• Өнөөдөр 2024-05-17

Хөөрөг 20 мянгаас 15 сая төгрөгийн үнэтэй байна

2021-02-06,   3434

-Хөөргийн алтан нуухыг нь бүрмэлээр солиод хямдруулж авч болно-

       Сар шинийн баяр ойртож, эр хүний чимэг болсон, хүний нүд баясгах хөөрөгтэй болохоор худалдааны төвүүдийг зорих хүн олон байна. Хэдийгээр коронавирусийн халдвар нийслэлийн хэмжээнд тархсан, хаанаас ч халдвар илрэх өндөр эрсдэлтэй үе ч гэлээ хөөрөг сонирхогчдод энэ нь падгүй бололтой. Урт цагааны үнэт эдлэлийн дэлгүүр, "Мөнгөн завъяа" зэрэг дэлгүүр эл хуль, хүнгүй шахам бол "Нарантуул" зах хөөрөг сонирхогчдын хөлд дарагджээ. “Энэ хэд вэ”, “Тэр нь хэд юм бэ”, “Үнийг нь бууруулах уу”, “За больё оо, арай үнэтэй юм” хэмээх үгс "Нарантуул" захын хөөрөг зарж буй лангуунуудын эргэн тойронд өрнөнө. Алхам тутамд ул боов, идээний еэвэн тэвэрсэн хүмүүс олноор зөрж өнгөрөх бөгөөд Цагаан сарын баяр дөхсөн учраас хөөрөг, мөнгөн аяга, хэт хутга сонирхогчид тасралтгүй холхих аж. "Нарантуул" захын үнэт эдлэлийн хэсгээр үйлчлүүлж буй хөөрөг сонирхогчид ихэвчлэн хаш чулуун, бүрмэл нуухтай хөөрөг асууна. Тийн сонирхохдоо гараас гар дамжуулан нэгэндээ сонирхуулж байгаа нь цар тахлын үед нэг л ёозгүй санагдаж байв.

       "Нарантуул" зах дээр 20 мянган төгрөгийн жижиг гарын хөөргөөс эхлээд 1.5 сая төгрөг хүртэлх төрөл бүрийн хөөрөг бий. Хөөргийн чулуунууд дотроо Оросын цагаан мана хамгийн үнэтэй нь гэнэ. Хэдий Монголын гартаам, мана, жүнчигноров зэрэг чулуу Оросын цагаан манатай үнэ дөхөх хэдий ч Оросын цагаан мана гадных гэдэг утгаараа арай илүү өндөр үнэтэй байдаг аж. Чулуу нь монгол боловч хятад хийцтэй уг хөөргүүдийг "Нарантуул" захын хөөргийн худалдаа эрхлэгчид борлуулах аргаа хэдий нь олж, төрөл бүрийн арга ашиглаж байгаа нь харагдана. “Энэ 900 мянган төгрөгийн алтан нуухтай хөөргийн нуухыг нь сольж, бүрмэл болгоод 700 мянгад өгч болно шүү” хэмээн нэгэн худалдагч хэлж байсан үнээ даруй 200 мянган төгрөгөөр бууруулах нь тэр. Хөөргийн толгойн алтан нуух ихэвчлэн 200-300 мянган төгрөгөөр үнэлэгддэг бөгөөд нуухыг нь сольж, худалдаалдаг сэргэлэн хүмүүс цөөнгүй аж. Гэвч хөөрөг сонирхсон олон тэр бүр худалдаж авахыг зорьсонгүй. Цэнхэр торгон дээлтэй, 70 орчим насны эмээ алтан нуухтай, дунд гарын шарлаг манан хөөргийг хэсэг зуур эргүүлж тойруулсан ч “За за” гэж хэлээд худалдагчид буцаагаад өгчихөв. Өнөөх худалдагчаас наймааны олз, омог хэр байгаа талаар асуухад “Наймаа сайнгүй л байна. Өдөрт 20-50 мянган төгрөгийн хэдхэн ширхэг хөөрөг зарна. Өөр ажил , орлого байхгүй над мэт худалдаачинд цар тахлын үе их л хүндээр нөлөөлж байна даа” хэмээсэн юм.

Хөөргийн борлуулалт буурчээ

       "Нарантуул" захыг бодоход Урт цагааны гудамжны үнэт эдлэл, эртний эдлэлийн дэлгүүрүүд үйлчлүүлэгч багатай байв. Худалдагч нар нь үйлчлүүлэгчээ ихээхэн сонжиж, бэл бэнчинд нь тааруулан харьцах аж. 40 орчим насны, энгийн хувцасласан нэгэн эр лангууны урд очиж, алтан нуухтай цагаан хаш хөөргийн үнийг асуухад худалдагч эмэгтэй өөдөөс нь хэсэг зуур харж зогссоноо “Чи авч чадах юм уу” гэх нь тэр. Ийн хэлснийхээ дараа тэрбээр “Манай дэлгүүрийн хөөргүүд хамгийн хямддаа 300 мянган төгрөгийнх. Үүнээс хэд дахин үнэтэй нь ч бий шүү" хэмээн тавлаж байгаа аятай, басхүү мөнгө төгрөг чинь хүрэхгүй бол битгий олон зүйл асуу гэж буй янзтай харьцана. Дэлгүүр доторх олонх хүн хөөрөг бус, алт, мөнгөн аяга зэрэг бусад үнэт эдлэлийг сонирхох аж. Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байхтай холбогдуулан хөөргийн борлуулалт буурсан талаар  худалдагч нар дурдах бөгөөд тэдний зарим нь “Цаг үеийн нөхцөлөөс шалтгаалан хөөргийн бизнес эрхлэхээ больсон” хэмээж байлаа.

Г.ГАНЦОГТ: Байгалийн чулууны маш өвөрмөц тогтоцыг хөөрөг болгох юм бол дахин давтагдашгүй бүтээл болдог

       "Нарантуул" зах, Урт цагааны гудамжны үнэт эдлэлийн дэлгүүрээс "Мөнгөн завъяа" үнэт эдлэлийн дэлгүүрийг зорилоо. Тухайн дэлгүүр дэх хөөргийн хамгийн том лангууг ажиллуулдаг, хөөрөг сонирхогч Г.Ганцогттой хэсэгхэн хором ярилцсан юм. Тэрбээр багаасаа хөөрөг сонирхож, уг наймаагаа эхэлснээс хойш зургаан жилийг үдэж байгаа гэнэ.

-Цагаан сарын баяр болоход 10 хүрэхгүй хоног үлджээ. Хөөргийн худалдаа хэр байна вэ. Олз, омог ихтэй байна уу?

-Хөөрөг худалдан авах үйлчлүүлэгчдийн тоо өнгөрсөн жилээс хойш их хэмжээгээр цөөрсөн. Өнгөрсөн жил Цагаан сарын баяр тэмдэглэхийг хориглосон. Улмаар сар шинийн баярыг хориход хөөрөг авах гэсэн иргэд бодлоо өөрчилж, авах хүсэл, эрмэлзэл нь байхгүй болсон. Өнгөрсөн жил ийн худалдан авагчгүй болсон бол энэ жил урьд өмнөх жилүүдээс ч илүү борлуулалт буурлаа. Энэ нөхцөлд долоо хоногт нэг ширхэг хөөрөг зарвал зарж, зарим долоо хоногт зарж чадахгүй л ажиллаж байна даа. Хөөргийн наймаа эрхэлж, амьдралаа авч явдаг хүмүүст цаг үеийн нөхцөл байдал хүндээр тусаж байна.

-Иргэд ихэвчлэн ямар төрлийн хөөрөг сонирхож байна вэ?

-Хөөрөг сонирхогчид ихэвчлэн манатай хөөрөгт дуртай байдаг. Мөн эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн гартаам, жүнчигноров зэрэг байгалийн чулуутай хөөргийг сонирхогч мөн олширсон. Мана, гартаам, жүнчигноров чулуутай хөөргийг л хүмүүс илүү ихээр асууж, сураглаж байна. Харин хөөргийн чулууны талаарх мэдлэггүй зарим хүн мөнгөөр бүрхсэн хөөрөг барих сонирхолтой байх шиг. Миний хувьд байгалийн чулуун хийцтэй хөөргийг худалдан авч хэрэглэвэл арай дээр байх болов уу гэж боддог. Металлыг дахин хэвэнд цутгаж нэг төрлөөр олныг үйлдвэрлэж болно. Харин чулуун хөөрөг байгалийн нэгэн тогтоц, хэвийг ашиглан бүтдэг. Байгалийн чулууны маш өвөрмөц тогтоцыг хөөрөг болгох юм бол тэрхүү хөөрөг нь дахин давтагдашгүй бүтээл болно. Хэчнээн сайхан мөнгөн хөөрөг байсан ч хэвээр дахин цутгаад хийж болно шүү дээ. Харин чулуун дахь төрөлх баялгийг ашигласан хөөрөг бол жинхэнэ бүтээл.

-Таны худалдаалж буй хамгийн үнэтэй хөөрөг хэд гэж байна вэ?

-Хөөргийн хувьд эртний хөөрөг байх тусмаа л үнэ хүрдэг. Ямар нэгэн зүйлд эртний эдлэл үнэтэй байдаг даа. Тэр утгаараа эртний эдлэлд багтах хөөргүүд маш өндөр үнэ хүрдэг. Манай лангуунд ихэвчлэн шинэ цагийн хөөргүүд бий. Шинэ цагийн боломжийн хөөрөг нэг саяас эхэлнэ. Харин надад алтан нуух, шүрэн толгойтой, хуучны халтар манан хөөрөг бий. Тэр хөөрөг маань 15 сая төгрөгийн үнэтэй. Эртний хөөргүүд шүрэн толгойнх нь орц их байх тусмаа үнэ нь нэмэгдэж байдаг.

-Худалдан авагчид хөөргийн үнэд хэрхэн хандаж байгаа вэ?

-Хөөрөг мэддэг хүмүүс хөөргийн үнэд ямар нэгэн зүйл хэлдэггүй. Тэрхүү хүмүүс хөөргийн зах зээлийн тогтмол ханшийг мэддэг учир ямарваа нэгэн сөрөг хандлага үзүүлдэггүй. Хөөргийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг иргэд худалдан авах гэж буй хөөргөө илүү үнэтэй, аль эсвэл хямд байгааг нь ч ялгаж мэддэггүй болохоор үнэд ямар нэгэн сэтгэгдэл хэлдэггүй. Харин мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг үйлчлүүлэгчид л үнэний талаар санал, гомдол хэлдэг дээ.

Монголын хамгийн үнэтэй, ховор, эртний хөөргүүд

       Тэгвэл Монголын хамгийн үнэтэй, ховор, эртний хөөргүүд хэнд байдаг талаарх мэдээллийг хүргэе.

-Манзушир хутагтын хөөргийг Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1990-ээд оны үед худалдаж авсан аж. Тэрбээр уг хөөргөө хаа нэг Цагаан сар, Наадмаар гаргаж, тоотой хэдэн хүнд харуулж байсан гэнэ.

-Цэргийн жанжин, манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн харлаг манан хөөргийг их аварга асашёорюү Д.Дагвадорж эзэмшдэг. Уг хөөргийг өөрийн болгохдоо нэлээдгүй хөрөнгө зарж байсан талаар эх сурвалжууд мэдээлж байжээ.

-Чин ван Ханддоржийн гартаам, Богд хааны шүрэн хөөрөг УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлд хадгалагддаг аж.

-Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд асан Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн пийсүү хөөрөг “Иточү” корпорацийн Т.Энхбатад байдаг. Уг хөөргийг гаднын нэгэн баян эр 150 мянган ам.доллар амлаад авч чадаагүй гэнэ.

-Дондогдулам хатны сувдан цагаан хөөргийг 1979 онд Гүрдаваа Ринбүүчи Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмоны ээжид “Энэ бол Монголын өмч, монгол хүн эдлэх ёстой юм шүү” хэмээн өөрийн гараар өвлүүлэн үлдээжээ. Уг хөөрөг нь өдгөө Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатын гэргийд байдаг аж.

-Монголын хамгийн үнэтэй хөөрөг буюу 16 дугаар зууны үед харьяалагддаг эртний хөөргийг “Мон-Уран”-ы Б.Наранхүү барьдаг гэнэ. Тэрбээр уг хөөргийг үнэ хаялцсаар 380 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд одоогийн зах зээл дээрх үнэ нь үүнээс хэд дахин өндөр гэдгийг хөөрөг сонирхогчид хэлж байна.


Хөөрөг 20 мянгаас 15 сая төгрөгийн үнэтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-02 08:52:09
    Иргэн: Монголчууд ид мандан бадарч байхдаа чулуу өвөртөлж явсан юм болов уу??? Манжийн үед л дэлгэрсэн эд байх аа даа!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188