• Өнөөдөр 2024-05-17

Н.ЭНХБАЯР: Ажлын байраа алдсан иргэд энэ хэвээр ядуурлын эгнээнд шилжинэ

2021-08-24,   561

Эдийн засагч Н.Энхбаяртай цар тахлын үеийн эдийн засгийн талаар ярилцлаа.

-Коронавирусийн нөлөөгөөр эдийн засаг хямарч, нөхцөл байдал амаргүй байгаа. Манай улсын эдийн засаг өнгөрсөн хугацаанд хэрхэн  өөрчлөгдөв?

-2020 оны нэгдүгээр сараас олон улсын байгууллагаас коронавирусийг цар тахал хэмээн зарлаж, энэ өвчин тархсан. Өнгөрсөн онд энэ өвчнөөс болоод дэлхий нийтийн эдийн засаг хүндэрсэн. Учир нь, ихэнх улс хөл хорио тогтоож, ачаа бараа саатсан зэргээр бизнесийн бүхий л сүлжээ тасалдаж, аялал жуулчлал тэг зогсолт хийсэн. Саяхан олон улсын байгууллагын гаргасан судалгаанаас харахад ОУВС-гийн гишүүн 188 улсын 160 улсад эдийн засгийн бууралттай гарсан. Африкийн болон Вьетнам, Хятад, Сингапур Улсад эдийн засаг нь өсөлттэй гарсан. Энэ нь тухайн улсуудын эдийн засгийн бүтэцтэй холбоотой. Дотоодын бүх салбар нь жигд хөгжсөн учраас аль нэг салбараасаа хэт хамааралтай бус. Мөн Хятадын эдийн засаг маш том учир хэдийгээр хилээ хаасан ч дотоодын худалдаа нэмэгдэж, эдийн засгаа авч гарч чадсан. Түүнчлэн Төв банк, Засгийн газраас авсан мөнгөний нийлүүлэлт, дэмжлэг үр дүнгээ өгсөн.

Харин манай эдийн засаг уул уурхайн салбараас  шууд хамааралтай. Манай эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувь, гадаад худалдааны экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай. Оны эхэнд гадаад худалдаа нь долоон тэрбум гаруй ам.доллар болоход 5-6 тэрбум ам.доллар нь уул уурхайн бүтээгдэхүүнтэй холбоотой орлого байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад зах зээл хил хаасантай холбоотой тасалдсан. Оны эхний долоон сарын байдлаар нүүрс болон зэсийн баяжмалын экспорт биет хэмжээгээр буурсан. Үнийн дүнгээрээ нэмэгдсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дотоодод халдвар тархсанаар хойш эдийн засагт хүндрэл үүссэн. Хамгийн эхэнд аялал жуулчлал, үйлчилгээний салбаруудад нөлөөлсөн. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг -5.3 хувийн бууралттай гарсан. 2021 оны нэг, хоёрдугаар сараас хойш хилийн худалдаа бага хэмжээгээр явж байгаагийн хувьд эдийн засгийн өсөлт 6.3 хувь болсон. Бид эдийн засаг өсөж байна гээд анхаарлаа сулруулж болохгүй

-Судалгаагаар эдийн засгийн өсөлт өмнөх оны мөн үеэс өсөлттэй байгаа шүү дээ. Сайн мэдээ байж чадах уу?

-Статистик мэдээллээр эдийн засагт маш өндөр тоо гарсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан үзүүлэлт нь өндөр гэсэн үг. Энэ бол бодит байдлыг илэрхийлэхгүй. 2020 оны мөн үе гэдэг чинь хөл хорио тогтоож, бүх зүйл хумигдсан байсан үе. Тэгэхээр одоогийн 6.3 хувь гэдэг нь 2019 оны эдийн засгийн үзүүлэлттэй харьцуулахад маш бага тоо. Жишээлбэл, аж үйлдвэрлэлийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2019 онтой харьцуулахад 7.2 хувь, борлуулалт 17 хувь, экспорт 3.7 хувь өссөн байна. Тэгэхээр бид 2019 онд буурсан бууралтаа нөхөөд одоогийн түвшинд очиж байна гэсэн үг. Эдийн засаг одоогоор тэлсэн зүйлгүй гэсэн үг.

-Олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Өнөөдрийг хүртэл зарим салбар бүрэн нээгдээгүй байна. Энэ нь эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ?

-Монгол Улсын нийт хүн ам 3.1 сая. Үүнээс ажил хийж буй хүн нь 1.1 сая. Гурван хүн тутмын нэг нь ажил эрхэлдэг. Үүнээс ихэнх нь үйлчилгээний салбарт ажилладаг. Энэ нь бүтээмжийн хувьд маш бага хувь эзэлдэг. Ялангуяа хөдөө аж ахуйн салбар. Харин уул уурхайн салбарт ажлагсдын тоо бага хэр нь бүтээмж өндөртэй. Ийм нөхцөлд хөл хорионы үеэр бүтээмж багатай, олон ажилтантай салбарт маш хүнд цохилт болсон. Оны эхний долоон сарын статистик мэдээллээс харахад ажлагсдын тоо 79.5 мянгаар буурсан байна. Үүнээс бүртгэгдсэн ажилгүй иргэдийн тоо 17.5 мянгаар нэмэгдсэн. Одоо авч байгаа арга хэмжээг харахад ажилгүй гэж бүртгүүлээгүй 50 мянган хүн яах вэ гэдэг асуулт байна. Ийм эргэлзээтэй цаг үед халдвар нэмэгдэж, нээх гэж байсан салбараа нээж чадахгүй бол ажилгүйчүүдийн эгнээг улам бүр тэлнэ. Цаашид иргэд ажилгүй байвал ядуурлын эгнээнд шилжинэ. Ийм тохиолдолд маш төвөгтэй асуудал үүсэж, богино хугацаанд шийдэгдэхгүй. Ийм жишээ манайд олон бий.

-Төрөөс авсан арга хэмжээ ажлын байрыг хадгалах чиглэлд дэмжлэг болсон уу?

-Засгийн газраас өнгөрсөн хавар 10 их наядын төлөвлөгөө гаргасан. Эдгээрийн томоохон хувь хэмжээ нь Төв банкнаас хэрэгжүүлсэн арга хэмжээ байв. Энэ талаар Монголбанкнаас зургадугаар сард мэдээлэл хийсэн.

Тухайлбал, оны эхнээс зургадугаар сарын 16 хүртэл ажлын байрыг дэмжих зээлээр нэг их наяд 345 тэрбум төгрөгийн зээлийн 18 зээлдэгчид олгосон байна. Энэ нь 69 мянган ажлын байрыг хамгаалсан. Репо санхүүжилтийн хүрээнд Төв банкнаас 509.4 тэрбум төгрөгийн зээлийг банкуудад олгоод энэ 2350 зээлдэгчид энэ санхүүжилт очсон байна. Үүнтэй холбоотой 22.9 мянган ажлын байрыг авч үлдсэн. Ипотекийн зээлээр 393 тэрбум төгрөгийн зээл олгож, 5294 зээлдэгч зээл авсан. Төв банкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс 2.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг аж ахуйн нэгжүүдэд хүргэсэн.

-Гэтэл мөнгө үйлдвэрлэл эрхэлж байгаа ЖДҮ эрхлэгчид хүрээгүй гэсэн шүүмжлэл олны дунд байгаа шүү дээ?

-Энэ бол төсвийн мөнгө биш, банкаар дамжиж байгаа шалгууртай мөнгө. Дурын хүн авч чадахгүй. Жижиг аж ахуйн нэгжид хүрч чадаагүй нь ийм учиртай. Энэ зээл гол төлөв дунд болон түүнээс дээш орлоготой том компаниудад очсон. Тиймээс олон ажлын байр хумигдсан. Цаашдаа Төв банк, Засгийн газар ажлын байраа хадгалах арга хэмжээгээ үргэлжлүүлж байх ёстой. Хоёрдугаарт, өрхийн орлого, зарлагын тоон мэдээлэл дээр орлого өссөн үзүүлэлттэй байгаа. Учир нь төрөөс халамж их өгсөн. Цаашлаад зарлага хумигдсан. Зарлага хумигдсан нь хүнсний бус хэрэглээний худалдан авалт багассантай холбоотой байна. Энэ нь эдийн засагт бас сөрөг нөлөөтэй. Төв банк бизнесийг дэмжээд мөнгө гаргаад байгаа боловч тэр мөнгө нь борлуулалтгүй түгжигдэх аюултай байна. Тэгэхээр хоёр талыг харсан бодлого явуулах ёстой байна. Ирэх есдүгээр сард 2022 оны төсвийн төслөө хэлэлцэж, Их хуралд өргөн барина. Монголбанк мөнгөний бодлого боловсруулна. Ингэхдээ одоогийн авсан арга хэмжээгээ дүгнээд юу нь оновчтой байв, юун дээр алсан, цаашид яах вэ гэдгээ бодох хэрэгтэй.

-Манай улс өнгөрсөн хугацаанд маш их зээл авчихсан. Цаашид эдийн засгаа дэмжих арга хэмжээ авахад санхүүгийн нөөц бололцоо байгаа юу?

-Харамсалтай нь, манайд төсвийн алдаатай бодлого явж байсан. 2021 онд баталсан төсвийн зарлага 14 их наяд төгрөг. Энэ маш өндөр алдагдалтай төсөв. 2017, 2018 онтой харьцуулахад энэ төсвийн зарлага 40, 50 хувиар өссөн. Манайх ковид гараагүй байхад 2018, 2019  онд төсвийн зарлагаа их хэмжээгээр тэлчихсэн. Энэ талаар судлаачид маш их хэлсэн ч тоогоогүй. Үр ашигтай зүйлд мөнгөө зараад хэрэггүй зүйлд мөнгөө зарцуулчихсан. Ингээд 2022 онд төсвийн зөв бодлого баримталж, хариуцлагатай байлаа гэхэд алдагдал хүлээсэн 14 их наяд чинь хэвээр байж л байна. Монгол Улсын нэг жилийн төсвийг бид алдагдал болгочихсон. Манайх энэ алдагдлаа гаднын зээл хөрөнгөөр нөхдөг. Гэтэл ирэх жилүүдэд хүлээгдэж байгаа маш их өр байгаа. Бид дунд хугацаандаа зөв бодлого явуулж чадахгүй, хүндрэлтэй цаг үе эхлэхэд бид өөрт байсан хөрөнгөө зарчихсан.

-Тэгэхээр цаашид яаж эдийн засгаа өсгөх юм бэ?

-Одоогийн халдварын тархалттай тэмцэж байгаа арга хэмжээ нь зөв үү, хязгаарлаж чадаж байна уу, дараагийн шинэ хувилбарууд гарч ирэхэд бид үүнтэй зөв аргаар тэмцэж чадах уу, вакцинжуулалт хэрхэн вэ гэдгээс ихээхэн хамаарна. Ингэж байж бид эдийн засгаа тогтвортой өсгөнө. Өнгөрсөн оны эцэст УИХ-д Монголбанк мөнгөний бодлогын төсөл оруулахад 2021 оны эдийн засгийг 6.1-6.9 хувь байна гэсэн төсөөлөл гаргаж байсан. Олон улсын төсөөлөл дээд тал нь 4.8  байсан.

 


Н.ЭНХБАЯР: Ажлын байраа алдсан иргэд энэ хэвээр ядуурлын эгнээнд шилжинэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188