• Өнөөдөр 2026-02-02

ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...

2026-02-02,   61

      “Би 43 настайдаа “Оюутолгой” ордыг нээж байлаа. ОХУ-д сургууль төгсөж, геологич болж, ирчихээд хэд хэдэн алтны орд нээчихээд байсан үе. Яагаад ч юм миний зөн совинд өмнийн их говиос л эрдэс баялгийн эх ундарга болсон дэлхийд гайхагдах том орд илрэх юм шиг бодол, мэдрэмж төрөөд болдоггүй. Ашгүй, 1996 оны зун Өмнөговь аймгийн Ханбогд сум руу явж судалгааны ажил хийх боллоо. Тэр үед Америк геологич Денис Кокс, Виталий Иванович Сотников, Монголоос Д.Гарамжав, Г.Сандуйжав, Мөнхбат, Оюунаа нартай хамт тоос шороондоо дарагдаж, элэгдсэн “УАЗ-469” машин хөлөглөөд өмнийн их говийг зорьсон юм. Зуны аагим халуунд машины ус халаад хэдэн өдөр шороон замаар явсаар “Оюутолгой” орд газарт яваад очлоо. Биднийг очиход нар жаргах дөхчихсөн говийн ээрэм толгод улайран ягаарч, таана, хөмүүл төө хэртэй өндөр ургаад цэцэглэчихсэн тэр нутаг надад яг л үлгэрийн юм шиг санагдаж билээ. Геологичид хэчнээн ядарсан ч гэлээ нар жаргахаас өмнө цүнхтэй багажаа үүрээд, машинаасаа бууцгаалаа. Хамгийн анх хөлд тээглэсэн алга дарам чулууг дундуур нь тасхийтэл цохиж хагалаад үзтэл алт, зэсийн нөөцтэй газар болох нь илт байсан юм. Тэр үед бид алт, зэсээр баялаг газар ирсэн гэдгээ мэдэж байсан ч дэлхийн 10-т орох хэмжээний баялагтай газар гэдгийг манай багийнхан яахан мэдэх билээ. Ингэж л би тэнд өрөмдлөг хийх зааварчилгаа өгчихөөд “Оюутолгой” орд газрыг нээлцэж байсан түүхтэй юм даа” гэж ярих энэ хүнийг Г.Жамсрандорж гэдэг. Энэ буурал геологич говийн их халуунд халж, хүйтэнд хөрж, бороо, цасанд норж, эрлээс эрлийн хооронд, хайгуулаас хайгуулын ажилд чөлөө завгүй зүтгэсээр ухамсарт амьдралынхаа 51 жилийг геологийн салбарт зориулж байна. Түүний нээж, илрүүлсэн олон ордын нэг нь монголчуудад төдийгүй дэлхийд гайхагдсан “Оюутолгой” орд билээ. Энэхүү орд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын баруун хаяанд Ханбогд уулын өвөрт оршин байдаг. Ханбогдыг говийн уул гэхэд итгэхийн аргагүй дотроо булаг, шандтай уул байсан гэдэг. Энэхүү өвөрмөц тогтоцтой уулын өвөрт Бортолгой хэмээх хэдэн чулуу овоолчихсон газар байжээ. Урьд өмнө нь тэндээс оюу олборлож, чанартайгаар нь ээмэг, бөгж, нягтрал муутайгаар нь шороон будаг гаргаж авдаг байсан гэнэ. Тэр утгаараа овоолсон чулуун дунд нь шороон будаг гаргаж авахад хэрэглэдэг байсан уурын хэлтэрхий, үлдэгдэл хүртэл олдож байсан нь “Оюутолгой” ордыг олох анхны гол сэжүүр болжээ. Яг үнэндээ толгод гэхэд ч багадмаар овоолсон чулуун дороос дэлхийд дөрөвт бичигдэх эрдэс баялгийн нөөцтэй “Оюутолгой” ордыг Г.Жамсрандорж гуай геологич нартай хамтран илрүүлж байсан түүхтэй юм. Ийнхүү гэртээ ч орох завдалгүй ажилдаа улайрч явсан 2000-аад оны эхэн үед тэрбээр “Зэс”-ийн Д.Гарамжав геологичтой ажил, амьдралын эрхээр холбогдож, “Оюутолгой” ордыг нээлцэж, судалгааны ажил дуустал нь хамтран зүтгэж, биесийнхээ дутууг нөхөж, нөхөрлөж явсан түүхтэй.

“ОЮУТОЛГОЙ” ОРДЫГ ИЛРҮҮЛЭХДЭЭ ХОЁР КИЛОМЕТР ТУТМААС ЗЭСИЙН ДЭЭЖ АВЧ, 21 ЦООНОГ ӨРӨМДЖЭЭ

      “Оюутолгой” ордыг нээхийн тулд 77 объектод хайгуулын судалгаа хийж, 1996 оны есдүгээр сард “Оюутолгой”-н төв болон баруун “Оюутолгой”, өмнөд “Оюутолгой”-г илрүүлчихсэн байсан ч 2006 он хүртэл судалгааны ажлаа үргэлжлүүлжээ, тэд. Тухайн үед хайгуулын талбайн хоёр километр тутмаас зэсийн дээж, 500 метр тутмаас алтны дээж авч, судалгаагаа тогтмол баталгаажуулж байжээ. Мөн 1300- 1500 метрийн гүнд 21 цооног өрөмдөж, 2600 метрийн гүнд малтлага хийсэн гэнэ. Геологичийн мэдрэмж, чадвар шаардсан хамгийн чухал ажил нь хэдэн метрийн гүнд, аль тийш нь налуулж өрөмдөх вэ гэдгийг нарийвчлан тогтоох аж. Өрөмдлөгийн багийнханд яаж өрөмдөхийг нь геологичид л зааж өгч байж орд нээсэн гэж үздэг, ярьдаг юм билээ. Байгалийн онцлог, шинж тэмдгээр нь тэнд алтны орд байж магадгүй гэж таамаглаж болох ч геологич болгон ямар нэгэн чулууг гаднаас нь хараад, очиж тоншоод онош тавьж чаддаггүй гэнэ. Тийм ч учраас 12 жил судалгаа, шинжилгээ хийж, нөөцийг нь тогтоосны дараа дэлхий нийтээрээ “Оюутолгой”-г хүлээн зөвшөөрч, гадаад, дотоодын геологичид ч эхлүүлсэн ажлынхаа үр шимийг үзээд дараагийн ажилдаа сэтгэл дүүрэн орсон байдаг. Магадгүй геологичдын нарийн ур чадвар, сониуч, гярхай зан чанаргүйгээр “Оюутолгой” ордыг төсөөлөхийн аргагүй биз. “Оюутолгой” гэдэг бол 42 сая зэсийн нөөцтэй, 2000 тонн алттай агуу том орд. Ямарваа нэгэн орд илрүүлж, олдвор олно гэдэг геологичдын хувьд нэрийн хуудас нь болдог. Бас ганцаараа газар ширтэж яваад ганц, хоёр чулуу хагалж үзээд, орд нээчихдэг юм биш. Орд илрүүлнэ гэдэг чинь өвчтөнд эмч онош тавьж байгаатай ялгаагүй нарийн ажил юм байна. Дор хаяж 10 жил нойр, хоолгүй судалж, шинжилж, эрж хайж, гар, хуруугаа бяцартал хад, чулуу нүдэж, шантарч, “шатаж” байж л цөөн хэд нь орд илрүүлдэг юм гэдгийг Г.Жамсрандорж гуайн үзэж, туулсан дээрх түүхээс харж болно. 

24-ХӨН НАСТАЙДАА ӨЛӨНТ ЦАМХАГИЙН АЛТНЫ ОРДЫГ НЭЭСЭН НЬ “ОЮУТОЛГОЙ”-Г НЭЭХИЙН ЭХЛЭЛ 

      Г.Жамсрандорж Эрхүүгийн политехникийн дээд сургууль төгсөж ирээд удаагүй байхдаа буюу 1975 онд дөнгөж 24-хөн настайдаа таван тонн алтны нөөцтэй “Өлөнт цамхаг”- ийн шороон ордыг нээжээ. Энэхүү нээлт нь залуу геологичийн хувьд шандас сорьсон ажил байсан төдийгүй дараагийн томоохон ордуудыг нээлцэх, Монголын эдийн засгийг босголцох их ажлынх нь эхлэл байжээ. Тэрбээр “Их, дээд сургуулийн багш нар надад мэргэжлээ таньж, мэдэх “түлхүүр” өгчээ гэж боддог. Тэр түлхүүрийг хаана, яаж тааруулах вэ гэдгийг би байгалиас болон хамт ажиллаж байсан ахмадуудаас сурч, мэдэж туршлага хуримтлуулсан. Намайг бие даасан анхны алтны ордоо нээхэд Сэлэнгийн Бугант, Их алт, Ялбаг гээд 20-оод орд нээгдчихсэн байсан юм” гэв. Г.Жамсрандорж 1992 онд Заамарын бүлэг ордыг нээж, сүүлийн 30 жилийн хугацаанд 150 гаруй тонн алт олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа билээ. Мөн 1986 онд Хайлаастын алтны ордыг нээж, Монголын анхны бие даасан үйлдвэр байгуулж, 40-өөд жил олборлосон хэдий ч одоог хүртэл нөөц нь дуусаагүй байна. Тэрбээр 1987-1988 онд Эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 10 тонн алтны нөөцтэй “Олон овоот”-ын алтны ордыг нээхэд оролцож байсан түүхэн хүн юм. Ингээд бодохоор буурал геологич Г.Жамсрандорж уул уурхай, эдийн засгийн салбарын амьд гэрч нь ажээ. Түүнийг Заамарын бүлэг ордыг нээснийх нь дараахан “Ашигт малтмалын орд нээгчдэд мөнгөн шагнал олгох тухай” хэмээх зарлигийн дагуу тухайн үеийн ханшаар орд нээлцсэн хамт олонд нь 15 мянган төгрөг өгч байжээ. Нэг геологичид ойролцоогоор 1000 төгрөг ногдож байсан гэдэг. Тэрбээр зөвхөн алт, зэсний орд илрүүлэх ажилд оролцохоос гадна сүүлийн жилүүдэд “мода”-нд ороод байгаа Дорнод аймгийн Улаанбадрах сумын ураны орд, Мардай, Нэмэр, Гурванбулаг, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ураны ордуудад гар бие оролцож, зөвлөх геологич, шинжээчээр ажиллаж байна. 

“ОЮУТОЛГОЙ”-ТОЙ ДҮЙЦЭХҮЙЦ БАЯЛАГТАЙ ГАЗАР МОНГОЛД ОЛОН БИЙ 

      Монголын геологи, хайгуулынхан Г.Жамсрандорж гуайг андахгүй. Тэр зөвхөн хайгуул хийхээс гадна Монгол Улсын алт, уран зэрэг ашигт малтмалын тооцоо болон ашигт малтмалын тархалтын зүй тогтлын чиглэлээр судалгаа хийж, 40 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл,  дөрвөн ном, товхимлыг бичсэн байна. Мөн геологийн түгээмэл нэр томьёоны ОросМонгол толь, геологийн нэр томьёоны Орос-Монгол-Англи товч толийг анх санаачлан хэвлүүлж, геологичдын хүртээл болгож байжээ. Тэрбээр “Геологич байхгүй бол бид өнөөдөр өндөр, өндөр байшинд үдийн зоог бариад сууж байхгүй шүү дээ. Бас тэр сайхан шилэн байшин, барилгыг халаах нүүрс байхгүй, хүссэн зүгтээ хурдан давхих гэхээр машинд хийх шатахуунгүй, гар утасгүй байна гэсэн үг. Энэ бүхнийг хийх металлуудыг геологичид олж тогтоож байж зах зээлд нийлүүлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай улсаас зэс, хар тугалга, цайр, молибден зэрэг газрын ховор элементийг илрүүлэх боломж өндөр байгаа” гэсэн юм. Алт, зэсийн аварга том ордыг нээж илрүүлсэн энэхүү түүхэн ажил нь зүгээр л нэг газарт хэвтэж байсан эрдэнэсийг аваад тавьчих шиг амар ажил биш байсныг “Оюутолгой” ордыг нээсэн Г.Жамсрандорж гуайн зарцуулсан хөдөлмөр, цаг хугацаа, хийсэн бүтээсэн ажлууд нь гэрчилж байна. Зарим судлаач, геологичид Монголын баялгийг бүрэн судлаад дуусчихсан юм шиг ярьдаг. Харин буурал геологич Г.Жамсрандорж гуайн хувьд бүрэн судлагдаагүй, “Оюутолгой” ордтой дүйцэхүйц хэмжээний эрдэс баялагтай Монголын охь шим болсон газар олон байгааг ярьсан юм. Гэвч тэр нээж илрүүлсэн алт, эрдэнэс болгоноо ил болгож зарлаад байдаггүй, заримыг нь хүүхдээс чихэр нууж байгаа юм шиг нууцалсаар байгаа. Учир нь, геологичдод зарчим гэж бий. Буурал геологичийн амьдралын түүхээрээ гэрчилж үлдээсэн, нээн илрүүлсэн тоо нь үл мэдэгдэх байгалийн баялгийн ордуудын ашиг тусыг монголчууд цаашид ч хүртсээр байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

/ "Оюутолгой" ордыг нээхийн өмнө/

 

ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188