• Өнөөдөр 2024-05-01

ОЛОН УЛСЫН АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Т.МИШЭЭЛ: ДЭЛХИЙН ОЛОН ХҮНТЭЙ ЯРИЛЦАХЫН ТУЛД ИЛҮҮ ОЛОН ХЭЛ СУРАХААР ХИЧЭЭЖ БАЙНА

2023-10-28,   2218

                 “ХИППО – 2023” англи хэлний олон улсын олимпиадын дэлхийн аваргын шат Итали Улсын Ром хотод зохион байгуулагдаж өндөрлөсөн. Тус олимпиадад 12 настай Түвшинбаярын Мишээл мөнгөн медаль хүртэж бахархам амжилт гаргасан билээ. Тэрбээр “Хобби” сургуулийн долдугаар ангид сурагч юм. Тус олимпиадад энэ жил 61 орны 83,295 сурагч оролцож,  хагас шигшээ шатанд 9889 сурагч оролцсон бол дэлхийн аваргын шатанд 223 сурагч оролцсон юм. Дэлхийн аваргын шатанд 223 хүүхэд нийт есөн төрөлд  өрсөлдсөнөөс Т.Мишээл “Hippo S10” төрөлд мэдлэг, чадвараараа үеийн хүүхдүүдтэй өрсөлдөж, хоёрдугаар байрт шалгарсан билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа танд хүргэж байна.

-Англи хэлний олон улсын олимпиадаас мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

               -Хоёр жилийн өмнө “Хиппо” олимпиадын өөр шатанд оролцсон юм. Тэр үеэс эхлэн шат ахиулан бэлдсэн. Энэ бэлтгэлүүдийн үр дүнд дэлхийн финалын шатанд хоёрдугаар байрт орж, Монголынхоо нэрийг гаргасандаа их баярлаж байна. Бас Монгол, гадаад олон найзтай болсондоо, аялсандаа их баяртай байгаа.

- Тус олимпиадад хэр удаан бэлдсэн бэ. Юу нь дээр нь хамгийн их анхаарч бэлдэв?

            -Ерөнхийдөө англи хэлийг Монгол хэл шигээ л бараг “насаараа” сурч байгаа болохоор нэлээн олон жил бэлдсэн. “Хиппо” олимпиадад гол нь багштайгаа дүрэм дээрээ хамгийн их анхаарч бэлдсэн. Бас өөр уралдаан, олимпиадуудад бэлдсэн нь ч нэмэр болсон байх.

-Олон улсын олимпиадад өмнө нь оролцож байв уу. Хамгийн хэцүү даалгавар нь юу байсан бэ. Яагаад хэцүү байв?

             -“World Scholar’s Cup” тэмцээн, “Science Olympiad Foundation”, “Kangaroo” олон улсын математикийн олимпиадуудад зургадугаар ангиасаа эхэлж оролцсон. “Хиппо” олимпиадын хувьд илүү амархан шатанд өмнөх жил нь оролцоод энэ жил  олон улсын сургуулийн сурагчдын оролцдог шатанд нь оролцсон.

-Энэ олимпиадад оролцоод юуг сурч авсан бэ. Ямар чадвараа илүү сайжруулах ёстой юм байна гэж бодсон бэ?

           -Ахисан түвшинд оролцох жаахан хэцүү байсан. Бүсийнхээс ч илүү дэлхийн финалын шат хамгийн хэцүү байсан. Хамгийн сүүлчийн шат учраас бүх чадваруудыг шалгадаг. Их бэлтгэл, төвлөрөл шаардсан. Хэрвээ бэлдээгүй бол амжилттай байх ямар ч боломж байхгүй юм билээ. Бэлдээгүй бол юмаа мэдэхгүй, нойроо ч зөв зохицуулж чадахгүй, сандарна, ядарна, мартах байсан байх. Цагийн менежмент хамгийн их сайн байх ёстой юм байна гэж бодсон. Учир нь бүх дөрвөн чадварыг маш ойрхон зайтай таван өөр шалгалтаар дамжуулан шалгадаг.

-Олон хичээл байгаа шүү дээ. Тэр дундаас англи хэлийг гүнзгийрүүлэн судлах болсон шалтгаан бий юу. Юу нь чиний сонирхлыг татсан юм бэ?

            -Аав ээж хоёр маань надад дандаа англи, монгол хэлээр бичигдсэн ном авч, уншиж өгдөг байсан. Тийм болохоор багаасаа өөрөө уншиж сурсан, ном унших маш дуртай болсон. Намайг ээжийнхээ гэдсэнд байхад хүртэл ном уншиж өгдөг байсан гэсэн. Багаас минь олон номоор хүрээлүүлж, байнга урамшуулж байсан аав ээждээ маш их баярладаг. Англи хэл дэлхий дээр хамгийн олон хүн ярьдаг хэл учраас ашиглаж сурах их хэрэгтэй. Мөн мэдээллийн ихэнх хувь нь англи хэл дээр байгаа. Тийм болохоор хүмүүстэй ярилцаж ойлгоод, мэдээлэл аваад, түүнийгээ ойлгоод дахин ашиглахад их чухал болохоор англи хэлд дуртай.

           Би энэ жил тэмцээнд оролцож өмнө нь очиж үзээгүй шинэ улс руу явахдаа тэр улсуудын бас өөр орны хүмүүстэй танилцаж, ойлголцож, газар  үзсэн нь бүгд англи хэл сайн сурсных байх. 

-Англи хэл сурахын тулд юу дээр нь хамгийн их анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг вэ. Чиний хувьд?

         -Англи хэлийг сурахдаа маш олон удаа тогтмол үзэж, хэрэглэх ёстой. Жоохон мэддэг байсан ч гэсэндээ дандаа ном уншиж, кино үзэх зэргээр сэргээж, сайжруулж байх  нь их тустай санагдсан. Хүн багаасаа сурах тусам сайн байдаг гэж боддог.

-Тэмцээнд оролцоход нь багш нар болон гэр бүлийнхэн нь их тусалсан байх. Тэд чамайг хэрхэн дэмждэг вэ?

              -Хамгийн түрүүнд намайг бас төрүүлж, өсгөсөн аав ээждээ сэтгэлийнхээ гүнээс маш их баярладаг. Ер нь аливаа зүйлд ээж аав хоёр маань дандаа надад тусалж байдаг. Тэд нартаа бас бусад гэр бүлийн гишүүддээ маш их баярлалаа. Манай гэр бүлийнхэн намайг юм сурах, мэдэхийг үргэлж дэмждэг. Эмнэлэгт хэвтэхэд ч эргэлтээр ирсэн зүйлсийн ихэнх нь ном байсан. Сургуулийн англи хэлний багш нар, анги даасан багш нар, бусад хичээлүүдийн багш нар дандаа намайг дэмждэг. Юм заахаас гадна итгэл урам, зорилго надад өгдөгт маш их баярлалаа. Жишээ нь, би өнгөрсөн жил сургуулиа сольж, шилжсэн юм.  Шинэ орчинд, шинэ хамт олонтой дасан зохицоход ангийн З.Даваасүрэн багш маань их тусалсан. Бас англи хэлний багш нар маань надад их зүйлийг зааж өгсөн. Өнгөрсөн жил Б.Лхагвасүрэн багш маань намайг англи хэлний олимпиадад сайн бэлдсэн.

-Англи хэл сурснаар, энэ олимпиадад бэлдсэнээр чамд ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?

            -Энэ олимпиадад бэлдсэнээр мэдээж маш их юм сурч, гадаад яваад олон шинэ найзуудтай болсон. Манай шинэ сургууль олон улсын хөтөлбөртэй, англи хэл маш гүнзгийрүүлж  үздэг. Олон тэмцээн, уралдаанд орж өөрийгөө сорих бүрд сурсан юм нь дараа нь их хэрэг болдог. Би зуны амралтынхаа ихэнхийг олимпиадад бэлдэж өнгөрөөсөн. Тэгээд хажуугаар нь агаарт гарах, амрах зэргээ амжуулах гэж их хичээсэн. Ачаалалтай байсан ч гэсэн хамгийн сүүлд нь үр дүн нь сайн гарч Монголынхоо нэрийг гаргаж, маш олон шинэ найзуудтай болж, ихийг сурсандаа баяртай байна.

-Чамд сурахыг хүссэн хэл бий юу. Яагаад?

             -Би маш олон хэл сурахыг хүсдэг. Жишээлбэл, би сургуульдаа хятад хэлний хичээл авч байгаа. Учир нь хятад хэлээр нэг тэрбум гаруй хүмүүс ярьдаг учраас англи болон хятад хэлийг сайн сурснаар цаашид хүмүүстэй асуудалгүй харилцаж чадна. Мөн Итали хэл маш гоё сонсогддог тул сурахыг хүсдэг. Бас би орос хэл сурч, эмээгийнхээ үздэг зүйлийг ойлгодог болмоор байгаа. Герман, Франц Улсуудаар аялмаар байгаа учраас тус хэлнүүдийг сурахыг маш их хүсдэг. Учир нь, тэр хоёр хэлээр дэлхийн олон хүн ярьж байгаа шүү дээ. Ялангуяа аялж байхад. Аялаагүй ч гэсэн гэртээ интернэтээр мэдээ мэдээлэл авахад их амар. Олон бүтээлүүдийг эх хэл дээр нь уншиж, үзэж ч болно.

-Дараагийн зорилго, мөрөөдлийнхөө талаар ярихгүй юу?

                 -Дараагийн зорилго мөрөөдөл гэвэл би өмнө нь оролцсон олимпиадууддаа насны ангиллаар шат ахиж оролцож амжилт гаргахыг хүсч байна. Нас ахиж байгаа тул жишээ нь "Хиппо" олимпиадын дараагийн шатанд орно. “World Scholar’s Cup” гэдэг тэмцээнд энэ жил ороод дэлхийн финалын шатанд Йэлийн их сургуульд оролцох эрхтэй болсон ч энэ жил  манай багийнхан явж амжихгүй болсон. Дараа жил дахиж оролцоод амжилт гаргахыг хүсэж байна.

Б.ЛХАГВАСҮРЭН: БАГШ ХҮНИЙ ХАМГИЙН ИХ БАЯР, БАХАРХЛЫГ ТӨРҮҮЛДЭГ ЗҮЙЛ БОЛ ШАВЬ НАРЫНХ НЬ АМЖИЛТ

      Олон улсын олимпиадад амжилттай оролцсон Т.Мишээлийг бэлдсэн англи хэлний багш Б.Лхагвасүрэнтэй холбогдож, баярын сэтгэгдлийг нь сонсож, багшлах арга барилынх нь талаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхэлье.

                -Сайн байна уу, намайг Б.Лхагвасүрэн гэдэг. Хобби сургуульд 17 дахь жилдээ англи хэлний багшаар ажиллаж байна. Тэргүүлэх зэрэгтэй. Одоогоор БНХАУ-д Докторынхоо зэргийг хамгаалахаар суралцаж байна.

-Шавь нь олон улсын олимпиадад бахархам амжилт гаргаад ирлээ сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Багш хүний хамгийн их баяр, бахархлыг төрүүлдэг зүйл бол шавь нарынх нь амжилт байдаг. Мишээлийгээ “ХИППО – 2023” англи хэлний олон улсын олимпиадаас мөнгөн медаль хүртсэн гэдгийг сонсоод их баярласан. Монгол Улсад болсон тэмцээндээ хоёрдугаар байрт, Азийн шатанд нэгдүгээр байрт орсон юм. Би Т.Мишээлтэйгээ Итали Улсын Ром хотод зохиогдсон тус олимпиадад хамт очиж дасгалжуулах ёстой байсан ч сурах шалтгаанаар  БНХАУ руу явах цаг маань давхцаад явж чадаагүй. Хамт байж чадаагүйдээ жаахан харамссан. Гэхдээ Т.Мишээлийн ээж Х.Ариунгоо эгч маань өдөр бүр шавийн маань оролцож байгаа тэмцээн, гүйцэтгэж байгаа даалгаврынх нь талаар хэлж, холбоотой байсан  учраас хамт байгаа мэт мэдрэмж авсан. Хамт догдолж, сандарч, баярлалаа. Баяртай мэдээг сонсоод маш их баярласан. Өмнө нь энэхүү олимпиадад манай сургуулиас очиж оролцсон тохиолдлууд байгаа. Т.Мишээл маань миний бэлдсэн шавь нараас олон улсын олимпиадад өрсөлдсөн гуравдах сурагч болж байна.

-Хамтдаа хэр удаан хичээллэж байна. Анх хичээллэж эхэлсэн үе болон одоо байгаа түвшнийх талаар ярихгүй юу?

                -Т.Мишээл маань зургадугаар ангидаа манай сургуульд шилжиж ирсэн. Англи хэлнийх нь суурь их зөв тавигдчихсан чөлөөтэй уншиж, ярьдаг. Бид хоёр дүрмийн мэдлэг дээрээ тулгуурлан хичээллэсэн. Шавь маань хичээнгүй, аливаа юмсыг их хурдан ойлгодог хүүхэд. Би 17 жил багшлахдаа багшийнхаа араас нэг зүйл ч гэсэн мэдчих юмсан гэж гүйх сурагчидийг ховор харсан. Манай Т.Мишээл тийм л хичээнгүй сурагч. Тийм учраас хичээл заахад их урамтай. Өөртөө тавьсан шалгууртаа хүрэхийн тулд хичээдэг, сууж сурсан, ном их уншдаг хүүхэд. Мөн Т.Мишээлийн гэр бүл нь үнэхээр сайн дэмждэг. Ээж нь хувийн багш, дасгалжуулагч шиг л байж хүүхдээ дэмждэг учраас их баярладаг.

-Багшийн хувьд шавь нартаа хэрхэн хичээл орж, юуг хамгийн их сургахыг хичээдэг вэ?

                -Хүн сонирхсон зүйлээ илүү сурч, илүү сайн байдаг. Тиймээс хүүхэд бүрийг хичээлд нь идэвхтэй оролцуулах юмсан гэж хичээдэг. Энэ бодол дээрээ тулгуурлан АНУ-ын доктор, профессор Кейгэний хичээл заах аргууд судалж, тус аргыг хичээлдээ ашигладаг. Энэ аргыг Хобби сургуулийн захиргаанаас АНУ-аас сургагч багш урьж бүх багш нартаа зориулж сургалт авч байсан юм. Монголынхоо бүх багш нарыг энэ аргыг ашигладаг байгаасай гэж судалгааны ажил хийж, олон сургуулийн багш нарт очиж сургалт хийсэн. Хүүхэд бүрд хувь хүний онцлог чадвар байгаа шүү дээ. Үүнийгээ илүү сайжруулаасай гэж хүсэж, хичээлээ заадаг. Манай сургууль олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна "Монгол ухаан эрдэм" хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Дэлхийн Монгол иргэнийг бэлтгэх зорилготой. Сургуулийн маань зорилго миний үзэл санаатай нийлдэг учраас Хобби сургуульдаа олон жил багшилж байна. 

-Хүүхдүүдэд ямар ямар тохиолдолд илүү сайн сурдаг юм шиг санагддаг вэ?

                -Хүүхэд тухайн хичээлдээ дуртай байх юм бол сайн сурдаг. Сурч байгаа хичээлийнхээ ач холбогдлыг ойлгуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Тиймээс есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхэд хүүхдүүдэд заах хичээлийнхээ ач холбогдлыг чөлөөт ярилцлагаар тайлбарлаж, ойлгуулдаг. Мөн Улирал бүрийн эхэнд ямар хичээл үзэх, ямар чадварыг эзэмших, хэрхэн дүгнэхийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. “XIX зууны арга барилаар XX зууны багш нар XXI зууны сурагчдад хичээл заах нь тэдний ирээдүйг хулгайлж буй явдал юм” гэх үг хүртэл байдаг. Тиймээс шинэ үеийн сурагчдад сонирхож байгаа зүйлээр нь дамжуулж хичээл заах хэрэгтэй. Багш ч гэсэн байнга суралцаж, шинэ заах арга барилтай болох хэрэгтэй. Мэдлэг, мэдээлэл нь шинэчлэгдэж шавь нарынхаа сонирхож байгаа зүйлсээр нь дамжуулж хичээлээ заахыг илүүд үздэг.

-Таны болон шавь нарынх нь дараагийн оролцох тэмцээн, зорилго юу байгаа вэ?

                -Би нэгдүгээр сард эх орондоо очно. Тэр үеэр яг жил бүр болдог олимпиадууд эхэлдэг юм. Шавь нараа оролцох тэмцээн бүрд нь багаар нь болон ганцаарчлан бэлдэхээр төлөвлөж байна. Зарим шавь нартайгаа цахимаар холбогдоод бэлтгэлээ хийж эхэлсэн байгаа.


 

 


ОЛОН УЛСЫН АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Т.МИШЭЭЛ: ДЭЛХИЙН ОЛОН ХҮНТЭЙ ЯРИЛЦАХЫН ТУЛД ИЛҮҮ ОЛОН ХЭЛ СУРАХААР ХИЧЭЭЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188