• Өнөөдөр 2024-05-03

ТАЙЛБАРЛАГЧ Э.БАЛЖИНЯМЫН ОХИН Б.АРИУНСАНАА: ААВ ДҮҮ БИД ХОЁРЫГ ӨГЛӨӨ БОЛГОН РОНАЛДО, ЗИДАНЫ ХӨРӨГТ МӨРГҮҮЛДЭГ БАЙЛАА

2022-06-11,   38074

- Аавыгаа санахаар хөл бөмбөг тайлбарладаг ч юм уу гэж бодох болсон-

           ...“Аавын хамгийн үнэнч, хамгийн сайн дэмжигч нь миний эмээ байлаа. Хөл бөмбөг сонирхдоггүй хэрнээ хүүгийнхээ тайлбарыг сонсохын тулд, хоолойг нь чихээрээ мэдрэхийн тулд зурагтаа асаачихаад буйдан дээрээ хэвтэж байдаг. Мөн ч олон шөнө нойргүй хоносон. Ямар сайндаа нэг шөнө аав доод лигийн тоглолт тайлбарлаж байхдаа “Энэ хоёр багийг би ч мэдэхгүй юм байна. Ямар ч хоёр сураггүй баг тоглоод байгаа юм. Энэ тоглолтыг Монголд ганцхан л хүн үзэж байгаа байх. Тэр нь миний ээж” гээд ярьсан гэсэн. Тэрийг нь эмээ үнэхээр сонсоод л хэвтэж байсан байгаа байхгүй юу. Маргааш нь надад толгойгоо дохиод “Аав чинь тэгж ярьж байна лээ” гээд инээгээд сууж байгаа юм. Ингэж л хүүгээ дэмжиж, хайрлаж, тоглолттой нь, тайлбартай нь хамт байдаг байлаа шүү дээ.

          Нэг хөгжилтэй зүйл ярихад аав дүүг минь төрөх үеэр хөл бөмбөг үзэх гээд хажуу сум руугаа явчихсан байсан гэсэн. Тухайн үед манай суманд зурагт гардаггүй, 15 километр давхиж байж зурагт үздэг байлаа. Тэр үеэр нь ээж хүндрэлтэй төрөөд, түргэний тэргээр аймгийн эмнэлэг рүү хүргэгдсэн гэсэн. Аавыг гэртээ буцаад ирэхэд ээж, дүү хоёр аймаг руу явчихсан байв. Тэгээд тэрийгээ дараа нь “Тэр өдөр тоглосон тоглогчийн нэрээр та хоёрыг нэрлээгүй нь аз” гээд л бөөн инээдэм болдог байж билээ.

          Аавыгаа анхны тайлбараа хийх гээд ТВ9 телевизийн байр руу 25 жил цуглуулсан тоглогчдын тухай сонины хайчилбараа шар торонд хийгээд гэрээсээ гарч байсныг мартдаггүй юм. Тэрнээс хойш л хөл бөмбөгийн жинхэнэ тайлбарлагч болох замнал нь эхэлсэн дээ. Анхны тайлбараа хийж байхдаа “Би үнэхээр чадах юм байна. Энэ л миний амьдрал юм байна” гэдгийг мэдэрсэн, хамгийн жаргалтай байсан гэсэн дээ, миний аав.  Аав минь хөл бөмбөгийн төлөө бүхий л амьдралаа зориулсан, харамсах зүйлгүйгээр, чин үнэнчээр энэ спортын төлөө амьдарсан хүн. Аавд хөл бөмбөггүй өдөр гэж байгаагүй” хэмээн ярих хүн бол

 ...Эрээн асрын өмнө зодог өмсөн дэвсэж

Эртэй, бяртай бөхчүүдтэй мөр зэрэгцэж яваагүй ч

Үе тэнгийн нөхөдтэйгээ шороон талбайд тоглож

Өвдөг, тохой хоёроо шалбалж явсан удаатай

  Би хөл бөмбөгийн фанат аа” хэмээн өөрийгөө тодорхойлж, энэ ертөнцөд өөрийгөө тодоос тод тамгалж үлдээсэн нэрт тайлбарлагч Эрдэнэбатын Балжинням агсны том охин Б.Ариунсанаа юм. Бид түүнтэй түүний хувьд хайртай аав, монголчуудын хувьд хөл бөмбөгийн бурхан тэнгэр Э.Балжинням гэх эрхмийн амьдарч байсан он цаг хугацааны дурсамжаар аялж, ярилцлаа.

-Аав тань унаган Сэлэнгийн хүн байсан юм уу. “Манай Сант, миний Сэлэнгэ” гэж байнга ярьдаг, нутаг амьтай хүн байсан юм билээ. Бага насных нь талаар яриагаа эхлэх үү?   

          -Аав минь хэдийгээр Улаанбаатар хотод төрсөн ч Сэлэнгэ аймгийн Сант суманд хүүхэд насаа өнгөрүүлсэн. Хоёр настайгаасаа л тэнд суурьшиж, тэр сумын, тэр аймгийн хүн болсон доо. Нутаг амьтай, нутаг руугаа их зүтгэдэг хүн байлаа. Аав Сантад бага насаа өнгөрүүлж, сургуулиа төгсөөд, Орос хэлний дээд сургуулийн оюутан болж, Улаанбаатар хотод ирсэн. Орос хэлний сургууль гэдэг нь одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль шүү дээ. Хөл бөмбөг сонирхогч хүү орос хэлний багшийн ангийн оюутан болсон байгаа юм. Их сургуульд байхдаа л хөл бөмбөг сонирхдог залуучуудтай нийлдэг дэггүй, сахилгагүй оюутан байсан гэдэг. Тиймдээ ч сургуулиасаа жилийн чөлөө авч,  дараа жил нь эчнээгээр төгсөж байсан байх. Аавын сургуульд сурсан түүх нь ийм.  

-Зургадугаар ангид байхдаа зусланд явж, хөл бөмбөг гэдэг спорт байдаг гэдгийг мэдэж, сонирхож эхэлсэн түүхтэй юм билээ. Энэ талаар танд ярьж байв уу?

            -1982 онд Сэлэнгэ аймгийн Сант сумын сургуулийн зургадугаар ангийн сурагч байхдаа олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амрах аз тохиосон гэж ярьдаг. Тухайн үед Сант суманд дунд сургуулийн хүүхэд бүрийн үсийг хусдаг байжээ. Тэгээд аав “Найрамдал” зусланд амрахаар очихдоо ганцаараа халзан байсан гэсэн. Халзан хүүхэд яах уу дээ, хүүхдүүдэд шоолуулна, тэрнээсээ ичээд өрөөнөөсөө ч гараагүй юм шиг байна лээ. Тухайн үед нь Испанид болж байсан хөл бөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд телевизээр гарч таараад энэ спортыг үзэж болсон гэж ярьдаг байлаа. Ингэж л хөдөөгийн бор хүү хөл бөмбөгтэй танилцаж байсан түүхтэй. Дараа нь долдугаар ангийн сурагч байхдаа маш хүнд шарласан байгаа юм. Ингээд бүтэн жилийн турш биеийн тамирын хичээлд орох эрхгүй болж хэвтрийн болон хөдөлгөөний дэглэм барих хэрэгтэй болсон. Мөн багагүй хугацаанд эмнэлэгт хэвтсэн гэдэг. Биеийн тамирын хичээлд орж байгаа хүүхдүүдийг хараад атаархдаг байсан гэдгээ хааяа ярина. Тухайн үед Оросын сувгаар хөл бөмбөгөө үздэг байсан юм билээ. Мөн Орос сонин их уншдаг байсан. Учир нь, манай эмээ эмч хүн. Социализмын үеийн сэхээтнүүд намын даалгавраар заавал хэвлэл захиалдаг байсан гэдэг. Тэгээд ямар хэвлэл захиалахаа ярилцахад бүгд сонголт хийж мэдэхгүй байсан болохоор спортын сонин захиалахаар шийдсэн байгаа юм. Энэ бүхнээс л аавын амьдрал хөл бөмбөгтэй салшгүй холбоотой болсон байх.Тухайн үеийн хүүхдүүд гудамж, гудамжаараа болоод оросын том багуудын нэрийг өгч хоорондоо өрсөлддөг байх жишээтэй. Ер нь аавын амьдрал хэрхэн хөл бөмбөгтэй холбогдсон хүүхэд наснаасаа эхэлж сонирхсон хоббигоо хэрхэн хөгжүүлсэн, сонирхлынхоо төлөө яаж тэмцсэн зэрэг бүх сайхан түүх нь өмнө нь хэвлэгдсэн, одоо шинэчилж гаргаж байгаа “Миний л амьдрал” номд нь дэлгэрэнгүй байгаа.

-Анх хөл бөмбөгийн тайлбарлагч болоход нь аав, ээж нь хэрхэн хүлээж авч байсан бол. Энэ түүхээс нь хуваалцахгүй юу?

            -Аавыг 2006 онд Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуульд орос хэлний багшаар ажиллаж байх үед нэг найз нь утсаар ярьж “TV9 телевиз хөл бөмбөгийн тайлбарлагч сонгон шалгаруулж авна” гэсэн зар явж байна, чи очиж үзвэл яасан юм бэ” гэж санал болгосон юм билээ. Аавд нэг жижигхэн бор цүнх байдаг  байсан юм. Тэр дотроо орос хэлээр гарсан сонин, хөл бөмбөгийн тухай нийтлэлүүдийн хайчилбарыг цуглуулна. Оросын “Спартак” багтай холбоотой гарсан сонины хайчилбарууд их байдаг байсан санагдана. Тэрийгээ нэг торонд дүүртэл нь хийж аваад “TV9” телевиз рүү явсан. Гэхдээ бид нар л лав тайлбарлагч болно гэж огт бодоогүй. Нэг өдөр тайлбарлаад болино гэж бодож байсан юм. Тухайн үед би наймдугаар ангийн сурагч байлаа. Аав тэр шөнө нэг тоглолт тайлбарласан.  Эмээ надад “Аав чинь зурагтаар гарах гэж байна. Энэ бол түүхэн үйл явдал. Өнөө шөнө заавал үз” гэсэн болохоор нь би нойроо хагаслаад, хүчээр үзэж байлаа. Зурагтаар таньдаг хүнээ харах маш эвгүй байдаг юм билээ. Аав ч сандраад л гараа байн байн хөдөлгөөд. Би дагаж сандраад ерөөсөө яриаг нь сонсолгүй аавын гаргаж байгаа үйлдэл, харагдаж байгаа төрхийг л маш гярхай харж байсан. Гараа хөдөлгөж байгаа, өмднийх нь хөдөлж байгаа хэсэг хүртэл нүдэнд харагдаад байсан шүү дээ. Эмээ, бид хоёр аавын анхны тайлбарыг үзээд сөөнгө, баргил хоолойтой юм байна гэдгийг тэр өдөр л мэдэж байлаа.

-Анхны тайлбараа хийчихээд гэртээ ирэхдээ юу гэж ярьж байв?

          -“Би үнэхээр сайн тайлбарлаж байна даа” гэдгээ дотроо мэдэрсэн гэсэн. Аав хэлэхдээ “Надад хэцүү зүйл огт байсангүй. Үг урсаад л байсан. Яагаад гэвэл миний 25 жил  судалсан, мэддэг зүйл шүү дээ” гэж байсан. Ер нь өөртөө сэтгэл хангалуун ирсэн. Эфир, сэтгүүл зүй гэж юу болох талаар огт мэдэхгүй зүгээр нэг спортын дэмжигч аавд минь ТВ9 телевизийнхэн маш том боломж олгосон. Өөрөөр хэлбэл, “Энэ хүн үнэхээр мэддэг, чаддаг юм байна. Бага зэрэг мэргэжлийн зөвлөгөө өгөхөд спортын сэтгүүлч болж чадна” гэдэг итгэлийг хүлээлгэж, гар нийлж ажилласан даа.  

-Сайхан ярьдаг хүн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэртээ ч адилхан байх уу?

          -Зөвхөн нэвтрүүлэг гэлтгүй гэртээ байх үедээ ч яриасаг, хөгжилтэй хүн байсан. “Миний аав яасан их үгийн баялагтай юм бэ” гэдэг бодол байнга л төрдөг. Ярианы баялагтай болсон нь манай өвөөтэй шууд холбоотой. Өвөө аавыг балчир байхаас нь эхлээд үргэлж үлгэр ярьж өгдөг байсан гэдэг. Өвөө ихэвчлэн урт үлгэр ярьж өгөөд, аав ойлгосноо ангийнхандаа ярьж өгдөг байсан юм билээ. Үлгэр сайн ярьж өгөх нь хүүхдийн ой тогтоолт, ярианы баялагт хэрхэн сайнаар нөлөөлдгийг үүнээс харж болох байх. Энийг хэлж байгаа шалтгаан нь би аавын үг ярианаас илүүтэй ой тогтоолтыг нь биширдэг. Тэртээ 1980 онд тоглож байсан хоёр багийн тоглогчийн нэр, хувийн дугаар, тоглолтын хэд дэх минутад бөмбөг оруулж байсан зэргийг бүгдийг нь яаж тэгж өнөөдөр болсон мэт тод санаж, цээжээр мэддэгийг нь гайхаад бардаггүй.

-Аавынх нь тайлбарын “ид шид”-ээр олон хүн хөл бөмбөгийн спортод хайртай, дуртай болсон доо.

          -Хөл бөмбөгийн спорт үнэхээр сонирхолтой шүү гэдгийг залуучуудад нээж өгч чадсан байх. Тоглолтын талбай дээр тоглож байгаа 22 тамирчны хэн нь торгуулийн цохилт хийж, хэн нь гоол оруулж байгаа гэдгийг монгол ахуйд буулгаж тэдний мэддэг зүйлтэй зүйрлэж тайлбарладаг нь илүү сонирхолтой. Тухайлбал, “Манай хурдан мориор яривал Айдсын даваагаа уруудаад орж ирж байна гэсэн үг юм аа” гэдэг ч юм уу үзэгчдийн мэддэг зүйлтэй жишиж тайлбарлах нь бусдыг илүү их татдаг байсан байх. Үүний цаана энэ зүйлийг бусдад ойлгуулчих юм сан гэдэг багш хүний чин сэтгэл, хичээл зүтгэл нь харагддаг байлаа.

Аав ажлаа ямар ч зовлонгүй хийдэг. Би түүнд нь цагаахан атаархдаг байсан. Өнгөрсөн жил цар тахлын нөлөөгөөр ажлын цаг, зохион байгуулалтад өөрчлөлт орох үед би “Аав шиг ийм жаргалтай ажил хийх юм сан. Студид очоод өөрийнхөө дуртай спортыг үзэхийн хажуугаар мэддэг зүйлээ яриад л болчихно” гэж хэлж байлаа. Би нэг газарт хоолны сургалт хариуцсан менежер хийдэг байлаа. Тэгээд аавд “Ажил их байна, цалин бага байна” гээд хошуугаа дэвсээд хэлсэн чинь “Миний охин чинь сайхан газар ажиллаж байна. Болж байна шүү дээ. Танай энэ рестораны шарсан боорцог ямар гоё амттай юм бэ. Би лав энд ажилладаг байсан бол орой болгон гэртээ шарсан боорцог авч очно” гээд л ярьдаг байж билээ. Тэгж л жаахан ч гэсэн юмнаас кайф, аз жаргалыг мэдэрч, бусдад ойлгуулахыг хүсдэг байсан.

-Тайлбаргүй үедээ тоглолт үзвэл чив чимээгүй болчихдог уу. Эсвэл тайлбарлаж байгаа юм шиг яриад л байх уу?

          -Аав тайлбарлагч болохоосоо өмнө гэртээ ганцаараа шөнөжин тоглолт үздэг байлаа. Зурагтын удирдлага булаацалдах нь бүү хэл тоглолт үзэж байхад нь ханиалгадаг ч хүн байхгүй байсан шүү дээ. Тэр бүгд хориотой. Аав ганцаараа юм шиг л гоол оруулсан, бөмбөгөө алдсан үед нь хашхираад л босоод ирнэ. Тэр гэрт хэдэн хүн байгаа, унтаж байгаа юу гэдэг нь огт сонин биш. Зөвхөн тоглолт л чухал. Аав зурагтаа үзэж, би хичээлээ хийгээд мөн ч олон шөнийг хөл бөмбөгийн үнэнч фанатын хажууд өнгөрүүлсэн дээ. Тоглолт дунд зүгээр л амьдарч байгаа юм чинь.

-Эцсээ хүртэл хөл бөмбөгтэйгөө хамт байсан даа. Өөрийнхөө хийж буй ажлаараа бахархаж, омогшиж байсан үеэс нь хуваалцвал?

         -Аав өөрийнх нь тайлбарыг үзсэн хүмүүс сэтгэгдэл бичих, гудамжинд гараад явахад нь огт танихгүй хүн “Та сайхан тайлбарласан шүү” гэж хэлэх зэрэгт л хамгийн их баярлаж, өөрөөрөө бахархдаг байсан байх. Ер нь л аав жаахан хүүхэд шиг амархан баярладаг, сэтгэл хөдлөл ихтэй хүн дээ. Жишээлбэл, өнгөрсөн зун бид гэр бүлээрээ Булган аймаг руу аялсан юм. Эрдэнэтийн замын хяналтын пост дээр мөнгө өгөх гээд автомашиныхаа цонхийг нээтэл “Өө Балжаа ах явж байгаа юм уу. Танаас авахгүй ээ” гээд явуулсан. Аав тэр үед “Та нарыг байсан бол шууд л мөнгө авна. Гэтэл намайг хар. Аавыг нь хүмүүс таньж байна, хүндэлж байна” гээд л ямар их баярласан гэж санана. Тийм л жаахан зүйлд баярлаж, омогшиж, хүүхэд шиг дүүлэн нисдэг байлаа. Тайлбар нь сайхан болсон бол байнга л баярлаж, омогшиж явдаг байсан даа.

-Энэ их ажлын хажуугаар хүүхдүүддээ хэрхэн цаг гаргадаг байв. Хоёр охиндоо аминчлан захидаг байсан захиас бий юу?

         -Аавтай ярилцсан мөч бүхэн дурсамжтайгаас гадна авах зүйл маш ихтэй байдаг. Үг бүхэн нь л сургаал, сургамж дайдаг байсан гэхэд хилсдэхгүй. Ер нь ямар ч хүнтэй уулзсан нэг зүйл ойлгуулчих юм сан, хэрэгтэй үгийг нь олоод хэлчих юм сан гэж хичээдэг зан төлөвтэй хүн байсан. Би өөрөө багш байсан болохоор аавын энэ зан чанарыг багахан ч гэсэн өвлөж авсан гэж боддог. Өнгө, мөнгөтэй явахаас илүүтэй зөв хүн яваарай гэж л их захидаг байсан даа.

-Ямар үед ааваараа илүү их бахархдаг вэ?

         -Дүү бид хоёр аав, ээжийгээ залуу байхад нь төрсөн. Сүүлд аав манай дүүгийн зургийг утасныхаа дэлгэцэн дээр байршуулчихсан байсан чинь ажлынх нь залуучууд хараад “Аая Балжаа ах бас дэлгэцэн дээрээ хүүхний зураг тавьчихжээ” гэж шоолж байсан гэдэг. Аав “Юу яриад балайраад байгаа юм. Наад хүүхэд чинь манай охин” гэж хэлсэн ч итгэхгүй шоолж инээлдээд байсан гэдэг. Аав гэртээ ирээд “Миний хоёр охин чинь том болчихсон юм байна. Ажил дээр ийм хөгтэй явдал боллоо” гээд инээж байсан. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ гуайн дуун дээр “Санаа тань судсаар лугшаад байна аа” гэж гардаг даа. Яг л энэ үг шүү дээ. Аав юу гэж хэлж байлаа, юу захилаа гээд л алхам тутамд л бодогддог болсон. Энэ нь “За аавыгаа дурсъя” гээд ч юм уу зориудаар санаж буй хэрэг биш цаанаасаа л орж ирж буй өгөгдөл. Би танд ярилцлага өгөөд сууж байх даа юу бодож байна гээч. Аав маань ярилцлага өгч байгааг минь харж байсан бол “Миний охин аавынхаа энийг ярьсангүй дээ. Миний энийг ярьсан бол гэсэн бодолтой сууж байх байсан даа” гэх мэдрэмж төрж байна. Тэгэхээр байнга л бодол сэтгэлд хамт, үргэлж бахархал төрүүлж суугаа нь тодорхой байгаа биз. Миний аав чинь бидний хамгийн том бахархал, хүндлэл юм шүү дээ. Бидэнтэй байнга л хамтдаа байгаа.

-Хоёр охиноо хөл бөмбөгт дурлуулах хүсэлтэй байсан уу?

         -Бид хоёрыг тийм айхтар үзэж сонирх, дурлаж, шимт гэж хэлж байгаагүй. Миний ой тойноос гардаггүй нэг дурсамж байдаг юм. Аав гэрийнхээ ханан дээр, Роналдо, Зидан хоёрын муухан өнгөтэй зургийг жаазлаад өлгөчихсөн байдаг байсан. Дүү бид хоёрыг өглөө болгон тэр зурагт мөргүүлдэг байлаа. “Заа миний охид одоо Роналдод мөргөөрэй. За, одоо манай Зиданд мөргө” гээд мөргүүлнэ.  Бид хоёр учраа ч мэдэхгүй аавын хэлснээр мөргөнө. Тэгээд мөргөсний дараа учиргүй инээнэ. Тухайн үед манайд олон тавилга ч байсангүй, хамгийн үнэтэй нь аавын шүтдэг тэр хоёр хөрөг л байсан санагддаг. Тэгж хөл бөмбөгөө, хайртай тоглогчдоо, өөрийнх нь үгээр бол “Хөл бөмбөгийн бурхан тэнгэр”-үүдээ хүндлүүлдэг байсан гэсэн үг. Харин зээ хүүтэйгээ хөл бөмбөг их ярина, сонирхуулах ч бодолтой байсан байх. Гэхдээ миний хүү жаахан байсан болохоор тийм ч гүн дурлаагүй.

         Зээ хүүтэй нь холбоотой нэг их хөгжилтэй дурсамж бий.  Манайх шинэ байранд орсны дараа хүүг маань хүүхдүүд жаахан гадуурхаж, дээрэлхээд байсан гэнэ. Тэгээд өвөөдөө хэлтэл “Өө миний хүү тэд нартаа “Хөл бөмбөг тайлбарлагч Э.Балжинням миний өвөө шүү” гээд хэлчих, бүгдээрээ намайг танина, миний хүүг дахиж дээрэлхэхгүй” гэж л дээ. Хэд хоногийн дараа хүү өвөөдөө их ууртай орж ирж байна шүү. Өвөө нь “Хүүе миний бор хүү чинь яасан юм” гэсэн чинь хүү маань “Би таны хэлснийг хүүхдүүдэд хэлсэн чинь таныг танихгүй байна. Хүүхдүүдийн аав, ээжид хэлэхээр итгэхгүй байна” гэсээр гомдол тээсээр орж ирж билээ. Жаахан хүүхдүүд нь танихгүй, томчууд нь итгэхгүй гээд л бөөн инээдэм болж байсныг мартдаггүй юм. Тэгээд өвөө, хүү хоёр “Яадаг муу туучийнууд вэ” гээд л нөгөө өрөө рүү орцгоосон доо.

-Өөрийгөө чамлаж, сэтгэл дундуур ирж байсан тайлбар бий юү?

       -Өнгөрсөн жилийн Европын аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтуудыг “Central” телевизээр шууд дамжуулж байсан юм. Тэр үед аав “Миний тайлбарууд ерөөсөө орохгүй байна” гэж хэлж байсан. Аав өөрийнхөө тайлбарыг маш сайн мэдэрдэг. Тэр хэрээрээ заримдаа өөрийгөө чамладаг байсан болов уу. Хүмүүс “Сайхан тайлбарлаж байна” гэж байхад аав хэзээ сайн тайлбар хийв, аль үед тааруухан тайлбарласан гэдгээ өөртэйгөө ярьж, маш их анализ хийдэг байсан. Цаг үргэлж л суралцаж, илүү ихийн төлөө хичээж байсан даа. Хөл бөмбөгийн багуудыг дэмжиж ирсэн цаг үе, түүхүүдээ бол эргэж харахгүйгээр маш сайн мэднэ. Харин түүнээс өөр сүүлийн үед хийгдэж байгаа тоглогчдын солилцоо, хөл бөмбөгийн спорттой холбоотой баримтуудын бусад эх сурвалжийг маш сайн уншиж, судална. Сүүлийн жилүүдэд гэрт орох бүрд л нүдний шилээ зүүчихсэн ямар нэгэн зүйл уншиж, тэрийгээ алга дарам жижигхэн цаасан дээр орос хэлээр цөөн үгээр тэмдэглэж суудаг сан. Түүнийгээ тайлбартаа хэрэглэдэг байсан байх.

Уг нь тайлбарлагч болохоосоо өмнө тоглогчдын тухай их цуглуулж, сонины хайчилбар хадгалдаг байсан. Сүүлдээ амжихаа больсон уу, сонин ховор болсон уу, цуглуулаагүй. Харин эмээ л хүүгээ энэ, тэнд өгсөн ярилцлагыг хайчлаад хадгалж, хайчилбарын цуглуулгыг нь нэмдэг болсон байсан.

       -Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзаж байсан дурсамжийнх нь тухай хуваалцаж болох уу. Фанатууд нь андахгүй мэддэг юм билээ.  

      -Манайх X хорооллын “Golden Park” хотхонд байсан юм. Дэлхийн аварга шалгаруулах тоглолтын өмнөх шөнө аав багуудын учрааг бүгдийг нь таачихсан юм. Тухайн үедээ нэлээдгүй сенсаци болж байлаа. “Э.Балжинням үнэхээр мэддэг юм байна. Яаж бүгдийг нь таачих ваа” гээд л хэн хүнгүй ярьж байсан. Тэр үед аав руу 8820..... той дугаараас залгаад “Байна уу. Ерөнхийлөгч нь байна аа” гэхээр нь аав “За битгий тоглоод бай” гээд тасалчихсан юм билээ. Нөгөө дугаар нь буцаж залгаад “Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байна” гэж хэлэхэд нь аав хэсэг ярьж байгаад дуугаар нь таньсан гэдэг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрөө хөл бөмбөгийн фанат юм байна лээ. Тэгээд аавыг гэртээ урьж, хамт хоол идсэн байгаа юм. Ерөнхийлөгчийн гэрт, хоолны ширээний ард аавыг тухайн тоглолтын хуваарийг яаж тэгж алдаагүй таасан талаар хүмүүс асууж сонирхолтой яриа өрнөсөн гэдэг. Тэгээд тэрийгээ дараа нь “Хэн Ерөнхийлөгчийг тийм дугаараас залгана гэж бодох вэ” гээд л инээж байсан.

        Хүн ер нь өөрийнхөө хийж бүтээсэн, хойч үедээ үлдээсэн зүйлээрээ л амьдардаг юм шиг санагддаг. Мөн хүний сэтгэлд хүрч чадсан, зөв явснаараа л амьдардаг . Бусдад хэрхэн нөлөөлж чадсан нь тухайн хүнийг хэн байсан бэ гэдгийг нотолдог байх.

-Аав нь аялахдаа дандаа хөл бөмбөгийн эд, хэрэглэл цуглуулж ирэх үү. Хобби нь юу байсан бэ?

        -Тухайн орны, тухайн багтай холбоотой аяга, бал, түлхүүрийн оосор, ороолт, багийн өмсгөл зэргийг худалдан авч, цуглуулдаг байсан. Гадаадаас ирсэн даруйдаа л авсан зүйлсээрээ гэрээ чимнэ. Тэд нарыгаа хүнд өгөх тун дургүй. Гэрт нь ороход л аавын энийг хэрэглэж үзэх юм сан, тэр өмсгөлийг нь өмсөж үзэх юм сан зэргээр маш их догдолно. Үзэг, бал байсан ч цоо шинээрээ. Аав огт хэрэглэхгүй. Цуглуулгаа харж кайф авна. Хэрвээ цуглуулгаас нь ямар нэгэн зүйл байхгүй болсон байх юм бол түүнийг өөрийнх нь сэтгэлийг хөдөлгөж чадсан, маш онцгой хүнд л бэлэглэсэн байж таардаг. Хэрвээ энэ ярилцлагыг уншиж байгаа танд аавын минь өгсөн тийм бэлэг байгаа бол “Та үнэхээр сэтгэлийг нь хөдөлгөж чадсан хүн байна шүү” гэж хэлмээр байна (инээв).

-Тайлбарынхаа үеэр санамсаргүй үгийн алдаа гаргах, зохимжгүй үг хэлж байсан тохиолдол бишгүй л байх. Хөл бөмбөггүйгээр амьдралаа төсөөлж байсан болов уу?

          -Хүн бүхний мэддэг нэг яриа байгаа даа. Бээжингийн олимпын хаалтын тоглолтын үеэр аав микрофон оо унтраасан үгүйгээ шалгаагүй “Одоо энэнийхээ араас шууд баярлалаа, баяртайгаа *аачих уу” гээд хэлчихсэн тохиолдол байдаг. Тийм тохиолдол зөндөө л байдаг байх даа. Нэг удаа тайлбар хийж байхдаа “Тэнэг тоглогч вэ” гээд хэлчихсэн юм шиг байна лээ. Тэгж хэлснийг нь миний хүү сонсчихсон, өвөөгөө гэртээ ирэхэд нь “Өвөө та тэнэг гээд байхдаа яадаг юм бэ” гээд зэмлэж байсан удаатай.

Ер нь хөл бөмбөггүйгээр амьдралаа төсөөлж байгаагүй байх. Тийм өнцөг яригдаж байгаагүй. Хэрэв хөл бөмбөгийн тайлбарлагч болоогүй байсан бол орос хэлний багшаараа л ажиллах байсан байх.

            -Ямар үед хүүхдүүдээ магтаж, урамшуулж, эрхлүүлэх үү?

-Би бас хөтлөгч хийх дуртай. Даанч аавын маань ганц дэмждэггүй зүйл нь тэр байлаа. Аав бид хоёр Сэлэнгэ аймагт нэг арга хэмжээг хамт хөтлөх завшаан таарсан юм. Үйл ажиллагаа дууссаны дараа аав намайг анх удаа миний дэргэд магтсан санагддаг. Тэр нь мундаг байлаа, сайн байна шүү гэдэг үг биш шүү дээ. “Ярьдаг хүний хүүхэд бас ярьдаг л юм байна” гэж л хэлж байсан. Энэ их том магтаал санагдаж билээ. Тэр үйл ажиллагааны үеэр хамт авхуулсан бүдэгхэн зургаас өөр надад аавтайгаа хамт авхуулсан зураг байдаггүй юм байна лээ.

        Би аавын гаргасан хоёр номыг шивж, эх бэлтгэлийг нь хийсэн юм. Аав өдөр болгон гурав, дөрөв хуудас гараар бичсэн тэмдэглэлээ авчирч өгнө. Өдөр, орой бичнэ гэсэн ойлголт байхгүй. Намайг харж сууж байгаад бичүүлж байж санаа нь амарна. Дараа нь хүмүүст “Монголд хоёрхон хүн л хурдан шивдэг байх. Нэг нь манай охин Санаа, нөгөө нь “Монгол коммент” нэвтрүүлгийн Билгээ хоёр” гээд ярьдаг байсан гэсэн. Тэгж л биднийг магтаж, хайрлаж явдаг байсан хүн дээ. Манай дүү их эрх. Бүүр “Давруу Зулаа” гэдэг алдартай нэртэй. Аав ер нь их эрхлүүлнэ. Нэг удаа шагай харваа тоглож байхад нь дүү очсон гэсэн. Тэгээд аав хамт тоглож байсан хүмүүстэй “За манай охинд нүүр битгий өгөөрэй. Нүүр өгвөл та нарын наад хясааг чинь аваад шидчихнэ шүү” гэж хүртэл хэлсэн байгаа юм даа.

-Аавынхаа тухай бодохоор хамгийн түрүүнд юу санаанд ордог вэ. ?

         -Аав ямар нэг зүйл болохоор нүдээ ирмэдэг байсан. Тэр нь хамгийн түрүүнд санаанд буудаг. Манай ангийн нэг Узбек оюутан надаас “Чи яагаад дандаа нүдээ ирмэдэг юм бэ” гэж асуухад л би аавынхаа тэр үйл хөдлөлийг хүртэл дуурайсан гэдгээ мэдэрсэн. Бас аавын минь сайхан баргил хоолой хамгийн түрүүнд санагддаг

-Таны бодлоор аав тань хөл бөмбөгтэй амьдралаа холбосноор алдсан зүйл байгаа болов уу?

         -Би аавынхаа алдаа оноо, зөв бурууг шүүнэ гэдэг учир дутагдалтай байх. Харин спорт хүнийг тууштай занд сургаж, цаг хугацаагаа үр дүнгүй, буруу зүйлд зарцуулахаас сэргийлдэг шүү дээ. Магадгүй та сонирхдог спортоо үздэггүй байсан бол тэр цаг хугацаагаа хий дэмий зүйл зарцуулах байсан ч юм бил үү. Өөрөөр хэлбэл, миний аавын амьдралын өдөр хоног, цаг мөч бүр утга учиртай, зорилготой, хийх зүйлтэй сайхан өнгөрсөн гэж би боддог. Би аавыгаа олон шөнө нойргүй хонож, хэт их спортод дурласан, өөрийгөө бодсон бол арай илүү наслах байлаа гэж үзээгүй. Миний аав өөрийнхөө жамаар, сэтгэл дүүрэн амьдарсан болохоор араас нь харамсахгүй, харуусахгүй байх сан гэж хичээдэг. Мэдээж санана, бэтгэрнэ, гомдох үе байлгүй яах вэ. Тэр бүгдийг ганцаараа л туулахыг хүсдэг. Хүн ер нь зовлон даагаад сурчихдаг юм уу даа. Энэ зовлонг туулсан хүн л ойлгох байх. Хэчнээн бие нь эзгүй ч миний аав дээрээс харж байгаа болохоор би муу зүйл бодохыг ч хүсдэггүй юм.

-Та аавыгаа бурхан болох үед хүний нутагт байсан юм билээ. Танд ямар байсныг төсөөлөхөд ч бэрх юм аа.

          -Ямар ч үгээр илэрхийлэх вэ дээ. Тэнгэр, газар нурж байгаа юм шиг л санагдсан. Тэр үеийг одоо тийм ч тод санадаггүй юм. Хүний нутагт байсан учраас зургаан хүүхэдтэй хэрнээ ганц хүүхэдтэй юм шиг амьдарч байгаа эмээгээ, газар дээрх ганц дүүгээ ямар байдалтай байгааг төсөөлж ч чадахгүй байсан даа. Аавын тухай сонсоод онгоцны буудал руу хөдөлсөн. Намайг метронд суухад метроны дэлгэцээр хөл бөмбөг гарч байсан юм. Тоглогчдыг харахад аав л нүдэнд харагдаж байлаа. Би үнэхээр телевизээр хөл бөмбөг гарч байхыг хараад аавыгаа тэгж их санана гэж бодож байгаагүй. Онгоцны буудал дээр оччихоод Монгол хүн хараад л уйлаад байсан. Нуруугаа бөхийтөл ажилласан энэ хүмүүс бушуухан шиг эх орондоо очоосой л гэж бодож байлаа. “Надтай адилхан нэг охин аавыгаа санаад уйлж байгаа даа” л гэж бодол төрж, өөрийн эрхгүй нулимс асгараад байдаг юм билээ.

         Гэхдээ хол байдаг байсан болохоор ганцаардаад сурчихсан байсан гэх үү дээ. Айлын том охин аливаа зүйлд нуруутай байхгүй бол болохгүй. Зовлон дааж сурч байгаа нь тэр юм уу даа. Гэртээ ирээд өөрийгөө их барьсан, тэвчсэн. Хорвоогийн хатуу, зөөлөнд унаж, бүдрэхгүй, туулаад гарахыг л хүссэн. Тэр үед би ганцаараа зовоогүй гэдгээ маш сайн ойлгож байсан. “Яагаад вэ” гэвэл би аавын пэйж хуудсыг хөтөлдөг байсан юм. Гунигтай, уйтай мэдээ сонссон мянга мянган үзэгч, дэмжигчийнх нь эмгэнэл, сэтгэгдлүүд ямар хэцүү байсан гэж санана. Тэдний илгээж байгаа үгс, зургийг хараад энэ олон хүн бидний зовлон, шаналлыг хамт мэдэрч байгааг мэдэрсэн.  

-“Миний л амьдрал” номын шинэчлэгдсэн хэвлэлтэд аавтай нь өнгөрүүлсэн дурсамжийн хэсгийг нэмж оруулсан юм байна. Аавынхаа ертөнцөөр аялах ямар байсан бэ?

        -Аавынхаа талаар өөрийн мэддэггүй зүйлсээ маш ихээр мэдэж авсан. Чин сэтгэлээсээ хүнд туслах дуртай байсныг нь ч бусдаас дахин дахин сонсож байна. Миний хувьд хөл бөмбөгийг эрэгтэйчүүд түлхүү үздэг болохоор хэдэн залуучууд л аавыг таньдаг байх гэсэн бодолтой байсан. Гэтэл үнэхээр нас, хүйс гэж ялгахгүй бүгд аавыг таньдаг, хүндэлдэг болохыг мэдрэх сайхан байлаа. Аав минь монголчуудын хайртай олны танил эрхмүүдээс эхлээд эгэл жирийн нэг хүний амьдралд нөлөө болж чадталаа амьдарсан юм байна шүү гэдгийг номыг нь дахин хэвлэх явцдаа мэдэрлээ. Үнэхээр сайхан байлаа. Хөл бөмбөгийн тоглолттой шөнө болгон “Балжинням сан” пэйж хуудсанд нь аавыг дурссан сэтгэгдэл фанатуудаас нь ирдэг. Аавд зориулсан шүлэг хүртэл ирнэ. “Маш их санаж байна. Ийм тоглолт боллоо, та ингэж тайлбарлах байсан даа. Таны тайлбарыг үгүйлж байна” гээд л хүмүүс маш гоё үгсийг бичнэ. Фанатуудын аавыг минь санасан сэтгэл, үгүйлсэн бодол нь биднийг номыг нь дахин хэвлүүлэх зориг, хүч, итгэл хайрласан. Тэдний сэтгэлийн жимээр л өөрийнх нь бүтээсэн номыг шинэчлээд гаргах хүсэл төрсөн. Зурвас бичиж байгаа хүмүүст өртэй юм шиг санагдаж явсаар аавынхаа дурсамжийн номыг хэвлэлтэд өгч, уншигчдын хүртээл болгож байна. “Яав л энэ их санасан сэтгэлийг нь дэвтээх юм бол доо” гэж маш их бодсон. Энэ ном 2015 онд гарсан бүтээл дээр нь “Сэтгэлийн зул” дурсамжийн бүлгийг нэмж хэвлүүлж буйгаараа онцлогтой. “Энэ бүлэгт оруулах дурсамж бичиж өгнө үү” гэдэг хүсэлтийг ойр дотнын болон хамт ажиллаж байсан хүмүүст нь илгээсэн. Холбогдсон хүмүүс маань уриалгахан хүлээн авч байсан. Тухайлбал, Австрали Улсад суугаа хөл бөмбөг тайлбарлагч н.Амгалан, SBS телевизийн контент хариуцсан орлогч захирал н.Ялалт, бөх тайлбарлагч н.Шижирбат зэрэг эрхэм хүмүүс маань хамгийн түрүүнд дурсамжаа бичиж илгээж байсан. Мөн аавтай минь хэчнээн ойр дотно байсан ч энэ номд дурсамжаа илгээж чадаагүй, оруулж амжаагүй хүмүүс байгаа байх. Иймээс та бүхнээсээ хүлцэл өчье. Бид “Балжинням сан” ТББ-г байгуулсан. Сангийн ажлын хүрээнд мөн хүмүүсийн дурсамжийг ярилцлага болгож, сонсдог ном гаргах төлөвлөгөөтэй байгаа. Энэ удаад оролцуулж чадаагүй хүмүүсээ дараагийн ажилдаа оруулахыг хичээж байгаа. Энэхүү номоор аавынхаа амьдралыг мөнхөлье гэж л бодсон болохоор цөөн тоогоор хэвлүүлсэн. Яг үнэндээ миний аав амьдарч байх даа л мөнхлөгдчихсөн хүн. Би л тэрийг нь мэдээгүй байсан (инээв). Аавын минь амьдралаар бүтсэн энэ номыг хүмүүс үг, өгүүлбэр алгасахгүй уншаасай гэж хүсэж байна.

            Тэр хэдхэн хоногийн дараа БНСУ руу сургуульдаа явах гэж байгаа. Амралтаараа ирсэн хугацаандаа аавыгаа дуунд мөнхөлж, номыг нь дахин өлгийдөж өгөөд буцаж байгаа юм. Тэр буцаад ирэхдээ аавынхаа төлөө, аавынхаа үйл хэргийг гүйцэлдүүлэх хүсэл, сэтгэлээр жигүүрлэж, богц дүүрэн ирэх нь гарцаагүй биз ээ. Түүний чин сэтгэлийн үг нь “Аав минь хэдий байхгүй ч үргэлж хамт байж дэмжиж, номыг нь хэвлүүлэхэд, дууг нь гаргахад чин сэтгэлээсээ дэмжсэн бүгдэд баярлалаа” гэдгээ хэлэхийг хүссэн юм шүү.

             “Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол. Өөр юуг гайхамшиг гэх юм бэ” гэх эшлэлгүйгээр,

 Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн

Сэлэхийг нь биш орилохыг нь сурсан

Балжинням тайлбарлалаа үзэгчид ээ” гэх түүний эхлэлгүйгээр хөл бөмбөг үзэх амтгүй ч байж мэднэ. Гэхдээ тэр бидэнтэй, хөл бөмбөгийн фанатуудтайгаа ногоон зүлэгт, телевизийн буйдхан өрөөнд үргэлж хамтдаа бий...


ТАЙЛБАРЛАГЧ Э.БАЛЖИНЯМЫН ОХИН Б.АРИУНСАНАА: ААВ ДҮҮ БИД ХОЁРЫГ ӨГЛӨӨ БОЛГОН РОНАЛДО, ЗИДАНЫ ХӨРӨГТ МӨРГҮҮЛДЭГ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 47
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-26 09:31:26
    Гүнээ: Яруу охин бна. Хөтлөгч хийлгэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-25 23:25:22
    зочин: миний маш их харуусдаг 2 хүн нэг нь мэдээж Балжка минь 2 дахь нь Бавуугийн Лхагвасүрэн гуай маш их харуусал УМ МАНИ БАД МЭ ХУМ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-25 00:32:15
    Чимэг: Монгол түмнийхээ бахархал болсон хүн дээ, жинхэнэ домог шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 21:07:39
    Зочин: Тийм сайхан хүнээ тэнгэрт алдсан даа. Гайтай муухай ко байгаагүй бол олон жил дуу хоолойг нь сонсох байлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 13:44:21
    zochin: mundag ohin bna,aaviinhaa tuhai nudend uzegdtel saihan yariltslaga hiisen bna bayarlalaa,Yagaad um be?Hulbumbugiin delhiin avargiin temtseen bolj baigaa bolohoor oirdoo Baljaa tailbarlagch min bodogdood l baih um daa,HUL BUMBUGIIN BURHAN TENGER iveelee geed l hashigardagsan....Iim saihan aaviinhaa urgeljlel bolson ohiduudad n az jargal eruul enkhiig husie,Ajliin undur amjilt husie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 12:13:23
    Uuduu: Нулимас урсаад шимтэж үздэггүй ч чихэнд хогогшсон сайхан хоолой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 11:13:10
    иргэн: Ёстой ганган ярина шүү дэ . Үгээгүй ядуу солонгосын гэрт төрсөн 20$н шепи авч чадахгүй байсан Ан жун хуан гээд чихэнд сонсогдож байна. Сайхан хүн тэнгэрт тайлбарлаад сууж бгаа байхаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 11:08:28
    Чулуунбат: Хөл бөмбөгийг Балжиннямгүйгээр төсөөлөхөд хэцүү.Бурханы оронд энэ хүн маш их хэрэгтэй болоод аваад явж.Охин үр нь аавынхаа талаар маш сайхан ярилцлага өгсөн байна.Талархъяа.Аавын үргэлжилэл юм чинь Хөл бөмбөг тайлбарлаач ээ ...гэдэг санааг хэлье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 11:08:27
    Чулуунбат: Хөл бөмбөгийг Балжиннямгүйгээр төсөөлөхөд хэцүү.Бурханы оронд энэ хүн маш их хэрэгтэй болоод аваад явж.Охин үр нь аавынхаа талаар маш сайхан ярилцлага өгсөн байна.Талархъяа.Аавын үргэлжилэл юм чинь Хөл бөмбөг тайлбарлаач ээ ...гэдэг санааг хэлье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 10:59:18
    Тунгаа: Амьтай ,амттай ярилцлага болжээ. Ном нь олдохоосоо өнгөрсөн байх даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 09:43:45
    Би: Ярьдаг хүнийй хүүхэд ярьдаг л юм байна гэж хэлтэл нь аавыгаа хөглөсөн сайхан ухаалаг охинтой юм аа. Баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 09:00:27
    Hu: Zugeer yariltslaga unshaad uilchih ymdaa bi hugshurjdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 08:50:41
    Oyun: Ohin ni eejinhee tuhai yagaad dursahgui baigaa yum bol. Eej ni saihan emegteu baisan. Daanch ert ungursun
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 07:50:53
    .Д.Хуягт.: Ёстой гайхамшигтай сайхан тайлбарладаг байсандаа. Одоо ч хүмүүсийн сэтгэл зүрхэнд оршиж байгаа . аргагүй багш хүн дээ . түүний тайлбалахыг хүн бүр хүсэн хүлээдэг байсан. Хөл бөмбөгийн ертөнцийн түүхийг нэвт хүний оюун ухаан зүрх сэтгэлд тултал хүргэж ойлгуулж тайлбарлаж суулгаж чадсан гоц авьяас билэгтэн гэж болноо . Д.Хуягт. 2022 он.11 сар24. Пүрэв гаоиг. УБ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 07:24:27
    Марат: Хамт орос хэлний дээд сургуулд сурч байлаа даа.Естой байгаагаараа хүн байсан даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 07:09:48
    Batbold: Mundag xvn bsan shvv Odoo ch setgel zvrxend bdag Sxan oxind nAmjilt xvsie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 05:20:31
    Zaya : Estoi hul bumbgiin jinhen feni ni bsn shu Mundag ohin huu ni uvuugiin ajiliig ni urgeljluuleh bh.Mash saihan dursamjiig nudend haragdtal bichsen bn.Huurhun ohind ni amjilt husie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 04:06:18
    Батдэлгэр: хэлдэг үгийг нь уншихад л чихэнд дуу нь сонсогдох шиг болж байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 02:33:53
    Nnnn: Bi anglid 10 jil amidarch holbombogoor amisgalj baigaad Mongoldoo 2010 ond irsen. Ireed holbombog vzehed 1 soongo hooloitoi hamaagvui maygiin yariatai hvnii tailbarlasan 1 togloltiig vzeed l shuud taalagdsan daa. Angli tailbarlagchdiin yariagaar vzeed sursan hvnd shal oor style, 1 l dotno hvntei saihan haria ornvvleed suuj baigaa yum shig sergegdel torson bolohoor ter baih daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 00:01:47
    Туяа: Би 66 настай эмээ бна . Аавын чинь дуу чихэнд сонсогддог юм Зөв хүн сэтгэлд үлддэг юм бна.Энэ улс төрч нэртэй хулгайчидийг зурагтаар харахаас гутаад шууд хүүхэлдэйн кинон дээр тавьдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 00:00:52
    Т.Энхтуяа: Ёстой гайхалтай ангайтал тайлбарладаг байлаа.Эхлээд сөөнгө сонин хоолойтой юм шиг санагдах боловч яг л тэр хоолойноор тайлбарлахгүй бол амтгүй байх юм байна гэж бодоггддог байж билээ.Сайхан аавын ухаалаг охинд амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 00:00:52
    Т.Энхтуяа: Ёстой гайхалтай ангайтал тайлбарладаг байлаа.Эхлээд сөөнгө сонин хоолойтой юм шиг санагдах боловч яг л тэр хоолойноор тайлбарлахгүй бол амтгүй байх юм байна гэж бодоггддог байж билээ.Сайхан аавын ухаалаг охинд амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 00:00:50
    Т.Энхтуяа: Ёстой гайхалтай ангайтал тайлбарладаг байлаа.Эхлээд сөөнгө сонин хоолойтой юм шиг санагдах боловч яг л тэр хоолойноор тайлбарлахгүй бол амтгүй байх юм байна гэж бодоггддог байж билээ.Сайхан аавын ухаалаг охинд амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 00:00:49
    Т.Энхтуяа: Ёстой гайхалтай ангайтал тайлбарладаг байлаа.Эхлээд сөөнгө сонин хоолойтой юм шиг санагдах боловч яг л тэр хоолойноор тайлбарлахгүй бол амтгүй байх юм байна гэж бодоггддог байж билээ.Сайхан аавын ухаалаг охинд амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-12 19:57:14
    ӨАриунаа. : Сайхан ярилцлага өгчээ Ухаантай охинтой аав юм. Ном хаанаас авах вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-12 19:57:14
    ӨАриунаа. : Сайхан ярилцлага өгчээ Ухаантай охинтой аав юм. Ном хаанаас авах вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-12 17:31:29
    Munkherdene: Uneheer l gaihamshigtai dahin davtagdhgh hun bjee. Urgelj sanan dursaj yvah bolnoo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-12 15:09:03
    Ynztai: Yaj iim yaruuhan engiin atlaa ynzin yriltslaga hiihig surah ym san
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-12 15:02:52
    xaruusagch: daxin dawtagdashgvi xvn gej ene delxiid tsooxon bdg bx. tednii l neg n yum shd. uur xelex vg alga. daxin dawtagdashgvi!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-12 14:57:51
    Anhbayar: Монголын хөлбөмбгийн ертөнцөд үнэхээр том орон зай үлдээгээд оджээ .Ярилцлагыг уншаад өөрийн эрхгүй нулимс гарч байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-12 14:56:15
    Ganbaa: Olon tumendee ner hundtei, duuren saihan amidrana gedeg ene dee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-12 12:02:19
    М.Тэмүгэ: Сайхан аавын гайхалтай охин юм аа!!!Балжаа ахынхаа тайлбарыг үнэхээр их үгүйлж байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-12 10:26:17
    Ө Бираазана : Уншлаа!нулимас гарлаа ! Сайхан ярилцлага болж Морь тайлбарлагч залуутай ярилцаж суусан нэвтрүүлэг санаанд орж бна. Хоёиулангий нь биширч суулаа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-12 02:01:51
    Zochin: Vneheer goe yariltslaga boljee hulbumbug sonirhdgvi hvn bna a gehde baljin nyam ahiin tailbarlahiig sonsoh gej munch ih vzsen de setgel seregtel tailbarlana shvv de ene yariltsalgiig unshaad uuriin erhgvi uilaad bhiin vneheer ih haramsaj bn bas sanjiina um mani ******** me hum
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-12 02:01:31
    Zochin: Vneheer goe yariltslaga boljee hulbumbug sonirhdgvi hvn bna a gehde baljin nyam ahiin tailbarlahiig sonsoh gej munch ih vzsen de setgel seregtel tailbarlana shvv de ene yariltsalgiig unshaad uuriin erhgvi uilaad bhiin vneheer ih haramsaj bn bas sanjiina um mani ******** me hum
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-11 10:35:00
    Зочин: ёстой л мундаг огштол тайлбарладаг хүн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-11 06:15:52
    nyamdavaa: nom yaj avakh ve khaana zaragdaj bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-11 00:08:12
    Tumur: Estoi darvaital tailbarlana shuu de harinch neg
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-10 11:54:51
    Irgen Tseren: Oxin yamar saixan ugiin bayalagtaigaar xairtai aavigaa dursaj ve.Unexeer baxarxaltai bn.Xulbumbugt durlaxaasaa iluu tailbarlagchiin tariand tatagdaj yavaa.Mundag xun baisan bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-10 11:18:21
    Munkhgerel: Sain bagsh nariin saihan ohid. Shimten shimten unshlaa. Hutlugchiin ih awyastai ohin. Ugiin san saitai bn. Hutlugch niitlegch bolooroi. Amjilt husie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-10 06:37:37
    иогэн: Хөл бөмбөг нээх сонирхож хардаггүй л блаа Балжинняи гуайг тайлбарларыг сонссоор үздэг хөл бөибагчдийн нэрийг тогтоогоод хардаг болж билээ Гайхамштгтай тайлбаолагч.Хэтэрхий эрт явчихсандаа Ум ма ни бад мэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-10 06:37:35
    иогэн: Хөл бөмбөг нээх сонирхож хардаггүй л блаа Балжинняи гуайг тайлбарларыг сонссоор үздэг хөл бөибагчдийн нэрийг тогтоогоод хардаг болж билээ Гайхамштгтай тайлбаолагч.Хэтэрхий эрт явчихсандаа Ум ма ни бад мэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-09 22:32:40
    Зочин: Тайлбарлагч болоод олны танил болоход нь нэгэн цаг үед нэг нутаг усанд ажиллаж амьдарч байснаараа мөн ч их бахархаж сайрхаж ярьдаг байлаа. Олны танил болсон хойноо ч нэг л зангаараа, хэнтэй сайхан хөгжилтэй яриа өрнүүлдэг сайхан хүн байсан даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-09 18:38:10
    Cүнжигсаран: Дүүгийнхээ яриаг уншихад яг л дуу хоолойгоор нь сонсож бгаа юм шиг л нүдэндээ нулимстай бүгдийг нь уншлаа.Сайн аавын сайхан охин шүү.❤
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-09 17:52:31
    Түвшинбаяр: Уран цэцэн үгтэй хошин шогийн мэдрэмжтэй мундаг хүний төлөө гэсэн хүн байсан даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-09 17:32:15
    Сүхээ: Мундаг хүн дахиж ийм хүн гарахгү л дээ харамсалтай үнэхээр...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-09 13:36:21
    Зочин: Арай л эрт явсан даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188