• Өнөөдөр 2024-03-29

ТЭР ТАМХИНААСАА ХЭДЭНТЭЭ СОРООД Л НҮДЭЭ АНИН БОДОЖ ЭХЭЛДЭГ СЭН

2023-05-31,   2377

               ГЭРЭЛТ ЗУРГИЙГ С.ЦАЦРАЛТ

      Монголын театрын урлагийн халуу шатам мөртлөө авьяас билгийн өмнө өөрийгөө хэдэнтээ нураан гулсах молцог элс шиг уран бүтээлч бол тэр. Саяхан л үзэгчид суудаг улаан сандлын араас тонгойж зогссон сон. Намдуу нуруутай, туранхайн дээр үл мэдэг гархилсан нүдээ үе үехэн анивчиж, цовоо цолгиун мөртлөө адгасан дуугаар хоёр гараа хөдөлгөн ярих нь сонсогдох шиг. 24 жил энэ л дүр төрхөөрөө, өнөө л эгэл мөртлөө эрэмгий яриагаараа халгиж, цалгиж, эрдэж, бардаж театрын урлагийн төлөө үнэн халуун зүрхээрээ цохилж явсан түүнийг дурсаж яриад бид хэдийнэ таван жил болжээ.

        “Баярцагааны Баатар яах вэ. Нэг л өдөр орчлонгийн жамаар эндээс яваад өгнө. Та нар л надаас авах зүйлээ ав” гээд гуйж  ч байгаа юм шиг, гэдийж ч юм шиг яриаг нь уран бүтээлчид нь эрхэлж нэг, загнуулж нэг сонссон сон. Нээрээ л түүнээс ихийг авч дээ, бид. Улсын драмын эрдмийн театрын тайзан дээр тэр хамаг л авьяас билиг, оюун бодлоо шавхаж өгчихөөд явж.

        “Хөөе, хогийн хулгайч аа, зохиолоо сайн унш, битгий залхуур...” гэж гаднаа тэр зад загнавч, дотроо авьяасыг нь сэм мэдсэндээ хайрлан дуулдаг нь халуун харцных нь цаанаас нэвт гэрэлтдэг сэн. Тийм үнэн гашуун үгээр халхавч хийсэн мөртлөө үргэлжийн өр зөөлөн, бүр урсан хайлагч хүмүүн мөн байлаа. Ийм л эрс шулуун үгтэй, найруулах эрдэм чадал идтэй тэрээр ерөөс  тамхинаасаа хэдэнтээ сороод л нүдээ анин бодож эхэлдэг сэн. Тийн бодсон бүтээлийг нь үзэгчид тайзнаас амьсгаа даран, ухаан, сэтгэлээ тэмтэрч үздэг байсан биз ээ. Өөрийгөө элтэл бодож, түүнийг өөрийнх нь соргог мэдэрч, хурц харсан авьяас билигтэй уран бүтээлчид нь яг таг илэрхийлдэг ч байж.

Намайг бичээд  яах вэ, та муу сайн юм, өөрсдийгөө л мэдвэл барав, черт...”

        Монголын театрт хэзээ ороод ирэв гэдгээс эхлэн түүнийг бичих хэрэгтэй болов уу. Магад тэр байсан бол “Намайг бичээд яах вэ, та муу, сайн юмнууд.Өөрсдийгөө л мэдвэл барав, черт” гэх байсан ч байж мэднэ. Эсвэл одоо ч мөн тэгж суухыг үгүйсгэхгүй. Гэхдээ л тэр ч мөн тэрслэгч байсан шиг тэрсэлдэн байж дурсмаар байна. 

   Уг нь эл эрхэм Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн. Гэхдээ элдэв цол гуншинд дургүйн учир зүгээр л тэр бол Улсын драмын эрдмийн театрын найруулагч Баярцагааны Баатар гээд эхэлье.

-В.ЁЖОВООС ЭХЛЭЭД Л А.П.ЧЕХОВ, В.Н.ГОГОЛЫГ БОДОЖ ЭХЭЛСЭН-

            Жүжиг тавихдаа тэр зохиол болоод зохиолчийнх нь санаа сэтгэлд бүрэн орж, өөртөө багтааж, хэдэнтээ уншиж, хэдэн талаас нь хуваан бодож, “Энэ л санааг хэлж дээ” гэж өмөрч, сэмэрч, өрцөн цаанаа үймэрч, үүнийгээ уран бүтээлчдэдээ ойлгуулах гэж амаа цангатал ярьж, “Энэ л жаахан ойлголоо доо” гэж санаа амарч, бүтээлээс бүтээлийн хооронд шавилхан биеэ шаналган урсгадаг дэнлүү явж дээ, тэр. Унших, бодох, дараа нь илэрхийлэх, үнэн зүрхнээсээ өгүүлэх эхлэл нь 1977-1979 онд Теле кино үйлдвэрээс эхэлсэн түүхтэй. Кино үйлдвэрт тэр хоёр жил ажиллаад, 1979 оноос Украин Улсын Киев хотын И.К.Карпенко-Карыйн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд элсэн суралцаж 1984 онд драмын найруулагч мэргэжлээр төгссөн. Шинэ залуу төгсөгч Б.Баатар Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, Монгол телевизийн программын зөвлөлийн дарга гэсэн ажил мэргэжил, албан тушаалд дамжин ажиллаж, өнөөдрийн бидний дурсах Б.Баатарыг бэлдэж, өөрийгөө боловсруулж иржээ. Драмын театрт 1999 оноос найруулагчаар ажиллаж, бүтээлээ дэлгэх болсон. Тэр В.Ёжов “Гургалдайн дуут шөнө” жүжгийг хамгийн анх найруулсан байдаг. За тэгээд Э.Оюуны “Гарваа”, А.Дударев “Босго”, “Цэргүүд”, Ш.Гүрбазар гуайн “Сэрүүн зүүд”, Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно”, “Хүйтэн сэнтий”,  “Атга нөж”, Д.Урианхайн “Хүн бүгд би”,“Харанхуйд юу ч харагдахгүй”, Д.Мэндсайханы “Мануухай”, “Худалч эгч”, Ц.Хулангийн “Монголын ардын суут”, А.П.Чеховын “Цахлай”, В.Н.Гоголийн “Амьгүй албат”, М.Сервантесын “Кихот ноён”, Лев Толстойн “Адууны түүх” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог бүтээл, “Маш нууц”, “Бид ингэж ялав”, “Рин авгай ба аюул”, “Шөнийн сүүдэр” зэрэг 20 гаруй радио жүжиг, “Хүннү”, “Шагай” зэрэг теле жүжиг, “Икар”, “Соёо”, “Хүйтэн цуст”, “19”, “Тэнгэрийн задгай” зэрэг дэлгэцийн бүтээл нь үзэгчдийн тархи зүрхний “атар тал"-д ухаан бодол, хайр энэрлийн “үр соёолуулж” чадсан.

-ОМОГ БАРДАМ БАЙХААС ЯАХ ВЭ-

       Жүжгийнх нь тухай олон зохиолч, найруулагч, шүүмжлэгч бичиж, түүний тухай өчнөөн үг унагасан байдгийг бид мэднэ. Үнэхээр л бүтээл бүр нь ардаа овойж оцойсон их магтаал, урмын үг дагуулдаг байсан. Б.Баатар найруулагч ч тэр чинээгээрээ онгирч, онгирохдоо хүртэл хаана зогсохоо мэддэг омог байж. Ойроос ганцхан жишээ л гэхэд, тэр Д.Урианхайн “Хүн бүгд-Би” зохиолыг тайзнаа тавьсан нь түүний гомдлыг тайлж, “Миний зохиолыг Б.Баатар л ойлгож дэлгэнэ” гэх магтаалыг үүтгэсэн юм билээ. Нээрээ л тэр Д.Урианхай, Б.Лхагвасүрэн гуай хоёрын бүтээлийн том гүүр байв. Ийм л болохоор тэр омог бардам байхаас яах вэ, халуун дуртгал, хайр энэрлийн голд нэхэн дурсагдахаас яах вэ. Авьяасын их ааг, түүнийгээ хөглөсөн их аархал, ид бүгддээ багтаж явсан бяр тэнхээ, чадал гээд хальж сагаж, дэвэрч, хөөрсөн бүхний л том төлөөлөл, тод мөр байлаа, тэр. Уур нь хүрээд, унтуу аашиндаа тэр “Гөлөг минь, чи нааш ир”, “Муу сайн малнууд” гэж ярьдаггүй. Харин энэ мэт хатуу үгээр хүнтэй тулж байж л сая нэг ухаан санаанд нь нэгийг өгч, ойлгуулах цаад ухааныг тээж явж л дээ. Хийсэн нь чинээндээ тулж, хэлсэндээ бүтэн багтдаг хүн л гэдгэр, омголон, давилуун, тийм өндөрт оршиж чаддаг биз ээ. Тийм л болохоор адайр ааштай ч үгийг нь сонсож, үнэн халуун бүтээлийг нь үзэж сууж дээ, бид.

-“НАЙРУУЛАХ ЖҮЖГЭЭ БОДОЖ БАЙНА” ГЭЭД МӨНХИЙН БОДОЛД АВТАЖ СУУДАГ САН...

          "...Харин ууж, идэж, наргиж цэнгэсэн үедээ түүн шиг чалчаа хүн үгүй. Бусдыг “Суу, бос, ор, гар” гээд л захирдаг зангаараа. Харин энгийн үедээ яргавар, их зантай, эрхэмсэг нэгэн байлаа....” гэж түүний хань дурсжээ. Олон таван өөр үг хэрэггүй мэт. Ерөөс түүнийг мэддэг, гадарладаг, магад хаа нэг нэвтрүүлэг, бичлэгт өгсөн яриаг нь сонсож, бүтээлийг нь шимтэгчид ийм л хүн байсныг нь мэдэх болов уу. Харин бага нас, аав, ээжийн тухайд товчхондоо инженер аав, эмч ээжээсээ тэр дөрвүүлээ бөгөөд айлын том хүү. Гэхдээ өвөөгийн хайр, зангарагт өсөж, багаасаа шүлэг, зохиол унших дуртай байсан нь урлагт алхах, энэ салбарт үнэн зүрхээ уях бат бөх суурь болжээ. Хэрхэн уясныг нь харин театрын тайзан дээр найруулан тавьсан түүний бүтээл бүхэн гэрчилж байгаа. Найруулагч Баярцагааны Баатар гэж авьяас болоод мэдрэмж, бодох хийгээд боловсруулахын өндөрт ямагт оршиж, тэндээсээ тайз руу хараагаа бэлчээж, уран бүтээлчид рүүгээ зааж, үзэгчид рүү харин инээмсэглэж зогссон нэгэн.

      Магад долоовор хуруугаа толгойдоо хүргээд, тамхинаасаа хэдэнтээ сороод л “За, Баатар минь бодно доо, хаанаас эхлэх билээ хоёулаа” гэж өөртөө яриад л нүдээ анин бодож зогсдог байсан биз ээ.


ТЭР ТАМХИНААСАА ХЭДЭНТЭЭ СОРООД Л НҮДЭЭ АНИН БОДОЖ ЭХЭЛДЭГ СЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-29 09:09:00
    ...: Mongolin massd dendvv tomdson tiimdeech hvn shig amidarj chadaagui horvoogiin munh busiig vzsen dee... Yr n iim saihan hvmvvs Mongold bitgii turuusui, ur uvdmuur...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-01 18:16:02
    Зочин: Энэ хүнииг эргэн дурсанд баярлалаа Гэхдээ бичих сэдэв дурсамж дурдатгалыг олон нөхдөөс нь асууж сураглаж нэгтгэж сайхан ном бүтээвэл Ээ дээ мөнч том гавьяадаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-31 23:59:19
    Байгалмаа: Сайхан хөрөг бичжээ сэтгүүлч Д. БЯМБАСҮРЭН. Маш их баярлалаа, хадгалж авлаа. Дахин дахин уншаад хайрт ахын минь үг яриа үйл хөдлөл бүр нь харагдаад ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-31 20:21:09
    zochin: Mongoliin teatriin urlagiin tuuxend shine ursgal oruulj irsen delxiin songodog zoxioluudiig taiznaa naruulj tavisan mundag nairuulagch xun dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-31 17:34:01
    zochin: mundag nairuulagch bailaa ! , yagaad iim ert chorvoogoos yvchivdaa , charamsaad barschgui !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-31 17:33:51
    zochin: mundag nairuulagch bailaa ! , yagaad iim ert chorvoogoos yvchivdaa , charamsaad barschgui !!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188