлэсэн тухайгаасаа ярьж өгөөч?

       -А.МӨНХ-АМЬДРАЛ: Баярлалаа. Би жаахан байхаасаа бөхийн барилдаан үзэх дуртай, бөхөд сонирхолтой байсан болохоор аав маань Спортын төв ордны бөхийн дугуйланд намайг оруулж байсан. Сумын заан, "Алдартан" бөхийн дэвжээний дасгалжуулагч  Н.Буяннэмэх багшид шавь орсон. Манай хоёр найз ч бас багшийн шавь нь. Гэхдээ бид гурав “Хуйрнан шуугигч” хүүхдийн бөхийн тэмцээний үеэр танилцаж байсан. Миний хувьд “Хуйрнан шуугигч” тэмцээнд нэг түрүүлж, долоо үзүүрлэж, 20 гаруй удаа шөвгөрсөн. Харин Улсын аварга шалгаруулах бөхийн тэмцээнд тавдугаар байр эзэлж байлаа. 

          -А.ДАВААБААТАР:  Би Өсвөрийн улсын аваргаас хошой алт, хошой хүрэл медальтай. Харин “Хуйрнан шуугигч” хүүхдийн бөхийн барилдаанд 32 удаа түрүүлж, 14 мөнгөн медаль хүртэж, зургаан удаа шөвгөрсөн. Мөн улсын аварга Г.Ванданы нэрэмжит тэмцээн болон Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит тэмцээнд түрүүлсэн. Бөхөөр хичээллээд, найзуудтайгаа нөхөрлөсөн. Тэгэхээр намайг бөхөөр хичээллэхэд дэмжиж, найзуудтай минь уулзуулсан аав, ээждээ баярлалаа.

         -А.АНАНД: Бөхийн барилдаан их үзэх дуртай. Тэгээд ааваас “Би бөхөөр барилдаж үзье” гэж асууж, аав маань дэмжснээр анх “Хуйрнан шуугигч” бөхийн барилдааны тэмцээнд орж байсан. Сонирхлыг минь дэмжсэн аав, ээждээ баярлалаа гэж хэлье. Би “Хуйрнан шуугигч” тэмцээнд  21 удаа түрүүлж, гурав үзүүрлэж, гурван удаа шөвгөрсөн амжилттай.

-Бөх хүмүүс өөрийн гэсэн мэхтэй байдаг шүү дээ. Та гурвын дархан мэх юу вэ?

       -А.ДАВААБААТАР: Золгоно, хавирах, хутгах зэрэг мэх бий. Миний хувьд золгож байгаад, хавирна, мөн гишгэлтийг нь тааруулж байгаад мэхээ хийнэ. Түрүүлж, хөдлөх овсгоо самбаа их чухал байдаг. Мөн би өөрөөсөө том хүүхдүүдтэй жаахан удаан барилддаг.

          -А.МӨНХ-АМЬДРАЛ: Би барилдах бөхөө барьцанд хүрээгүй байхад нь тохойгоор нь унагаагаад, хөлд нь  орно, сунгана, хааяа хутгана. 

          -А.АНАНД: Миний хувьд хөлд нь орно, давхар хамна, хутгаад хавирна. Багш маань "Бөх айж барилдах юм бол ямар ч сэтгэлзүйгүй болоод унана. Мөн анхаарлаа сарниулж болохгүй, төвлөрч барилдаарай" гэж захидаг.

                                 -Бөх хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Жудагтай, найрсаг, янз бүрийн зангүй байх ёстой гэж боддог. Мөн их тайван, ухаантай барилдах ёстой гэж боддог. Уурлаад, нудраад байвал муухай харагддаг. Уран мэхтэй, ухаалаг барилддаг бөхчүүдэд дуртай. Том болоод бид гурав жудагтай бөх болохыг хүсдэг.

-Бидний хайрлаж, хүндэлдэг олон бөх байдаг шүү дээ. Хэнээс нь үлгэр дууриалал авдаг вэ?

            -А.МӨНХ-АМЬДРАЛ: П.Бүрэнтөгс аваргаас их үлгэр дууриалал авдаг. Барилдааныг нь үзэх их дуртай, давсан ч унасан ч инээгээд босоод ирдэг. Үргэлж нэг зангаараа байдаг, жудагтай бөх гэж томчууд ч ярьдаг юм байна лээ. 

       -А.АНАНД: Улсын аварга Н.Батсуурь, Ж.Мөнхбат, Т.Баасанхүү харцага гээд олон бөх бий. Их сайхан уран барилддаг, мөн бусадтай эв найрамдалтай гоё бөхчүүд.

               -А.ДАВААБААТАР: Улсын аварга П.Бүрэнтөгс, гарьд Б.Гончигдамба Б.Пүрэвсайхан заан, Б.Зоригбаатар харцага, Т.Баасанхүү харцага, Б.Пүрэвгарьд харцага нарын барилдаан уран санагддаг.

-Та гурвыг мундаг, ирээдүйтэй бөх гээд гэрийнхэн, ах дүү, хамаатан садан нь их хүндэлдэг үү?

             -А.МӨНХ-АМЬДРАЛ: Их хүндэтгэж харилцдаг. Хөдөө, нутагтаа очихоор хүмүүс "Нутгийн бөх дүү" гээд л үнсэж, танимхайрдаг.

         -А.ДАВААБААТАР: Нэг удаа Тувад очиход, аав бид хоёрыг тэнд амьдардаг монголчууд онгоцны буудлаас угтаж аваад, бүх зүйлийг маань бэлдэж өгч байсан. Хүмүүс хүндэлж харилцах нь сайхан санагддаг ч хүмүүсийн тийм сайхан харилцаа, хүндлэлийг сайн барилдаж хариулахгүй бол яана гэж бодогддог.  

            -А.АНАНД: Миний хувьд өвөө, эмээгийндээ очихоор "Манай бөх хүү ирлээ, дээшээ суугаарай" гэдэг.

-НАЙЗЫГАА БАРИЛДААД ДАВАХААР ИХ БАЯРЛАДАГ-

-Та гурав хэр удаан найзалж байна вэ?

            - А.МӨНХ-АМЬДРАЛ: “Хуйрнан шуугигч” бөхийн барилдааны тэмцээнд ороод  найзуудтайгаа анх танилцсан. Хэрэв тэр жил “Хуйрнан шуугигч” тэмцээнд ороогүй бол ийм сайхан найзуудтай болохгүй байсан байх. Тэгэхээр бөхөөр хичээллэсэндээ их баярладаг.

             -А.АНАНД: Бид гурав бөхөөр хичээллэснээр хойш найз болсон гэж боддог. Анх бөхийн дэвжээн дээр танилцаж, нэгнийгээ барилдаж байгааг харж, бахархаж, баярладаг байсан. Тэгээд л бие биедээ нэрээ хэлээд танилцсан даа.

         -А.ДАВААБААТАР: Бөхийн спорт үнэхээр гайхамшигтай гэж томчууд ярьдаг шүү дээ. Үнэхээр бид гурвыг бөх нэгтгэдэг. Бие биетэйгээ барилдахаас гадна олон тэмцээнд хамтдаа оролцож, нэгнийгээ барилдаад давахаар нь өөрөө давсан юм шиг баярладаг найзууд болсон. 

-Муудалцаж байсан уу. Найзыгаа гомдоосон үедээ хэрхэн аргаддаг вэ?

-А.МӨНХ-АМЬДРАЛ: Тоглоомоор хаа нэг муудалцдаг. Түүнээс бүр их муудалцаж байгаагүй. Ихэнхдээ жаахан дуугүй байж байгаад, эргээд хамт тоглож, нэг мэдэхэд л юм ярьчихсан байдаг.

           -А.ДАВААБААТАР:  Бид гурав нэг их муудалцддаггүй дээ.  Манай Мөнх-Амьдрал амархан гомддог. Найзыгаа гомдохоор нь эрхлүүлж аргаддаг. Бид нэгнийгээ санаандгүй гомдоодог ч нэг мэдэхэд л мартчихсан хамт тоглож байдаг. Тэгээд л инээлдээд өнгөрдөг дөө.

-Найздаа баярлах зүйл олон гардаг байх. Найздаа ямар үед хамгийн их баярладаг вэ?

        -А.АНАНД: Барилдаад, хоёр, гурван удаа дараалан унахаар сэтгэлээр унадаг. Тэр үед бие биенээ сэтгэлээр дэмжиж өгдөг. Найзуудыгаа “Зүгээр ээ, дахиад давна” гэж хэлэхээр урам ороод, сэтгэлээр унахаа больдог. Намайг дэмжиж, урам өгдөг найзууддаа баярлалаа.

           -А.ДАВААБААТАР: Хоёр найзынхаа найрсаг, намайг дэмжиж, давахад минь баярладаг занд илүү дуртай, үргэлж дэргэд минь байдагт баярладаг. Ер нь дандаа хамт л байхыг хүсэж байна. 

           -А.МӨНХ-АМЬДРАЛ: Барилдаад унасан үед “Дараа дахиад даваарай” гэж хэлэхээр нь баярладаг. Найзууд минь байгаа болохоор юу ч хийсэн зөв, амжилттай байдаг. 

          Хэд хэдэн насны зөрүүтэй гурван хүү бөхөөр хичээллэж, бөхийн дэвжээн дээрээс нөхөрлөсөн түүхээ бидэнд ийн дэлгэлээ. Арваадхан настай ч хэзээний том, улсын цолтой бөхчүүд шиг уран барилдаан, мэх ярьж, нэгэнтэйгээ барилдаж, давсан нэгэндээ баяр хүргэн "Жудагтай бөх болохыг, найзуудтайгаа үргэлж хамт байхыг хүсдэг"-ээ илэн далангуй ярьсан билээ. Гэгээн хүсэл мөрөөдөлтэй, Монголын ирээдүйг өнгөлөх ухаалаг, хэрсүү, уран барилдаант хөвгүүддээ аз жаргал хүсье. 

Уншигч та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье.

 

 

 

 


БЯМБААГИЙН НАЙЗУУД: "ХУЙРНАН ШУУГИГЧ"-ИЙН ДЭВЖЭЭН ДЭЭРЭЭС ЭХЭЛСЭН НӨХӨРЛӨЛИЙН ГЭГЭЭН ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-04 21:12:02
    Хөөрхөн хөвгүүдэд амжилт хүсье: Мундаг бөхчүүд болоорой, амжилт хүсье. Барилдан бүрийг нь үздэг, үзэх бүрдээ баярладаг улаан фэн нь байна аа хэхэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188