• Өнөөдөр 2025-02-05

ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ

2025-01-09,   5076

         “Сэтгэлийн өртэй 44 жил амьдарлаа” гэж ярих түүнийг Р.Сэмжид гэдэг. Тэрбээр Хөвсгөл далайд 1980 онд живсэн машинаас амьд гарсан хүний нэг. Өдийгөөс 44 жилийн өмнө болсон ослын тухай тэр ингэж ярьж байна.

1980 он. Хөвсгөл аймгийн Ханх сум.

            ...Тэмбүүгийн өвчлөл дийлдэхгүй байсан үе. Арав гаруй жил энэ өвчнийг устгах гэж гэртээ орох завгүй шахам Хөвсгөл аймгийн сумдаар тойрсон. 1980 оны хавар Ханх суманд урьдчилан сэргийлэх үзлэгээр очлоо. Дөнгөж 15-хан настай хүүхдээс хүртэл тэмбүү илэрч байсан үе л дээ. Зарим хүн айж ичээд зугтаад алга болчихно. Сумын 15-45 насны бүх иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах үүрэгтэй. Хүн дутвал цагдаа сэргийлэхдээ тулна. Зугтаж алга болсон этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гээд цаг хатуу байлаа шүү дээ. Ханх суманд манай эмнэлгийн багийнхан тав хоног ажиллаад буцах болсон чинь тэнгэр муухайрчихсан. Бид уг нь онгоцоор очсон юм л даа. Үзлэгийн дүн, тайлан мэдээгээ бичээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү цахилгаанаар явууллаа. Дээрээс тушаал ирж, Ханх сумын Эрүүл мэндийн төвийн машинаар Хатгал руу хүргүүлэхээр болов. Тухайн үедээ цаг шахуу, дараагийн сумын урьдчилан сэргийлэх үзлэг хүлээгдээд тэвдэж байсан хэрэг. 

            Дөрөвдүгээр сарын 28.

            Ханх сумын эмнэлгийн жолооч н.Цэнд-Очир УАЗ-469 машинаа унаад, бидний байрлаж байсан байрны гадаа хүрээд ирлээ. Үзлэгийн багт гурван хүн явж байсан юм. Аймгийн нэгдсэн эмнэлгийн харьяа Арьс, өнгөний урьдчилсан сэргийлэх үзлэгийн бригадын ахлах нь би. Ахлах эмч учраас машины урд суудал дээр сууж, лаборант, сувилагч маань хойд суудалд суув. Тухайн үед унаа, тэрэг ховор байсан учраас эмнэлгийн тэрэг Хатгал орох гэж байгааг сонссон дөрвөн ч хүн хонины хонхор, хойд суудал дээр шахаад суучихсан байсан. Сүхбаатар хөлөг онгоцны шумбагч залуу, сургуульдаа явж байгаа оюутан хүү, аймгийн эмнэлэг бараадахаар яваа өндөртэй настай хөгшин, Хатгал орох гэж байгаа арав гаруй настай охин гээд бид найм Ханхаас 14:00 цагийн орчимд хөдөлсөн. Ханхын төвөөс далайгаараа давхисаар байгаад Хатгал орох төлөвлөгөөтэй. Цэнд-Очир жолооч далайн замд гаргууд сайн, зөвхөн усан замаар л явдаг жолооч. Дөрөвдүгээр сарын 28 гэдэг чинь усан зам хаачихсан, ер нь далайгаар зорчих боломжгүй болсон үе гэсэн үг. Гэхдээ л бид тэнгэрийн хүйтэн, жолоочийн чадвар, ажлын цагаас шалтгаалаад замд гарлаа. Жолоочдоо “Хатгал руу явдаг шороон замаар явбал дээргүй юү” гэж нэг л удаа хэлсэн. Тэгээд усан замаараа явахаар болсон нь тэр.

            15:00 цаг.

          Ханхаас гараад Хөвсгөл далайгаар 30 гаруй километр давхилаа. Энэ хугацаанд долоон удаа усан хилээр гарсан. Нуурын мөс хагарч, гэрийн буурь шиг овойгоод хөлдчихсөн байхыг усан хил гээд байгаа юм л даа. Тэр хэсэг нь цөмрөхөд бэлэн болчихсон гэсэн үг. Жолооч маань долоон удаа бууж, мөсний аль талаар нь гарвал биднийг даах вэ гэдгийг тооцоолж үзсэн. Хамгийн сүүлийн хилэн дээр тулж ирээд өмнөх шигээ буугаад, замаа шинжсэн. Тэгээд машин зогссон хэсгээрээ гарахаар болоод машинаа хөдөлгөхөд л тас няс буугаад явчихсан. Мөс цөмрөөд юу юугүй л машин живж байна гэдгийг мэдсэн. Машиныхаа хаалгыг онгойлоод л үсрээд буулаа. Эргэж босож ирээд, машины хаалга онгойлгоход миний сууж байсан сандлын талаар нь ус дүүрч байсан. Хүмүүсийг “Бушуу буугаарай, түргэлээрэй, машин живж байна шүү” гэж хашхираад, хойд талын хаалгыг нь онгойлоход манай эмч, сувилагч мөсний ирмэг рүү үсэрч байгаа юм. Цаанаас нь нэг залуу “Би буулаа, гарлаа” гэж хашхираад арай гэж гарч ирсэн. Бусад хүн ямар ч дуу гаргаагүй. Ард, хойноос хэн ч “Би үхлээ, живлээ” гэж хашхираагүй шүү дээ. Манай жолооч ч ам ангайгаагүй. "Машин живж байхад тэр хүмүүсийг яагаад гарахгүй байгаа юм бол" гэж гайхсаар байгаад ус руу алдчихсан. Арав тоолохын хороонд л машин далайд бүрэн живчихэж байгаа юм. Уг нь бусад нь ч бас гарч болох хугацаа. Бид дөрөв усан хил дээр дэмий л орилж, хашхирч, уйлж зогслоо. Яах учраа олохгүй үнэхээр хэцүү байсан. Саяхан хамт явж байсан хүмүүс, машин маань бараа сураг нь харагдахгүй живсэнд гайхаж, цочирдож, цөхөрсөн хүмүүс. Тэгж, тэгж бид 16:00 цагийн үед ухаан ороод “Яах вэ, одоо яах вэ. Хаашаа явах вэ” гэдэг дээрээ туллаа. Ахалж яваа учраас тэд миний амыг харна. Өнгөрсөн жилийн цагаан сараар авсан өсгийтэй гутлынхаа өсгийг нь мөсөн дээр хуга цохиж өмсөөд, “Үхэх байсан ч, сэхэх байсан ч хэдүүлээ Хатгалыг чиглээд алхана аа” гэж хэлсэн. Дөрвөн хүнээ алдчихсан, далайн зам хаалттай, мөсөн дээр зогсож байгаа бидэнд амьд гарах боломж тун ховор.

            17:00 цаг.

            Хатгал ороход 100 гаруй км дутуу. Усанд живсэн хүмүүс Ханхынх. Амьд гарсан нь Улаанбаатар, Мөрөнгийх. Би Ханх суманд ажиллаж байсан учраас далайн замыг гадарлана. Ингээд л Хатгал руу гараад алхлаа даа. Нуурын мөс тас няс гээд хэзээ, хаана нурж унах нь тодорхойгүй. Ерөөсөө л үхэл отож, үхэл дагаж байсан, биднийг. Дөрвүүлээ нэг эгнээнд урд, хойноо ороод алхаж гарсан. Харанхуй болохоос өмнө зам хорооё гэж бодоод зогсоо зайгүй яваад л байлаа. Ердөө саяхан инээлдэж, хамт явсан хүмүүс маань нүдэнд харагдаад, хоёр нүдний нулимс тогтохгүй мөн ч хэцүү байсан шүү. Бид дөрөв үхлээс ерөөсөө айгаагүй. Далайд үхэх нь тодорхой, үхэх хүртлээ л явъя гэж ярьцгаасан. Шөнөжин алхсан, хэн нь ч юу ч дуугараагүй. Тэр шөнө далай их хүйтэн, шуургатай байсан. Гутлын өсгий байхгүй, улаараа шахуу явж байгаа шүү дээ. Өөрийн эрхгүй л “Яах гэж амьд гарав даа. Яах гэж ингэж явна вэ” л гэж бодогдоод байсан. Дөрвийн дөрвөн хүнээ далайд алдчихсан, улсын өчнөөн үнэтэй техник, эмнэлгийн багаж урсгачихсан бид юу бодож явах нь тодорхой.

Дөрөвдүгээр сарын 29-ний 03:00 цаг.

       Хатгалын бараа харагдах хаа ч байсан юм. Явах тамир тасардагийн даваан дээр ачаа зөөж явсан чаргачидтай таарлаа. Тэр хэсэгт Ренчинлхүмбэ сумаас ачаа зөөж явсан зургаан чаргачин буудалж байсан юм билээ. Амаа ангайж чадахгүй шахам бээрч, галын бараа хараад л сөхрөөд унасан. Тэр хүмүүс халуун цай аягалж өгөхөд нь чичрээд ууж чадахгүй байсан шүү дээ. Харанхуй шөнө дөрвөн биенээсээ өөр харах хүнгүй, хэзээ үхэхээ мэдэхгүй явсан бид ингэж амь аврагдсан. Тэр чаргатай хүмүүс байгаагүй бол нарнаас өмнө осгох байсан. Дөнгөж үүр цайлгаад л бид чарган дээр сууж аваад, Хатгал руу хөдөллөө. Дөрвөн чарган дээр нэг нэгээрээ суугаад 60 км явсан. Амьдрал их л утгагүй санагдаж байсан даа, тэр үед. Би амьд гарсандаа нэг ч удаа баярлаагүй. Явсаар байгаад Хатгалын сэргийлэхийн гадаа бид бууж үлдлээ. Дөрвөн хүнээ алдсан, машинаа живсэн гэдгийг уйлж, дуулаад л хэлсэн. Биднийг “Усан тээвэр хаачихсан байхад явсан хүмүүс” гээд тоохгүй байсан. Бас осолдсон газар руу очиж чадахгүй гэж хэлдэг юм байна лээ.

Хатгал тосгон.  

      Үхлээс мултарсан бид дөрөв Хатгал тосгоны эмнэлэгт хүргэгдэв. Одоогийнх шиг холбоо, сүлжээ байхгүй болохоор хэнд ч хэл дуулгаж чадаагүй. Биднийг явган, нүцгэн явсныг хэн ч мэдээгүй. Тэгээд сэргийлэхээс гараад эмнэлэгт очиход бүгд мэдчихсэн байсан. Биднийг дулаан байр, халуун хоолтой угтсан даа, эмнэлгийн ажилтнууд. Хатгал тосгоны иргэд ч “Далайгаас амьд гарсан хүмүүс” гээд бидэнд хоол, цай хийж ирж байсан. Ингээд хоёр хоногийн дараа аймгийн эмнэлгийн дарга маань биднийг ирж авсан. Би ч улсыг өрөнд оруулсан учраас ялд унана гэж бодож байлаа. Тэгээд аймгийн төвдөө ирээд байж байтал хоёр хоногийн дараа Хатгалын цагдаа “Осолдсон газар руу явахаар боллоо. Та ахалж явсан учраас ирж бидэнд газар зааж өгнө үү” гэсэн. Бид далайн хамгийн гүн хэсэгт нь осолдсон байна лээ. 60 км газрыг хоёр өдөр туулаад осолдсон газартаа очсон. Машины дугуй яваад орсон мөр, усан хил л биднийг угтаж байгаа юм. Тэгээд баримтжуулж аваад буцаад ирсэн. Хэд хоног намайг байцааж байгаад явуулсан. Дахиж дуудаагүй, хэрэг нь хаагдсан юм шиг байсан.

    Хамт осолдсон хүмүүсийн ар гэрийнхэн надтай ирж уулзсан. Сүхбаатар хүлэг онгоцны шумбагч залуугийн аав Даваа гуай ирсэн. Би орж байх газраа олж ядаад, царайг нь харж чадахгүй, хэчнээн айсан гэж санана. Хүний нялх хүүхдийг усанд алдчихаад ирсэн гэж бодохоор гол харлаад, хоолой дээр нэг юм тээглэчихээд сэтгэлийн зовлонд амьдарч байлаа. Харин Даваа гуай “Миний хүү битгий санаа зов доо. Энэ далай ээж чинь авах хүнээ л авдаг шүү дээ. Амьд гарсан нь аз гэж бод доо. Миний хүү далайн хүн учраас далайдаа л нойрслоо” гэж хэлсэн. Дээрээс хуччихсан байсан олон давхар хөнжлийг нуруун дээрээс аваад хаячихсан юм шиг, хоолой дээр тээглэчихээд байгаа чулууг татаад гаргачихсан юм шиг санагдаж, жаахан тайвширч билээ. Ослын дараа ажлаа хийсэн. Ажлаасаа гарлаа гэх эрх байхгүй. Аймгийн төвд хэсэг ажиллаж байгаад Тариалан сумандаа ирж хүн, ардын төлөө гавьяаныхаа амралтад гартал ажилласан даа.

44 жил.

      Сэтгэлийн өртэй 44 жил амьдарлаа. Нүдээ аних төдийд л харагддаг осол одоо ч харагддаг хэвээрээ. Гэхдээ сэтгэл жаахан ч гэсэн эдгэрч, нимгэрлээ. 44 жилийн дараа бидний сууж явсан машиныг далайгаас гаргалаа. Өдөр бүр бодож, шөнө болгон зүүдэлдэг машиныг гаргаж өгсөн онцгойгийн хөвгүүдэд чин сэтгэлийн гүнээс талархаж сууна. Хоёр жилийн өмнөөс л машин гаргах тухай сураг дуулдаж, чих тавьж байсан нь өнгөрсөн жил биелэлээ оллоо. Ногоон машинаа хараад өдөржин уйлсан. Яг л хэвээрээ, 44 жилийн өмнөх шигээ байсан. Цээжин дээр минь дараатай байсан бул хар чулуу байрнаасаа хөдөлж, өндөр настай би жаахан ч гэсэн санаа амраад сууж байна. Мөн усанд осолдсон хүмүүсийн цогцос машиндаа байсан, үүнийг нь ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөөд оршуулах ёслол болсон гэдгийг сонсоод энэ насны хүсэл биелэх шиг л болсон доо. Жолооч Цэнд-Очирт нутгийнхан нь хачин их итгэдэг байсан юм билээ. Тэр ямар ч усан хилийг даваад л гардаг байсан гэсэн. Тийм ч учраас осолдсон гурван хүн "Бууя, гармаар байна" гэж хэлээгүй байх. Тэд түүнийг гараад ирнэ гэдэгт итгэсээр байгаад хамтдаа живчихсэн гэж боддог доо. Жолооч маань ч өөртөө итгэж байсан байх. Далайд живсэн машин, дөрвөн хүнийхээ цогцсыг далайгаас гаргачих юм сан гэж бодсоор, тарчилсаар энд хүрлээ. Амьдын тамд байсаар насыг барах нь гэж бодтол бидний сууж явсан машиныг гаргаад ирсэн шүү дээ. 

Тэр ослоос хойш Ханх руу зүглэж чадаагүй. Нутгийнх нь дөрвөн хүн байхгүйд би буруутай юм шиг санагдсаар тэнд очиж чадалгүй насыг барлаа даа. Бас амьд гарсан гурван хүнтэйгээ уулзаж чадсангүй. Сувилагч маань хорвоогийн жамаар бурхан болсон ч өнөөх хоёр залуу сураггүй. Хот руу ажил хийхээр яваад л холбоо тасарсан. Энэ ослын гэрч нь би л болж үлдэх шиг боллоо" хэмээн ярьж сууна. 

 

 


ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-09 15:50:19
    12345: Хөөрхий дөө...ус уух хувьтай л байж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-09 14:27:30
    Боги: Эвийдээ, 44-н жил өөрийгөө буруутгаж сэтгэлдээ бул хар чулуутай явж.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-09 10:49:55
    зочин : Ээ бурхан минь Та бол ус уух хувьтай, бурхнаас таныг чи буцах болоогүй хүмүүст тусла гээд л үлдээж дээ эгч минь. Одоо сэтгэлээ тайвшруул даа таны буруу юу байх билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-09 08:34:49
    М: Гал усыг бүү бас гэж айхтар үгшүү гол нь стандарт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-10 15:00:47
    Лд: Ум ма ни бад мэ хуи
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-10 11:17:28
    Зочин: Өөрөө ямар ч буруугүй байж, буруу юм хийсэн мэт сэтгэгдэл зөвхөн эмч хүн л төрнө.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188