• Өнөөдөр 2024-05-06

ЧИНГИС ХААНЫГ АРАВ ГАРУЙ ЖИЛ СУДАЛСАН, ДАНДАР БААТРЫН ХУУРАЙ ДҮҮ Р.РАВДАНДОРЖИЙНХ

2020-11-14,   2489

Р.Равдандорж дэд хурандаагийн Батлан хамгаалахын их сургуулийн замын эсрэг талд байх гэрт нь яваад орлоо. Мань эр өдөр тутмын сонинуудаа өмнөө дэлгээд тавьчихсан сууж байв. Биднийг ирэхээс өмнөхөн гэрийнхээ ойролцоохь шуудангийн салбараас захиалсан сонинуудаа аваад уншиж байгаа нь энэ аж. Тэрбээр “Би сонин уншаад л орхичихдог юм биш. Өдөр болгон өөрийнхөө судалж байгаа зүйлийнхээ талаар ямар нэгэн нийтлэл, ярилцлага, мэдээлэл гарсан уу, үгүй юү гэдгийг хардаг юм. Хэрэв гарсан бол тэмдэглэл хөтлөөд суучихдаг. Цэрэг армийн ажлаа өгч чөлөөндөө гарснаас хойш өдөр бүр хийдэг ажил маань сонин унших болоод байна” хэмээн хуучилсан юм. Гэрийн эзэгтэй Ж.Майдаржав гуай бидэнтэй мэнд мэдэлцээд зочны өрөөндөө урив. 

Төв аймгийн Лүн сум. 1952 он. Зүүн гар талаас Р.Равдандорж аавын хамт

ЦЭРГИЙН ХҮН БОЛСОН ТҮҮХ БУЮУ АЛАГ МОРЬТ Л.ДАНДАР БААТРЫН ДҮҮ БОЛСОН НЬ

Р.Равдандорж Худалдааны сургууль төгсөх жилээ буюу 1962 онд ангийнхаа 17 хүүхдийн хамт цэрэгт татагдаж, Улиастайн цэргийн ангид алба хаахаар очсон байна. Сургуулиас шууд цэрэгт татагдаж ирсэн залуусыг офицерийн курст суулгасан гэнэ. Ингэж л амьралынхаа цэл залуу насаа цэрэг армид зориулсэн эгэл жирийн түүх эхэлжээ. Будаг нь ханхалсан гэдэг шиг шинэхэн офицер салаан дарга болж, үе тэнгийнхээ залуусыг удирдаж эхэлжээ. Тэр үед цэрэгт ирсэн залуусын бие бялдар гайхмаар байсан гэдгийг Р.Равдандорж дэд хурандаа онцлон ярив. 90 киллограммаар савласан нүүрсийг тэр үеийн ихэнх цэрэг хоёроор нь үүрээд явчихдаг байжээ. Р.Равдандорж салаан даргаар ажиллаад удаагүй байхдаа 1966 онд салаа нь Бүх армийн тэргүүний салаагаар шалгарч байсан гэнэ. Тэргүүний салаагаар шалгараад удаагүй байхад нь түүнийг Дорнод аймгийн цэргийн ангид хуваарилжээ. Ингээд Дорнодын цэргийн ангид очоод удаагүй байтал ангийн захирагч дуудсан гэнэ. “Улаанбаатар хотоос БНМАУ-ын баатар Л.Дандар, Д.Нянтайсүрэн, УГЗ Б.Равсал, зураач н.Батмөнх нар ирнэ. Халхын голын дайны 30 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа ажилд таныг томилж байна. Л.Дандар баатар тэргүүтэй хүмүүстэй хамт дайн болсон газраар яваад ир” гэсэн үүрэг өгсөн. Ингээд л БНМАУ-ын баатар Л.Дандар, Д.Нянтайсүрэнтэй ойр дотно танилцаж байсан түүхтэй. Түүний санаанаас Л.Дандар, Д.Нянтайсүрэн баатруудтай дайн байлдаан болсон газраар арав гаруй хоног явсан нь огт гардаггүй гэнэ. “Газ 63” машинаар Мэнэнгийн их талыг туулж, Халхын голд очжээ. Баянхошууны заставаас бүгд морь унаад хэдэн цэрэг дагуулаад дайн байлдаан болсон талбараар явцгааж. Р.Равдандорж БНМАУын хоёр баатар, алдарт зураачийн аюулгүй байдлыг хангаж явсан байна. Шөнө үдэш болохоор авч яваа цэргүүдээ манаанд гаргах гэхээр Л.Дандар баатар “Биднийг хэн алдаг юм. Цэргүүдийг манаанд гаргах хэрэггүй” гээд л эргүүлээд буулгачихдаг байна. Гэсэн ч Р.Равдандорж байрлаж байгаа майхных нь хойно цэргүүдийг манаанд нууцаар гаргадаг байсан гэнэ. Дайн байлдаан болсон газраар явж Л.Дандар, Д.Нянтайсүрэн баатар “Би энд тэгж явсан. Энэ газарт тийм тулалдаан болсон. Тэр цэрэг яг ингэж зогсоод байлдаж байсан” гэх мэт өөрсдийнхөө санаж байгаа зүйлсийг зураач нарт ярьдаг. Хамт яваа зураачид хэлсэн ярьсныг нь хар зургаар тэмдэглэж аваад явсан байна. БаянӨлгий аймгаас төрсөн БНМАУын баатар М.Икейгийн амьсгал хураасан газарт очоод Л.Дандар баатар уйлж байсан гэнэ. Р.Равдандорж цэргийнхээ ангиас баатруудад зориулж авдар архи авч явсан аж. Тэр нь ч оносон гэнэ. Л.Дандар баатар “Равдандорж оо, чи намайг гранат гэж хэлэхээр надад архи гаргаж өгнө шүү” гэж хэлжээ. Л.Дандар баатрыг гранат гэж хэлэхээр Р.Равдандорж гуай шилтэй архины үйсэн бөглөөг мулт цохиж, архи аяганд хийж өгөхөөр өнөөх нь их дуртай. Олон зуун цэрэг эрийн сүнс нь амирласан талд яваа болоод ч тэр үү, гранат гэж хэлэх бүртээ шүүрс алддаг байсныг нь ч мартаагүйгээ ярьсан юм. Л.Дандар баатар тэгж явахдаа Улсын төв номын сангаас Халх голын 100 мянга орчим газар орны нэр орсон нарийвчилсан маш нууц газрын зураг авч явсан байна. Түүнийгээ Р.Равдондоржид өгч офицер ширэн цүнхэнд хийж үүрүүлсэн байна. Гэтэл эмээлийнхээ бүүргэнд хийж яваад нөгөөх газрын зургийг нь хаячихсан гэнэ. Бүгд хоёр өдрийн турш хайгаад олж чадаагүй байна. Р.Равдандорж ч сэтгэл санаагаар унаж хамт явсан хүмүүс нь сандралдаж эхэлсэн гэнэ. Тэгтэл Л.Дандар баатар “Энэ их өвсөн дундаас олохооргүй боллоо. Эрэхээ больё” гэсэн ч Р.Равдондорж нөгөө хэдийгээ унтаа хойгуур хаясан газар руугаа ганцаар явж эрж гарсан байна. Хэчнээн эрсэн ч, бараг өвс бүрийг сөхсөн ч олдоогүй тул буцахаар эргэж явтал мориных нь хамарт өвсөн дунд нэг юм тээглэх шиг болж. Буугаад үзвэл хайсан зураг нь хуйлаатайгаа байж. Ингээд хаяснаа олсон хүн хамаг хурдаараа явж очвол Л.Дандар баатар түүнийг тэвэрч аваад “Одтой, хийморьтой залуу” гээд л их баяр хөөр болсон гэнэ. Хэд хоноод өндөр үүрэг хариуцлагатай тэдний аялал дууссан байна. Түүнээс хойш Л.Дандар баатар энд тэнд таарахаар сүйд болж, анхных нь охин төрөх үед шөлний эр хонь хүртэл өгч байсан гэнэ.

ГЭР БҮЛ БОЛСОН ТҮҮХ

Р.Равдандорж гуайнх таван охинтой. Одоо 13 зээ, дөрвөн зээнцэртэй өнөр өтгөн айл болсон. Түүний гэргий Ж.Майдаржав гуай Авто тээврийн техникумыг автын жолооч мэргэжлээр төгссөн нэгэн. Монголын анхны цөөн хэдэн эмэгтэй жолоочийн нэг. Түргэн тусламжийн тэрэг, “Газ 63”, “Москвич” гээд л түүнд барьж үзээгүй машин ховор гэнэ. Мөн Батлан хамгаалахын их сургуульд Контроль механикаар ажиллаж байсан гэнэ. Гэрийн эздийн анх танилцаж байсан түүх их сонин гэнэ. Р.Равдандорж цэргийн албанд ажиллаж байхдаа Архангай аймгийн Өгийнуур сумаас цэргийн ангийн мал тууж нийслэл рүү явсан байна. Тэр үед аавынх нь Баянцогт суманд нутаглаж байсан аж. Замаараа аавындаа очих үед саахалт айл Жамбынд үе тэнгийн охин байсан нь Ж.Майдаржав гэнэ. Тэр үеэс ирээдүйн гэргийдээ захиа бичдэг байсан боловч огт хариу ирж байгаагүй гэнэ. Ингээд хоёр жилийн дараа Авто тээврийн техникумд суралцахаар очих үед нь яваад очиж гэнэ. Гэтэл үсээ хоёр салаа самнасан, улаан хацартай охин сургуулийнхаа хаалгаар гарч ирснээ ичээд эргээд гүйчихжээ. Тэгсэн ангийнх нь хүү түүнийг тэвэрч өргөөд эргүүлэн Р.Равдандоржтой уулзуулж өгчээ. Ингэж л тэдний хамтын амьдрал, хайр сэтгэлийн холбоо эхэлсэн гэгээн түүхтэй ажээ. Том охин Р.Нарангэрэл нь 1967 онд төрж, анхныхаа хүүхдийг хамтдаа өлгийдөн авч байжээ. Харин хоёр дахь охин Р.Наранцацрал 1969 онд, Р.Болормаа 1980 онд төрсөн бол дөрөв дэх охин Р.Нарантуяа 1974 онд төрсөн байна. Харин хамгийн бага нь 1979 онд төржээ. Охид нь дээд боловсрол эзэмшиж, мэргэжлээрээ ажиллаж хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байгаа гэнэ.

 

ЧИНГИС ХААНЫ ОНГОНЫГ ЯПОНЧУУДТАЙ ГУРВАН ЖИЛ ХАЙЖЭЭ

1990 онд чөлөөндөө гараад удаагүй байх үед нь Гурван гол төслийн хүрээнд япончууд Чингис хааны онгоныг манай улсын эрдэмтдийн хамт хайх ажлыг эхлүүлж байсан түүхтэй. Монгол, Японы 80 гаруй эрдэмтэн мэргэжилтэн оролцсон гэдэг. Тэрбээр арын албаны даргаар ажиллаж, чөлөөндөө гарсан найзуудынхаа хамт ажиллаж байсан гэнэ. Эрлийн багийнхан эхлээд Бурхан халдун ууланд хайж эхэлсэн байна. С.Бадамхатан доктор тэргүүтэй монголчууд Чингис хааны онгоныг хайхад дургүй байсан гэдэг. Бүр хоорондоо “Их хааны онгон олдох юм бол япончуудаар ухуулахгүй шүү. Бурхан Халдун уул мөнх цэвдэгтэй учир ухаж төнхөлгүй газар дээр нь хамгаална” гэж ярилцдаг байсан гэнэ. Ингэж л Р.Равдандорж их хааны тухай судалгааны ажлаа эхлүүлж байжээ. Чингис хаантай холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл бүрийг тэмдэглэн авдаг болсон байна. 1990 оноос хойш 12 жил зөвхөн Чингис хааны тухайн бичсэн мэдээ материалыг цуглуулж, 124 зузаан дэвтэр дүүргэж, 900 гаруй бал дуусгасан гэнэ. Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн болж, 2002 онд Нүүдлийн соёл иргэншлийн академийн “Номч мэргэн” академич цол хүртэж байсан гэнэ. Чингис хааны талаарх судалгааныхаа тэмдэглэл бүхий дэвтрийг ШУАийн Археологийн хүрээлэнд хүлээлгэж өгсөн байна. Түүний Чингис хааны тухай бичсэн тэмдэглэлийг ШУАийн нэрт эрдэмтэд болох Д.Цэвээндорж, Б.Цогтбаатар, Б.БадмаОюу нар “Чингис хааны талаарх маш үнэтэй зүйл болсон байна. Чингис хааны талаар шинээр судалж байгаа эрдэмтдэд маш чухал өв болжээ” хэмээн үнэлсэн байна. Ингээд Монголын Археологийн хүрээлэнгийн хүндэт гишүүн цол тэмдгээр түүнийг шагнаж байж.

БНМАУ-ын баатар Л.Дандар, Д.Нянтайсүрэн, УГЗ Б.Равсал, зураач н.Батмөнх нарын хамт. 1967 он. Халх гол
 

ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНТАЙ ХОЛБООТОЙ БҮХ МАТЕРИАЛЫГ 2012 ОНООС ХОЙШ СУДАЛЖ, ЦУГЛУУЛЖЭЭ

Р.Равдандорж гуай өдөр бүр судалгааны ажилтай явдаг болжээ. Халхын голын 90 жилийн ойг угтаж, Халхын голын дайны тухай мэдээ материалыг архив, сонин хэвлэл, ном товхимлоос цуглуулах их ажлыг хийж байгаа гэнэ. Одоогоор томоохон 28 хавтас материал болоод байгаа аж. Түүнийгээ ном болгон гаргахаар завгүй сууж байгаа гэсэн. Тэрбээр 2012 оноос эхлэн Цэргийн төв архиваас эхлээд олон архивын газарт сууж өдөр бүр Халхын голын дайнтай холбоотой бүх зүйлийг тэмдэглэн авч байгаа гэсэн. Халхын голын дайны материал судалгааны ажлаас өмнөхөн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын талаар гаргасан 28 хавтас бүхий 20082017 он хүртэлх Монголын өдөр тутмын сонинуудад гарсан ярилцлага, мэдээ, материал, нийтлэлийг архивлан хайчилбар хийж авсан байна. Түүнийгээ Н.Энхбаярт өгсөн гэнэ. Мөн олимп дэлхийн хос медальт МУГТ С.Батцэцэгийн тухай сонинд гарсан сурвалжлага, мэдээ, ярилцлага бүхий эмхэтгэлийн цуглуулгыг бэлэн болгожээ. Ирэх шинэ жилээр олимп, дэлхийн хос медальтанд гардуулан өгөхөөр зэхэж байгаа гэсэн. Залуу идэр насаа армид хоёргүй сэтгэлээр зориулсан тэрбээр чөлөөнд сууснаасаа хойш эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өөрийгөө бүтэн зориулсан нь энэ. Түүний нэг ч өдрийг сонин хэвлэл, тэмдэглэл, унших номгүйгээр төсөөлөхөөргүй аж.

Гэрийн эзэгтэй ид, уу гэсэн зочломтгүй нэгэн юм. Харин Р.Равдандорж гуай өөрийнхөө хийж бүтээсэн зүйлсийн талаар яриа дэлгэн суув. Зээ нарынх нь инээд хөөр цалгисан, элэг бүтэн сайхан гэр бүл ажээ, Р.Равдандорж гуайнх. Тэд манай зурагчнаар зургаа авахуулахдаа “Бид жил бүр төв талбай дээр очиж хамтдаа зургаа авахуулдаг уламжлалтай байсан. 20 гаруй жил Сүхбаатарын талбай дээр очиж зургаа авахуулж байлаа. Сүүлийн хоёр жил авахуулсангүй. Хөгшин настай хүмүүс хүүхдүүдээсээ ичдэг болдог юм байна. Гэхдээ бидний хувьд бол үнэ цэнэтэй сайхан зүйл” хэмээн ярьж байсан. Мөн “Хар багын найз Ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн, Москва хотод цэрэг улс төрийн академийг хамтдаа дүүргэсэн Ч.Жамсран нартаа үргэлж талархаж явдаг юм даа, өвгөн би” гэв. Нар хэдийнэ баруун тийш хэвийсэн байхад тэдний гэрээс гарсан юм. Нэг зүйлийн араас уйгагүй явдаг. Түүнийхээ ард нь гарч чаддаг хүн байна даа гэж Р.Равдандорж гуайн талаар бодож явлаа.

 

 


ЧИНГИС ХААНЫГ АРАВ ГАРУЙ ЖИЛ СУДАЛСАН, ДАНДАР БААТРЫН ХУУРАЙ ДҮҮ Р.РАВДАНДОРЖИЙНХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188