• Өнөөдөр 2024-05-06

ПАРА УСАНД СЭЛЭЛТИЙН ТАМИРЧИН Х.НОМУУН: МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ПАРА ОЛИМПОД УСАНД СЭЛЭЛТЭЭР ОРОЛЦОХ НЬ МИНИЙ ДАРААГИЙН ЗОРИЛГО

2024-01-08,   785

        Түүнийг Хүрэлийн Номуун гэдэг. "Ханжоу" Азийн наадамд эх орноо төлөөлөн пара усанд сэлэлтийн төрөлд оролцож, финалд шалгарсан түүхэн амжилтын эзэн. Орчлон сургуулийн 11 дүгээр ангийн сурагч тэрбээр Азийн наадмын усанд сэлэлтийн төрөлд 400 метрийн зайг 7:13 минутад туулснаар улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Ингээд Монгол Улсын  шигшээ багийн тамирчин Х.Номуунтай ярилцсанаа танд хүргэж байна .

-Азийн Зуны Пара Олимпын наадамд усанд сэлэлтийн төрлөөр оролцсон анхны Монгол тамирчин болсон юм билээ. Улсаа төлөөлөн анхных нь тамирчин болж оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

         -Өмнө нь Инчеоны Азийн наадамд Монголоос эрэгтэй сэлэлтийн тамирчин оролцож байсан юм билээ. Миний хувьд Монголын анхны эмэгтэй пара усанд сэлэлтийн тамирчин болж оролцсон.  Хэдийгээр би 2015 оноос хойш энэ спортоор хичээллэж байгаа ч өнгөрсөн 2023 оноос олон улсын хэмжээний тэмцээнд оролцож эхэлсэн. Тиймээс туршлага багатай мөн өөрийнхөө үзүүлэлтэд сэтгэлд хангалуун байгаагүй ээ. Миний хувьд бүх зүйл дөнгөж эхэлж байгаа. Түүхэнд Монголын пара усан спортын анхны усан сэлэлтийн цагийг бичүүлж  байгаадаа багахан ч гэсэн бахархах сэтгэл төрдөг. Азийн наадам бол миний гурав дахь олон улсын тэмцээн. Оролцсон гурван тэмцээндээ финалд шалгарсандаа баяртай байна. "Ханжоу" Азийн наадамд 400 метрийн өврөөр сэлэх төрөлд оролцож, хувийн өмнөх цагаа 15 секундээр ахиулан Монголын рекордоо дахин шинэчилж Азидаа зургадугаар байрт шалгарсан.

-Усанд сэлэлтийн спортоор яагаад хичээллэж эхэлсэн бэ. Хэдэн настайгаасаа хичээллэж эхэлсэн бэ?

          -Би арван сартайдаа невробластома нуруу нугасны хавдартай гэж Тайланд Улсад оношлогдож байсан юм билээ. Ээж аав маань олон мундаг найз нарынхаа хүчээр хоёр жил гаруй хугацаанд миний эмчилгээний зардлыг аргалж, зохицуулж  байсан ч  намайг хоёр нас хүрэхэд хагалгааны зардлыг даах боломжгүй байсан учраас хандивын тоглолт зохион байгуулах шаардлагатай болсон гэсэн. "Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье" хандивын тоглолтын билет авч, мессеж илгээсэн, гадаад дотоодоос хувиараа хандив өргөсөн олон хүний ачаар хагалгааны зардал бүрдэж, эмчилгээ маань амжилттай дууссан. Хавдартайгаа тэмцэж байсан 20 хүүхдэд мөнгөн тусламж үзүүлсэн буянтай хандивын аянд оролцон бүх гэр бүлд “баярлалаа” гэж хэлмээр байна. Би Тайландад хавдар болон сэргээн засах эмчилгээ хийлгээд долоон жил болсон юм. Сэргээн засах эмчилгээ нь дотроо дасгал хөдөлгөөн, морин эмчилгээ, усан эмчилгээ гээд гурван төрлөөр хийгддэг. Үнэндээ дасгал хөдөлгөөний эмчилгээ нас харгалзалгүй бүх хүнд хэцүү санагддаг. Харин усан эмчилгээ бол булчингийн хүчийг бага зэрэг  бууруулж илүү тайвшруулдаг. Тиймээс усан эмчилгээндээ явах дуртай байсан л даа. Өөрөө бие дааж сэлэх гэж ээжтэйгээ олон оролдлого хийсэн. Удаан хугацааны хичээл зүтгэлийн ачаар  ямар ч хэрэгсэлгүйгээр өөрөө шумбаж, хөвж сурсан  нь усанд сэлэлтээр хичээллэх суурь болсон.

-Пара тамирчин болох гараагаа хэзээ, яаж эхлүүлж байв. Тамирчин болоход юу нөлөөлсөн бэ?

                -Тамирчин болох гараагаа эх орондоо эргэж ирээд “Vista club”-д орсныхоо дараа тавьсан.  Тамираа багш намайг багтаа авснаас эхлээд эрүүл хүүхдүүдтэй хамт сэлж, тэдэнтэй хамт тэмцээнд орж, тэдний нэг гэж мэдрэх мэдрэмж хамгийн сэтгэл хөдлөм байсан. Одоо ч хамт олонтойгоо найзууд хэвээрээ үлдэж, ах дүүс шиг дотно нөхөрлөж явдаг .Миний хувьд үнэхээр үнэ цэнтэй хүмүүс. Монголдоо усан сэлэлтийн тэмцээнд ороход цорын ганц хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь байдаг байсан. Тиймээс өөртэйгөө адилхан бэрхшээлтэй хүмүүстэй уралдахын тулд олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Адилхан бэрхшээлтэй хүүхдүүдтэй өрсөлдөж байж л өөрийгөө сорино гэдгийг мэдсэн хэрэг л дээ. Долоон жил эх орондоо эрүүл хүүхдүүдтэй өрсөлдсөний эцэст гэр бүлийнхэн маань  Пара усанд сэлэлтийн холбоотой холбогдож эхэлснээр олон улсын тэмцээнд оролцох болсон. Пара спортын тамирчин болох хүртэл туулсан зам, сурсан зүйлс минь намайг тамирчин  Энэ бүх замнал маань тамирчин болоход шууд нөлөөлсөн.

-Усан сэлэлтийн юу нь чиний сонирхлыг татсан юм бэ?

                -Би багадаа бусад хүүхдүүд шиг гэрийнхээ гадаа гараад тоглож чадахгүй учраас баригдмал санагдаад бачимдаж бухимдмаар үедээ анх бассейнаар хичээллэж эхэлсэн.  Тэр үедээ бусад хүүхэд шиг хаашаа ч хөдөлж чадах эрх чөлөөг усанд байхдаа мэдэрсэн учраас дуртай болсон доо. 

-Анх тэмцээнд удаа тэмцээнд оролцож, тамирчидтай өрсөлдөх ямар байсан бэ? 

                -2023 оны тавдугаар сард Сингапурт болсон  “Para Swimming World Series” буюу Пара сэлэлтийн цуврал тэмцээнд оролцож ангиллаа тогтоолгоод 50м өвөр, 100м өвөр, 400м өвөр гэсэн гурван төрөлд  уралдаж 400м өврөөр финалд шалгарсан. Тэр үед хоёр тамирчин техникийн алдаанаас болж хасагдаад намайг финалд оруулахад надад баярлахаас илүү санаа зовж, өөрийгөө голж, жаахан итгэлгүй болсон. Шилдэг тамирчидтай хамт нэг тэмцээнд орж байгаагаа хараад сүрдээд уйлж суухад надтай ижил ангиллын Казахстаны тамирчин дасгалжуулагчтай хамт намайг тайвшруулан дэмжиж байсан нь тус тэмцээний хамгийн сэтгэл хөдөлгөсөн мартагдашгүй дурсамж болж үлдсэн. Надад урам өгсөн тамирчинтай одоо найзууд болсон.

-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ. Бэрхшээлтэй үеийг хэрхэн давдаг вэ?

                 -Бэлтгэлээ “Gan Sport” цогцолборт, хуурай бэлтгэлээ бялдаржуулах төвд хийдэг. “Gan Sport”-ын бассейн болон бялдаржуулах төв нь бүх талаараа хүртээмжтэй байдаг нь хамгийн сайхан.  Хуурай бэлтгэл нь усанд сэлэлтээсээ дутахааргүй чухал хэсэг учраас долоо хоногийн таван өдөр хуурай болон усан бэлтгэлээ хослуулан хийдэг. Тэмцээн дөхөхөөр ачааллаа нэмж өдөртөө 4-5 цаг хийнэ. Бэрхшээлийн хувьд сургууль спорт хоёрыг хослуулах жаахан хэцүү. Биеийн ачаалалтай үед хичээл орхигдох тохиолдол олон. Шантармаар үеүдэд олон хүний итгэлийг дааж явж байгаагаа өөртөө сануулдаг,  надад эргэлздэг хүмүүст өөрийнхөө зорьсон зүйлдээ үнэнч байж зорилгодоо хүрч чадна гэдгээ харуулахыг хүсдэг. Хамгийн гол нь өөртөө итгэсэн итгэлээ алдахгүй байх нь бүх бэрхшээлийг давахад тусалдаг даа.

-Ирээдүйд ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг вэ?

               -Усанд сэлэлт миний залуу насны салшгүй нэг хэсэг болж үлдэнэ. Харин ирээдүйд усан сэлэлтээс өөр огт өөр хийж чаддаг зүйлээ эрж хайж олох болно. Одоогоор хол зайнаас хийх боломжтой дижитал болон цахим хэрэглээтэй мэргэжлүүдээс интерьер дизайнер, дата аналистын чиглэлийн мэргэжлийг сонирхож байгаа.

-Гараанд гарч усанд сэлэхээс өмнө заавал хийдэг зүйл бий юу?

               -Гарааны тавцанд гарахаас өмнө  чихэвчээр дуртай дуугаа чангаар сонсож тэмцээний үеийн сандрал анхаарал сарьзнуулсан  бодлоос өөрийгөө чөлөөлдөг. 

-ДАШТ-д оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

             -Дэлхийн цуврал пара сэлэлтийн тэмцээнүүдэд ихэвчлэн анхны ангиллаа тогтоолгох гэж байгаа эсвэл хувийн үзүүлэлтээ ахиулах гэж байгаа хүмүүс ихэвчлэн оролцдог. Харин  ДАШТ-д хамгийн шилдгүүд өрсөлддөг тэмцээн. Тиймээс оролцох үзүүлэлтийн босго нь ч өндөр.  ДАШТ 2023 оны долдугаар  сард Английн Манчестер хотод болж би 50м өвөр 100м өврөөр оролцож 50м өврөөр финалд шалгарсан. Сингапурт болсон тэмцээн шиг хэн нэгэн техникийн алдаа гаргаж хасагдсанаас дараалал урагшилж финалд шалгараагүй.  Шударгаар өөрийнхөө хөдөлмөрөөр наймдугаар байрт шалгарсан нь миний хувьд том амжилт байсан. Дэлхийн рекордыг эзэмшдэг хүмүүстэй мөр зэрэгцэн өрсөлдөж  наймдугаар байрт  орж ирсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг.

-Оролцохыг хүссэн тэмцээн бий юү?

                -Бүх тамирчид дөрвөн жилд нэг удаа болдог олимпын наадам оролцохыг хүсдэг байх. Миний дараагийн зорилго усан сэлэлтийн пара олимпод эх орноо төлөөлөл оролцох байгаа. 


 

 


ПАРА УСАНД СЭЛЭЛТИЙН ТАМИРЧИН Х.НОМУУН: МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ПАРА ОЛИМПОД УСАНД СЭЛЭЛТЭЭР ОРОЛЦОХ НЬ МИНИЙ ДАРААГИЙН ЗОРИЛГО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188