• Өнөөдөр 2025-12-18

БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА

2025-12-18,   189

        Хоёрдугаар ангидаа би хулганы баг зүүгээд сургуулийнхаа шинэ жилд орж байлаа. Тэгэхэд хүүхдүүд багт наадам хийдэг байгаагүй юу. Тэгээд л толины өмнө дуулж зогсох хулганыг чоно, баавгай, илжиг гээд амьтад ээлжлэн ирж, эхнэрээ болохыг гуйдаг юм. Тэдний саналаас татгалзсан хулгана харин ганцхан муурт л зөвшөөрсөн хариу өгч хуримаа хийдэг нэгэн зохиомжыг манай ангийнхан тайзнаа үзүүлсэн юм. Хулгана,

“Дуулим талын цэцгэрхүү
Хөөрхөн хүүхэн болж уу би 
Дугуй толины өмнө 
Дахин дахин эргэлдээд...” гэж дуулна. Багшийн надад зааж өгсөн дуу л даа.
 
     Багш “Бямбаа, эргэлдээд гэдэг дээр нь яг хөөрхөн эргэнэ шүү. Жаахан донжтой дуул” гэхчлэн зааж, бэлдүүлдэг байв. Донжтой гэдгийн утгыг мэдэхгүй жаахан байсан ч багшийнхаа зааж өгснөөр дүрээ бэлдээд орж байсан минь одоо ч сэтгэлд, дурсгалын цомогт тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн байна.
 
        Яагаад ч юм шинэ жил болохоор тэр жүжигчилсэн тоглолт маань санаанд орж, инээд баяр төрүүлдэг юм.
 
    Багт наадам. Энэ үг хэчнээн жаргалтай, дурсамжтай, гэгээн үе рүү хөтөлдөг гээч. Ангаахай багад минь нүд, сэтгэлийг минь нээж, ертөнцийн өнгө гэрэл, дүр байдалтай анхлан танилцуулсан багт наадам, алиалагчтай шинэ жилийг би хэзээ ч мартдаггүй. Одоо магад аль нэг суманд багт наадам хийдэг ч байж магадгүй юм. Тэгвэл нэг очоод ирэх сэн. Зүгээр л үзэгч болж очоод, галын чимээ, хуучны урт саагаар чимэглэсэн урлаг заал, монгол гуталтай хүүхдүүдийн хацартаа улаа бутруулсан төрх, шонхор хамартай, сонин дурантай алиалагч нарын яриаг ханатал нэг үзэж, сонсоод, дүрслэн буулгаад ирэх сэн гэж үнэн ихээр хүсдэг.
 
       Цаасан ууттай бэлэг дотроос сэнгэнэх мандарины үнэр үү.
       Тэр бол энэ хорвоогийн, арванхоёрдугаар сарын хамгийн сайхан үнэр байх аа. Одоо бол дуртай үедээ дэлгүүрт ороод мандарин худалдаж авч болох ч цаасан уутан доторх шиг үнэртэй, өнгөтэй, шүүслэг нь байхгүй байдаг болохоор даанч гонсоймоор санагдддаг. Үүнийг бичих ахуйд л ханхийх шиг болж буй тэр сайхан үнэр бүр сэтгэлд хадгалагдчихсан байдаг гэхээр гайхалтай байгаа биз. Бид чинь тийм л сайхан шинэ жилийн баярт уригдаж, шүлэг уншиж, дуу дуулдаг байлаа шүү дээ. Хамгийн их чихэнд хоногшсон дуу, “Хурд” хамтлагийн “Шинэ жил”.  
 
“...Үнэг, чоно цөм байсан...
Шинэ он, шинэ жил гарлаа гээд
Цасан охин надад хэлсэн...” гээд дуулахад, үнэхээр л тэнд үнэг, чоно цөм байдаг байлаа.

       Нэг удаа шинэ жилээр Б.Явуухулан найрагчийн “Би хаана төрөө вэ” шүлгийг уншиж, ах маань оросоор дуулсан юм. Тэгээд л орой нь бөөн баяр хөөр дүүрэн яриатай улс гэртээ очоод, санаа амар унтдаг байж билээ. Шөнөжин өдрийн болсон явдлыг зүүдэлж, улаан хацартай, урт хамартай алиалагч хүүхэд биднийг, тэр дундаа намайг онцлон дуудаж бэлэг өгч байна гэж бодохоор л хамгийн аз жаргалтай болсон.

       Одоо хэр нь миний дотор шинэ жилийн баяр болохоор хулганы баг өмссөн жаахан охин, мууртай гэрлэж байгаа, шүлэг уншаад, ангийнхантайгаа хамт дуулж байгаа мөчүүд үргэлж л бодогдож, энэ л баярыг багадаа илүүтэй хүсэн хүлээж, мөрөөдөн догдолж, зүүдлэн санаж мэдэрдэг байж дээ гэж бодогддог.
       Өвлийн өвөөг үнэхээр л цас мөсний орноос ирдэг, цасан охид яагаад ийм нимгэн плажтай байгаа юм бол гэж бодож байсан ч үе бий. Аргагүй шүү дээ. Тэгэхэд чинь бид плаж өмсдөг ч өмдтэй, гадуур нь зузаан цамц өмсөөд л шинэ жилдээ орж байлаа шүү дээ. Тайзан дээр яг гарах мөчид л хувцсаа тайлж зогсоно. Гэсэн ч үнэхээр сайхан орчин, мартагдашгүй дурсамж. Нээрээ би тэр шинэ жилээс хойш ангидаа хулгана хочтой болсон. Манай ангийнхан ч сонгож зүүсэн багаараа нэгнээ хочилж, ёстой л нэг амьтны хүрээлэнд байгаа юм шиг л байдаг байж дээ. Тэр үеийг санахад эгшиглэдэг мөн нэгэн дуу бол
 
Цасан мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулсан
Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимгээ зүүсэн…” гэх бүтээл. Энэ л дуунаар дүүрэн жаргалтай хүүхдүүд зогсдог байлаа бид.

БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188