• Өнөөдөр 2026-03-03

Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН

2026-03-03,   71

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн уран бүтээлч, уран бичээч, МУСТА Ц.Бямбажавтай ярилцлаа. Тэрбээр үндэсний бичиг, уран зургийг айл, албан байгууллагын  ханан дээр зурж, бичдэг уран бүтээлч билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ханан дээр уран зураг, монгол уран бичлэгийг хослуулсан бүтээлээ хэзээнээс хийж эхэлсэн бэ. Анх ингэж хослуулан бүтээх санаа хэзээ төрөв?

                -Сайн байна уу, би уран бичлэгээр бичиж эхлээд 30 жил болж байна. Харин ханан дээрх уран бичлэгээр бичиж эхлээд арав гаруй жил болж байна. Намайг анх эхэлж байх үед цахим сүлжээ. Гар утасны зургийн чанар төдийлөн сайн байгаагүй учраас олон хүн мэддэггүй байлаа. Олон нийтэд үзүүлээгүй хийсэн ажил олон бий. Хүмүүст өөрийн хийдэг ажлаа цахим сүлжээгээр харуулж, зураг бичлэгээ нийтэлдэг болоод хоёр жил болж байна. Хүүхэд ханан дээр зурдагтай адилхан ханан дээр монгол бичгээрээ бичих санаа анх төрж, өөрийнхөө гэрийн хаалганы дээд талд анх ерөөл бичиж байлаа.

-Танаар гэрийнхээ ханыг чимүүлсэн айл олон бий юү. Захиалагчид нь ихэвчлэн юу бичүүлдэг вэ. Айл бүрд шинэ, содон байдлаар хийхийг хичээдэг үү?

                -Надад захиалга өгч ханан дээрээ уран бичлэг бичүүлдэг айлууд ихэвчлэн “Төрийн дуулал”, “Халуун элгэн нутаг”, “Миний нутаг”, “Тусгаар тогтнол”, “Үлэмжийн чанар” болон төрсөн нутгийнхаа дуу, шүлгийг бичүүлдэг. Гэрийнхээ ханыг монгол бичгээр чимэхээр шийдсэн айлд очиход үндэсний бичгээ ханан дээрээ сийрүүлж, эх орноороо бахархаж байгааг нь мэдрэх хамгийн сайхан. Монголчууд л өөрсдийнхөө өв соёлын тээж, дэлгэрүүлэхгүй бол болохгүй гэсэн сэтгэлтэй, сэтгэхүйтэй байдаг нь хамгийн сайхан санагддаг. Бичиг үсэг, соёлоо үр хүүхэд шигээ хайрлаж, дээдлэн захиалга өгч байгаа нь мэдрэгддэг дээ. Тухайн айл бүрд давтагдашгүй дүрслэл шингээхийг хичээдэг.

-Уран бичлэгээ хийж байхдаа тухайн айлдаа сайн сайхныг ерөөж, сэтгэлээ шингээж байгаа нь бичлэг дээрээс нь харагдсан юм. Уран бичлэг бичиж байхдаа юу бодож, төсөөлдөг вэ?

                -Тийм ээ, муу юм бодохгүйгээр сайн сайхан бүхнийг хүсэж, эерэг зүйлсийг зурагтаа шингээж, тухайн айлдаа ерөөл болох уран бичлэг, зургийг бүтээхийг хичээдэг. Ер нь уран бичлэг гэдэг үгийг сайн, үгийг урныг түүж бичдэг урлаг л даа. Тиймээс сайхан урлагийн сайхныг бүтээж байгаа учраас цаанаасаа л муу юм бодох сөхөө өгдөггүй юм. Үргэлжийн сайныг л боддог юм.

-Ханан дээр бичиж байгаа учраас урт хугацаанд арилахгүй байх тал дээр анхаардаг байх. Тэгж чанартайгаар хийхийн тулд олон удаа туршиж үзсэн байхдаа?

                -Ханын цаас, будгаас л шалтгаалж байгаа даа. Анх гэрийнхээ ханан дээр бичихдээ огт туршиж үзэлгүйгээр бичсэн. Арав гаруй жилийн дараа ч анх бичсэн үе шиг гоёороо арилаагүй хэвээрээ байгаа. Захиалга өгсөн айлуудаа угааж, хусахгүй л бол арилахгүй гэдгийг нь хэлдэг. Нэг үйлчлүүлэгчийн маань гэрт лам ирж ном уншиж байгаад “Танай гэрийн ханан дээр ямар сайхан ерөөл бичээ вэ” гэж хэлсэн гэсэн. Нүдэнд харагдах зүйл байхгүй байсан учраас хаана байгааг нь асуутал “Танай гэрийн ханан дээр бичигдээд шингэж үлдсэн байна аа” гэж хэлсэн юм билээ. Тэгээд намайг хайж байгаад захиалга өгч, ханан дээрээ дахин бичүүлсэн. Өмнөх айл нь ерөөл бичүүлсэн байж байгаад арилгасан л хэрэг л дээ. Тэгэхээр нэгэнт  бичсэн сайхан үгс тэндээ ерөөл болоод шингэж үлддэг юм билээ.

-Уран бичлэгийг томоор тэгээд зогсохгүй алдах эрхгүйгээр ханан дээр бичнэ гэдэг том даваа байх. Энэ талаар ярихгүй юу?

                -Эр зоригийн асуудал шүү. Шууд л шийдээд зоригтой бичих хэрэгтэй. Тэсвэр тэвчээр, оюун ухаан, сэтгэл зүйгээ бэлдэхийг уран бүтээлч хүнээс шаарддаг. Ханан дээрх уран бичлэг бүр намайг шинээр сорьж байдаг даа.

-Хананаас гадна том хэмжээний цаасан дээр уран бичиж байгаа харагдсан. Ер нь энэ чиглэлээр ажиллаад хэр удаж байгаа вэ?

                -30 жилийн хугацаанд том жижиг, урт богино олон цаасан дээр л уран бичлэг бичсэн. Тэр дундаас хамгийн урт нь 14 метр юм байна. 

-Таны хувьд уран бичлэг, зураг зурж байсан хамгийн том бүтээл хэдий хэр хэмжээтэй байсан бэ. Цаашид тухайн амжилтаа ахиулах, илүү том талбай дээр бичих зорилго бий юү?

                -Тийм ээ, харсан хүн “Яаж үүнийг дүүргэсэн юм бол” гэж бодохоор том хэмжээний бүтээл урлахыг хүсэж, зорьдог. Заавал бүтээнэ гэж итгэдэг дээ.

-Хийж байсан бүтээлүүдээс нь хамгийн их сэтгэлд үлдсэн нандин бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

                -Бүтээл бүр минь нандин ч тэнгэрт дэвшсэн ээжийнхээ урлаж өгсөн гайхалтай 14 дээлийн нэгийг нь өмсөөд битүүний өдөр захиалга өгсөн айлдаа очоод өөрийнхөө нутгийн шүтээн уулыг зураад, Үлэмжийн чанар дуугаа ханан дээр нь буулгах шиг сайхан зүйл байгаагүй. Манай нутгийн айл байсан юм. Уран бүтээл гэдэг цаанаасаа л бүх зүйл нь таарч, сэтгэл гэгэлзүүлдэг сайхан зүйл.

-Монгол бичиг тэр дундаа каллиграф бичихийн хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?

                -Эрх чөлөөтэй урлаг юм шиг санагддаг. Сэтгэл зүрхэндээ мэдэрч, толгойндоо төсөөлчихсөн бол цаасан дээр гайхалтай хурдаг буудаг, сонирхолтой бөгөөд сэтгэл татсан урлаг.

-Залуусыг монгол бичгээ дээдлэн, сурахыг уриалдаг ч гадаад хэлийг илүү сонирхдог болсон. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

                -Орчин үед бүгд л гадаад хэлийг сонирхдог, амьдралд нь хэрэгтэй байгааг ойлгож, мэддэг. Гэхдээ тухайн улс, үндэстнийг нь тусгаар тогтносон улс мөн үү гэдгийг нь харахын тулд өөрсдийн хэл бичигтэй эсэхийг нь судалдаг гэдэг юм билээ. Тиймээс залуусыгаа монгол бичгээ сайтар суралцан, эрхэмлэн дээдлээсэй гэж хүсдэг. Үндэсний бичиг минь монгол хүн бүрийн яс, үндсэнд шингэсэн байдаг учраас хичээх юм бол 14 хоногт сурч чаддаг.

 


Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188