Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Эргэлт.мн мэдээллийн сайтаас мэргэжлийн ёс зүйтэй 10 сэтгүүлчийг нэрлэж байна.
Тэр бол парламентын туг, Монголын Үндэсний олон нийтийн телевизийн галыг асаагчдын нэг. Монголын сэтгүүл зүйн энгэр бэл. Ингэж тодорхойлбол тэр хэн ч байж болох. Харин Монгол Улсын найман удаагийн парламентын долоог нь сурвалжилсан сэтгүүлч гэвэл уншигч та Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Жигжидсүрэнгийн Алтангэрэл л гэж хэлэх болов уу. Ардчиллын хөх салхи Монгол Улсад үлээсэн он жилүүдэд тэр сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн байдаг. Нэг ёсондоо ардчилал, Алтангэрэл хоёр хамт нэг гараанаас эхэлж, биесээ түшин, “нөхөрлөж”, жаргал, зовлон, баяр, гунигаа хуваалцсаар өнөөдрийг хүрчээ. Архангай аймгийн Өлзийт сумын харьяат түүнийг анх Үхэрдар гэх ах нь Монголын радио гэх том айлын босгоор алхуулсан нь сэтгүүлч болох эхлэл байж. Тэгээд 1992 онд Монголын радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн редакцад хүүхдүүдэд зориулан нэвтрүүлэг хийж эхэлснээр сэтгүүл зүйд өөрийн гэсэн шангаа татаж эхэлсэн байдаг. Ингэж эхэлсэн тэр хоёр жил гаруйн хугацаанд Радиод сэтгүүлчээр ажиллаж байгаад 1994 оноос Ардын эрх сонинд мэдээ, сурвалжилга, нийтлэл бичин, хэвлүүлдэг болсноор өөрийн гэсэн орон зайгаа тунхаглаж, хувь сэтгүүлчийн пайзаа хатгаж эхэлжээ. Эндээс тэр бичих чадвараа олж авч. Харин жинхэнэ “гүйж”,”эрэлд” гарсан нь МҮОНРТ-ийн мэдээний агентлагт парламентын сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн 1995 он. Түүнээс хойш 25 жил тасралтгүй сэтгүүл зүйн ууган телевизэд ажил, амьдралаа өнгөрүүлсээр өнөөдрийг хүрчээ. Ингэж л өнөөгийн парламентыг “өлгийтэй” байхаас нь мэдэх, хүргэх хувь түүнд тохиосон юм билээ. Ямар сайндаа л түүнийг Улсын Их Хурлын 77 гишүүн гэх яриа гарах вэ дээ. За тэгээд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд гар бие оролцсон, моринд хачин их хайртай сэтгүүлч гээд ярьвал олон зүйл нь анхдагч нэгэн. Тиймээ, үргэлж нэг л зангаараа инээмсэглэн мэндлээд, мэдээллээ хүргэх тэр яах аргагүй сэтгүүлчээр ажиллах цаг хугацаандаа төрийн түүхийг бичих хувьтай төрсөн эрхэм. “Эрхэм хүндэт үзэгчид ээ” гэж эхэлдэг түүний алтан микрофон одоо ч асаалттай байгаа.
“Өдрийн сонин” гэх айлын тоймч, нийтлэлч хүү П.Хашчулуун сэтгүүлчийн бичвэрийг уншигчид андахгүй биз ээ. Цаг үе, тухайн агшныг тун сайн мэдрэгч. Гар хүрээгүй төрөл жанр ч түүнд бараг үгүй. Улс төр, нийгэм, цаг үеийн олон сонирхолтой нийтлэл, тойм, ярилцлага хийсэн. "Наанаа зөөлөн инээчихээд, цаанаа чанга зуусан араншин", "Б.Хурц яасан гэв", "Сү-г барьж идэх нь ээ", "Ц.Эллбэгдорж ирж яваа бололтой,хэдэн үг бичнэ ээ..." зэрэг улс төрийн цаанаа нэг егөөдөөд байгаа мэт голыг нь олсон нийтлэлүүд, "Америкад амьдардаг Сарана охин минь, Монгол тийм биш байгаа шүү...", "Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан", "Хүүхэд аав, ээждээ гомдох эрхтэй" зэрэг нийтлэл нь тухайн нөхцөл байдал, цаг үеэ мэдрээд л буулгачихсан гэмээр ончтой. Эмчээр яривал өвчтөний амин судсыг олсонтой л адил цаг үеийн асуудалд цаг ямагт соргог байж, өөрийн үзэл бодол, өнцгийг хүргэдгийн төлөөлөл нь ердөө эд. Түүнээс цааш олон ч нийтлэл, тойм бий. Үүнээс гадна тэр ярилцагчаа, ер бусдыг сайтар ойлгож, гүн мэдрэгч. Мөнхүү уярал, зөөлрөл, аргадалт. "Аавынхаа тухай бодох сайхан" гэх аавынх нь тухай нийтлэлээс эхлээд, "Тэр ямар их хичээж байсан гээч" зэрэг сэтгэлд дотнохон нийтлэлийг нь уншихад цаанаа нэг дулаахан, дүүрэн мэдрэмж буудаг. Эдгээрээс харахад тэр ажиглаж, ажигласнаа бодож, мэдэрч, мэдэрснээ л бичдэг нэгэн аж. Тэгэхдээ ёс зүйтэй, үнэн чанараасаа бичих зарчмыг мөрддөг нь нийтлэл бүрээс нь тод харагддаг.
Холдох тусам гэрэлтэнэ...гэж тэр л бичнэ. Тэр л ар халхын алдарт дуучин П.Адарсүрэнгийн тухай “Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай” гэж цувруулан хөрөглөнө. Үүгээр зогсохгүй “Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ" ярилцлага, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин О.Мөнхжингийн тухай “Москвад мэндэлсэн од” хөрөг ярилцлага, морин хуурч Д.Шинэцогийн “Хэн нэгэн байх хангалтгүй”, яруу найрагч, орчуулагч Б.Баясгалангийн “Шүтэн бишрэгч байх үеийн минь нүд хамгийн гоё” зэрэг этгээд мөртлөө сонин содон хөрөг, ярилцлагууд түүнийх. Өнөөдрийн зурвасаар дамжуулан өнгө, өнгийн мэдрэмж, санаагаа ч уншигчдад “зөөдөг”. Уншигчид нь ч тэгээд андахгүй мэдэж, анаж суудаг биз ээ. Одоогоос ердөө дөрвөн жилийн өмнө л тийм гоё, тэгээд бүр бүгдийн хайртай, ёстой л тайзнаа соронз мэт татаж явсан балетчин О.Батсайханы тухай сэтгэл үелзтэл бичиж, хэн бүхнийг ангайлгаж, арзасхийлгэж байсан бол тун саяхан Адарааг сэрээж, түүний дуу хоолойг дахин эгшиглүүлсэн. Тиймээ, тэр л ингэж санаанд оромгүй эхлэл, сонин өрнөл, ширхэгчлэн түүсэн баримт, түүн дээр онож буулгасан дүрслэл, өгүүлбэр бүрээ нарийн торгон мэдэрч бичдэг юм. Ерөөс бичвэрийнх нь бүтэц ямагт өөр, дахин давтагдашгүй. Өөр л байхгүй бол тэр биш мэт. Аргагүй хорь гаруйхан настай хонгор зүстэй охин анхлан сонины халуун ам бүлд орж, сэтгүүл зүйн оргил Ц.Балдорж агсны цэрэг болсон гэдэг. Түүнээс хойш 27 жил өнгөрч, өнөөдөр ч бичвэрээрээ байлдан дагуулсаар байна. Түүний “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулдаг Балдорж наадмын шилдэг ур чадвар шагналыг хүртсэн. Энэ жил тэр мөн Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг сэтгүүлчээр буухиагаа ахиулсан. Ийм л нэгэн даруухан мөртлөө даацтай бүтээлтэй, гартаа барьсанаа эрдэнийн “чулуу” болгож чаддаг, уран сэтгэж, үг болоод санаагаар сийлж чаддаг, хүний сэтгэлийн хамгийн эмзэг цэгт бичвэрээрээ хатгаж чаддаг тэр бол сэтгүүлч Б.Энхцэцэг.
“Сайн байцгаана уу, үзэгчид ээ, “Алганы хээ” нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар үзэгч танд хүрч байна” гэх эхлэлийг үзэгч та андахгүй байх. Ингэж эхлээд л тэр урьсан зочныхоо сэтгэлийг уудлахаар сууна. Тэгээд л аав, ээж, бага нас, амжилтынх нь оргил үе, амьдралынх нь уналт, босолт гээд цөмийг нь яриулаад л уйлуулахыг нь уйлуулж, заримдаа жаргааж, хамаг сайхан дурсамж руу нь хөтөлдөг. Мөн зочиндоо давхар зочин бэлдэж бэлэг барина. Өөрөө ч мөн зочинтойгоо хамт баярлаж, жаргаж, гуниглана. Энэ бол “Алганы хээ” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Г.Тэгшжаргал. Айхтар хүнд асуулт тавиад байхгүй мөртлөө гэгээн хөнгөн асуултаар зочныхоо сэтгэлийг уудалж, тухайн хүний онцлогийг нь үзэгчдэд харуулах гэсэн зорилго нь харагддаг. Түүний нэвтрүүлгийн зочноор орсон урлаг, соёл, спортын алдартнууд бараг уйлсан байх шүү. Хамгийн сүүлийн зочдоос гэхэд Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Ононг “Та хурдан морь үзэх дуртай юу” гэж асуугаад л уйлуулчихсан л сууж байсан. Магад тэр аав нь морь уядаг хүн байсныг мэдсэн болохоор энэ асуулт эрхгүй аав руу нь хөтөлнө, зочны хамгийн нандин дурсамжийг нээнэ гэж таамагласан байх. Үнэхээр ч Н.Онон жүжигчин хурдан морь үзэхээр аавыгаа дурсан санаад байдаг учир үзэхгүй байгаа тухайгаа ярьж, дурсан уйлж суусан. Түүний олон зочдоос ганцхан жишээ гэхэд л энэ. Тэр ерөөс тийм адтай, авхаалжтай, голыг нь олж асуудаг, зочноо эрдэг, зочныхоо сэтгэл зүрх, дурсамж дурдатгалыг “уудалдаг” эмэгтэй. Тийм л болохоор “Алганы хээ” үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлгийн нэг байх. Тэрбээр ээжийгээ дагаад багадаа сонины үйлдвэр дотор тоглож өсөж, хүүхэд байхаасаа сэтгүүлч болохыг мөрөөддөг байж. Тэгээд л сэтгүүлч, тэр дундаа телевизийн сэтгүүлчээр ажиллаж, олон зочдыг цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулзуулах хүслээ биелүүлэн өнөөдөр “Алганы хээ” нэвтрүүлгээ хүргэж байгаа аж. Мөн үүгээр ч зогсохгүй тэрбээр ”Гайхашигт жижигхэн хүмүүс” нэвтрүүлгийн продюсераар ажилласан бөгөөд хүүхдүүдийн үзэл бодол, ертөнцийг томчууд болон нийгэмд хүргэх зорилгоор энэхүү шоугаа хийсэн тухай ярьсан. Ийм л нэгэн зөвийн төлөө, үргэлж бусдын сайн сайхан, гэгээн онцлогийг гаргахын төлөө ажиллаж, зорьдог сэтгүүлч тэр мөн билээ.
Сэтгүүл зүйн салбарт өөр, өөрсдийн өнгө төрхөөр өрхөө татаж, үдээ дэлгэж буй олон редакц бий. Тэдгээрээс өнөөд өнгөлж, нэгэн цул болон нэгдэж, шуурхай мөртлөө шинэлэг, мэдээллийг тэнцвэртэй, ёс зүйтэй хүргэж чадаж байгаа "NTV" телевизийн мэдээний хамт олон. Б.Ундрахжаргалант гэх удирдлагын дор нэг сэтгэлээр нэгдэж, өдөр бүр чанартай мэдээллийг хүргэхээр өглөө бүр шуурхай хуралдаж, цаг үеийн бүхий л үйл явдалд анхаарал хандуулж, сонор байж, алийг нь онцлон үзэгчдэд хүргэхээ ярилцаж, цөм нэг шийдэлд хүрээд ширүүхэн дайрч, шийдэмгий ч ажилладаг тухай нь хэвлэлд өгсөн ярианаас нь мэдсэн. Мөнхүү телевизийн хувьд 16 жил мэргэжлийн ёс зүйтэй байх гэсэн зарчмыг баримталж иржээ. Үнэхээр ч энэхүү гол зорилго нь бэлтгэн хүргэж буй мэдээ, нэвтрүүлгээс нь илт байдаг. Мөнхүү шаргуу тэмцдэг нь өдөр тутмынх нь мэдээллийн төрх байдлаас харагдана. Тэд зөвхөн цаг үеийн мэдээллээ л барьж аваад байхгүй. Сэтгүүлчид нь олон газраар явж, аль болох нэг дор олон сонирхолтой мэдээллийг үзэгчдэд хүргэхийг зорьдог. Нэг сэтгүүлч нь гэр хорооллын гудамжинд, нөгөө нь хэвлэлийн хурал руу, өөр нэг нь Төрийн ордон, талбай дээр гээд хаа нь ямар үйл явдал болж байна бүгдэд нь хүрч очоод, голыг нь олж мэдээлдэг. Мөн шинэ содныг эрэлхийлнэ. Хамгийн гол нь олон талын байр сууриар баялаг. Хэзээ ч тэд нэг хүнээс, нэг талаас мэдээлэл авдаггүй. Заавал бүх талын байр суурийг цогцоор нь хүргэж ажилладгаараа онцлог. Тэд ингэж л ажилладаг, цаг, минутад шаргуу тэмцдэг. Бүхнийг түрүүлж хүргэхийг эрмэлзэж, үгүй ядаж л барьж авсан мэдээллээ өөрөөр, илүү чанартай, баяжуулснаар хүргэхээр зорьж ажилладаг. Үргэлжийн шаргуу дайчин, нэг сэтгэлтэй, өөр өнцөгтэй, шинэлэг байгаарай, "NTV".
Тэр бол даацтай мэдээлэгч. Даац, чанартай мэдээлэгч ховордсон энэ цаг үед сэтгүүлч Н.Баасандамба хамгийн сайн өнцөг, боловсруулалтаар мэдээллээ хүргэдгийг нь бид "Еagle" телевизээс эчнээ үзэж байгаа билээ. Олон талын байр суурьтайгаар задалж хүргэдэг нь үзэгчдэд их амар дөхөм байдаг. Халуун цэг дээрээс нь бодит мэдээллийг авч, түүнийгээ өргөжүүлэн, баяжуулж, томоор харж, илүү чанартайгаар хүргэгч. Ул суурьтай бодно, юуг мэдээллэх вэ гэдгээ сайтар бодож онилсон цэгээ олж хатгадаг. Түүнээс гадна үйл явдал, асуудал, сэдвийн хүрээнд зөв зүйтэй үзэл бодлоо илэрхийлэгч. Салбарынхнаа өмөөрч зоригтой үгээ хэлэгч. Сэтгүүлчид ажлаа хийж, мэдээллээ бэлдэж, ард түмний мэдэх эрхийн төлөө явсныхаа төлөө дарамтлуулж, заналхийлэлд өртөж, зодуулж, техникээ эвдүүлдэг дээрэнгүй байдлын талаар ч эр ярьсан сэтгүүлчдийн нэг. Тэрбээр түрүү жил гэхэд сэтгүүлчид заналхийлэлд өртсөн асуудалд өөрийн байр сууриа илэрхийлж, “Сэтгүүлчид ажлаа хийж байхдаа байнгын дарамтад өртөж байдаг. Энэ нь үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна. Тиймээс бид өөрсдийн эрхийн төлөө үг дуугарч тэмцэх хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөө нь зөвхөн сэтгүүлч бус олон нийтэд хамааралтай ойлголт юм. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг зөвхөн сэтгүүлчдэд хамаатай ойлголт биш. Энэ бол олон нийт, үзэгч, сонсогчдод хамаатай ойлголт. Хэвлэлийн эрх чөлөө байж ардчилал амьд оршдог. Бид дөжирсөн, дассан, хүлцэн тэвчдэг байдлаа өөрчлөх цаг болсон" гэж дуугарч байсан. Нэг ёсондоо хэвлэлийн эрх чөлөөний төлөө хамгийн их дуугардаг сэтгүүлч тэр мөн.
Тэр ч ёстой холыг уулзуулж, хоёрыг учруулна шүү дээ. Түүн шиг хил даван эрж, сураг тавьж, холын орноос ч хамаагүй ээж, аав, элгэн садан, ахан дүүстэй уулзуулдаг сэтгүүлч өнөөдөр лав манайд алга. Одоогоор тэр л байна. Хамгийн сүүлд гэхэд аав, ээж хоёр нь багад нь салсны улмаас уулзалдаагүй удсан эгч, дүү хоёр 30 гаруй жилийн дараа уулзлаа. Бүр эгчийг нь Орос Улсаас авчирч дүүтэй нь уулзуулсан. Ингэж л ажилладаг “Тавилан” нэвтрүүлгийн баг хамт олон, сэтгүүлч Ц.Гэрэлмаа. Энэ бүхний үр дүнд хүүтэйгээ олон жил уулзаагүй аав, ээжийн сэтгэл дэвтэж, хэдийгээр багадаа ээж, аавыгаа мэдэлгүй айлд өргөгдсөн ч сэтгэлийнхээ мухарт “Төрсөн аав, ээжтэйгээ нэг удаа ч болов уулзах сан” гэж хүсэж, битүүхэн мөрөөдөж явсан хүү, охины хүслийг биелүүлнэ. За тэгээд ахтай л гэж дуулснаас ямар хүн байдгийг нь огт мэдэхгүй дүү нь ахтайгаа уулзана. Уулзалт нь хаана ч байж болох. Хөдөө, хот, бүр дэлхийн аль нэг улсад ч болж мэдэх. Үүгээрээ, ийм нарийн ажиллагаа, судалгаа, эрэл шаардсан нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдгээрээ тэр онцлог. Мөн ёс зүйг баримталж, хүндэтгэлийн чигийг барьдаг нь үзэгчдэд илүү таатай. Одоо ч тэр холын эрэлд гарчихсан хэн нэгнийг хамгийн хайртай, дотно нэгэнтэй нь уулзуулахаар эрж яваа. Түүний энэ эрэлд төгсгөл үгүй.
"TV9" телевизийн сэтгүүлч, бөх тайлбарлагч Ц.Батнасанг монголчууд үзэх дуртай бөх шигээ андахгүй. Тэр өөрөө ч багаасаа бөх сонирхдог байж. Радиогоор бөхийн тайлбар сонсож, тогтоосноосоо хонинд явахдаа уншиж, тайлбарлах гэж оролддог байсан гэдэг. Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрж, өссөн тэрбээр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, цэрэгт байхдаа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын баяр наадамд бөх тайлбарлаж эхэлсэн байдаг. Энэ үеэс л бидний хайртай бөх тайлбарлагч тэр эхэлж, бид ч нүдэнд харагдаж, сэтгэлд хоногштол, түүний нүргэлсэн дуу хоолойд бүр эрхгүй ховсдуулчих шиг хачин гоё тайлбарлагчтай учирсан юм билээ. Түүний тайлбарт бөхчүүдийн хийморь сэргэж, цаанаасаа нэг өнгө жавхаа төгөлдөр болох шиг санагддаг. Тийм ид шитэй гэмээр тайлбарлагч. Аварга, арслан, начин, заан гээд улс, аймгийн цолтой бөхчүүд цөмийнх нь тухай ёстой өөрийн түүх шиг л өгүүлдэг. Хаанаасаа, хэдий зууртаа мэдээд, бүр цээжилчихсэн гэмээр л дуржигнуулна. Тэр энэ тухай “Хүн өөрийгөө хэт их дөвийлгөх дэмий л дээ. Гэхдээ би 300 үхрийг тугалтай нь таньж, мэддэг байлаа. Зуны шөнө зэлэн дээр хаана, хаана уяатай байгааг нь мэдэж очоод эвлэдэг байлаа шүү дээ. Харин бөхийн холбогдолтой номыг нэг уншаад л цээжилчихдэг” гэсэн байдаг. Ингэж л тэр бөхчүүдийн намтар, түүх, бүр сэтгэл зүйг нь хүртэл мэддэг. Тэгээд бүр бөхтэйгээ хамт унаж, давж, барилдаж тайлбарладаг. Хамаг эд эс, хүсэл сонирхол, бөхөд чинхүү хайртай нь тайлбар бүрээс нь мэдрэгддэг. Хоолойных нь өнгө бол хэнийг ч ортол дуугарна. Гэхдээ их ёс зүйтэй, хүндэтгэлтэй, элгэмсүү ярих нь цаанаа нэг чихэнд чимэгтэй бөгөөд сэтгэл зүрх рүү гулсан орно. Зарим тайлбар нь бүр мартагдахгүйгээр сэтгэлд тунан үлдэж, үгүйлэгдэнэ.
"За үзэгчид ээ, дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ..".гээд үзэгчид түүний тайлбарыг андахгүй дээ. Угшил, удам, уяачыг нь тайлбарлаж байгаад л дундуур нь хаанаас бодсон юм гэмээр гоё тайлбарууд гэнэт орж ирэх нь сэтгэл хөдөлгөнө гэж жигтэйхэн. Тэрбээр энэ тухай “Морьд гараад дагаад явж байхад урьд нь ерөөсөө бодож байгаагүй гоё мөртүүд ороод ирнэ. Халиун азаргыг хараад
Ниргэх тэнгэр яарамгүй гэж
Нэг л дүнсгэрхэн явж байна...”гэхчлэн өөрийн мэдэлгүй хэлчихдэг гэж байсан. Энэ нь лав үзэгч бидэнд хамгийн сайхан байдаг. Нэгэн хэвийн тайлбар биш, нээрээ юу болж байна вэ гэмээр огшиж, бахархтал тайлбарлах ч гоё шүү. Тийм тайлбарт сортосхийхгүй хүн үгүй. Түүнээс гадна зүс зүсний морьд цээжинд байна уу гэмээр л андахгүй тайлбарлана. Тэрбээр анх Монгол Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр 2009 онд төгссөн юм билээ. Түүнээс хойш л морьтой нөхөрлөж, хурдан сайхан хүлгүүдийн хурд, хийморийг үзэгчдэд дуу хоолой, сонирхолтой тайлбараараа хүргэж, жил жилийн наадмын нэгэн том дуу хоолой болсон. Түүнд Хүй долоо худгийн дэнж, наадамчдын ахуй, ургах, өглөөний тэнгэр, уяачдын төрх байдал сайхан тайлбартайгаар морины уралдааныг хүргэхэд нөлөөлдөг гэсэн. Үнэхээр ч тэр өөрөө морьтойгоо дуу хоолойгоороо хамт уралдаад ирэв үү гэмээр л "донсолгож", "төвөргөөж" тайлбарлана. Хуу хамна, хуйгаар нь эргүүлнэ, заримдаа бүр "ниргэнэ".
Жүдогийн ганц ганган, голыг нь олж гохыг дардаг тайлбарлагч тэр шүү дээ. "Аранзал залуу насандаа бөмбөрцөгт нэрээ бичүүллээ" гээд хачин гоё сэтгэл хөдөлтөл тайлбарлана. Түүний үг сонголт, түүнийгээ дуу хоолойгоороо илэрхийлж байгаа нь цаанаа нэг ондоо. Заримдаа тэр тамирчдаа өөрийгөө мэддэг шиг л мэдэж, бахархаж тайлбарлана. Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн барилдаанд тэр "Манай тамирчин илүү, илүү. Урнаагаа илүү гэдгийг би мэдэж байна. Монгол ч үнэхээр бөхийн орон юм аа, тэгэлгүй яах вэ" гээд л дуу алдан огшиж байсан. Мөн хөгжилтэйгээр "Хэн нь илүү ташаатай вэ гэдгээ үзэж байна, үзэгчид ээ" гээд тамирчдаараа хөнгөн тоглоом хийж, бахархал, омогшил дундуур хөнгөн инээд бэлэглээд авна. Олимпыг бол түүнгүйгээр үзэх аргагүй болсон. Анхлан түүний тайлбарт 2008 оны Бээжингийн олимпоор анх орсноос хойш үзэгчид С.Шижирээгүйгээр үзэж чадахгүй муу зан сурсан. Тэрбээр 2006 онд Чөлөөт бөхийн Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тайлбарлаж эхлүүлсэн. Ёстой л өөрийнхөө тайлбар шиг аранзал залуу тайлбарлагч. Үнэхээр С.Шижирээ тайлбарлахгүй юм бол өөр хэн гэж гэмээр гайхам, хоржоонтой, сэтгэл огшоосон тайлбарууд түүнийх. Тэр тамирчдынхаа уран гоё барилдахыг харахаараа өөрийн эрхгүй огшиж, хөөрч, заримдаа бүр өмнөөс нь хоолой нь зангирч байгаа нь хүртэл мэдрэгддэг. Тэгж эд, эс, сэтгэл зүрхээрээ мэдэрч тайлбарладаг. Олимпын дэвжээн дээр өөрөө гараад зогсож байгаа мэт үгээрээ очиж, тэдэнд урмын үг өгч, тамирчнаа "Чи чадлаа шүү" гээд тэвэрч байгаа мэт л тайлбарладаг. Тэр тийм л огшигч, огшоогч.
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙТЭЙ 10 СЭТГҮҮЛЧИЙГ НЭРЛЭЖ БАЙНА |
|
2025-05-15 14:47:32
2025-05-15 13:47:21
2025-05-15 13:10:52
2025-05-15 12:50:56
2025-05-15 12:48:43
2025-05-15 12:46:52
2025-05-15 12:41:37
2025-05-15 12:37:58
2025-05-15 12:36:33
2025-05-15 12:33:45
2025-05-15 12:27:23
2025-05-15 11:48:50
2025-05-15 11:32:23
2025-05-15 10:59:09
2025-05-15 10:36:18
2025-05-15 10:14:08
2025-05-15 09:50:20
2025-05-15 09:42:24
2025-05-15 09:07:21
2025-05-15 08:12:25
2025-05-15 07:21:48
2025-05-15 07:00:31
2025-05-15 07:00:03
2025-05-15 07:00:00
2025-05-14 16:18:03
2025-05-14 15:40:11
2025-05-14 15:20:14
2025-05-14 14:22:52
2025-05-14 13:52:23
2025-05-14 13:47:24
2025-05-14 13:39:54
2025-05-14 12:52:54
2025-05-14 12:06:28
2025-05-14 10:37:23
2025-05-14 10:22:52
2025-05-14 09:22:32
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 05:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |