• Өнөөдөр 2024-05-03

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутан Б.ЦЭНГЭЛ: Зорилгоо биелүүлье гэвэл эхлүүлэх нь л хамгийн чухал

2022-06-02,   2329

      Сурлагаараа манлайлж буй оюутан, залуусыг урамшуулах, тэдний сурах хүсэл, мөрөөдлийг дэмжих зорилгоор  Монгол Улсын Ерөнхий сайд дотоодын болон гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх олгох нэрэмжит тэтгэлэг зарласан. Тодорхой шалгууруудыг хангасан 70 гаруй залуус уг тэтгэлгийг хүртээд буй. Түүнээс 30 гаруй залуус дэлхийн топ сургуульд суралцах эрх авсан. Тэдгээрийн төлөөлөл нь Б.Цэнгэл. Тэрбээр тууштай хичээнгүй байвал боломж үргэлж байдаг гэдгийг олон залууст баталж чадсан манлайлагч нэгэн юм. Ингээд түүний үнэт зүйл, үзэл бодлоор аялсан ярилцлагыг уншигч таны өмнө дэлгэе.
 
 
-Сайн байна уу. Юун түрүүнд Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцэж, гадаадад суралцах болсонд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
                   -Намайг Баттөрийн Цэнгэл гэдэг. Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийг төгсөөд МУИС-ийн Бизнесийн салбар сургуульд санхүүгийн чиглэлээр сурсан. Оюутан байх хугацаандаа оюутан солилцооны тэтгэлгээр Унгар Улсад нэг жил суралцсан. Эх орондоо буцаж ирээд санхүүгээр төгссөн учраас Монголын санхүүгийн зах зээлийн хамгийн том оролцогч болох банкны салбарын хамгийн том байгууллага Хаан банканд ажилд орсон. Эрсдэлийн чиглэлээр нэг жил, дараа нь засгийн газрын үнэт цаас, бонд, валютын арилжааг хариуцдаг маш сонирхолтой хэлтэс болох хөрөнгийн удирдлагын газарт ажилласан. Түүний дараагаар Монголын хамгийн том кашмер компани болох Говь ХХК-д олон улсын зах зээл дэх санхүү стратеги төлөвлөлт хариуцсан даргаар ажилласан. Одоогоор найзуудтайгаа хамтран бизнес эрхлээд, яг түүн дээрээ бүтэн цагаар төвлөрч ажиллаж байна даа.
 
-Ерөнхий сайдын тэтгэлгийн мэдээллийг анх хаанаас авсан бэ?
              -Хамгийн анх маш азтай байдлаар тэтгэлгийн мэдээллийг олж авсан. Манай дүү энэ жил Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн. Тэгээд дүү минь сургуульдаа яаж явах юм, ямар тэтгэлэгт хамрагдсан гэдгийг судлаад, уншиж танилцаад явж байхдаа ерөнхий мэдээллийг авсан. Судлах явцдаа Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг дэлхийн топ 100 сургуульд суралцах сургалтын төлбөр болон даатгалыг бүрэн төлнө гэдэг маш ойлгомжтой мэдээллийг тэндээс авсан.
-Тэтгэлэгт материалаа бүрдүүлж өгчхөөд, өөрийгөө тэнцэнэ гэж бодсон уу?
                  -Ерөнхий сайдын тэтгэлгийн үргэлжлэх явц нь бусад тэтгэлэгтэй харьцуулбал маш богино хугацаанд явагдсан. Тавдугаар сарын эхэн хүртэл материалаа хүлээж авах байсан. Миний хувьд нэлээн яаралтай материалаа бүрдүүлсэн.  Материал бүрдүүлэх хугацаанаас хэдхэн хоногийн өмнө өөрийн материалуудаа өгсөн. Тун удалгүй хариу нь гарч, хоёрдугаар шатны ярилцлагад орсон. Тэгээд л удаагүй байсан сүүлийн шатны хариу гарчихсан. Үргэлжлэх явц нь үнэхээр хурдан байсан. Энэ нь маш том давуу тал болсон. Хүлээх явцдаа өөрийгөө тэнцэх магадлал өндөртэй байх гэж бодож байсан. Яагаад гэвэл журмын дагуу тухайн жилдээ 100 хүртэлх хүнийг шалгаруулна гэсэн байсан. Тэгэхээр ер нь боломжтой юм байна гэж бодсон. Нэгдүгээр шатанд нийтдээ 70 гаруй хүн хүсэлт илгээсэн. Сүүлийн шатанд тавигдсан шаардлагуудыг бүрэн хангасан 30 гаруй залуус байсан.
 
-Гадаадад сурах тэтгэлэг авсан залуус цаашид ямар сургуульд сурах зэргийг нь хэрхэн сонгоно гэсэн үг вэ?
                  -Ерөнхий сайдын тэтгэлэг өмнө нь зохион байгуулагдаж байсан юм билээ. Хэсэг хугацаанд завсардаад, энэ жилээс ерөнхий журам зэрэг бүх зүйлсийг нь шинэчлээд олгож байгаа гэдгээрээ онцлог. Мөн тэтгэлэгт хүсэлтээ илгээхээс өмнө суралцахыг хүсэж буй сургуульдаа тэнцсэн байх шаардлагатай. Мэдээж TOEFL, IELTS буюу хэлний оноонуудаа авсан байх гэсэн суурь шалгууруудыг авсан байх ёстой юм билээ.
 
-Тэтгэлгийн сонгон шалгаруулалт ямар санагдсан бэ?
                    -Миний хувийн туршлагаас харахад тэтгэлгийн сонгон шалгаруулалт ил тод, нээлттэй болж чадсан. Яагаад гэвэл ярилцлагын шатанд гэхэд л арав гаруй хүн байсан. Ихэнх нь их, дээд сургуулийн багш нар, доктор гэх мэт төлөөллүүд байсан. Засгийн газраас 2-3 хан хүн шүүж, оролцсон. Тэгээд бүх хүний ярилцлагыг камераар бичсэн зэрэг олон давуу тал анзаарагдсан.
-Таны хувьд магистрт, докторын аль чиглэлээр сурах, хэзээ явах вэ?
                -Би магистраар сурна. Наймдугаар сард явах байх гэсэн төлөвлөгөөтэй байна. Одоогоор Засгийн газраас гэрээ, санхүүжилт ирээгүй байгаа. Эхний ээлжинд ямар нөхцөлтэйгөөр явах зэрэг гэрээтэйгээ танилцчихаад, явах бэлтгэлээ хангана.
 
-Тэтгэлэгт тэнцсэнээ мэдээд ямар мэдрэмж төрсөн бэ?
               -Санхүүгийн салбарын хүн, ирээдүйд энэ салбартаа ажиллана гэж боддог. Залуучуудад маш олон боломжийг бас хариуцлагыг өгсөн. Энэ бол Засгийн газрын зүгээс залууст оруулж буй бодит, үр дүнтэй хөрөнгө оруулалт яах аргагүй мөн. Тийм болохоор хариуцлагатай байх нь хамгийн чухал гэсэн бодол төрсөн.
 
-Аливаа тэтгэлгийн гол шалгуур нь тухайн хүний манлайлал байдаг шүү дээ. Таны хувьд өөрийгөө аль салбарт манлайлдаг гэж боддог вэ?
                 -Нэгдүгээрт, ажилдаа үр дүнтэй, манлайлж ажиллахыг чадах чинээгээрээ хичээдэг. Мөн зөвхөн өөрийн хийх ёстой ажлыг бус бусад хамаарал бүхий хэлтэс газар, салбарт ажиллах, сурах, хамтрах зүйлд үргэлж нээлттэй байдаг. Хоёрдугаарт, гэвэл нийгмийн салбарт оюутан байхаасаа идэвхтэй байсан. Rotaract гээд төрийн бус, шашны бус сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулдаг ТББ статустай байгууллага байдаг. Энэхүү байгууллагатай нэлээн удаан холбоотой явсан. Оюутан байхдаа гишүүн нь болж, дараагаар нь санхүү хариуцсан ажилтан, хамгийн сүүлд Ерөнхийлөгч гэх мэт албан тушаалуудыг хашиж байсан. Сайн дурын байгууллагад харьяалалтай байж сурсан зүйлс нь аливаа тэтгэлэг болон ажлын байр, амьдралд ихээхэн дэм болдог. /Инээв/
 
-Их сургуулиа төгссөний дараа тэтгэлэгт хамрагдах боломж байхгүй гэж боддог залуус олон байдаг. Таны хувьд энэ ойлголтыг эсрэг “Боломж” байдаг гэдгийг баталсан гэж бодож байна?
                    -Маш энгийнээр ойлгуулбал хүн болгон чадна гэж хэлмээр байна. Надаас дээш үеийн мундаг ах, эгч нар зөндөө байсан. Тухайн үедээ би ч бас тэдний гаргасан амжилтыг сонсоод “Пөөх, ямар мундаг юм бэ” гэж боддог байлаа. Одоо ч хэвээрээ. Юу гэх гээд байна вэ гэвэл эхлэх л хамгийн чухал. Өнөөдөр чамд боломжгүй, чадахгүй мэт санагдсан ч  хэрэв үнэхээр хүсдэг бол зүгээр л зоригтойгоор эхэл. Гадаадад сургуульд сурна гэж боддог байлаа гэж бодъё л доо. Эхний ээлжинд таалагдсан, сурахыг хүссэн сургуулиудаа сонгоно. Бага багаар, амьдрах орчин ямар байна, миний зан, араншинд тохирох сургууль аль нь вэ гэх мэтээр шүүдэг. Ингэж явсаар цөөн хэдэн сургууль үлдэнэ. Үлдсэн цөөн сургууль руугаа  юу хийхийг хүсэж байгаа ойлгуулж, баталж байж тэнцэнэ. Эхлэх цэгээс хараад л  “Би угаасаа чадахгүй” гэж бодож байвал чадахгүй шүү. Зүгээр л эхэл. Чадахгүй гэж бодсон болгоныг өөрчлөх зүйл нь эхлэлийн цэг байх болно.
-Таны бодлоор оюутан, залууст гадаад, дотоодын тэтгэлэг олгох нь ямар ач холбогдолтой вэ?
                    -Тэтгэлэг авах нь  чухал ч материалаа бэлдэж “Би яг юу хийхийг хүсэж байна вэ” гэдгээ бодож, бичиж, бусдад ойлгуулах нь илүү чухал санагддаг. Яагаад гэвэл өөрийгөө сонсож, хайж, эргэцүүлэх боломж бүрдэнэ. “Би яг хэн бэ, юу хийхийг хүсэж байна” гэдэгтээ хариулт олсон хүн цөөхөн байдаг. Тэр дундаас бодит болгоод, хэрэгжүүлдэг хүн тун ховор. Хэрэв тэнцвэл бичсэн зүйлээ бодит болгоод, тэнцэхгүй бол бичсэн эссэгээ сайжруулаад дахин, дахин оролдоод үз. Тэгэхээр тэтгэлгийн хамгийн том ач холбогдол бол өөрөө, өөрийгөө олох гэж би  боддог.
 
-Гаргасан амжилтаар нь дүгнэх олон хүн байдаг. Гэвч харагдахгүй хичээсэн нөр их хөдөлмөр үргэлж амжилттай хамт явж байдаг. Таны хувьд урам хугарах, шантрах үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

                           -Тэгэлгүй яахав. Мөсөн уулын нэг жишээ байдаг даа. Ил харагдах жижигхэн хэсгээр өнгөцхөн дүгнэдэг гэдэг шиг. Би ч бас бусдын л адил эгэл жирийн хүн. Алдах, урам хугарах, шантрах үе байдаг. Унасан үед чиглүүлэг болдог хоёр зүйл надад бий. Нэгдүгээрт, холын зорилго. Холын зорилгоо тодорхойлсон хүн зам зуурын жижиг асуудалд түүртдэггүй юм билээ. Жижиг саад бэрхшээл тулгарч алдсан ч, ийм нэг зүйлийг суралцлаа даа гээд л тоохгүй. Хоёрдугаарт, өнгөрснөөсөө илүү урагшилж байгаа ч, тэр дунд уналтын үе байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх. Энэ нь урагшилж байгаагийн нэг илрэл гэж боддог.

-Та өөрийгөө хэр амжилттай яваа гэж боддог вэ?
                  Өөрийн зорьсон зүйлдээ хүрэх болоогүй. Саяхан нэг подкастнаас  “Алсын хараа гэдэг бол зорилгодоо байнгын хүрсэн юм шиг мэдрэмж авдаг хэрнээ хүрээгүй юм шиг байх” гэж сонссон. Яг л үүнтэй адил. Миний хувьд хүссэн зүйлүүддээ хүрэхийн тулд бага багаар урагшилж л байна. /Инээв/
-Ярилцах явцад анзаараад байсан та хийх ёстой зүйлээ чамбай хийчихдэг, төлөвлөгч нэгэн бололтой?
                     -Магадгүй л юм. Үүнд суурь хүмүүжил нөлөөлсөн байх. Манай гэр бүлийнхэн намайг үргэлж дэмжиж, юу хүсэж байгааг минь сонсдог. Энэ нь өөрийнхөөрөө байж, үзэл бодлоо илэрхийлэх, өмнөх ажлаа хариуцлагатай хийх гэх мэт анзаарагдадгүй зан үйлийг бий болгосон байж магадгүй. Төлөвлөлт маш сайн хийдэг. Яагаад ч юм магадгүй мэргэжлийн онцлог ч байж болох юм. Хийх зүйлсийн жагсаалт гаргаж, тухайн жилдээ  юу төлөвлөж хийх ёстой гэдгээ тодорхой болгож, түүнийхээ дагуу амьдрахыг хичээдэг.
 
-Дөнгөж их сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарахаар хүлээлт, бодит байдал эрс ялгаатай байдаг. Таны хувьд ямар байсан бэ?

                   -Товчхон хэлбэл эрс өөр байдаг. Их сургуульд сурсан зүйл хэзээ ч ажлын байран дээр хангалттай байдаггүй. Бүх зүйлийг шинээр сурах хэрэгцээ үүсдэг. Тиймээс  хаана ч ажилласан тэндээс суралцах, хийх ёстой бүгдийг хийж сурах нь давуу тал болдог юм билээ. Иймд үргэлж шинийг эрэлхийлж, суралцахыг хичээдэг.

-Энэхүү ярилцлагыг уншиж буй залууст хандаж хэлэх зүйл байна уу?
          -Удаан хугацаанд бодсон ч хэрэгжүүлж чадахгүй зүйл байвал одооноос эхлүүлээрэй. Зогсолтгүй, тууштай байх нь тулгарч буй саад бэрхшээлийн хариулт болдог. Залуу байгаа учраас алдаж болохгүй гэж бодохоос илүү алдаанаасаа суралцаж хөгжих нь чухал гэдгийг ухамсарладаг байгаарай гэж хэлэхийг хүсэж байна.
 
-Цаг гарган ярилцсанд баярлалаа
 
              -Баярлалаа.
 
 

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутан Б.ЦЭНГЭЛ: Зорилгоо биелүүлье гэвэл эхлүүлэх нь л хамгийн чухал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188