• Өнөөдөр 2025-03-15

Улаанбаатар “урсахад” бэлэн байна

2020-08-30,   572

Жилийн дөрвөн улирал усанд амьдардаг гэр хорооллын иргэдийн тамир тасарлаа. Зундаа үерт урсаж, намартаа булгийн хүйтэн усанд “живж”, өвөлдөө хөрсний усанд хөлдөж, хавартаа шар усны үерт урссаар тэд туйлдаж байна. Ээлжлэх дөрвөн улирлын алинд нь ч хуурай газар амьдрах “эрхгүй” иргэд хүйтэн булгийн хөлдүү уснаас салаад амсхийх завдалгүй дахиад л аадар цутгах цагтай золголоо. Үерийн аюултай бүс, голын ай сав газруудад суурьшсан айлуудын нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.
 
Нийслэлийн хэмжээнд үерт автдаг 53 байршил байдаг гэнэ. Харин үерийн аюултай бүсэд буусан 2000 гаруй өрх байдаг аж. Тэдний олонх нь хүн ам ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амьдардаг байна. Үүн дотор зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй буусан айлууд ч цөөнгүй. Бид Баянзүрх дүүргийн XXIII хороо буюу Улиастай голын эрэг дагуу амьдарч буй айлуудыг зорив.
 

ҮЕРИЙН ДАЛАНД 16 ЖИЛ АМЬДАРЧЭЭ

Улиастайн гүүрний хойд талын үерийн даланд талд 200 гаруй айл амьдардаг юм байна. Айлууд байшин барьж, хашаагаа тохижуулжээ. Голын эргээс гуравхан алхмын зайтай хашаагаа барьсан айл ч байв. Энэ айлууд жилийн жилд л үерт автаж, урсах нь холгүй зуныг өнгөрөөдөг гэнэ. Харин зарим нь өвөлдөө хөрсний устай “нөхөрлөдөг”. Үерийн устай “дайтдаг” олон айлын нэг нь Н.Нэмэхийнх. Тэднийх Улиастайн голын гүүрнээс хойшоо долоо дахь гудамжинд амьдардаг. Энд нүүж ирээд 16 жил болж байгаа гэнэ. Тэрбээр “Хэдэн жилийн өмнө Улиастайн гол их үерлэдэг байлаа.
 
Харин сүүлийн ганц, хоёр жил гайгүй байна. Гэр усанд автахаа больсон. Хашаан дотор л ус тогтдог юм. Манайхыг анх энд нүүж ирэхэд бараг айл байхгүй  байсан. Манайх газрын зөвшөөрөлгүй, задгайгийн гэх тодотголтой явдаг. Энэ хавийн айлууд бүгд ийм. Албаныхан ирээд, “Үерийн аюултай бүс яаралтай нүү. Хэрэв өөрсдөө нүүхгүй бол албадан нүүлгэнэ” гэдэг байсан юм. Харин сүүлийн гурван жил огт ирэхээ больсон. Үнэн учиртаа нүү л гээд байдаг болохоос хаашаа нүүлгэх нь тодорхой бус. Ийм олон жил суурьшчихсан айлууд яаж босгосон хашаа, байшингаа аваад нүүх билээ. Харин түүний оронд эндээ үерийн далан бариад, аюулгүй болгоод амьдрах нь зүйтэй. Биднийг анх энд бууж байхад үерийн аюултай бүс гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Хөдөөнөөс орж ирээд, энд суурьшсан” гэлээ.
 

ҮЕРИЙН ДАЛАН БАРИНА ГЭЭД 10 ЖИЛ БОЛЛОО

Өнгөрсөн амралтын өдрүүдэд  бороо Улиастай хавиар багагүй оржээ. Гэрийнх нь хашаан дотор борооны ус цэлэлзэж, орох, гарах хаалгыг шавар, шалбаагаар хаасан олон ч айл харагдлаа. Хашаагаа голын эргээс захаас гурван алхмын зайтай барьсан Г.Өнөрбаяр “Нүү, нүү л гэдэг. Хаашаа нүүх нь тодорхойгүй. Эсвэл хотын хаа хамаагүй зах руу цөлөх гээд байдаг. Бид чинь бас амьдрах гэж ядаж яваа улс. Энд олон жил суурьшчихсан айлууд яаж тэр холоос хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь дөхүүлж, өөрсдөө ажилдаа явж, хоолтой залгах вэ дээ. Манайх энд 12 жилийн өмнө нүүж ирсэн. Өмнө нь Улиастайн шинэ эцэст байсан юм. Тэр газар хэдийгээр зөвшөөрөлтэй ч гэсэн эндээс илүү үерт автдаг байсан. Гудамжнууд нь явах газаргүй болтлоо ус тогтож, эндээс ч илүү хүнд нөхцөлтэй байдаг байлаа.
 
Харин энэ газар зөвшөөрөлгүй ч гэсэн гэрт ус орж ирэхгүй байгаа. Бид газрын зөвшөөрөл авах гээд өргөдөл өгчихсөн. Ундны усны эхэнд буугаагүй учраас энэ хавийн айлуудад зөвшөөрөл өгч байгаа гэсэн. Уулнаас бууж ирсэн ус хавартаа шар усны үер болдог. Харин өвөл голын ус тэлж хөлдөж, машин явахад бэрхшээлтэй байдаг. Хэрэв энд бууж болохгүй байсан нь бол анхнаасаа буулгахгүй байсан нь дээр. Сонгууль болохоор хүн бүхэн л ирж, газрын зөвшөөрөл олгож, үерийн далан барьж өгнө гэдэг. Гэтэл хачиртаа гол гатлах явган хүний хоёр төмөр гүүрнээс өөр бүтээн байгуулалтгүй 10 жил болж байна” хэмээлээ. Эдний хашаа голын эрэгт ойрхон. Хашааны хаалгаараа гараад л голын эрэгт тулчихдаг гэнэ. Машиных нь хамар гол дотор орж байж арайхийн хашааныхаа хаалгаар гардаг байна. Мөн энэ хавийн хэсгийн голын эрэг зарим газраараа өндөр учир хүүхдүүд бэртэж, гэмтэх аюултай аж.
 

"100 ЖИЛ НЭГ УДАА МАШ АЮУЛТАЙ ҮЕЭР БОЛДОГ ГЭСЭН"

"Улиастай голын 50 метрийн хамгаалалтай бүс" гэсэн тэмдэглэгээ энэ хавийн олон ч айлын хашаан дотор харагдана. Угтаа аюултай бүс гэсэн тэмдэглэгээнээс иргэд 50 метрийн зайтай орших атал хаяа дэрлэн, хөл, толгойгоо холбон амьдарч байна. Энэ талаар иргэн Ц.Цэгмид “Манай газар эзэмших зөвшөөрөлтэй. Биднийг бага байхад л манайх Улиастай орчмоор амьдардаг байсан. Харин би буугаад 20 гаруй жил болж байна. Усанд автахдаа автаад, заримдаа давгүй өнгөрөх үе бий. Манай энэ хавь чинь их усархаг газар. Улиастайн гол гурван салаа урсдаг байсан юм. Харин айлууд суурьшсаар хоёр салаа нь татарч байхгүй болсон. Манай аав, ээж энд амьдарч байгаад хорвоогийн жамаар мөнх бусыг үзсэн.
 
Харин тэд минь амьд, сэрүүн байхдаа “100 жилд нэг удаа аюултай үер болдог газар. Хамгийн сүүлд 1964 онд үер болж, энэ хавийн бүх айлыг урсгасан” гэж ярьдаг байлаа. Манайхыг зөвшөөрөлтэй учраас “Нүү” гэж хэн ч хөөдөггүй. Харин манайхаас хойшоо намаг ихтэй учраас айлууд хүндхэн байдалтай байдаг юм билээ. Хэдийгээр айлууд гэрийнхээ буурийг засаад, суурьшчихсан ч намаг болохоор цөмрөх, бүхэлдээ усанд автах айл олон бий. Бид ч яах вэ, эд хогшлоо угааж, арчихад болно. Харин балчирууд маань усан дунд зутраад байдаг юм. Хэрэв нүүх газартай байсан бол юу гэж усанд амьдрах билээ дээ” гэв. Мөн бидний орсон айлуудын олонх нь албадан нүүлгэх вий, зөвшөөрөлгүй газар амьдралаа гэж хэлэх вий гэдгээс айсан бололтой “Манай гэрт ус орж ирдэггүй. Хашаа л заримдаа усанд автдаг” хэмээн товчхон хариулж, гэрийнхээ хаалгыг тас хийтэл хааж байлаа.
 

Д.ЭНХТҮВШИН: ҮЕРИЙН УЛААН ШУГАМД 100 ГАРУЙ ӨРХ АМЬДАРЧ БАЙНА

Иргэд заримдаа хөөгдөж, зарим үед нүд нь балай, чих нь дүлий амьдарсаар олон жилийг үджээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн XXIII хорооны Засаг дарга Д.Энхтүвшингээс тодрууллаа.
 
-Танай хорооны олон айл үерийн далан дотор амьдарч байна. Яг хэчнээн айл, өрх үерийн аюултай шугамд амьдарч байна вэ?
-Улиастайн гол дагуу, ундны ус орчимд урд талаараа 40 гаруй өрх, хойд талаараа 100 гаруй өрх амьдарч байна. Өрх гэдэг нь зөвхөн гэрийн эзнээр ярьж байгаа юм. Айл гээд салгах юм бол нэг өрх дор хаяж 2-3 хэсэг тасарна. Ундны усны төв шугамыг гадагш нь татчихсан учраас газрын албаныхан голын эрэг дагуу хойд талын айлуудад газрын гэрчилгээ олгож байгаа.
 
Мөн хойд талд горхи, булаг дагасан айлууд энэ жил усанд автсан, хашаанд хөрсний ус хөлдсөн гэж ярьсан. Түүнчлэн энэ айлууд Улиастайн голын хоёр салаанд шороо асгаж, буучихаад байгаа. Үерийн улаан шугамын гадна талд 100 гаруй өрх амьдарч байна.
 
-Энэ айлуудыг нүүлгэх ажил болон өөр ямар нэгэн арга хэмжээ авах эрх хороонд бий юү?
-Газрын албанаас зөвшөөрөл авчихсан айлуудад арга хэмжээ авах эрх бидэнд байхгүй. Анх Улиастайн голоо авч үлдэх гээд чадлаараа хичээсэн. Газрын албанаас нь газар эзэмших эрхийг нь өгөөд байхад бидэнд ямар ч арга байхгүй. Зөвшөөрөлгүй айлууд ч бас мөн ялгаагүй. Энэ айлуудыг нүүлгэх газар зааж өгөөч гэж дүүргийн газрын алба руу удаа дараа хандаж үзсэн. Газар зааж өгөх бололцоо байдаггүй юм уу, ажил хэрэг болохгүй байсаар хэдэн жилийг үзэж байна. Өнгөрсөн жил онцгой байдлын ажилчидтай үерт автсан айлуудын олонх нь газрын гэрчилгээтэй, зөвшөөрөлтэй байсан. Тийм учраас нүү гэж хэлэх эрх бидэнд байхгүй.
 
-Үерийн аюултай бүсэд амьдарч байгаа айлуудын олонх нь хаанаас нүүж ирсэн байдаг вэ?
-Манайхан чинь их сонин улс. Үерийн аюултай бүсээс арайхийж нэг айлыг нь нүүлгэхээр маргааш нь өөр айл ирээд буучихдаг. Энд суурьшсан айлын олонх нь орон нутгаас шилжиж ирсэн болон дөнгөж амьдралаа эхлүүлж байгаа залуу гэр бүлүүд байдаг. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтөд орж Төрийн өмчит орон сууцны компанид газраа байраар зарчихсан, байраа ашиглалтад  орохыг хүлээж байгаа айлууд ч бий.
 
-Танай хороонд үерээс хамгаалсан далан бараг байхгүй юм байна. Багахан газарт л далан барьжээ. Айлуудыг ер нь энэ аюултай бүсээс албадан нүүлгэж байсан удаа бий юү?
-Энд байгаа үерийн далангууд бүгд социализмийн үед барьсан далангууд. Түүнээс хойш шинээр ганц ч удаа далан бариагүй. 2013-2015 оны үед хэсэг айлыг газрын албанаас албадан нүүлгэсэн. Харин түүнээс хойш айлуудыг албадан нүүлгээгүй.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА: МАНАЙХ ҮЕРИЙН ДАЛАНД БУУСАН АЙЛУУДЫГ МЭДЭХГҮЙ

Иргэд өвлийн улиралд  агаарын бохирдол зун харин үер усны асуудалтай нүүр тулдаг. Бид үерийн даланд буусан айлуудыг хэрхэх талаар албаныхнаас тодруулахаар Нийслэлийн захирагчийн ажлын албыг зорив. Олон нийттэй харилцах ажилтнаас нь тодруулахад “Манайх энэ талаар мэдэхгүй. Инженерийн байгууламжийн хэлтсээс тодруулах ёстой” гэв.  Бид үүний дагуу тухайн байгууллагатай холбогдсон боловч “Нийслэлийн онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар мэднэ” гэлээ.
 

НОБГ: МАНАЙХ ҮЕРИЙН ДАЛАНД БУУСАН АЙЛУУДАД СЭРЭМЖЛҮҮЛЭГ Л ХҮРГЭХ ҮҮРЭГТЭЙ

Харин Нийслэлийн онцгой байдлын газрын хэвлэлийн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад  “Манайх иргэдэд сэрэмжлүүлэг л хүргэх үүрэгтэй. Үерт автсан айлуудын дуудлагад явж, үерийн усыг соруулж, иргэдийг аюулгүй болгодог. Нарийн тоо баримт, мэдээллийг манайх мэдэхгүй. Иргэдийг аюултай бүсээс нүүлгээд, өөр газарт шилжүүлэх боломж, нөхцөл байхгүй. Онцгой байдлын албаны эрх үүрэгт ч айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн заалт байхгүй. Үерийн аманд буусан айлууд зундаа ганц, хоёр удаагийн борооноор үүсдэг асуудлыг тоодоггүй учир нүүе гэж боддогүй байдаг.Тиймээс үерийн аюултай бүсэд буусан айл өөрсдийн аюулгүй байдлаа хангах шаардлагатай. Борооны усыг аль болох нэвтрүүлэхгүйн тулд ядаж л орон гэр, хашаа орчмоо тойруулан суваг, шуудуу татах хэрэгтэй” гэлээ.
 
Түүнчлэн үерийн бүсийн улаан шугамд амьдарч буй олон өрхийн талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Тагарваагаас тодруулахад “Бид албадан нүүлгэх арга хэмжээ авдаггүй. Өөр газар хариуцдаг. Бид зөвхөн айлуудад аюултай газар, амьдарч байгаа нөхцөлд хэрхэх талаар сургалт, үйлчилгээ явуулдаг” гэхээс өөр тайлбар өгсөнгүй.
 
Ганцхан дүүргийн нэг л хороонд энэ зун орох аадарт урсаж мэдэх олон айл амьдарч байна. Өнгөрсөн жил орсон 34 удаагийн аадарт хэдэн айл урсаж, орон гэргүй болсныг холбогдох албаныхан мэдэж баймаар. Гэтэл одоо урьдчилан сэргийлэх ажил гэж сургалт үйлчилгээнээс хэтрэхгүй байна. Уг нь айлуудын газрыг зохицуулж, албадан нүүлгээд ч хамаагүй аюулгүй газар иргэдээ амьдруулах ёстой баймаар. Юу юугүй борооших нь “Дахиад шороо асгуулъя даа. Энэ зуны бороо арай гайгүй байхгүй юм болов уу” хэмээн халаглан суух иргэн олон байна. "Улаанбаатар усанд урсахад" бэлэн байна. Иймд үерийн усны аманд амьдарч байгаа олон мянган айл, өрхүүдээ анхаарахгүй бол хэцүүдэх нь ээ. Бичиг цааснаас илүү дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. 

Улаанбаатар “урсахад” бэлэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188