• Өнөөдөр 2024-05-11

МАШИНТАЙ ХҮМҮҮС “ЭНЭ ЧИНИЙ ЗАМ ЮМ УУ. ДУГУЙН ЗАМААРАА ЯВААЧ” ГЭДЭГ

2021-06-14,   1170

        Гандантэгчэнлин хийдээс Модны II руу уруудан, автозамын голоор сурамгай гэгчин сүлжин сүнгэнэх дугуйтай хүүг замын цаана гарах хооронд нэгэн жолооч нүд ирмэхийн зуурт “чулуудчихлаа”. Хөөрхий хүү ямар ч хөдөлгөөнгүй хэвтсээр л байв. Ойр хавийн таних, танихгүй хүмүүс цугларч, тэдний зарим нь “Дугуйтай хүү, автомашины жолооч хоёр замаа буцаалдсанаас болж ийм хэрэг гарлаа” хэмээн сандрах, халаглах хоёр зэрэгцэн амандаа бувтнасаар байлаа. Цементэн дээр удтал хөдөлгөөнгүй хэвтсэн түүний дүр зураг хэдэн өдөр нүдэнд харагдаж, сэтгэл эмзэглүүлсэн юм. “Аз жаргалтай Улаанбаатар”, “Метрополис” гэх зэрэг чамин үгс, уриагаар үе үе гангарчихдаг нийслэлд минь стандартад нийцсэн дугуйн зам хангалттай байсан бол тэр хүү амь тавин жолооч нартай зам “булаацалдахгүй” байлаа.

Нийслэлд буй цөөн хэдэн дугуйн зам стандартад нийцээгүй, яадахдаа тэмдэглэгээ ч үгүй байгаагийн улмаас дугуйтай иргэд автомашины замаар зорчиж, улмаар осолд орж бэртэж, байна. Тухайлбал, энэ он гарсаар 18 иргэн дугуй унаж яваад автомашинд мөргүүлэх, шүргүүлэх зэргээр бэртжээ. “Унадаг дугуйн зам барих дэд хөтөлбөр”, “Нийслэлд унадаг дугуйтай зорчих боломжийг нэмэгдүүлнэ”, “Дугуйн замын стандартыг сайжруулна” хэмээн өнгөрсөн жилүүдэд том дуугарч, даналзаж асан нийслэлийнхний ажил хэр урагштай байгаад чих тавьлаа.

УНАДАГ ДУГУЙН ЗАМ БАРИХ АЖЛЫН “ТҮҮХ”-ИЙГ СӨХВӨЛ

      Улаанбаатар хотод 2011 оноос дугуйн зам барьж байгуулах ажлын судалгаа эхэлсэн байдаг. Улмаар 2013 оноос Нийслэлийн ЗДТГ болон Монголын залуучуудын холбоо хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл хэрэгжүүлж, гурван жилийн хугацаанд 186.7 км дугуйн зам барихаар төлөвлөсөн  ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бэлх, Дүнжингарав зэрэг есөн газарт 45.9 км зам тавиад ажлаа дуусгаж байв.  Гэвч хожим нь энэ төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил 84 км замаас хэтрээгүйюм.

Түүнчлэн 2016 онд зохион байгуулагдсан АСЕМ–ын арга хэмжээний үеэр хотын төвийн хэсгээр дугуйн замууд тавигдаж эхэлсэн нь ногоон өнгөөр ялган будсан зам юм. Хожим өнөөх ногоон будаг нь халцарч, булан тохой нь эмтэрч, өвөлдөө халтиргаа үүсч “бүтэл муу”-тай ажил болсон. Ингээд цаашид баригдах дугуйн замыг асфальтаар хийж гүйцэтгэхийг тухайн үеийн хотын мээр 2018 онд холбогдох газруудад үүрэг болгож байв. Энэ тухай Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул “Энэ жилээс эхлэн тавигдах дугуйн замууд дэлхийн стандартад нийцсэн насжилт өндөр, өнгө үзэмж сайтай баригдах болно” хэмээн 2018 онд ам гарч байлаа.

Ингэж амласнаас хойш багагүй жил өнгөрсөн байна. Бид явган хүний замаас “хумсалсан” дугуйн замтайгаа өдийг хүрчээ.

  • Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас 2017 оны аравдугаар сарын 25-нд “ОДНД” компанитай нарны зам дагуу 8.4 км дугуйн зам тавих ажлын гэрээг 427 сая төгрөгөөр байгуулж байв. Энэ ажил 2018 оны тавдугаар сард дуусах байсан ч тухайн сард ажлын гүйцэтгэл 60 хувьтай гацаж, мөн явган хүний замаас 1.5 метрийг хумсалж улаан өнгөөр будсан нь олны шүүмжлэлийг дагуулсан байдаг.
  • 2018 он. Бага тойруугийн дагуу 2-5 км, мөн Зайсан чиглэлд гээд нийт 10.4 км дугуйн зам барих ажлыг нийслэлийн төсвийн 300 орчим сая төгрөгөөр гүйцэтгэхээр төсөвлөсөн байдаг.
  • 2019 оны аравдугаар сард ашиглалтад орсон 100 айлын 1.6 км шинэ зам хоёр талаараа дугуйн замтай.

Энэ мэт өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 84.7 км дугуйн зам байна. Гэвч эдгээр зам стандартын хувьд үргэлж асуудал дагуулсаар ирсэн. Тиймдээ ч дугуйтай иргэд зориулалтын замаараа явах нь ховор. Иймд дугуйн замын ажилд зарцуулсаар ирсэн нийт төсөв, мөнгө салхинд хийссэнтэй адил болж байна гэсэн үг юм.

ДУУСДАГГҮЙ ТӨЛӨВЛӨЛТ, УРАГШИЛДАГГҮЙ АЖИЛ

Хотын удирдлагууд дугуйн замыг нэмэгдүүлэх, шинээр барих шаардлагатай хэмээн үзэж 2020-2021 онд нэмж найман байршилд 52.8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөсөн байдаг. Үүний нэг хэсэг нь нийслэлийн зургаан байршилд баригдаж буй 16.8 км зам юм. Тодруулбал,

  • Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.7 км дугуйн зам
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн зам
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 1.9 км дугуйн зам
  • Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 6.0 км дугуйн зам
  • Сонгинохайрхан дүүрэг Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.2 км дугуйн зам
  • Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км дугуйн зам барина.

Уг ажлын гүйцэтгэгч нь “Драгон бридж” компани бөгөөд дугуйн зам тавих гэрээний захиалагч тал нь НАЗХГ юм. Тодруулбал, Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас 2020 оны есдүгээр сарын 16-нд “НХААГ/202004667” дугаартай тендер зарласан байдаг. Төсөвт өртөг нь 16 тэрбум төгрөг бөгөөд ашиглалтад орох хугацаа нь энэ оны долдугаар сарын 1-н хэмээн гэрээнд заасан. Гэвч НАЗХГ болон гүйцэтгэгч компаниас уг ажлаа хоёр сараар уртасгаж ирэх есдүгээр сард дуусгах гэх.

АЖИЛ НЬ ДУУСАА Ч ҮГҮЙ БАЙХДАА СТАНДАРТЫН БУС ГЭХ ШҮҮМЖЛЭЛД ӨРТСӨН 7.2 КМ ЗАМ

      Унадаг дугуйн зориулалтын замтай болох гэж өнгөрсөн жил эхэлсэн ажил өнөөдөр дуусаагүй байгаа жишээ олон бий. Үүний нэг нь Маршалын гүүрээс Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хүртэлх гурван метр өргөнтэй 7.2 км дугуйн замын ажил юм. Тус дугуйн замын ажил 2020 онд эхэлж, одоогоор 70 гаруй хувьтай явж байгаа аж. Энэ ажил дуусаа ч үгүй байхдаа хэл ам дагуулж эхэлсэн нь өнөөх стандартын тухай шүүмжлэл юм. Тодруулбал, тус дугуйн замыг хашлага босгосон байгаа. Уг хашлагыг дугуйн замтай хэт тулгаж барьсан нь шүүмжлэл дагуулжээ.

Энэ талаар Монголын дугуйн холбооноос “Дугуйн замд яагаад ийм хашлага хийж байгаа юм бэ гэтэл “Дугуйчдыг далангаас унах, гол руу унахаас хамгаалж барьсан талаар хэлсэн. Энэ нь байж болох ч барьсан хашлагаа дугуйн замтай хэт тулгасан байна. 50 см зайд аюулгүйн зурвас үлдээгээд далангийн ирмэг дээр хашлага босгож болно шүү дээ. Мөн дугуйн замын нэг урсгал нь 1.5 метр болхоор дугуйтай хоёр иргэн зэрэгцэж явах боломжгүй. Дугуйны гар замын ирмэгээс 40 см илүү гардаг учир дугуйтай иргэд зөвхөн нэг эгнээгээр зорчих боломжтой гэсэн үг” хэмээн шүүмжилсэн юм.

Харин уг замыг хэзээ ашиглалтад оруулах талаар гүйцэтгэгч компани болох  “Алтай Рөүд”-ийн захирал Д.Ганзориг “Туул гол дагуух үерийн усны даланг ашиглан, дугуйн зам тавьж байгаа. 50 метр орчим газарт шороо сольж, хөрс нягтаршуулж байна. Одоогоор хоёрдугаар ээлжийн ажил буюу амралтын цэг, нийтийн бие засах газар, камер, замын гэрэлтүүлэг хийж байгаа бөгөөд гэрээт хугацаанд буюу долдугаар сарын 5-нд хүлээлгэж өгнө” гэсэн юм.  

ЖОЛООЧИД “ЭНЭ ЧИНИЙ ЗАМ ЮМ УУ. ЯВГАН ХҮНИЙ ЗАМААРАА ЯВААЧ” ГЭДЭГ

          Ярьж, хэлж буй нь чихэнд цэцэг ургуулах мэт сайхан ч гэлээ гүйцэтгэл нь стандартад нийцээгүйгүйгээс багагүй хэл ам дагуулдаг. Нөгөөтэйгүүр дугуйн зам барихад зарцуулсан нийслэлийн төсвийн хөрөнгө салхинд хийссэнтэй адил үр ашиггүй урссаар байна.

Стандарт, хэмжилзүйн газраас “Унадаг дугуйн замын өргөн 1-1.5 метр, явган хүний зам 2.5 метр буюу нийтдээ 3.5-4 метр өргөнтэй байх ёстой" хэмээн тогтоосон байдаг

Мөн дугуйн замыг явган хүний замаас хашлага зурвасаар тусгаарласан байх, явган зорчигчийн хөдөлгөөнөөс тэмдэглэл, өнгө, замын хаших, чиглүүлэх хэрэгслээр зааглагдсан байх ёстой байдаг аж.  Гэтэл эдгээр стандартад нийцсэн дугуйн зам нийслэлд ховор байдгаас дугуйчид зориулалтын замаараа тэр бүр зорчиж чаддаггүй аж.

Энэ талаар Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав зэрэг хэдхэн байршилд стандартад нийцсэн зам байдаг. Бусад нь стандартын шаардлага хангахгүй. Одоогоор Богд уулын ар, Налайхын шинэ зам дагуу шинэ зам баригдаж байна. Ер нь бүх л дугуйн зам стандартад нийцдэггүй. Зураг төслийг нь хэн гаргаж, хэрхэн бүтээдэг юм бол доо, мэдэхгүй юм.

Наад зах нь дугуйн замын тэмдэг, тэмдэглэгээ байдаггүй. Цагаан будгаар тэмдэглэсэн нь арилчихдаг. Дараа нь сэргээж буддаггүй.

Хоёрдугаарт, босоо тэмдэг байхгүй. Гуравдугаарт, явган хүний замаас тусгаарлах шугам, хашлага байдаггүй. Явган хүний замтай хамт учир иргэд дугуйн замаар зорчиж, тэднийг тойрч гарах шаардлагатай болдог. Дугуйн зам нь автобусны буудлыг яаж тойрох юм, уулзваруудаар яаж өнгөрөх юм гээд ямар ч шийдэл байдаггүй. Зүгээр л нэг будаг тавьчихдаг. Маш эрсдэлтэй. Тиймээс дугуйтай иргэд дугуйн замаараа явах нь ховор. Ийм учраас бид автомашины замаар автозамын хөдөлгөөний дүрмийн дагуу баруун гараас нэг метр зай бариад, дундуур нь сүлжээд л явдаг. Стандартад нийцээгүйн улмаас дугуйтай иргэд осол аваарт их өртдөг.

Хамгийн сүүлийн “хөл хорио”-ны үеэр хөдөлгөөн бага байсан учир дугуйчдад ээлтэй байсан

Дугуйн зам нийслэлд хангалтгүй байдаг. Огт хүрэлцээгүй. Ерөөсөө хэдхэн дугуйн замтай. Тэр нь стандартад нийцдэггүй. Тийм болохоор дугуйчид автомашины замаар явдаг. Хамгийн сүүлийн “хөл хорио”-ны үеэр хөдөлгөөн бага байсан учир дугуйчдад ээлтэй байсан. Жолоочид “Замаас зайлаач ээ, чи. Энэ чиний зам юм уу. Явган хүний замаараа яваач” гэж хараадаг. Дугуй гэдэг бол тээврийн хэрэгсэл. Дугуйн зориулалтын зам байхгүй тохиолдолд автозамын брожур буюу хашлаганаас нэг метрийн зайд хоёр эгнээр давуу эрхтэйгээр зорчино гэж олон улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг. Энэ талаар замын цагдаа нь хүртэл мэддэггүй байсан. Одоо харин харьцангуй өөр болоод байна” хэмээн ярьсан юм.

Энэ мэт 2000 оны дунд үеэс эхлэн нийслэлд дугуйн зориулалтын зам барих ажил эхэлсэн бөгөөд өдийг хүртэлх хугацаанд туршлага хуримтлуулах боломж их байлаа. Гэвч дугуйн замын ажлын төлөвлөлт, төсөв мөнгө нь бэлхэн бүтдэг ч ажил нь бүтсэнгүй удсаар, хэл ам дагуулсаар өдийг хүрчээ. Наад захын жишээ татахад, дугуйн замынхаа голд шон хатгасан байх нь энгийн нэг тохиолдол. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарж, нүд хуурсан дугуйн замаа бүтээн байгуулалт гэх нь зөв үү, хотын даргаа.


МАШИНТАЙ ХҮМҮҮС “ЭНЭ ЧИНИЙ ЗАМ ЮМ УУ. ДУГУЙН ЗАМААРАА ЯВААЧ” ГЭДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-14 12:10:22
    дугуй: Эдгэдэггүй яр хиртдэггүй бинт гэдэг шиг ахидаггүй ажил дуусдаггүй зам гэгч энэ дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188