• Өнөөдөр 2024-05-10

ЦЭНДҮҮХЭЙ, Б.С: Анхны гоё үгтэй наадаг зургийг “EGUL3” студи л бүтээж байлаа

2022-12-10,   434

            Сонирхсон зүйлээ судалж, суралцан, чадвараа хөгжүүлж ажил хэрэг болгосон түүчээ залуус цөөнгүй. Тэдний нэг бол  “EGUL3” бүтээлч студийг үүсгэн байгуулагч Цэндүүхэй билээ. Сонирхлоо гарааны бизнесс болтлоо хөгжүүлсэн тэрбээр каллиграфийн нэгэн төрөл болох леттерингийг Монгол Улсад хөгжүүлж, зургаан нэр төрлийн 50 гаруй хэвлэмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

         -Эрхэм уншигчдад нь энэхүү ярилцлагыг унших өдрийн мэнд хүргэе. Уран бичлэг, леттеринг сонирхогчид маань намайг Цэндүүхэй гэдэг нэрээр сайн мэддэг. Жинхэнэ нэр минь ч, артистик нэр минь ч Цэндүүхэй. Монгол бичгийн латин галигаар Cengdukei гэж бичдэг учраас энэ нэрээ олон нийтийн сүлжээнд түлхүү ашигладаг. Нэр минь содон сонсогддог учраас утгыг нь асуух хүн олон бий. “Бурхны авралаар нас нь уртсаж өвчин зовлонгүй эрүүл энх амьдраг” гэсэн утгатай Цэнд (монгол бичгээр Цэнгдү), үүний араас нэр үг бүтээх, өхөөрдсөн утга илэрхийлдэг “-хэй” залгаснаар нэр минь бүтсэн юм. Аавын минь өгсөн нэр л дээ.

- Нэрнийнх нь утга сонирхолтой юм аа. Нэрнийнхээ утгыг нарийн тайлбарлаж байгааг тань сонсоод эзэмшсэн мэргэжлийг нь асуумаар санагдлаа?

       -Би ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийг “Хэрэглээний хэлшинжлэл, шинжлэх ухаан, технологийн орчуулга, хэл найруулга” мэргэжлээр төгссөн. Хэлний хүн л дээ. Тиймээс хэлний төрөл бүрийн сонирхолтой баримтууд, эртний хэл, бичиг үсэг, үсгийн гоёмсог хэлбэр тигүүдийг сонирхон судлах их дуртай. Өдгөө ажил болгосон “EGUL3” маань ч тэр л сониуч хүсэл дээр минь эхэлж байсан даа.

-“EGUL3 Creative Studio”-ийн талаар ярихгүй юу. Анх хэрхэн үүсгэн байгуулж байсан бэ?

         -“EGUL3” бол амьдралын минь салшгүй хэсэг болсон ажил, хобби, урам зориг минь юм даа. Анх өөрийн нугалсан оригами буюу цаасан нугалбараа оруулдаг цахим хуудас нээсэн юм. Шинэ хобби  хөгжүүлэх бүрдээ зургийг нь оруулдаг байсан. 2014 оноос леттеринг хэмээх каллиграфийн нэгэн төрлийг сониучирхан судалж эхэлсэн. Ингээд 2015 оноос бие даан сурч хөгжүүлснээр “EGUL3 Creative Studio” хэмээх бүтээлч урлан бий болох эхлэл тавигдсан. Анхны бүтээгдэхүүн болох шинэ жилийн мэндчилгээний картуудаа 2016 оны 10-11 дугаар сард гаргаж байв. Өдгөө зургаан төрлийн 50 гаруй хэвлэмэл бүтээгдэхүүнтэй болсон байна. Арванхоёрдугаар сарын 1-нд шинэ даавуун бүтээгдэхүүн болох хатгамалтай цамц маань гарсан. Бүх бүтээгдэхүүндээ 100 хувь монгол артистуудын бүтээлийг ашигладаг. “EGUL3”-ын алсны харааны нэгэн том хэсэг бол оюуны өмчийг дээдэлж, зохиогчийн эрхтэй бүтээлийг ашиглан, өнгөлөг бүтээгдэхүүн урлан гаргах явдал юм.

-“EGUL3” 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулсан гэхээр чамгүй урт хугацаа өнгөрчээ. Анх эхлүүлж байсан үеэ бодвол одоо илүү тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?

          -Зохиогчийн эрхтэй, албан ёсны өнгөлөг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ танилцуулдаг хэвээрээ, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа. Цар тахлын хүндхэн хоёр жилийн хугацааг харьцангуй бага эрсдэлтэй давсан. Хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ саадгүй хүргэх, захиалах амар шийдил олох, борлуулалтын сувгаа тэлэх зорилгоор www.EGUL3.com онлайн дэлгүүрээ нээгээд хоёр жил болох гэж байна. Мөн гэрээт  таван дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэдээ бараа бүтээгдэхүүнээ хүргэдэг.

-Та “EGUL3 Creative Studio”-оо эрхэлж, чөлөөт уран бүтээлчээр ажиллахаас гадна өөр ажил эрхэлдэг үү?

         -Ажил гэхээсээ илүү сайн дурын ажил хийдэг. Миний эзэмшсэн мэргэжил хэлшинжлэл шүү дээ, үүнээс гадна би өөрөө монгол бичигт их хайртай учраас монгол бичгээр хийсэн бүтээлээ цахим хуудсад нийтлэх “Монгол бичиг” хуудас болон монгол бичиг сурах хүсэлтэй хүмүүсийн нэгдэл болсон бүлгийн зохицуулагч хийдэг. Өдгөө манай хуудас, бүлэг 233 мянган гишүүн, дэмжигчтэй болсон. Гишүүд нь  маш идэвхтэйгээр монгол бичгээрээ нийтлэл бичиж, бие биедээ тусалж, зааж сурцгаадаг. Би чөлөөт цагаараа монгол бичгээр хэвлэгдсэн хуучны номуудыг цахим болгож, PDF хувилбараар нь тараадаг.

-“EGUL3”-ын зарим бүтээгдэхүүн монгол бичгээр бичигдсэн  байдаг шүү дээ. Хүмүүс монгол бичгээр бичсэн бүтээгдэхүүн хэр худалдан авдаг вэ?

         -Манай анхны бүтээгдэхүүн болсон мэндчилгээний карт байдаг юм. “Баярлалаа” гээд монгол бичгээр бичсэн гадартай. Бусад картынхаа гадна талыг жил бүр сольдог бол “Баярлалаа” картынхаа гадна талыг ерөөсөө сольдоггүй. Яагаад гэвэл манайхан монгол бичгээр “Наадам, монгол, шинэ жил” гээд дөрөвхөн үгийг л уншиж чаддаг болохоор ядаж ганц ч атугай шинэ үг нэмье гээд энэ картынхаа гадна талыг сольдоггүй юм л даа. Манай монгол бичигтэй бүтээгдэхүүн нь нийт бүтээгдэхүүний арван хувийг эзэлдэг. Монгол бичгээр бичсэн бүтээгдэхүүний борлуулалт муу байдаг хэдий ч бид  үйлдвэрлэсээр л байх болно. Сүүлийн жилүүдэд манай шинэ үеийн хүүхдүүдийн монгол бичгийн мэдлэг эрс сайжирч байгаа. Уншиж нүдлэхдээ ч түргэн болсонд нь баяртай байдаг. Үгийн баялагаа нэмье, үгийн утгын нарийн мэдье гэвэл монгол бичгээр ном уншаарай гэж зөвлөх дуртай.

-Леттеринг урлаж эхэлсэн үеийнхээ талаар ярихгүй юу. Анх хэрхэн сонирхож, бичиж эхэлсэн бэ?

         -Би 2014 оноос леттеринг хэмээх каллиграфийн нэгэн төрлийг сониучирхан судалж 2015 оноос бие даан сурч хөгжүүлсэн байна. Леттеринг хэмээх зүйлийн анхны сэдлээ инстаграм хуудсан дээрх “Youversion” хэмээх хаяг дээр ордог гоё гоё постуудаас сэдэл авсан. Анхандаа “Ингэж гоё бичээд байгаа зүйлийг юу гэдэг юм бол, ямар нэртэй юм бол” гэдгийг нь мэдэх гэж урт хугацаа зарцуулсан даа. Нэлээд хугацаанд хайж байж нэрийг нь  жижиг зөвлөгөө дүрс бичлэгтэй олсон.  Тэгсэн бичгийн материал хэрэгслүүдээ хаанаас авахаа мэдэхгүй удаан хайсан. Энэ түүхээрээ би залууст “Тууштай байгаарай” гэж хэлэхийг хүсдэг. Зориод хайвал эрсэн зүйлээ олох нь дамжиггүй. Хай тэгвэл олно гэдэг дээ. Ингээд нэрээ ч мэдээд авсан, материал хэрэгслээ ч олчихсон би бие даан судалж, туршиж, алдаж онож явсаар 2018 онд өөрийнхөө хэв маяг, өнгө төрхийг бүрэн олсон гэж боддог. Мэдээж одоог хүртэл би чадвараа тасралтгүй хөгжүүлж байгаа. Сүүлд “Fauxsaics” буюу Дижитал мозаикийн аргазүйг эзэмшин хөгжүүлж байна.

-Таны цахим хуудаснаа хуваалцдаг  леттеринг санаанууд нь үргэлж өөрчлөгдөж,  сайжирдаг шүү дээ. Шинэ загварын санаануудаа хэрхэн олдог вэ?

          -Олж авсан авьяас чадвараа байнга сайжруулж, болд ган мэт давтаж байх нь  чухал шүү дээ. Урам зориг, сэдэлжүүлэлтээ Stefan Kunz, Ian Barnard, Jimbo Bernaus, Karin Newport зэрэг леттеринг артистаас авдаг. Шинэ загварын санаагаа бодлоосоо, заримдаа Pinterest, инстаграмаас  авдаг даа. Леттеринг бол уран сэтгэмж, зохицол, донж дээр тулгуурладаг учраас хэт хайрцаглагдаж болохгүй. Тиймээс эрх чөлөөтэй, нээлттэй сэтгэхийг хичээдэг.

-Байнгын суугаа ажлаасаа өөрийгөө хэрхэн чөлөөлж, биеэ амраадаг вэ?

        -Унтах шиг биеийг амраадаг сайхан зүйл гэж үгүй. Үүнээс гадна өглөө босоод халуун кофе уух, ажил ихтэй яарч явахдаа ойрхон тааралдах сүлжээ дэлгүүрт ороод дуртай кофегоо авч уух, амттай бялуу идэх, амттай хоол идэх, онц сонирхолтой кино үзэх гээд биеэ амрааж, аз жаргалыг мэдрэх боломжтой энгийн зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлдэг.

-Үгтэй наадаг зургийнхаа үг, утга агуулгын санааг хэрхэн гаргадаг вэ?

          -Өдөр тутамд тохиолдож буй хөгжилтэй зүйлсээсээ, эморолоосоо, уйтгар гунигаасаа, Библи судраасаа үгтэй наадаг зургийнхаа санааг олдог. Наадаг зургийнхаа үгийг дандаа хөгжилтэй, эерэг, дулаахан үгс байлгахыг зорьдог учраас манайхаас гаргасан бүх загвар гоё,гэгээлэг үгтэй байдаг. Одоогоор Монголдоо цор ганц гэж бардам хэлж чадна. Анхны гоё үгтэй леттерингтэй наадаг зургийг “EGUL3” л бүтээж байлаа.

-Леттеринг бичиж сурахыг хүсдэг хүмүүст зориулсан сургалтынхаа талаар ярихгүй юу?

           -2017 онд хүүхэд, залуусын хөгжлийн “Кама” төвийн хамт олон “Сургалт хийх үү. Бид ч бас сурмаар байна” гээд холбогдож байсан. Тэгээд анхны сургалтаа 2017 оны есдүгээр сараас 20 сурагчтайгаар эхэлж байлаа. “EGUL3” дээрээ 2018 оноос танхимын сургалтаа зохион байгуулж эхэлсэн. Цар тахлын нөлөөгөөр 2020 онд цахим сургалтаа нээсэн хөл хорио тогтоогоогүй байсан бол би нэлээн хожуу цахим сургалттай болох байсан байх гэж боддог юм. Өдгөө сургалтад маань 400-500 гаруй сурагч хамрагдаж “Леттеринг” хэмээх үсгийн урлагийн анхан шатны суурь техникүүдийг сурч төгсжээ. Сургалтаас маань М.Маралмаа, н.Төгөлдөр, н.Биндэръяа, н.Төгсжаргал гээд хэд хэдэн сурагч маань суурь техникээ улам хөгжүүлэн сайжруулаад өөрсдийн өнгөлөг инстаграмтай, бүтээлтэй болсон. Сургалт маань дижитал буюу “iPad Lettering”, цаас дээр үзгээр бичдэг аналог буюу “Handlettering” гэсэн хоёр төрлөөр явагдаж байгаа.

-Леттеринг бичгийн сургалтад суухаар ирсэн сурагчдадаа юу гэж зөвлөдөг вэ?

              -Гоё сайхан зүйлээс сэдэл аваад ирсэн сурагчид шууд л том том бүтээл урлаад, бичээд, зураад явна гэж бодож ирдэг. Гэтэл бүхий л агуу бүтээлүүд эхлээд жижигхэн зураас татахаас эхэлдэг шүү дээ. Тиймээс сурагчдынхаа хэт яаруу сандруу байдлыг нь аядуу зөөлөн болгох зөвлөгөө өгдөг дөө. Тайвнаар, аажим аажмаар сайжирна гэдгийг байнга сануулдаг. Мэдээж шинэ хобби учраас байнга давтаж байж гарт нь орж, чадвар нэмэгдэнэ. Тиймээс леттеринг анхлан сурах хүсэлтэй хүмүүст хандан зөвлөхөд шинэ эрдэм, шинэ хоббитой болох гэж байгаа хүнд уйгагүй хичээл зүтгэл, өдөр болгон давтах сахилга бат маш их хэрэгтэй гэдгийг дахин хэлье. Үүнээс гадна багшаас юм асуухдаа айж мэгдэлгүй сонирхсон бүхий л асуултаа асуух боломжтой. Ерөөсөө багш хүний хийх ёстой зүйлийн нэг бол сониуч асуултад сонирхолтой хариулах гэж би боддог.

-Хийсэн бүтээлийнхээ зургийг дарахдаа хэр анхаарал хандуулдаг вэ?

          -“Table-top” төрлийн зургийг 2016 оноос хойш дарж байгаа. Долоо хоног бүр дарсаар байгаад сайжирсан гэж өөрийгөө тодорхойлдог. Өмнө хэлсэнчлэн шинэ юмыг сурах гэж байгаа бол байнга давтаж гартаа оруулах хэрэгтэй юм. Зургийн шинэ хэв, орчин бүрдүүлэх гэж өмнө нь их цаг авдаг байсан бол одоо бүр гарт ороод жижигхэн хөөрхөн деталь дээр л тулгуурлаад гэрэл зургаа дарчихдаг. Уншигчдад санал болгож, санаа авах инстаграм хаяг гэвэл “howto1nstagram” байгаа. Заавал дагаад, зөвлөгөөг нь хэрэгжүүлээд үзээрэй.

-Цахим хуудсанд байршуулдаг зөвлөгөөний богино дүрс бичлэгээ хэрхэн хийж эхэлсэн бэ?

        -Би мэддэг, чаддаг зүйлсээ хүмүүст харамгүй зааж өгөх дуртай. Найзууддаа ч их зөвлөдөг. Тэгээд “Илүү олон хүнд хэрэгтэй юм заагаад өгье” гэж бодсон учир өнгөрсөн наймдугаар сараас инстаграмын шинэхэн функц болох “Reel” дээр богино дүрс бичлэгүүд оруулж эхэлсэн. Хүргэхийг хүссэн хүмүүст дүрс бичлэг маань хүрсэн учраас урам авсан. Одоо шинэ цуврал контент дээр ажиллаад, текстээ бэлдээд сууж байгаа. Удахгүй байршуулах гоё бичлэгүүдийг маань үзээрэй.

-Тун удахгүй ном гаргах гэж байгаа юм билээ. Тус номоос уншигчдыг юуг олж аваасай гэж хүссэн бэ?

             -Леттеринг сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээсэн “Learn to Brush Lettering with Cengdukei” ном маань тун удахгүй гарах гэж байна. Уг номоо зүгээр нэг дасгал ажлын ном байлгая гэж бодоогүй учраас үсгийн урлагийн онолыг маш энгийнээр тайлбарлан оруулж өгсөн нь уншигч, цаашдаа гүнзгийрүүлэн судлах сэдэл өгөх зорилготой. Леттерингийн төрлөөр эрхлэн гаргасан хоёр дахь ном минь байгаа юм. Өмнө нь хүүхдийн зохиолын “Алтаахай” номыг найз, дижитал артист Б.Анужинтайгаа хамтран гаргаж байлаа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

                -Баярлалаа.

Цэндүүхэйгийн IG: https://instagram.com/cengdukei

EGUL3 брендийн вебсайт: www.EGUL3.com

 


ЦЭНДҮҮХЭЙ, Б.С: Анхны гоё үгтэй наадаг зургийг “EGUL3” студи л бүтээж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188