• Өнөөдөр 2026-03-04

Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ

2026-03-04,   35

БНСУ-ын нэг ч гадаад ажилтангүй архитектурын компанид цорын ганц гадаад ажилтан болсон Э.Ирмүүнзаяатай ярилцлаа. Тэрбээр БНСУ-д архитектораар сурч, ажлын гараагаа эхлээд нэг жил болж байгаа юм.

инстаграм: hshmgnhrhn

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?

                 -Сайн байна уу, намайг Эрдэнэсүрэнгийн Ирмүүнзаяа гэдэг. Одоо 26 настай  БНСУ-д Архитектораар ажиллаж, амьдардаг.

-БНСУ-д архитектораар сурч, ажиллаад хэр удаж байгаа вэ. Анх яагаад тус улсыг зорьж сурахаар шийдсэн бэ?

                 -Архитектораар таван жил сурч, төгсөөд ажиллаад жил болж байна. Анх БНСУ-ыг зорьсон нь Техник технологи барилгын хөгжил нь дэвшиж яваа улс гэж дүгнэсний үндсэн дээр ирж сурахаар шийдсэн.

-БНСУ дахь архитектурын компанийн ганц монгол ажилтан гэсэн. Ямар байдаг вэ, гадаад ажилтан учраас эх орныхоо нэрийг сайнаар гаргахын тулд бүр их хичээдэг байхдаа?

                 -Хамгийн анх “Монгол архитектор шинэ ажилтнаар орж ирнэ” гэсэн мэдээ компанид тарахад бусад солонгос ажилчид маш өндөр хүлээлт тавьж, хүлээсэн гэдгийг компанидаа орж ирсний дараа олон хүнээс сонссон.  Өмнө нь гадаад хүмүүс ажилд орох хүсэлт явуулсан ч огт авдаггүй байсан учраас  хүмүүст “Яг ямар чадвартай болоод энэ удаад авахаар шийдсэн юм бол” гэсэн асуулт үүсгэсэн байсан. Мэдээж тэрийгээ дагаад маш их хариуцлага ирсэн. Надад итгэсэн олон хүний итгэлийг алдахгүй гэсэн бодол, зорилготойгоор өдөр бүр хичээж ажилладаг даа.

МОНГОЛ УЛС ХУУЧНЫ ТҮҮХЭН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ БУС НУРААЖ, ШИНЭ БАРИЛГА ТӨЛӨВЛӨЛТ ХИЙЖ БАЙГААД НЬ СЭТГЭЛ ЭМЗЭГЛЭДЭГ

 -Яагаад архитектор болохоор шийдсэн бэ. Тус мэргэжлийн юу нь таны сэтгэлийг татсан юм бэ?

               -Архитектур бол урлагийн мэдрэмж, инженерчлэл, нийгмийн хэрэгцээ хүний сэтгэл хөдлөлийг нэг орчинд багцалж бүтээдэг. Хүн төрөлхтний салшгүй нэг хэсэг болох орон зайг би өөрийн гараар бүтээх боломжтой гэдэг нь миний сэтгэлийг хамгийн татсан даа.

-Сүүлийн жилүүдэд “Зайгүй олон барилга л баригдаад байна” гэсэн шүүмжлэл харагддаг шүү дээ. Тэгвэл залуу архитекторын хувьд үүн дээр ямар бодолтой байдаг вэ. Монголчуудын хувьд барилга барихдаа юу дээр илүү их анхаарах хэрэгтэй вэ?

                 -Миний хувьд барилга олон байх нь өөрөө асуудал биш, харин ямар төлөвлөлттэй, ямар орчинд, юунд чиглэсэн барилга вэ гэдэг нь хамгийн чухал гэж боддог. Монгол Улс хүн амын тоотойгоо харьцуулахад орон сууц, ялангуяа орон сууцын зориулалттай барилга харьцангуй их баригдаж байна. Гэтэл тэдгээрийг дагасан зам, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ зэрэг хотын суурь дэд бүтэц хангалттай хөгжөөгүйгээс иргэдийн амьдрах орчинд дарамт үүсдэг. Тиймээс цаашид зөвхөн орон сууц барихаас илүү зам, хотын дэд бүтэц, нийтийн орон зайд илүү анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

-Хэзээ мэргэжлээрээ хамгийн их бахархаж, архитектор болсондоо талархаж байв?

               -Миний гар бие оролцсон барилга байгууламж нүдэн дээр суурь нь тавигдаад баригдаж дуусах, дотор нь хүмүүс алхаж, амьдрал өрнөж байхыг харах л архитектор байхын гол хүчин зүйл, ажлаа урамтай хийх шалтгаан нь болдог байх.

-БНСУ-ын архитектурын салбараар Монголдоо авч хэрэгжүүлэхийн хүсдэг сайн бодлого, соёл, төхөөрөмж бий юү?

               -Хуучны түүхэн барилга байгууламжийг сэргээн засварлах бус нураан шинэ барилга төлөвлөлт хийж байгаад нь сэтгэл эмзэглэдэг. Мөн Монголд хүн төвтэй архитектурын шийдлүүд илүү их болж шаардах шаардлага стандартын дагуу явагдах боломж нь үргэлж нээлттэй байгаасай гэж хүсэж байна. Би оюутан байхдаа хүн бүрд тав тухтай байлгах барилга төлөвлөлтийн стандарт хуулиар заагдсан байсныг хараад багагүй гайхаж байсан. Хууль тогтоомж нь байгаад мөрдөгдөөгүй энэ олон барилга яаж баригдав гэсэн асуулт төрсөн шүү.

-Тантай адилхан мэргэжлээр сурах хүсэлтэй, сурахаар төлөвлөж байгаа дүү нартаа хандаж зөвлөгөө өгөөч?

                -Зөвхөн хичээл хийхэд анхаарахаас илүү хот, барилга, орон зайг яагаад ингэж төлөвлөсөн бэ гэж өөрөөсөө байнга асууж, ажиглаад үзээрэй. Орон зай бүхэн өөрийн гэсэн функцтэй байдаг бөгөөд түүнийг яагаад тийм байдлаар шийдсэн бол гэж ухаж сонирхож эхэлбэл архитектурыг илүү гүнзгий ойлгож чадна. Гудамжаар алхахдаа, барилга дотор орохдоо эсвэл нийтийн орон зайд байхдаа “Энэ орон зай хэнд зориулагдсан вэ”, “Хүмүүс энэ орчныг хэрхэн ашиглаж байна вэ”, “Тав тухтай байна уу, эсвэл саад болж байна уу” гэсэн ажиглалт хийх нь багахан ч болов илүү зүйл сурахад тусална гэж найдаж байна.

 


Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188