• Өнөөдөр 2024-05-13

“БҮСГҮЙН ЗУРВАС” ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ

        “Хэрэв би Итгэл байсан бол Архай сайдыг ток шоу нэвтрүүлгийн үеэр худлаа ярихад нь шууд л “Та болиоч. Ямар ичдэггүй худалч юм бэгэж хэлэх байв. Бүр үзэгчдийнхээ суудлаас босоод, хэлчихмээр зориг ч төрж байсан шүү. Харин Архай сайдын гэрт нь айхдаа айж, аюултай нөхцөлд байсан ч эмээхгүйгээр зөвхөн чин үнэн халуун сэтгэлийн хөрөг ярилцлага хийнэ гэсэн зорилготой очиж, үнэнийг нь ч, худлыг нь яриулсан Итгэл сэтгүүлчийн яриаг сонины газрын эрхлэгч нь булаан авч, Гараас нь юу ч гардаггүй гэж зэмлэхэд нь, өмнөөс нь хоолой зангирч байлаа. Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцъя” өгүүллэгээс сэдэвлэн, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар бүтсэн “Бүсгүйн зурвас” жүжгийг ингэж ичиж, үзэн ядаж, өрөвдөж, өмнөөс нь гомдож үзлээ. 

    "Бүсгүйн зурвас" жүжгийн  үйл явдал болоод дүрд ийн автсан ч  “Н.Наранбаатар найруулагч ямар санааг онцолсон юм бол. Ардын жүжигчин Б.Жаргалсайхан Архай сайдын дүрийг хэрхэн гаргав. Үнэнг яриулж, чин сэтгэлийн ярилцлага хийхээр зорьж гэрт нь очсон сэтгүүлчийн дүрийг залуу жүжигчин Б.Золзаяа хэрхэн гаргасан, нэр төр, өндөр албан тушаалаас цаашгүй хүн чанараа алдсан Архай сайдын эхнэрийн дүрийг Гавьяат жүжигчин Г.Урнаа ямархан бүтээсэн бол гэдгийг онцлон харах гэж зорьсон минь энэ.

-Н.НАРАНБААТАР НАЙРУУЛАГЧ ЭХ ЗОХИОЛЫН ЦӨМ САНААГ ОНОЖ ТУСГАЖЭЭ-

    Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч бол энэ цагийн чансаатай том найруулагчдын нэг бол яах аргагүй мөн. Тэр уншиж, уншсанаа тархиндаа бодож, боловсруулж, тайзнаа тавьдаг сэтгэл зүрхээрээ шаналж, тархиа зовоодог найруулагч. Тиймдээ ч дэлхийн болоод Монголын сонгодгуудыг Улсын драмын эрдмийн театр гэх том айлын тайзнаа тавьж, үзэгчид ч хүлээж суудаг биз. Одоогоос гурван жилийн өмнө “Бүсгүйн зурвас” жүжиг  анх тайзнаа тоглогдоход, яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгс үзээд Энэ миний зохиол биш байна. Эх зохиол, эх зохиолоос сэдэвлэсэн зохиол хоёр ялгаатай л даа. “Ярилцлага” нэртэй хоёр, гуравхан дүртэй товчхон минимал жүжгийг “Бүсгүйн зурвас” нэртэй 20 гаруй дүртэй нийгмийн драм болгож, айл гэрийн асуудал, улс төрийн өнөөгийн амьдрал, бяцхан секс үзэгдэл, буу шийдэм нэмсэн нь найруулагчийн шийдэл. Миний зохиол тэс өөр” хэмээн ярьсан байдаг. Мэдээж найруулагч түүний эх зохиолоос сэдэвлэн, жүжгээ найруулснаа ч онцолсон. Н.Наранбаатар найруулагч “Бүсгүйн зурвас” жүжгийн талаар “Жүжгийн зохиол, драмын жүжиг хоёр өөр байдгийг үзэгчид мэдэх хэрэгтэй. Кино хүртэл эх зохиолоосоо өөр байдаг шүү дээ. Үүнтэй адил би Л.Өлзийтөгсийн жүжгийн зохиолд  өөрийнхөө үзэл баримтлал, юуг, хэрхэн яаж үзэгчдэд харуулах вэ гэдгээ л тусгасан” гэсэн тайлбарыг өгч байв.

 

Үзэгч миний хувьд харин Н.Наранбаатар найруулагч үнэхээр эх “Ярилцъя” өгүүллэгийн гол цөм санаануудыг түүн, дэлгэсэн нь зохиолчийг ихэд хүндэтгэхийн сацуу найруулагч хүний нүдээр энэ жүжигт илэрхийлж болох санаануудыг зөв харж, эх зохиолын цөм санааг онож тусгажээ. Үүгээр нь түүнд баярлалаа гэж хэлмээр байна. 

            Үнэхээр өнөөдөр төрд худал хуурмаг хүмүүс үүрлэж, үнэний дуу хоолой болох ёстой сэтгүүлчид нь худалдагдсан байгааг хэн хүнгүй л харж байгаа. Нийгэмд нэг зохиолч, жүжгээр ч болов хөндөхгүй бол хэрээс хэтрээд байгаа. Төрийн түшээд аль нэг хэвлэлийн урсгалаар гарахдаа үргэлж сайн сайхан зүйл ярьж, үлгэр шигээр л амьдралаа ярьдаг. Бүр уяртал, уйлтал, итгүүлтэл, өрөвдтөл ярьдаг. Угтаа бол буруу булхай, муу муухайгийн уурхай болж, авлига хээх хахуульд идэгдэж суудгийг "Бүсгүйн зурвас" жүжгээр хайр найгүй үзүүлсэнд талархлаа. 

       Тус жүжгийн гол нуруу нь төр гэж алсаас харахад айхтар сүр бараатай зүйл. Түүний дотор, цаана нь чухам юу оршдогийг энгийн ард иргэд төдийлөн мэддэггүй. Тэгвэл төрийг нээж, төрийн түшээдийг уудалдаг нь сэтгүүлч юм гэсэн ерөнхий санааг барьжээ. Үндсэндээ энэ санааг тус жүжигт зангидаж, дүр болоод үйл явдлаар тайлахыг оролджээ. Харин тус санаанд хачир болж, нэмсэн төрийн түшээдийн ар гэр, амьдрал, зан чанар, зарим сэтгүүлчдийн өнөөгийн төрх байдлыг уяж өгчээ.

    Харин ёстой улаан нүүрэн дээр нь хэллээ гэдэг шиг өнөө цагийн зарим сэтгүүлчдийн өнгө төрх, байр байдлыг тэр хэвээр нь үзүүлж байгааг үзээд, өмнөөс нь ичиж л суулаа. Ганган, толгойгоо хаяласан, мэдээллийн үнэн, худлын шүүж, эх сурвалжийг нь ч эрэхгүйгээр хов живийн араас хөөцөлдөж, түүнд анализ хийж, элэглэж, ихэрхдэг зангаа түрүүнд барьж, дамын үгээр баримт хийж явдаг гээд ээ мөн ч айхтар шүүмжлэн үзүүлж байна лээ. Харин нөгөө талаар Итгэлийн дүрээр гэнэн цагаан, сайхан хөрөг ярилцлага хийх хүслээрээ жигүүрлэн, үнэний төлөө тэмцэж яваа сэтгүүлчийн дүрийг товойлгон үзүүлсэн нь талархмаар байв. Үнэний дуу хоолой болж, үргэлж үнэнг эрж явдаг сэтгүүлчид мөн эл жүжгийг үзээд, өөрсдийгөө харж, бахархах болов уу.

-АРХАЙ САЙДЫН ҮНЭНГ ИЛЧЛЭЭД ДУУСНА ГЭЖ ХҮЛЭЭСЭН Ч ЖҮЖГИЙН ХЭСЭГ БҮРТ ТҮҮНИЙ ҮНЭН БАЙДЛЫГ ҮЗҮҮЛЖЭЭ-

   Жүжиг эхлээд л нэгэн хүлээлтийг өөртөө бий болгосон нь Төр түшиж суугаа энэ олон хүний жинхэнэ үнэн хаана байдаг бол” гэсэн асуулт. Эл асуултыг хайсаар үйл явдлын гүн рүү нь оров. Итгэл хэмээх сонины сэтгүүлчийг Архай сайдын жинхэнэ үнэнг гаргаж дэлгээд л жүжиг дуусна даа гэж хүлээсээр суув. Гэхдээ би асуултынхаа эрлийг зөвхөн үйл явдлаас нь хайгаад байснаа мэдсэн юм. Жүжиг өөрөө хэсэг бүрээрээ дамжуулан бодит үнэнийг нь харуулаад байхад л асуулт тавьж, эрээд байж л дээ, би. Учир нь Архай сайд анх ийм байсан, яваандаа ингэж өөрчлөгдсөн, түүний мөн чанар угтаа ийм гэдгийг жүжгийн хэсэгт бүрт үзүүлж, Архай сайдын сэтгүүлчид яриад байгаа худал ярианых нь жинхэнэ үнэнг бидэнд хэлж өгөөд байсныг жүжиг дуусахад ойлгосноо нуух юун. Магад эл жүжгийг үзсэн уншигч та анхнаасаа Архай сайдын худал, үнэнг ялган ойлгож, зарим үйл явдлыг, жүжгийн цааш өрнөх хэсгийг таамаглаж байсан ч байж мэднэ. Эсвэл яг над шиг асуулт тавьчихаад, хариултаасаа төөрөөд хайгаад байсан ч байж мэдэх юм. Юутай ч худлыг үзүүлэхийн сацуу үнэнийг нь илчлэн гаргасан хэсгүүдтэй нь жүжгийн нэгэн оновчтой шийдэл байсныг энд дурдья.

-БУРУУ БУЛХАЙГАА НУУСАН АРХАЙ САЙД, ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ЁС ЗҮЙТЭЙ БАЙЖ,  ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЯВСАН ИТГЭЛ СЭТГҮҮЛЧИД БАЯРЛАЛАА-

    Архай сайдын дүрээр Ардын жүжигчин Б.Жаргалсайхан тун гарамгай тогложээ. Аргагүй л туршлагатай, тулхтай уран бүтээлчийн зангараг зааж тун чиг сайхан бүтээсэн байна лээ.Гавьяат жүжигчин Г.Урнаагийн хувьд бол юу ярих уу. Харахад төрийн түшээ л болохоос хамаг мөн чанараа гээж, хүнээ алдсан хүний гэргий байж, хайрлуулахгүйгээр муу муухайг нь дарж, нууж амьдарна гэдэг хэчнээн гунигтай болохыг тэр эрхгүй тултал үзүүлжээ. Магад түүний дүрийг үзээд яг тийм амьдралаар амьдарч яваа олон эмэгтэй өөрийгөө харах шиг болсон байх. 

   Харин ээжийгээ ойлгодог, мөнхүү ээжийнхээ мэргэжлийг өвлөн урлагийн хүн болохоор шийдэх хүү Ирээдүйн дүрийг залуу жүжигчин Б.Шинэбаяр гаргажээ. Түүний аавдаа хэлж байгаа “Ааваа, та өөрийгөө хаана ингэтлээ гээчихээ вэ. Та танигдахгүй болжээ" гэх үг бол эл жүжгийн үндсэндээ энэ жүжгийн гол санааны амь нь болж байгаа үг. Гэр бүлийнхээ хүйтэн хөндийн хөрсөн амьдралаас ээжийгээ аваад явж байгаа хүү жүжгийн гол дүр болох амин хувиа хичээж, муу муухайд идэгдсэн Архай сайдын буруугаа ухаарахад ойртсон нэг том үйл явдал. Багадаа эрхлүүлэн тоглож, ээжийг нь ихэд хайрладаг байсан аав нь албан тушаал, эд хөрөнгө, нэр төрд хорлогдчихоод, огт өөр хүн болж, мөн чанараа гээсэн танихгүй нэгэн болсон болохоор тэр хүйтэн, хүн чанаргүй,  муу муухай амьдралаас ээжийгээ аваад явах зоригт хүү. Үндсэндээ хүү нь бүхнийг хатуу шүүмжилж, ухаалгаар шийдвэрлэсэн нь тэр. Харин нөгөө талд буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг шиг хайрлаж, эрхлүүлж өсгөсөн ганц охин нь хар тамхичин, архичин болсон байгаа нь буруугаар эрхлүүлж өсгөсөн хүүхэд ямар байдгийг зурвас харуулж байна. Мөн Архай сайдад амьдрал хатуу хүний мөн чанар унасныг ойлгуулах нэг дүр бол түүний нууц амраг болох Нарангоогийн дүр. Энэ бүхэн Архай сайдад юу үнэн, юу худал болохыг харуулж байхад, түүний нүд нь сохорч, чих нь дүлийрсэн хэвээр л байв.

      "Бүсгүйн зурвас" жүжиг төрийн түшээдийн буруу булхайг Архай сайдын дүрээр хатуу шүүмжилж, тэдний муу муухайг илчлэх гэсэн сэтгүүлч хэрхэн бурууддагийг, эцэст нь энэ бүхэнд гэр бүл хохирч үлддэгийг, эд хөрөнгө, эрх мэдэл, албан тушаал хүний төрөлх зан чанарыг хэрхэн эвддэгийг харуулсан Улсын драмын эрдмийн театрын нийгэм рүү илгээсэн зурвас юм. Энэ зурваснаас үзэгч харин хэрхэн тунгаан ойлгож, эргэцүүлэхийг тус жүжгийн адил бид ч мөн уншигч танд үлдээж байна.

Эрх мэдэл, албан тушаал, нэр төр хүний унаган ааш зан, амьдрал ахуйг эвдэж, танигдахын аргагүй өөрчилдөг. Магад түүнийг байранд нь буцааж, үнхэлцгэнд нь багтаахыг шударга үнэний төлөө зоригтойгоор тэмцдэг сэтгүүлчид л хийдэг байх. Үүнийг л тод томруунаар дуугарч чадсан "Бүсгүйн зурвас" жүжгийн хамт олонд, найруулагч Н.Наранбаатарт халуун баяр хүргэе.


“БҮСГҮЙН ЗУРВАС” ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-11 15:13:23
    Eenjii: Nice
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188