“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор нэг сар орчим хугацаанд хөл хорио тогтоохоор болоод байгаа. Энэ нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлэх тухайд болон бусад асуудлаар эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.
-Манай улсын эдийн засаг одоо ямар нөхцөл байдалд байна вэ. Цаашид ямар өөрчлөлт, үзүүлэлт гарах хандлагатай байна вэ. Цар тахлын халдвар манай улсад ямар нөлөө үзүүлэв?
-Манай улсын эдийн засаг нэлээд хүндхэн нөхцөл байдалд байна. Коронавируст халдварын үе эхлэхээс өмнө л нөхцөл байдал амаргүй байсан. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилт хөтөлбөр хэрэгжүүлж энэ оны тавдугаар сард дууссан. Цар тахал эхэлсэнтэй холбоотой энэ оны эхний гурван улиралд хөл хорио тогтоож, хилээ хүртэл тодорхой хугацаагаар хаасан. 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар ДНБ -10.7 хувь, хоёрдугаар улирал мөн л -9.7 хувь гарсан. МҮХАҮТ-аас коронавируст халдвар аж ахуйн нэгжид ямар нөлөө үзүүлж байгаа талаар санал асуулга явуулсан. Үүнээс 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар ойролцоогоор 6000 хүн ажилгүй болсон гэсэн үр дүн гарсан. Тэгвэл одоо нөхцөл байдал илүү хүндрэхээр байна. Аялал жуулчлалын салбар нэлээд хүнд цохилт авсан, зун жуулчид ирээгүй, одоо хатуу хөл хорио тогтоосонтой холбоотой ихэнх аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй болсон тул нөхцөл байдал тун амаргүй боллоо.
-Бизнесийн салбар тэг зогсолт хийгээд байгаа гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн хөл хориог дахин 10 хоног сунгалаа. Энэ нь аж ахуйн нэгж, үйлчилгээ, бизнесийн салбарт цохилт болж байна. Эдгээр салбарыг дэмжих ямар боломж байх вэ. Мөн өөр бусад ямар салбарт хүндрэл, эрсдэл учраад байна вэ?
-Аялал жуулчлалын салбарт хамгийн том эрсдэл учирч байгаа гэж харж байгаа. Аялал жуулчлалын салбар гэдэг нь зочид буудал, ресторан, бэлэг дурсгал, тээвэрт нь явдаг машин унаа гээд том зургаар нь харах хэрэгтэй. Гадаадаас ирэх жуулчид ихэнхдээ жилийн өмнө аялах газраа сонгоод төлбөрөө хийдэг. Тэгэхээр энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын бас нэг том эрсдэл бол ханшийн зөрүү юм. Мэдээж эдгээр хүмүүс нь аялалаа цуцалж мөнгөө эргүүлэн авъя гэхэд тэр мөнгөөр нь аль хэдийн онгоцны тийз, зочид буудал захиалчихсан байдаг. Тэгээд төлбөрийг нь МИАТ ч юм уу өөр тийз захиалгын компаниудаас авъя гэхэд төгрөгөөр өгнө, тэрийгээ солиулаад валют болгоё гэхээр алдагдалд орж байна. Энэ бол зүгээр л нэг жижиг эрсдэлийн жишээ. Мөн ирсэн жуулчид нь ноолууран зүйлс, бэлэг дурсгалын зүйлс авна, ресторанд хоол иднэ гээд маш олон жижиг, том бизнесийг худалдан авалтаараа дэмждэг. Одоо хөл хориог 10 хоногоор сунгасантай холбоотойгоор дотоодын худалдан авалтыг нь үгүй хийчихлээ. Тэгэхээр бизнес эрхлэгчид хүндхэн сорилтуудтай нүүр тулах нь.
2020 оны нэгдүгээр улирлын байдлаар ойролцоогоор 6000 хүн ажилгүй болсон гэсэн үр дүн гарсан
-“Ковид-19” халдварын энэ үед иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүгийн хямралаас гаргах олон улсын ямар сайн жишиг байна вэ?
-ХБНГУ-ын Засгийн газар арваннэг, арванхоёрдугаар сард хөл хорио тогтоосонтой холбоотой аж ахуйн нэгжүүдэд энэ саруудынх нь орлогыг нөхөн өгч байна. Ингэхдээ цахимаар өргөдөл авч байгаа бөгөөд татварт өгч байсан тайлан дээр нь үндэслэн нөхөн олговорыг сар сард нь данс руу нь шилжүүлж байгаа. Мөн түүнчлэн Хөгжлийн банкнаасаа хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн зэрэг сайн туршлагууд байна.
-Цар тахалтай холбоотойгоор манай улсын гадаад худалдаанд ямар асуудал тулгарч байна вэ?
-Цар тахалтай холбоотой гадаад худалдаанд мөн л томоохон асуудлууд тулгарч байгаа. Энгийн жишээ гэхэд л экспортын үйлчилгээ эрхэлдэг компаниуд өөрийн бүтээгдээхүүнээ хэрэглэгчдэдээ нийлүүлж чадах хугацаа нь тодорхойгүй байна. Тиймээс гэрээгээр байнга нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд тодорхой хугацаа хэлж чадахгүй эрсдэлд орох магадлалтай. Бараа, бүтээгдэхүүн импортолж байгаа аж ахуйн нэгжид мөн л татан авалттай холбоотой тодорхой бус асуудлуудтай байнга тулгарч байгаа. Өмнө нь тодорхой хуваарийн дагуу татдаг байсан бол өнөөдөр мөн л зарим тохиолдолд бараа, бүтээгдэхүүн нь ирэхгүй удаж байгаад гэнэт бөөнөөрөө буюу маш ихээр орж ирэх зэрэг эрсдэл үүсэж байна.
-Манай улс Дэлхийн банкнаас вакцин авах зорилгоор 50.6 сая ам.долларын санхүүжилт авсан. Үүнээс өөр арга байхгүй. Гэвч ирэх жилүүдэд бондын эргэн төлөлттэй. Гадаад өр нэмэгдсээр байна?
-Мэдээж сэтгэл байвал гарц байгаа. Уг нь хамгийн эхлээд төсвөө танах хэрэгтэй байна. Бүх үр өгөөжгүй буюу хэрэггүй зардлаа танах буюу хасах хэрэгтэй. Төсвийн мөнгөөр баригдаж байгаа бүх барилга байгууламжийг хэчнээн ажлын байр бий болгох вэ, гаргасан зардлыг нь нөхөөд урсгал зардлаа дааж чадах уу зэрэг тооцоолол хийсний үндсэн дээр шийдвэр гаргах хэрэгтэй. 2016 онд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндрэлд орж ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжүүлж, өрийг өрөөр дарсан. Мөн Монгол Улс 2021 оноос үндсэн төлбөр хийх ёстой байгаа. 2021 онд зөвхөн Засгийн газрын гадаад өрийн эргэн төлөлтөд 702.6 сая ам доллар төлөхөөр байна. Монгол Улсын өр нэмэгдсээр л байгаа.
-Манай улс дотооддоо халдвар алдсантай холбоотойгоор урд хөрш хилийн хяналтаа чангатгаж эхэлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Энэ нь түүхий эд, нүүрсний экспортод хэрхэн нөлөө үзүүлэх вэ?
-Монгол Улсын экспортын голлох салбар бол уул уурхай. Дэлхийн түүхий эдийн үнээс хамаарч гол таван бүтээгдэхүүн төсвийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Нүүрс, зэс, төмрийн хүдэр гээд голлох түүхий эд ордог. Эхний арван сарын байдлаар 23.9 сая тонн нүүрс экспортолсон, энэ 1.8 тэрбум ам.доллар юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, албан бичигтээ дөрвөн асуудлыг дурдсан. Энэ хориг хэр үндэслэлтэй эсэхэд байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Ерөнхийлөгчийн гол байр суурийг зөв гэж бодож байгаа. 2021 оны төсвөө зөв төсөвлөх хэрэгтэй. Наад зах нь вакцинаа Дэлхийн банкны зээлээр авна тийм болохоор төсөвт суулгах шаардлага байхгүй гэж харж болохгүй. Энэ мөнгийг хэзээ нэгэн цагт эргэн төлөх шаардлага гарна тийм болохоор нэмэлтээр өр авах асуудлыг аль болох багаар төсөвлөх хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан нар хадгаламжийн хүүг царцаах санал гаргаад байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Хадгаламжийн хүүг царцаах нь буруу. Үндсэндээ банкуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох нь буруу юм. Хадгаламжийн хүүг царцаах юм бол төгрөгийн ханшийн сулралд хүчтэй нөлөө үзүүлнэ. Энэ нь эргээд инфляцид сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Төлбөрийг нь бид худалдан авалтаараа л хийнэ.
-Эрсдлийг хэрхэн даван туулах тухайд эдийн засагч хүнийхээ хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Ер нь бол эдийн засгийн орон зай тун хүнд байна. Аливаа арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд төсөв мөнгө хэрэгтэй, энэ нь байхгүй байгаа учир хүнд. Аль болох бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд саад учруулахгүй, чөлөөтэй бизнес эрхлэх боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Салбар салбараар нь ямар дэмжлэг байгаа талаар судалгаа хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол түрээсийн төлбөрийг хөнгөлөх, банкны хүүг хойшлуулах зэргээс давж гарахгүй байна. Зарим салбарт урт хугацааны дэмжлэг хэрэгтэй байгаа гэж харж байгаа бол зарим салбарт богино хугцааны дэмжлэг хэрэгтэй гэж бодож байна.
Б.ЛАКШМИ: Бизнес эрхлэгчид ХҮНДХЭН СОРИЛТУУДТАЙ нүүр тулах нь |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |