• Өнөөдөр 2024-04-20

Н.СОДБИЛЭГТ: Ээжийнхээ оёулсан шинэ дээлийг өмсөөд шагналаа гардаж авсан

2021-10-29,   1224

-ДОЛОО ДАХЬ ӨРӨГ ДЭЭРЭЭ ХОЖИГДОЖ БАЙГААД, АЗААР ХОЖСОН-

            Монгол хүүхдүүд шатрын спортоор тив, дэлхийн олон тэмцээнд удаа дараалан амжилт гаргаж байгаа нь монголчууд оюун ухаанаараа дэлхийд "нүүдэллэж" байгаагийн нэгэн илрэл. Тав, зургаахан настай жаахан хүүхдүүд шатар болон ой тогтоолтын спортоор Монгол Улсынхаа нэрийг олон улсад гаргаж байгаа нь оюуны спорт Монголд хөгжиж буйг батлан харуулж буй юм.

Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн “Монголын гэрэлт ирээдүй” буландаа Олон улсын шатрын холбооны дэд мастер Наранболдын Содбилэгтийг урилаа. Тэрбээр өдгөө 12 настай бөгөөд анх найман настай сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV байр, Ираны Азийн аваргын хүрэл медальт, Оросын холбооны улсын Сочи хотын 2016 оны дэлхийн аварга юм. Хамгийн сүүлийн амжилт гэхэд  гурван хоногийн өмнө Грек Улсад зохион байгуулсан сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд байр эзэлсэн түүнтэй ярилцлаа. Тэрбээр улсын тэргүүний 33 дугаар сургуульд сурдаг юм.

-Юуны өмнө сонирхогчдын шатрын дэлхийн аварга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээнийх нь талаар яриагаа эхэлье?

   -Тэмцээн зургаан ангилалтай болсон. Нэг тэмцээнд 32 орны 200 гаруй хүн оролцсон. Манай сонирхогчдын ангилалд 75 хүмүүс өрсөлдсөн бөгөөд би 1700 хүртэлх чансаатай хүмүүстэй есөн өрөгт нэг тэнцэж, найм хожин хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн.

-Сонирхогчид гэхээр нас насны хүмүүстэй тоглосон байх. Хамгийн хэцүү тоглолт аль нь байв?

    -Мэдээж нас харгалзахгүй тоглоно. Хамгийн ахмад нь 64 настай хүн, хамгийн бага нь миний үеийн хүүхдүүд байдаг. Хэцүү тоглолт гэвэл саяны тэмцээнд би долоо дахь өрөг дээрээ нэг ахтай тоглоод, яг хожигдох гэж байсан юм. Тэгээд азаар хожсон. Заримдаа ийм нэг хожигдох гэж байгаад хожих тохиолдол гардаг.

-Тэмцээнд явахад нь аав, ээж нь юу гэж захисан бэ?

    -Сайн оролцоод, тоглоод ирээрэй. Грек улс далайтай учир далайд битгий ороорой гэж захисан. Ээж минь мөн тэмцээнд явахад дээл хийж өгсөн. Ээжийнхээ оёсон дээлийг өмсөөд шагналаа гардаж авсан.

-Анх хэдэн настайгаасаа шатар тоглох болсон бэ. Хэн нэгэн нөлөөлсөн үү?

    -Таван настайдаа эхлэн шатар тоглож сурсан. Аав маань намайг анх шатарт оруулж, шатрын спортод дасгалжуулсан. Тэгээд аавтайгаа хоёр жил шатар тоглож байгаад уралдаан, тэмцээнд орж эхэлсэн. Хамгийн анх таван настайдаа дүүргийн аварга шалгаруулах анхны тэмцээнд орж, түрүүлсэн.

-Мэдээж багш нь их зааж зөвлөсөн байх. Багшийгаа танилцуулбал?

     -Анх шатар тоглож эхлээд Монголын шатрын холбоонд шатрын их мастер н.Эрдэнэд багшдаа шавь орсон. Одоо дасгалжуулж байгаа багшийг маань С.Билгүүн гэдэг. Шатрын мастер цолтой.

-Өдөрт хэчнээн цагийн бэлтгэл хийдэг вэ. Шатар тоглоход хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ?

     -Өдөрт 10:00-18:00 цаг хүртэл шатрын бэлтгэлээ хийнэ. Дундаа хоёр гурван цайны цаг гарна. Бусад үед бэлтгэлээ хийнэ. Шатар тоглоход анхаарал, төвлөрөл маш чухал. Сайн төвлөрөх тусам сайн тоглодог.

-Одоо ямар тэмцээн, уралдаанд орохыг зорьж байна вэ?

      -Арваннэгдүгээр сард шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа. Энэ тэмцээнд түрүүлэхийг зорьж байна. Дараа жилийн дөрвөн сард Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медалиа алт болгохыг зорьж байгаа.

-Цаашид шатраа тоглох уу. Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?

       -Өөр мэргэжлээр сурсан ч шатраа тоглосоор байна.

-С.БИЛГҮҮН: Н.СОДБИЛЭГТТЭЙ ТЭМЦЭЭНД ЯВАХЫН ӨМНӨХ АРВАН ХОНОГ ИЛҮҮ ТӨВЛӨРЧ БЭЛДСЭН-

     Үргэлжлүүлэн тэмцээний бэлтгэл болон өсвөр үеийн шатарчдын амжилтын талаар Содбилэгтийн багш Монголын шатрын холбооны их мастер С.Билгүүнтэй ярилцлаа.

-Таны хувьд шатрын спортоор хэдэн жил  хичээллэж эхэлсэн бэ?

   -Шатрын спортоор 17 жил хичээллэж байна. Сүүлийн хоёр жил тамирчидтай тоглолт хийхийн хажуугаар өсвөрийн тамирчдад өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлээсээ хуваалцая гээд дасгалжуулагчийн чиглэлээр ажиллаж байна. Энэ хугацаанд өсвөр үеийн 15 хүүхдийг дасгалжуулсан. Би өөрөө шавь нарынхаа оролцож байсан бүх тэмцээнд оролцон, амжилт гаргаж байсан. Одоо харин  шавь нар оролцон, амжилт гаргаж байгаад баяртай байна.

-Содбилэгттэй багш, шавь болоод хэр хугацаа өнгөрсөн бэ?

-Багш, шавь болоод жил болж байна. Энэ хугацаанд цахим болон танхимаар хичээллэж явсаар, сүүлийн нэг сарын хугацаанд Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргана гэсэн зорилготойгоор бэлтгэлээ эрчимжүүлж, вакум бэлтгэл рүү орж, ажилласан. Ялангуяа, тэмцээнд явахын өмнөх арван хоног хотоос зайдуухан салхинд гарч, илүү төвлөрч, тулж бэлдсэн.

-Шатар бусад спортоос юугаараа онцлог вэ?

      -Хүнийг жин, нас, хүйсээр нь ялгадаггүйгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, өсвөрийн хүүхэд, насанд хүрсэн хүмүүстэй өрсөлдөж чаддагаараа онцлог. Сонирхогчдын тэмцээн нь шатрын онцлогийг гаргадгаараа давуу талтай.

-Хүүхдүүдийн сэтгэлзүйд хэрхэн анхаарч ажилладаг вэ?

       -Миний хувьд мэргэжлийн тамирчин гэдэг утгаараа  бусад дасгалжуулагчаас илүү давуу талтай. Учир нь одоо ч өөрөө тоглож байгаа болохоор шатар тоглохын өмнө надад ямар мэдрэмж төрдөг, ямар хэм барих ёстой, хоол ундандаа хэрхэн анхаарахыг өөр дээрээ байнга туршиж, шавь нартаа зөвлөдөг. Иймээс тоглотын өмнө сандрах гэхээс илүү сайн төвлөрч, бусад зүйлст анхаарал хандуулахгүйгээр тоглодог.

-Бусад өсвөрийн тамирчдаас амжилт гаргасан хүүхэд олон бий байх?

     -Сүүлийн жилд Монголын өсвөрийн тамирчдын амжилт харьцангуй өндөр байна. Энэ бол тамирчдын гэр бүл, клубүүдийн хөдөлмөрөөр бүтсэн зүйл. Цар тахлын улмаас хоёр жил гаруй танхимаар тэмцээн болоогүй. Бүх тэмцээн, уралдаан, бэлтгэл цахимаар зохион байгуулагдсан. Тэгэхээр Монголын тамирчид сүүлийн хоёр жил цахимаар бүх тэмцээнд амжилттай оролцож, нас насныхаа ангилалд дандаа дэлхийд тэргүүлэх чиглэлд амжилттай өрсөлдөж байна. Тухайлбал, сая болж өндөрлөсөн сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн л цахимаар явагдсан.

-Хүүхдүүд гадаад руу тэмцээнд явахад төр засгийн дэмжлэг хэр байна вэ?

  -Шатар нь олимпын бус спорт гэдгээрээ төр, засгийн дэмжлэг тааруу. Уг нь энэ спортыг төрөөс дэмжвэл монгол хүний оюун ухаан дэлхийтэй энэ тэнцэх хэмжээнд байна. Төр засгаас тогтмол, системтэй дэмжлэг хэрэгтэй.

-Сүүлийн жилд шатрын спорт сонирхогчид ихсэж байна уу?

   -Сүүлийн жилд эрс нэмэгдсэн. Эцэг, эхчүүд ч шатар хүүхдийн зөв төлөвшил, ирээдүйд нь хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Энэ ч утгаар тамирчид харьцангуй массаа дагаад пирамидын суурь нь бөх бат болж,  амжилт гаргах магадлал ихсэж байна.

-ХҮҮГЭЭ ТЭМЦЭЭНД ЯВАХАД НЬ ШИНЭ ДЭЭЛ ОЁЖ ӨГДӨГ-

     Н.Содбилэгийн ард гэр бүлийнхэн нь үргэлж асаалттай танк шиг байдаг. Тэр дундаа номер нэг дэмжигч нь түүний ээж М.Мөнхтуул. Бид түүний сэтгэгдлийг сонсохын сацуу хүүгээ шатрын их спортын замд хөтөлсөн түүхээс нь хуваалцлаа.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Хүү нь оюун ухаанаараа дэлхийд өрсөлдөж, амжилт гаргаад иржээ. Энэ сайхан баярын  сэтгэгдлээс хуваалцвал?

    -Мэдээж их баярлаж, хүүгээрээ бахархаж байна. Хүү минь алтан медаль авсны дайтай оноо тэнцүү, их сайхан өрсөлдөж, сайхан өргүүдийг гаргаж тоглосон. Бид хэдийгээр хамт яваагүй ч тэмцээнийг шууд дамжуулалтаар үзнэ. Цагийн зөрүүний улмаас Монголд шөнийн цагаар тоглогддог болохоор унтахгүй хүүгээ хараад л сууна. Хамгийн гол нь хүү минь дүү нартаа болон өсвөр үеийн шатар сонирхогч хүүхдүүдэд үлгэр дууриалал үзүүлж байгаа юм. Өнөөдөр 12 настай хүүхэд дэлхийд, насанд хүрэгчдийн ийм том тэмцээнд ороод медаль авч, түрүүлэх ч боломжтой гэдгийг хүү минь харуулж буй.

-Хүүд нь шатраар хичээллэснээр олон өөрчлөлт гарсан байх?

    -Нэгдүгээрт, чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, завгүй болж байна. Мөн илүү сайн сэтгэж, тогтвортой сууж сурч байна. Аливаа зүйлийг бодохдоо шууд шийддэг биш хоёр, гурван нүүдлийн цаадахыг харж байгаа зэргээр өөрчлөлт их бий. Хүү минь гурван дүүтэй. Ахыгаа дагаад мөн шатар тоглоно. Охин шатрын дэлхийн аваргын хүрэл медальтай, улсын болон өсвөрийн улсын аварга,  дүү нь мөн л улсын аварга гээд манайх гэр бүлээрээ шатар тоглодог. Ер нь спорт хүүхдийг их хүмүүжүүлж, төлөв болгодог.

-Хүүгээ тэмцээнд явахад нь юу гэж захидаг вэ. Тэмцээн, уралдаанд мэдээж дандаа хожихгүй, хожигдох үе ч гарна шүү дээ?

   -Спортын хүнд гэр бүл хамгийн чухал. Хүүгээ тэмцээнд явахад нь би үргэлж шинэ дээл хийж өгч явуулдаг. Монголчууд бид саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Энэ ч утгаар тэмцээнд түрүүлнэ хэмээн бэлгэдэж, дээл оёж өгөөд явуулна. Сэтгэл санааны байдлын хувьд хүүхэд болсон хойно хожихоороо хөөрнө, хожигдохоороо гутарна. Шатар бол хөөрч, гутарч болдоггүй, нэг л түвшинд байх ёстой гэсэн дүрэмтэй спорт. Иймээс Монголд зохиогддог тэмцээнд нь би дагуулж явахдаа “Миний хүү тэмцээн эхэлсэн л сэтгэл санааны хувьд нэг түвшинд тоглоорой” гэж захидаг. Энэ ч үүднээс гадаад руу аавтайгаа тэмцээнд явахад нь би араас нь утсаар ярьдаггүй. Учир нь долоон настайгаасаа эхэлж дэлхийн тэмцээнд явсан болохоор гэрээ санах тохиолдол гарах болохоор нам гүм байдаг юм.

-Шатрын бэлтгэлийн хажуугаар хичээл, сургууль орхигдох тал бий юү?

   -Хүү минь тэмцээний хоёроос гурван жилийн төлөвлөгөө гаргадаг. Тэмцээнд явахын өмнө хичээлдээ бараг явдаггүй. Хичээлээ үзээд, бэлтгэлдээ явахад толгой нь их ядардаг учраас сургуулиасаа чөлөө аваад зөвхөн бэлтгэлээ хийнэ.

-Ярилцсанд баярлалаа.

  -Баярлалаа.


Н.СОДБИЛЭГТ: Ээжийнхээ оёулсан шинэ дээлийг өмсөөд шагналаа гардаж авсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-31 20:05:38
    hi: Билгүүн их мастер хүн шүү цол буруу бичсэн бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-30 19:13:52
    А.Батнасан: Их мастер хүнийг шавь нь мастер гээ л ярих юм сэтгүүлч нь бүр дэд мастер гээл ярих юм...Тамирчин хүний цол буруу бичих нь нэрийг нь буруу бичсэнээс ялгаагүй шүү сэтгүүлчдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-29 22:02:52
    Bujinkhand: Bayar hvrgiye
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-29 11:03:33
    элбэгдорж: сэтгүүлчинцэрээ энэ хүү хаана ямар сургуульд сурдаг тухайг нь сонирхож болсонгүй юү сургууль нь ядаж бахархах ёстой биз дээ мал юмнууд үзэг бариад явах юм даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188