“Тэнгис” кино театрын урд талд байрлах “UB inn” арт галерейд А.Хөгэлүн үзэсгэлэнгээ нээсэн юм. “UB inn” арт галерей орон зайн хувьд жижигхэн. Гэвч өөрт олдсон жижиг зайгаа түүний ертөнц илүү өргөсгөж, өөрийн ертөнцөө бүтээжээ. Үүдний хаалгаар ороход л А.Хөгэлүний зургуудаар ханаа чимсэн нэг давхрын буйдхан орон зай хүлээх аж. Түүний зургууд өнгөгүй. Хар ба цагаан өнгөнөөс л бүрдэх. Удалгүй л үзэсгэлэн албан ёсоор эхлэх цаг боллоо. Хэдий Японоос гаралтай урлагийн төрөл боловч Монгол хүний үзэсгэлэн учир үзэсгэлэнгийн нээлт морин хуур “янцгаах” дуунаар эхлэв. Үзэсгэлэнг үзэхээр зорьж, ирсэн хүмүүс дунд ч энэ төрлийн урлагт дуртай, өөрийн чадахаараа А.Хөгэлүнийг дэмжихээр ирсэн залуус байлаа. Тэд анимэ, манга дээр гардаг хувцаслалтаар өөрсдийгөө гоёж, косплей болж, иржээ.
А.Хөгэлүн баг наснаасаа зураг зурах дуртай байсан аж. Найман насандаа анх “Миний хөрш Тоторо”, “Ховлын явдаг цайз” гэх зэрэг бүрэн хэмжээний анимэ үзэж, улмаар энэ төрлийн урлагт татагдсан гэнэ. Тэрбээр энэ талаараа “Анимэ, манганаас нүүрний хувирал нь үнэхээр их таалагдсан. Энэ урлагт нүүрний хувирлаар л хүний бүх сэтгэлийн хөдлөл, гуниг, баяр, баяслыг илтгэж чаддаг” хэмээсэн юм.
Үзэсгэлэнгийн гол дүр А.Хөгэлүн даруухан хувцаслаж, Японоор ханафүда гэж нэрлэдэг ээмэг зүүжээ. Үг хэлэх бүрдээ л сандарч байгаа харагдана. “Би ийм олон хүн ирнэ гэж бодоогүй. Анх аав, ээж тэгээд миний найзууд л ирнэ байх гэж бодож байсан” гээд л гол дүр маань сандрах аж. 15-хан насандаа гаргасан үзэсгэлэнг нь үзэхээр төсөөлөөгүй олон хүн ирсэнд сандарсан А.Хөгэлүн бид хоёр хэсэг хугацааны дараа ярилцахаар тохироод байв. Харин энэ хооронд “Хүннү мотор” клубийнхэн үзэсгэлэнд ирж, А.Хөгэлүн охины мангаг хэвлүүлж өгөх шагнал гардуулсан юм.
“Хүннү мотор” клубийнхэн түүнд шагнал гардуулсны дараа бид ярилцлаа.
-Манга хэвлүүлэх эрхээр шагнуулсанд баяр хүргэе. Манга зохиол байгаа юу. Хэзээ өөрийн мангагаа уншигчдад хүргэе гэж бодож байна вэ?
-Баярлалаа. Манга хэвлүүлж, гаргана гэвэл удаан хугацаанд үргэлжлэх урт цуврал гаргах ёстой болно. Надад манга зохиол байхгүй ээ. Өмнө нь сонирхлоороо зохиол бичиж, үзсэн. Эхэндээ гоё санагдаж байсан ч дараа нь бичсэн зүйл маань муу санагдахаар нь больчихсон. Хэдий манганы зохиол нь байсан ч урт цуврал хийж, сүүдрийг нь гаргах, жижиг деталиуд дээр ажиллах маш хэцүү. Нүүрний хувирлаар нь л бүх сэтгэл хөдлөл, гуниг, баяр, баяслыг нь “амилуулах” ёстой болно шүү дээ.
-Анх хэзээнээс манга зурж, эхэлсэн юм бэ. Аав, ээж чинь хэрхэн хүлээж, авч байв?
-Би бага байхаасаа л зураг зурах дуртай байсан. Харин найман насандаа “Миний хөрш Тоторо”, “Ховлын явдаг цайз” зэрэг бүрэн хэмжээний анимэ үзсэн. Тэгээд л анимэд дуртай болж, дуурайж зурж эхэлсэн. Намайг “Наруто” үзэж байхыг аав хараад анх намайг анимэд дуртай, үздэг гэдгийг мэдэж байсан. Харин дараа нь анимэ, мангаг дуурайлгаж, зурж байхыг ээж хараад “Ээжийнхээ дуртай анимэг зурж үз дээ” гэсэн юм. Ээж маань анимэг их үзээд байдаггүй ч гэсэн “Гибли” студийн бүрэн хэмжээний анимэ кинонуудад дуртай. Тэгээд би ээждээ “Миний хөрш Тоторо” анимэн нэг хэсгийг зурж үзүүлсэн. Тэр цагаас хойш аав, ээж хоёр маань намайг маш их дэмжиж ирсэн.
-Харин найзууд, үеийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?
-Хүмүүс намайг “Чи ямар сонин юм бэ” гэдэг. Манай үеийнхэн миний хийсэн зүйлийг хүлээж авдаггүй. Тэр хүмүүст би “Энэ зөвхөн миний л сонирхол юм чинь та нарт хамаагүй” гэж хэлдэг. Харин сайн найзууд маань надтай хамт анимэ үздэг болохоор намайг үргэлж дэмжиж, тусалдаг (инээв).
-Таны зурсан зургууд анимэ, мангатай төстэй ч зарим зураг нь үндэсний соёл, ахуйгаа илэрхийлсэн байна. Японы манга урлагт үндэсний соёлоо нэгтгэх санааг хэрхэн бодож, олж байв?
-Өмнө нь надад Монгол Улсын хэмжээнд манга бүтээж, гаргана гэхээр их сонин санагддаг байлаа. Миний хувьд энэ төрлийн урлаг зөвхөн Японых хэвээрээ байж, тэр хүмүүс л гаргавал гоё юм шиг санаддаг. Япон Улсдаа анимэ, манга маш том соёл болсон л доо. Гэтэл Японыг дагаад Орос, Хятад, Солонгос мангатай ижил бүтээл хийж эхэлсэн. Магад тийм болохоор монгол ахуйгаа харуулж, илтгэсэн шинж чанартай манга зурахыг хүссэн. Харин ээж маань үүнийг урамшуулаад “Монгол манга зурж үзээч” гэхээр нь зурж, үзсэн юм. Магад ээж маань намайг урамшуулж, дэмжээгүй байсан бол монгол ахуйтай манга зурахгүй байсан байх. Надад маш их зориг өгсөн. Өмнө нь би монгол дээл, хувцас зэргээс эхлүүлээд л яаж зурахаа мэдэхгүй, тэгээд л санаа зовчихдог байлаа.
-Одоо өөрчлөгдсөн үү. Зураг зурахдаа ихэвчлэн юу боддог вэ?
-Уургаа зурахдаа “Чи зурж чадахгүй ээ. Зурж чадахгүй” гэж боддог. Харин өөрийгөө хурцлаад зургаа амжилттай зурж, дуусгаж чадвал өөртөө дахин “Чи чадлаа. Гэхдээ илүү цаашаа явбал яв. Чадахгүй бол эндээ үлд” гэж хэлдэг (инээв).
Зураг зурах дуртай ч А.Хөгэлүн охин онгоцны нисгэгч болох мөрөөдөлтэй. Тэрбээр энэ талаар “Хэрэв зураг зурах, онгоцны нисгэгч болох хоёрынхоо аль нэгийг нь сонгох хэрэгтэй болбол онгоцны нисгэгч болохоо сонгоно. Яагаад гэвэл манга зурах бол миний хобби. Харин онгоцны нисгэгч болох бол миний мөрөөдөл” хэмээсэн юм. Мөн А.Хөгэлүн охин үзэсгэлэнгийнх нь анхны үзэгчдийн нэг болж байгаа надад нэг нууцаа дэлгэв. Тэрбээр аймшгийн төрлийн анимэ, мангад дуртай аж. Тийм ч учраас уг төрлийн манга зурж, үзэх сонирхолтой байгаа гэнэ. “Харин аав, ээж хоёр хараад дургүйлхэх болохоор зурж, үзсэнийхээ дараа тэр хоёртоо харагдалгүйгээр нуучихна аа” гэхэд нь бид хоёр хоёул инээсээр ярилцлагаа дуусгасан юм.
А.ХӨГЭЛҮНИЙ ЕРТӨНЦ |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |