• Өнөөдөр 2024-04-19

Хоногийн хоолоо олох тэмцэл буюу УОК-ын харалган шийдвэр

2020-11-26,   1225

Нийслэлийн хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэг байдгийн нэг нь Цагаан давааных. Тэнд 30 орчим иргэн хог түүж, хоногийн хоолоо залгуулахаар хэрэндээ л хичээж байна. Гэхдээ 30 гэдэг нь ердийн үеийнхээс дэндүү бага тоо. Угтаа бол Цагаан давааны хогийн цэг дээр үр хүүхдээ сургуульд оруулж, боловсролтой болгох, оройн хоолны мөнгөтэй гэртээ харих хүсэл бүхий 300 гаруй иргэн хог түүж амьдардаг. Гэвч коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоосон нь тэдний ажил, орлого, хоногийн хоолыг нь таслахад, ийн цөөхүүлээ ажиллахад хүргэжээ.

Зугтаж эсвэл нуугдаж ачлагын машинд “ачигдалгүй” үлдэж чадсанд нь “Ямар хоолтой ирэх бол” хэмээн өөрийг нь хүлээж суугаа хүүхдүүддээ идэх хоолыг нь аваачиж өгөх боломж олддог байна

Тодруулбал, хоёрдогч түүхий эд авах цэг ажиллахгүй байгаа учраас тэд түүсэн хогоо тушааж мөнгө болгож чадалгүй, хуримтлуулсаар өдөр хоногийг хоосон өнгөрүүлж байгаа аж. Мөн цагдаагийн албан хаагчид ченж нарыг хогийн цэг дээрээс түүхий эд авбал 250 мянган төгрөгөөр торгоно гээд хогийн цэг рүү явуулахгүй байгаа гэнэ.

Цагаан давааны хогийн цэг дээр хог түүж байгаа иргэдийг цагдаагийн алба хаагчид “Та нар энд ажиллах ёсгүй. Хууль зөрчиж байна” хэмээгээд ачлагын машинтайгаа очиж, түр саатуулах байр руу авч явдаг гэнэ. Зугтаж эсвэл нуугдаж ачлагын машинд “ачигдалгүй” үлдэж чадсанд нь “Ямар хоолтой ирэх бол” хэмээн өөрийг нь хүлээж суугаа хүүхдүүддээ идэх хоолыг нь аваачиж өгөх боломж олддог байна. Гэвч олдсон боломжийнхоо ашгийг нь гаргаж чадалгүй өдөрт 10 хүртэл мянган төгрөгтэйгөөр гэртээ харьдаг нь тэдний хувьд гонсоймоор зүйл. Энэ бол хөл хорионы үеийн хогийн цэг дээрх иргэдийн туулж буй зовлон бас амьдрал. Тэд хөл хорио тогтоохоос өмнө өдөрт 50-60 мянган төгрөгийн орлого олдог байсан бол одоо хоногийн хоолоо залгуулах боломжгүйд хүрчээ.

Тэгвэл УОК-ын арваннэгдүгээр сарын 16-ны хуралдааны үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Эмзэг бүлгийн нийт 53 мянган иргэн тус бүрд 288 мянган төгрөг шилжүүлсэн. Мөн 80 мянган хүн тус бүрд 106, 4.4 мянган хүн тус бүрд 156 мянган төгрөг шилжүүлээд байна. Нийлбэр дүнгээр 24 тэрбум төгрөг болж байгаа. Мөн хүнсний талон авдаг 242 мянган иргэнд нийт 4.8 тэрбум төгрөг шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна” хэмээсэн байдаг. Харин дансгүй 13 мянга орчим иргэнд уг халамжийг шилжүүлэх ажлыг тухайн дүүргийн хороотой нь хамтран зохион байгуулна гэсэн юм. Түүний хэлснээр эмзэг бүлгийн иргэд хүнсний хомсдолгүй, хөл хорионы эдгээр өдрийг амар тайван өнгөрүүлж байна.

Тэд хөл хорио тогтоохоос өмнө өдөрт 50-60 мянган төгрөгийн орлого олдог байсан бол одоо хоногийн хоолоо залгуулах боломжгүйд хүрчээ

Гэвч түүний хэлсэн үг бодит байдал хоёр газар тэнгэр шиг ялгаатай байх аж. Хүрэх эзэндээ хүрдэггүй энэ халамжийг мөрөөсөгч олон хүний төлөөлөл болсон нэгэнтэй бид уулзсан юм. Түүнийг Д.Ганбаатар гэдэг. Хоёр охин, нэг хүүтэй. Хамгийн бага хүүхэд нь зургадугаар ангийн сурагч гэнэ. Д.Ганбаатар гурван хүүхдээ хоногийн хоолоор таслалгүй, сургууль соёлтой хүн болгох цор ганц хүсэлтэй. Гэвч хөл хорионы хатуу дэглэм тогтоосноос хойш түүнд багагүй хүндрэл тулгарах болжээ. Энэ тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.

-Цагаан давааны хогийн цэг дээр хэзээнээс эхлэн хог түүх болсон бэ?

-Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаад найман жил болж байна.

-Хөл хорионы үеэр хоёрдогч түүхий эд авах цэгүүд ажиллахгүй байгаа. Энэ нь танд ямар хүндрэл учруулж байна вэ?

-Хүндрэл бол маш их байгаа. Цагдаа, Мэргэжлийн хяналтынхан ирээд биднийг хөөж туугаад амар заяа үзүүлэхгүй. Өчигдөр 06:30 цагт ирээд 09:30-д хөөгдөөд явсан. Тэгээд өнөөдөр гайгүй байна гэхээр нь гарч ирж байгаа юм. Түүхий эдээ бид тушааж чадахгүй байгаа. Түүхий эд авах цэгүүдийн хашааны гадна энгийн машинтай цагдаа нар хараад, хяналт тавиад байж байдаг. Тэднийг дээшээ ирэх юм бол 250 мянган төгрөгөөр торгоно гээд боож хаадаг. Хөл хорионы энэ үед цагдаа нарыг буруутгахгүй. Одоо арав гаруй хүн баригдсанаас найм нь хоригдож байгаа. Бичиг баримттай хүмүүс нь шинжилгээгээ өгөөд гарч байгаа бол хаяг бүртгэлгүй нь одоог хүртэл гарч чадахгүй байна. Гэрт байхаар цаг өнгөрч өгөхгүй. Дээрээс нь хүүхдүүдэд идэх хоол, гэрт түлээ түлш байхгүй гээд асуудал их. Тэгээд эндээ ирэхээр цагдаа нар нь хөөнө. Нуугдах нь нуугдаад, чадаагүй нь ачигдаад байж л байна даа.  

-Хөл хорио тогтоохоос өмнө өдөрт хэчнээн төгрөгийн орлого олдог байв. Одоо орлогын хувьд яаж өөрчлөгдсөн бэ?

-Өмнө нь энгийн үед нэг өдөрт 30-50 мянга, хамгийн багадаа 20 мянган төгрөг олдог байсан. Одоо хамгийн сайн мөнгө олж байгаа хүмүүс нь 20-30 мянган төгрөгөөс хэтрэхгүй. Ченжүүд ирэхгүй болохоор бараг л орлого байхгүй. Би хог түүхээсээ илүү машин тэрэг буулгаж, мөнгө олж байна. Олсон мөнгөөрөө дэлгүүрээс гурил, талх тэргүүтэн л авдаг. Бид бол мах авч үнэндээ дийлэхгүй. Заримдаа цувдай, толгой зэргийг аваад харьдаг.

-Одоогоор Цагаан давааны хогийн цэг дээр хэчнээн хүн хог түүж байна вэ?

-Ихэнх нь самар түүхээр ууланд гараад ирж чадалгүй хөл хорионд орчихоод байгаа юм. 300 гаруй хүн эндээс өдрийн хоолоо тогтмол олж идэх гэж зүтгэдэг.  Зарим нь цагдаа нараас айгаад гарч ирж чадахгүй байгаа. Нөгөө хэсэг нь ууланд, үлдсэн нь цагдаа нарт баригдаад түр саатуулагдсан. Бидний амьжиргааг залгуулж байгаа ганц газар чинь энэ хогийн цэг л байна.

-Хог түүхээс өөр ажил хийе гэхээр ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Эндэхийн хүмүүсийн олонх нь хаяг бүртгэл, бичиг баримтгүй. Дээрээс нь ял эдэлсэн. Ажилд орох гээд очихоор ял эдэлж байсан гээд авдаггүй. Энэ мэтээс эхлээд янз бүрийн шалтгаан бий.

-УОК болон Засгийн газраас эмзэг бүлгийн иргэдэд тусална гэж яриад байгаа. Туслалцаа үзүүлэх иргэдийн судалгаанд Цагаан давааны хогийн цэг дээрх иргэд хамрагдсан уу. Жишээ нь, танай гэр бүл?

-Хамрагдаагүй. Огт судалгаа аваагүй. Тэр хүмүүс судалгаа хийж байна гээд дотор суугаад л байдаг. Энд ирдэггүй. Гэтэл хамгийн эмзэг бүлгийн иргэд хогийн цэг дээр байдаг. Өдрийнхөө хоол ундыг хогоор л олж идэж байгаа. Хог түүж байгаа хүмүүст 10 өдрийн хүнс өгөхөд тэд гэрээсээ гарахгүй байгаад л байна. Уг нь тусална гээд байгаа. Хөл хорио тогтоогоод 10 гаруй хонож байна. Өдийг хүртэл ямар ч туслалцаа байхгүй, ирээгүй. Цагдаа нар л ачна гээд хөөж туудаг. Ганцхан өдөр хог түүхээр гараагүй үед ар гэрт нь үр хүүхдүүд нь “Ямар хоол авч ирэх бол” гээд өлсгөлөн, зарим нь уйлаад, даараад, хөлдөж үхэхийн наагуур хүлээгээд сууж байдаг.

Бид ийн ярилцсаны дараа Д.Ганбаатар надаас “Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөг олгоно гэсэн. Тэр юу болсон бэ” хэмээн асуусан юм. “Засгийн газраас дэмжээгүй” гэтэл “Өө Хүрэлсүх үү... Уг нь бусад орон цар тахал, халдварын ийм эрсдэлтэй хүнд үед эмзэг бүлгийн иргэддээ нэлээд вон, ам.доллар гээд мөнгө өгдөг юм байна лээ” гэв.

Д.Ганбаатарын ээжийн төрсөн эгч болох 75 настай эмэгтэй мөн л Цагаан давааны хогийн цэг дээрээс амьжиргаагаа залгуулдаг гэнэ. Тэр Цагаан давааны хогийн цэг дээрх хамгийн өндөр настай нь. Мөн тэнд нярай хүүхэдтэй долоон хүн ажиллаж байгааг онцлон хэлсэн юм. Түүнчлэн жилд энэ хогийн цэг дээрээс амьдралаа залгуулахаар 20-30 хүн шинээр нэмэгдэж ирдэг гэнэ. Тэр ч бүүхэл урин дулаан орж, хичээлийн амралт эхэлмэгц хүүхдүүд аав ээждээ хог түүж туслахаар  очдог гэнэ.

Хүүхдүүдээ хоосон ходоодтой хонуулахгүйн тулд хөөгдөн барин зүтгэж яваа эмзэг бүлгийн иргэдийг төр засаг нь харж үзэх биш, харин ч улам бүр амьдралын баталгаагүй болгож орхидог нь харамсалтай. Үүний хамгийн тод жишээ нь хогийн цэг дээрх эдгээр иргэн юм. Хоногийн хоолоо олдог, амьжиргааг нь залгуулдаг цор ганц ажлыг нь хийлгэхгүй гээд цагдаа нараар ачуулдаг бодит дүр зураг энэ юм. Эмзэг бүлгийн иргэдийг халдвар тархаах өндөр эрсдэлтэй гэж үзэн ийн “чангалж” буй. Гэвч бодит байдал дээр халдварыг тэд биш, тусгаарлалт хийж байсан сувилал, УОК-ын ажилтнууд нь хяналтгүй, замбараагүй, хариуцлагагүй байдлаасаа болж дотоодод алдчихаад бүх нийтээр нь эрсдэлд оруулаад байгаа билээ.  


Хоногийн хоолоо олох тэмцэл буюу УОК-ын харалган шийдвэр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188