• Өнөөдөр 2024-04-24

Л.ОЮУН: Арбитрын шүүхийн шийдвэр гарах болоогүй учир эдийн засгаа мөнгө нийлүүлэх замаар дэмжих нь чухал

2021-04-09,   688

-“Зовлонгийн түргэн жаргалын удаан” гэдгийн адил эхлээд вакцинжуулалтаа хурдасгаж, халдварын тархалтыг хумих нь зөв болов уу-

Засгийн газраас 15 хоногийн хугацаанд хөл хорионы хатуу дэглэм тогтоож, гамшгийн улаан түвшинд шилжих шийдвэр гаргасан. Энэ шийдвэр дөрөвдүгээр сарын 10-наас буюу ирэх бямба гарагаас хэрэгжиж эхэлнэ. Мөн хөл хорио тогтоосон хугацаанд дэмжлэг болгох үүднээс 300 мянган төгрөгийг иргэн бүрд олгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ мөнгөний санхүүжилтыг Төрийн санд төвлөрсөн Оюутолгойн татварын мөнгө болох нэг их наяд 25.6 тэрбум төгрөгөөр шийдвэрлэх болсон нь шүүмжлэл дагуулаад байна. Учир нь, Лондонгийн арбитрын шүүхэд татвартай холбоотой маргаан зохих ёсны дагуу үргэлжилж байгаа бөгөөд хэрэв шүүхийн шийдвэр “Рио Тинто”-гийн талд гарвал Оюутолгой компаниас татварт төлсөн мөнгийг монголын тал буцаан төлөх магадлалтай юм. Нэг үгээр, энэ мөнгө Засгийн газрын мэдэлд бүрэн ороогүй гэсэн үг. Иймд Оюутолгойн татварын мөнгийг иргэдэд олгох нь арбитрын шүүхийн шийдвэр хэрхэхээс хамаарч хожим нь манай улсад өр болох вий гэх шүүмжлэл дагуулаад байгаа юм. Уг асуудалтай холбоотойгоор эдийн засагч Л.Оюунтай цөөн хором ярилцаж, түүний байр суурийг сонслоо.

-Иргэн бүрд 300 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэ шийдвэрт эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хөл хорио тогтоож, иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэрийг зөв гэж бодож байгаа. Яагаад вэ гэвэл иргэдэд гурил, будаа зэргийг тарааж өгснөөс мөнгө олгох нь эдийн засагтаа үр өгөөж нь илүү байдаг. Дэлхийд улс орнуудад коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авсан талаар судалгаа явуулахад иргэддээ мөнгө өгөх нь илүү өгөөжтэй, зөв шийдвэр болох нь батлагдсан. Жишээлбэл, АНУ, БНСАУ зэрэг улс орнууд иргэддээ бэлэн мөнгө өгч байгаа. Гурил, будаа зэргийг иргэдэд өгөх нь эдийн засагт үр ашиггүй байхын зэрэгцээ “үрэлгэн” шийдвэр болдог. Мөнгө тараах юм бол иргэд өөрсдөө тэр мөнгийг зохицуулж, зах зээлд эргэлдүүлдэг учир эдийн засагт өгөөж нь илүү байдаг. Иймд иргэн бүрд 300 мянган төгрөг олгох нь нүдээ олсон, зөв шийдвэр гэж харж байна.

Иргэдэд мөнгө олгосноор борлуулалт дэмжигдэнэ. Ингэснээр аж ахуйн нэгж байгууллагууд эргэлтийн хөрөнгөтэй болоод зогсохгүй ажлын байраа хадгалж, цомхотгол хийхгүй байх боломж бүрдэнэ гэсэн үг.

-Энэ шийдвэртэй холбогдуулан үнийн зохиомол хөөрөгдлийг бий  болгож, инфляцид нөлөөлөх вий гэх хандлага, болгоомжлол байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэртэй зэрэгцээд бараа бүтээгдэхүүний үнийг барих, хөөрөгдүүлэхгүй байх тухай гэрээг худалдааны газруудтай хийж байгаа. Иймд инфляцид сөргөөр нөлөөлөхгүй болов уу.

-Иргэдэд олгох мөнгийг Төрийн санд төвлөрсөн Оюутолгойн татварын мөнгөнөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Татварын маргаантай холбоотойгоор олон улсын арбитрын шүүхэд Рио Тинто ялвал энэ мөнгө монголын талд өр болох вий гэх болгоомжлол байна. Үүнд мөн ямар байр суурь ямар байгаа вэ?  

-Арбитрийн шүүхийн шийдвэр өнөө маргаашдаа гарахгүй. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн татварын мөнгийг буцаан төлөх эсэх нь ойрын хугацаанд шийдэгдэхгүй гэсэн үг. Ямартай ч “Ковид-19” цар тахлын хүнд үед эх үүсвэр бүхий мөнгөтэй байна. Хэрэв арбитрын шүүхэд ялагдаж, энэ мөнгийг буцаан төлөх болбол дараагийн эдийн засгийн циклээс орж ирэх мөнгөнөөс төлж болно гэж харж байгаа. Одоохондоо эдийн засаг л унахгүй байх ёстой. Харамлаж суусаар байгаад эдийн засгаа унагаачих юм бол дараа нь түүнээс ч илүү хүндрэлтэй нүүр тулна. Иймд байгаа мөнгөө эргэлтэнд оруулах нь зөв.

-Дөрөв, тавдугаар сар бол бизнесийн буюу эдийн засагт их чухал сар гэж ярьдаг. Энэ үед хөл хорио тогтоох нь хэр зохимжтой вэ?

-Миний хувьд чиний ярьж буй шалтгаанаар хөл хорио тогтоох саналын эсрэг байсан. Манай улс улирлын шинж чанартай эдийн засагтай орон. Гэвч цар тахлын тархалт, өвчлөл маш хүнд түвшинд хүрлээ. Коронавирусийн улмаас нас барах хүний тоо ихэсч, эмнэлэг ачааллаа даахаа больж цаашлаад энэ өвчлөлийг дарж чадахааргүй болох магадлал өндөр болчихлоо.

Эдийн засаг гэсээр байгаад иргэдээ өвчлөлд автуулж болохгүй

Өвчлөл нэмэгдэхийн хэрээр зардал их гарна. Эдийн засагт нэг асуудал байдаг нь, ямар нэгэн арга хэмжээ авахад сөрөг, эерэг гэсэн хоёр тал байдаг. Тооцоолж үзэж байгаад эерэг тал нь давамгайлж байвал тэр арга хэмжээг хэрэгжүүлж, сөрөг тал нь давамгай байвал хэрэгжүүлдэггүй. Коронавирусийн тархалтын байдлыг харахад “Зовлонгийн түргэн жаргалын удаан” гэдгийн адил вакцинаа хурдасгаж, халдварын тархалтыг хумих нь зөв болов уу. Харин дараа нь улирлын шинж чанартай эдийн засгаа нөхөх ямар арга байгааг хайж эхлэх байх.

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хэр байна вэ?

-Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас коронавирусийн дараах улс орнуудын эдийн засгийн төлөв байдлыг судалсан. Энэ судалгаагаар манай улсын эдийн засгийг таван хувийн өсөлттэй байна гэх прогноз гаргасан. Ер нь мөнгө нийлүүлэх замаар эдийн засгийг дэмжих юм бол их хурдан сэргэдэг.  Нөгөө талаараа эдийн засагт мөнгө нийлүүлэх нь инфляцид сөргөөр нөлөөлөх гээд байдаг. Гэхдээ инфляц тогтворжуулах арга хэмжээ авах юм бол нөлөө үзүүлэхгүй.


Л.ОЮУН: Арбитрын шүүхийн шийдвэр гарах болоогүй учир эдийн засгаа мөнгө нийлүүлэх замаар дэмжих нь чухал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-09 10:10:26
    Zochin: Зөв ярьжээ...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188