-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Азийн шилдэг ирээдүйтэй 100 уран бүтээлчийн нэгээр нэрлэгдсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би Солонгосын соёл, дуу хөгжимд тун дуртай. Dazed korea сэтгүүлийг жаахан байхаасаа дагаж, дуртай салбарынхаа талаар мэдээлэл авдаг юм. Гэтэл гэнэт л нэг өдөр тус сэтгүүлийн албан ёсны хаягаас надад “Танд баяр хүргэе, та шилдэг ирээдүйтэй 100 уран бүтээлчийн нэгээр шалгарсан байна. Та мэдээллээ явуулаад өгөөч” гэсэн байсан. Яг тэр үед үнэхээр сүрдсэн, олон жил дагаж, мэдээллээ авдаг байсан, нэр хүндтэй газраас баяртай мэдээ дуулгасан учраас. Гэхдээ мэдээллээ явуулсан хэрнээ өөрийгөө багтахгүй ч шилдэг 100-д багтахгүй ч байж магадгүй гээд сэтгэл зүйгээ бэлдчихсэн, хэт их хүлээлт тавиагүй ээ. Яг нийтлэл гарах үед л бүрэн итгэж, баярласан.
-Монгол Улсаас тус жагсаалтад багтсан анхны уран бүтээлч байх. Илүү сайн уран бүтээл хийх урам авч байна уу?
-Сайхан байна аа, баяртай байна. Сургуулиа төгсөөд БНСУ-д очиж уран бүтээлээ хийх төлөвлөгөөтэй байгаа. Би зөвхөн Монголдоо гэж бодож уран бүтээл хийдэггүй. Гадаадын уран бүтээлчид, хөгжим сонирхогчдод миний дуу хэрхэн хүрэх бол гэж бодож, мэргэжлийн түвшинд сонсогдох болов уу, сонирхогч шиг сонсогдох уу гэдэг дээр их анхаардаг.
-Уртын дууч мэргэжлээр сурч байгаа гэсэн. Яагаад энэ чиглэлээр сурах болов?
-Би хийлч мэргэжлээр Монгол Улсын Консерваторыг төгссөн. “The voice of Mongolia” шоуны дараа операгаар гурван жил сурсан. Гэхдээ их сургуульд биш мэргэжлийн багш дээр сурч, хэрэгтэй мэдлэгүүдээ өөрийн болгосон. Дараа нь одоо уртын дуугаар сурах ёстой гэж бодсон учраас тус чиглэлийг сонгосон. Ер нь төрөл бүрийн дуулаачийн техникийг сурах хүсэлтэй.
-Суралцаж байх хугацаандаа уран бүтээлүүдээ гаргаж, тоглолтод оролцож байгаа учраас тун завгүй цагийн хуваарьтай ажиллаж байна уу?
-Би жилд 2-3 уран бүтээл тогтмол гаргадаг байхыг зорьдог. Дуу минь хит болох нь чухал бус тодорхой сонсогчдод хүрэх хэрэгтэй. Дуучинд продюсер нь тун чухал нөлөө үзүүлдэг. Би Монголоос өөртэйгөө зохицох продюсер олоогүй, хайсаар байгаа. Тиймээс гадаадад миний продюсер байж магадгүй гэж боддог. Гэхдээ тэр хүний нүдэнд өртөхийн тулд өөрөө хангалттай сайн чадвартай байх ёстой гээд сайтар бэлдэж, суралцаж байгаа. Одоогоор уран бүтээл гаргах бүх л үйл явцыг өөрөө бие даан хийж, гүйцэтгэж байгаа.
-“The Voice of Mongolia” шоунд оролцож, өөрийгөө сорьж байсан үеийнх нь тухай асуухгүй өнгөрч болохгүй байх. Тухайн үед төрж байсан мэдрэмж, тус шоуны талаар ярихгүй юу?
-Би 16 настайдаа тус шоунд бүртгүүлж орсон. Миний иргэний үнэмлэх ч гарч амжаагүй байсан учраас төрсний гэрчилгээгээ авч очоод бүртгүүлж байлаа. Хийлч хүмүүсийн өөртөө өндөр шалгуур тавьдаг онцлог нь нөлөөлсөн байх. 16 настай охины өөртөө итгэх итгэл намайг тус тэмцээнд оролцуулж, цаашлаад ялагч болгосон гэж боддог. Тухайн үеийн өөрийгөө одоогийн 16 настай хүүхдүүдтэй харьцуулахад хамаагүй ачаалал даах чадвартай, төлөвшсөн байсан юм билээ. Тиймээс ч хүмүүс намайг 16 настай гэж бодоогүй байх. Төгсөх ангийн сурагч байсан учраас шоугаа сонгох уу, сургуульдаа орох уу гэж бодогдож байлаа. Одоо бодоход насанд минь таарсан хөөрхөн зовлон, хэцүү шийдвэр бай. “The Voice of Mongolia” шоу миний дуучин болох эхлэл байсан. Тэр эхлэлийг тавихад хийлч мэргэжил, сурсан бүхэн минь их хэрэг болсон. Хэрвээ шоунд оролцоогүй байсан бол одоо миний сурч, эзэмшсэн бүх зүйл надад байхгүй байх байсан. “The Voice of Mongоlia” шоуны гурав болон энэ удаагийн улирал, “The Voice of kids” шоунд дуулаачийн багшаар ажиллаж байгаа. Тиймээс амьдралаас нь огт салаагүй, шоу минь хэзээ ч дуусаагүй юм шиг л санагдаж байна.
.jpg)
-“The Voice of Mongоlia” шоуны ялагч гэдгээр нь хүмүүс таньж, төдий чинээ хүлээлт тавьдаг байх. Тэр хүлээлтэд нь хүрэхгүй байх вий гэсэн айдас байдаг уу?
-Хүлээлтэнд хүрэхгүй байх вий гэсэн айдас байгаагүй ээ. Шоунд орохоосоо өмнө хийлчдийн тэмцээнд хоёр жил дараалан түрүүлчихсэн байсан юм. Хүнд аз, ээлж дараа гэж байдаг шүү дээ. Тиймээс тухайн үед хүмүүс намайг дэмжиж байгааг мэддэг байсан ч дууны тэмцээнд ороод ялах аз байхгүй байх гэж боддог байлаа. Шоунд маань чадварлаг оролцогчид олон, алхам тутамдаа өөрийнхөө чадвар, ур чадварыг мэддэг болж байсан.
-Уран бүтээл хийх үедээ тодорхой нэг сайхан мэдрэмж авдаг учраас дахин, дахин хийх хүсэл төрдөг байх. Таны хувьд дуу хөгжмөөс юу мэдэрдэг юм бэ?
-Жишээ аваад үзье, хийл тоглож байх үед миний баруун гар хийл, зүүн гар хийлийн гар болдог, хийлтэйгээ нэг бие болсон юм шиг л мэдрэгдэнэ гэсэн үг. Яг үүн шиг дуу хөгжим миний биеийн нэг хэсэг шиг л санагддаг, надаас салгах боломжгүй. Хүмүүс хоорондоо ярьж өөрийгөө илэрхийлдэг шиг би дуу хөгжмөөр өөрийгөө илэрхийлдэг хэрэг. Үгээ өөрөө бичихээр өөрийнхөө дотор байгаа зүйлсийг л ил гаргадаг юм билээ. Миний хүмүүстэй холбогдох арга дуу, уран бүтээл юм билээ.
-Хүн бүрийн амьдралд эргэлтийн цэг гэж байдаг шүү дээ, сайн эсвэл муугаар тохиолддог ч тэр үед хийсэн сонголтоос шалтгаалаад амьдрал нь өөрчлөгдсөн юм шиг санагддаг. Таны хувьд тийм эргэлтийн цэг байсан уу?
-Хийлчээс дуучин болсон мөч л миний амьдралын эргэлтийн цэг байсан, сайн талаараа шүү. Багаасаа дуучин болохын тулд хөгжмөөр хичээллэсэн. Сурсан хөгжмөөрөө дамжуулан дуучин болох эхлэлээ тавьсан.
-Өөрийн уран бүтээлүүд дундаас таны онцгойлон сонсдог, хүмүүст санал болгодог уран бүтээл бий юү?
-Намайг хамгийн сайн танилцуулж чадах дуу бол Kaleidoscope гэж боддог. Тухайн үед дүрс бичлэгтэй гаргах байсан ч дууг минь илэрхийлж чадахгүй байсан учраас аудио хэлбэрээр нь гаргасан. Kaleidoscope дуунаасаа өөрийгөө юу хиймээр байгаа уран бүтээлч юм бэ гэдгээ ойлгосон. Гэрээтэй байх хугацаандаа өөрийнхөө хүсэлтээр хийсэн цор ганц дуу юм л даа.
-Таны дараагийн зорилго, мөрөөдөл юу вэ?
-Ойрын хугацаанд гадаадад очиж уран бүтээл хийх шинэ хамтрагчдаа хайх хүсэлтэй байгаа. Хэдэн жил дуулаачийн багшаар ажиллаж байгаа юм, олон хүн мэдэхгүй ээ. Энэ ажил маань надад үнэхээр их таалагддаг юм. Тиймээс дуулаачийн сургалт, студи ажиллуулах бодолтой байгаа.
| Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |