• Өнөөдөр 2025-10-19

ЗӨӨЛӨН ХАРЦ, ДӨЛГӨӨН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН ЦААНА...

2025-09-25,   1575

         Түүний бага хүү Ч.Түвшин “Аав минь тун энгийн, дуу цөөтэй намдуухан хүн. Орилж хашгичиж, хүн, амьтанд уурлаж байхыг нь би лав хараагүй. Хүнд үг хэлэхдээ ч тэр, дүрээ гаргахдаа ч тэр их л боддог байсан шиг санагддаг юм” хэмээн  өгүүлсэн байдаг. Ерөөс түүнийг гэрэлтсэн харцаараа зөөлөн харж, дөлгөөхөн инээмсэглэж суухыг нь харсан хэн ч сэтгэл татагдана. Энгийн нэгэн уран бүтээлч атлаа, жирийн нэгэн дүр мөртлөө хүмүүст юунд ингэж ойрхон санагддаг юм бол. Энэ магадгүй тухайн жүжигчний дүрээ бүтээж буй чадварт л байдаг биз ээ. 
 
       Найруулагч Г.Жигжидсүрэн Улсын багшийн их сургуулийн кино драмын ангийн хоёрдугаар курсийн оюутан түүнийг “Анхны алхам” киноны Болдын дүрд сонгосон тухайгаа “Тун даруу, амь халуун нүдтэй, дуу цөөтэй өндөр бор хүү байсан” гэж байв. Харин “Гэрлэж амжаагүй явна” кинонд хамт тоглосон МУГЖ Н.Батцэцэг “Анх сайхан царайтай, өндөр биетэй тэр залуу жүжигчнийг хараад үнэхээр биширч байсан. Гэтэл дараа нь Ж.Бунтар найруулагч надад “Гэрлэж амжаагүй явна” киноны зохиолыг өгөхөд надтай хамтрах жүжигчин нь тэр байсанд би барьж явсан зохиолоо эгээтэй л гараасаа унагачихаагүй. Өөрийгөө Д.Цэцэгбалжид эгчийн оронд тавиад л, тэр сайхан жүжигчин намайг тодруулж тоглох нь гэж бодоод бүр догдолчихсон. Тус киноны төгсгөлийн зургийг эхэнд авсан. Тэгэхэд тэр өөдөөс минь хараад тоглолт хийхэд би их балмагдаж байлаа” хэмээсэн юм.  
 
     Мөн тэрбээр “Бид “Тэмцэл” киногоор дипломаа хамгаалж, Кино үйлдвэрт жүжигчнээр ажилд орж байлаа. Тэр бол хамтран тоглогчдоо ханилгаатай, харцаараа хүнийг хөтөлж чаддаг, бүх юманд чин сэтгэлээсээ ханддаг, түүний хурууны хөдөлгөөн нь хүртэл үнэн байдаг” гэж сэтгэл хөдөлтөл өгүүлж суусан. Уншигч та эдгээр ярианаас хэн гэдэг жүжигчний тухай ярьж байгааг нь хэдийнэ мэдсэн байх. Тэр бол “Анхны алхам”-ын хадланч Болд, “Гэрлэж амжаагүй явна” киноны уурхайн инженер Гансүх, “Тэмцэл”-ийн Батсүхийн дүрийг бүтээсэн жүжигчин Ч.Хүрэл. 
 
      Түүний тухай бичихээр зорьж, судалж байх явцад уран бүтээлч төдийгүй хүнийхээ хувьд тэр дэндүү эгэл, энгийн атлаа давтагдашгүй онцгой нэгэн байсан нь мөр зэрэгцэн ажиллаж байсан жүжигчин, найруулагч, зураглаачид болон дүү, хүүхдүүдийнх нь ярианаас хангалттай мэдрэгдэж байлаа. Тухайлбал, “Ацаг шүдний зөрөө” кинонд түүнтэй хамтран тоглосон тухайгаа Г.Равдан гавьяат “Хүрлээгийн нүд үү үнэхээр юм хэлнэ, их ч гүнзгий дээ. Тус кинонд намайг байцаадаг До яамны төлөөлөгчийн дүрд тоглодог юм. Айхтар олон юм хэлэхгүй ч тэр харц нь нүд далдирмаар” гэжээ.
 
 
    Ингээд ажихаар тэр үнэхээр тэдний дурсаж байгаа шиг харц, биеийн хэлэмж, яриа хөөрөөгөөрөө Монголын дэлгэцийн урлагт олон сайхан дүр бүтээсэн байх юм. Эхэнд өгүүлсэн хоёр киноноос гадна  “Их замын тоос” киноны архичин, “Эх бүрдийн домог”-ийн  хөгжимчин, “Газар шороо мину зээ” киноны бух Дагдан, “Чин ван Ханддорж” -ийн дархан Барайшир, “Одод орчих хязгаар” киноны Шагдар, “Алтан шонхор”-ын Айсангаа, “Мандах нарны туяа” киноны Догсом, “Говийн нүдэн”-гийн  Бодьхүү гээд тоолбол дуусашгүй, урт жагсаалт хөвөрнө. Тэгвэл түүний дүрүүд чухам ямархан увидасаар хүний сэтгэлд ойр бууж, хоногшин үлдсэнийг, Ч.Хүрэл гэж хэн байсан бэ гэдгийг нээх гээд үзье.
 
ТҮҮНИЙ ДҮРҮҮД СЭТГЭЛД ОЙР
 
 “...Хонгор чамтай учирна гэж
Хорьхон насандаа бодсонгүй...” гэж “Анхны алхам” киноны дууны шүлэгт гардаг шиг хорь ч хүрээгүй хадланч Болдтой бид энэ л киногоор учирсан сан. Гэнэн томоогүй, хүүхэд зангаараа гэгээ цацруулан инээмсэглэх хөвгүүний төрх өнөөдөр ч хүн бүрийн сэтгэлд ойрхон. “Анхны алхам”-ыг үзэх бүрдээ бид Болдтой хамт өвс хадаж, тракторыг нь тойрон хөөцөлдөн өнждөг. Тэгвэл дэлгэцийн тийм нэг тунгалаг дүрийг 19 настай Чойн Хүрэл бүтээжээ. Түүнийг хэрхэн энэ кинонд тоглох болсон тухай нийтлэлийн эхлэлд Г.Жигжидсүрэн найруулагч ярьсныг уншигч та санаж байгаа байх. Анхны дүр нь энэ. Харин “Гэрлэж амжаагүй явна” кинонд тэр ямархан том эр болон өссөн билээ дээ. Тус киноны зөрүүд, өөрийнхөөрөө, ажлаас өөрийг мэддэггүй ганц бие инженер Гансүхэд дурлаагүй эмэгтэй үзэгч ховор байх. Саарал куртик, цагаан хамгаалалтын малгай өмсөөд уурхайн ажилд шамдахаараа хэнээс ч илүү эрх чөлөөтэй, жаргалтай нэгэн. Харин хар хослол, цагаан цамц өмсөж, зангиа зүүгээд, цүнхээ бариад хуралд суухдаа хэнээс ч эмээхгүй үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг шударга ч Сүрэнд хайртай болсон атлаа хайраа хэрхэн илэрхийлэх эвээ олдоггүй ичимхий гээд СЭТГЭЛД үлдэх зүйл ихтэй тод дүр. Хамгийн гол нь Гансүх зан чанарын хувьд л ийм хүн болохоос дүр төрх, үйл байдлаараа нэг тийм зөөлөн дулаан мэдрэмж үзэгчдэд өгч, киноны турш дүрдээ автуулж чаддаг. Дараагийн нэг үзээд л баймаар гоё дүр нь “Эх бүрдийн домог” киноны хөгжимчин. Бараг үг дуугарахгүй атлаа Нарангаравыг киноны турш хайрлан хамгаалж, үргэлж нөмөр нөөлөг нь болж байсан. Ер чимээгүйхэн хайрлаж, тэр хайраа үг, үйлдэл, харцаараа илэрхийлдэг дүрүүд Чойн Хүрэлийнх. Тиймдээ л уран бүтээлчид түүнийг “Нүдээрээ тоглодог”, “Тэр харц өөдөөс ширтээ л бол сандардаг”, “Харцаараа ярьдаг” гэхчлэн хэлдэг биз ээ. 
 
ДЭНДҮҮ АВЬЯАСТАН
 
        Жүжигчин Ч.Хүрэл Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, хүүхэд байхаасаа л сургуулийнхаа урлагийн үзлэгт хөгжим тоглож, шүлэг унших гээд бүхий л төрөлд нь идэвхтэй оролцдог байжээ. Энэ тухай аав С.Чой нь “Хүү минь хоёрдугаар ангид байхаасаа хөгжим сонирхдог байсан. Гармон, баяан авч өгөхөд аль алиныг нь сайн тоглож сурсан. Сургуулийнхаа амралтаар хүүхдүүдтэй хамт сумдаар явж, тоглолт хүртэл хийж байлаа. Тэгж явсаар 1967 онд их сургуульд орно гээд хотыг зорьсон” гэсэн байдаг. Ингээд тэрбээр Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангид элсжээ. Нэвтрүүлэгч Ж.Батбаяр, жүжигчин Б.Цэцэгбалжид гээд хожмоо ард түмний хайртай уран бүтээлчид болсон залуус түүнтэй нэг анги. Ж.Батбаяр нэвтрүүлэгч “Багшийн дээдийн Кино драмын ангид жүжигчин Б.Даваасүрэн, Ж.Дашзэвгэ, Ч.Хүрэл бид дөрөв их дотно үерхдэг байлаа. Ч.Хүрэлд авьяасаас гадна нэг онцгой юм байсан нь мэдрэмж. Хамт этюд хийж байхад мэдрэмжтэй нь илүүтэй мэдрэгддэг байсан. Манай ангийнхны нэгдүгээр курсийн шалгалтыг Л.Ванган багш, хоёрдугаар курсийн шалгалтыг Э.Оюун багш авч байсан юм.
 
      Тэд бидэнд “Та нар дотроос хэн нэгнийх нь курсийн ажлыг авч үлдэнэ гэвэл бид Сүхбаатар аймгаас ирсэн Ч.Хүрэлийн ажлыг л авч үлдэнэ. Тэр хүүхдээс нэг юм цухалзаад байна” гэж хэлж байсан. Үндсэндээ Ч.Хүрэл нэгдүгээр курсээсээ л томчуудтай нэгдээд явсан даа” гэж дурссан байна. Ч.Хүрэл мөн гоё дуулдаг байсан гэнэ. Оюутан байхдаа Монголын залуучууд оюутны их наадамд “Багшийн дээдийн Хүрлээ” хэмээн зарлуулан Б.Ахтааны шүлэг, Г.Дарамзагдын хөгжим “Москва минь, Сайн байна уу”, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн хөгжим “Урьд шөнө чи зүүдлэв үү” зэрэг дууг дуулж шалгарч явсан байна. Оюутан байхдаа кинонд тоглож, сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрын жүжигчнээр очиж, тайзнаа арав гаруй жүжигт тогложээ.
 
Түүнийг театрт байхдаа нэгэн сонгодог жүжигт тоглоод гарч ирэхэд Ардын жүжигчин С.Гэндэн “Хачин сайхан дүр боллоо” гээд тэврээд, үнсэж байсан бол Ардын жүжигчин А.Очирбат “Хүүхэлдэйн театрыг авч явах сайхан жүжигчин гарч ирлээ” хэмээн баярлаж, “Ромео, Жульетта” жүжгийн Меркуциогийн хувцсаа бэлэглэсэн гэдэг. Энэ бүхнээс сонсоход тэр дэндүү гэмээр авьяастан байжээ. 

ДОТНО

       Жүжигчнийх нь хувьд уран бүтээлчид түүний тухай ийн онцлон ярьдаг бол сайн нөхөр, аавын тухайд нь хүүхдүүд нь ДОТНО сайхан дурсамж дэлгэсэн байдаг. Тэрбээр хоёр хүү, нэг охинтой. Бага хүү Х.Түвшин нь аавынхаа мэргэжлийг өвлөж, жүжигчин мэргэжлээр суралцаж, төгссөн. Уншигч та “Бүү март” киногоор нь түүнийг мэдэх байх. Тэрбээр “Аавынхаа тоглосон кинонуудыг үзэх дуртай. Би жүжигчний мэргэжлээр сурсан л болохоос яг жүжигчин болж чадаагүй л байна. Аавынхаа жүжиглэлт, дүрүүдийн тухайд би ийм, тийм гэж дүгнэх нь утгагүй хэрэг. Гэхдээ хүмүүсийн аавыг “Маш  ухааны тоглолттой, энгийн тоглолттой, уран чадвар талдаа гайхамшигтай хүн” гэж ярихыг олон сонссон. Миний бодол ч ийм” хэмээсэн байдаг.
 
     Харин том хүү Х.Тулга нь “Аавынхаа дүрийг дэлгэцнээс хараад сууж байхад хамт байгаа мэт санагдаж, хамт байхдаа яриагүй зүйлсээ дүрүүдээс нь олж хардаг” гэсэн байдаг. Харин охин Х.Уянга нь “Аав эсрэг, эерэг дүрийн аль алинд тоглосон. Багадаа ноёны дүрийг нь үзчихээд, жаахан таагүй хэсэг гарахаар “Аав ямар муухай юм” гэж боддог байсан. Одоо бодоход аав дүрдээ их уусдаг байж дээ гэмээр. Хамт уран бүтээлд орж байсан хүмүүсийнх нь яриаг сонсохоор аавыг заримдаа текстээ хэлэхгүй чимээгүй суучихдаг. Тэгээд хэсэг хугацааны дараа хэлэхээрээ дүрийнхээ хэлэх гэж байсан санааг нэмж баяжуулаад бүр часхийсэн болгоод хэлдэг гэж ярьж байсан. Тэгж дүрээ бодож бүтээдэг байсан гэсэн үг шүү дээ” гэсэн байдаг. Монголын кино урлагт зөөлөн, дөлгөөн дүрээрээ мартагдашгүй хуудас нээсэн жүжигчин бол Ч.Хүрэл. Түүний ухаарал хайрласан дүр бүр урлагт хайртай хүн бүхний зүрх сэтгэлд нэгийг бодогдуулсаар мөнх “амьдрах” нь гарцаагүй ээ. 
 

ЗӨӨЛӨН ХАРЦ, ДӨЛГӨӨН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН ЦААНА...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-26 15:07:13
    Бишрэгч: Үнэхээр дурлаагүй бүсгүй үгүй дээ...бүр хармаар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-25 13:55:50
    ЗОЧИН : АМЬ ХАЛУУН НҮДТЭЙ ГЭЖ ЯГ ОЛЖ ХЭЛЖЭЭ. ӨГЛӨӨ КИНОНЫ ДҮР НЬ БАС ҮНЭХЭЭР САЙХАН ДҮР. ӨГЛӨӨ КИНО ЕР НЬ МАШ САЙН КИНО. УРЛАГ ТАЛААС НЬ ХҮЛЭЭН АВБАЛ ШҮҮ ДЭЭ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188