• Өнөөдөр 2024-05-08

ХҮҮХДИЙН ГАЛТ ТЭРЭГТ "АМИЛСАН" ТОМЧУУДЫН МӨРӨӨДӨЛ

2021-11-03,   910

    -ХҮҮХДҮҮДИЙГ ГЯЛГАР УУТ, ШИЛЭНД БИЕ ЗАСУУЛСАН-

     Намрын сүүлчийн хонгор өдөр. Гудамж талбай эл хуль, хүмүүсийн саяхан нарлаж суусан цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэг, мод хагдарчихсан, хөхөрч өнгө дарна. Жаргаж буй улаан шаргал нарны доогуур Улаанбаатар хот руу чиглэсэн суудлын галт тэрэг дуугаа хангинуулан пижигнэж, тоос манаргаж байлаа. Яг энэ үед хүүхдийн төмөр зам сургалтын төвийн үүдэнд хүүхдүүд өөрсдийнхөө суух галт тэргээ хүлээсээр улам бүр яарч,тэсэхүйеэ догдолж, “галт тэрэг ирж байна, тэрийг хар даа” хэмээн дороо үсэрч, хөөрч байлаа. Галт тэрэгний зохицуулагч хөөрч, догдолсон хүүхдүүдийн дууг багасгаж, галт тэрэгт суухад нь бэлдэж, хоёр эгнээнд хувааж зогсоолоо. Төд удалгүй “Анхаараарай, анхаараарай. Галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжлоорой”  хэмээн дохиолол дуугарч, тэсэн ядан хүлээж байгаа хүүхдүүдийн зүрхийг улан бүр хөөргөнө. Удалгүй галт тэрэгний хоёр хаалгаар нярайгаа тэвэрсэн ээжээс эхлээд хүүхэд, томчуудгүй цуварч буулаа. Тэдний ихэнх нь “Хөөх, ямар гоё юм бэ” хэмээн хоорондоо инээлдэж, сонссон бүхний, яарсан бүхний хорхойг хүргэж байв. Ийнхүү хүүхдүүдийн үймж, догдолж, баярлаж байгаа диваажин мэт газар бол бол Дархан-Уул аймагт ашиглалтад ороод удаагүй байгаа хүүхдийн парк дахь галт тэрэгний “Бурхант” өртөө билээ.

    18:00 цаг. "Бурхант" өртөөнөөс хоёр депод хуваагдаж суугаад хөдөллөө. Хүүхдүүд ээж, аавтайгаа алс холыг зорьж буй мэт галт тэрэгт зорчих дүрмийг сайн баримтлана. Удалгүй үйлчлэгч “Хэрвээ сайхан амьдарч байвал бие бие рүүгээ инээмсэглээд, хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш” хэмээх дуу тавьж, дунд нь орж хүүхдүүдийг хөгжөөж байлаа. Бидний аялах 20 минутын хугацаанд хүүхдүүдийн зарим нь ширээгээ тохойлдчихсон цонхоор тас ширтэнэ. Найзуудаараа цаг товлож цугларсан хөвгүүд гар утсаараа тоглож, гал тэрэгт сууснаа ч үл анзаарна. Хөлд орж амжаагүй, учраа мэдэхүй бяцхан жаалаа өвөр дээрээ эрхлүүлэх ээж, гэртээ харингуутаа "галт тэрэгт сууя" гэж чөлөө зайгүй нэхэх  цэцэрлэгийн насны хүүхдүүд бүгд л дор бүрнээ жаргалтай, цэнгэлтэй яваа харагдана. Хүүхдийн галт тэрэг яг л цэцэрлэг шиг байлаа. Тэнд хөгжилтэй, инээдтэй зүйлүүд ч их болов. Цаашид ч ийнхүү хүүхдүүдийн дурсамжаар арвижиж, хүүхдүүдийн хэзээ ч мартахгүй жаргалтай мөч тэнд өнгөрөх нь тодорхой. Хүүхдүүд суудлаасаа бууж, хүмүүсийн дундуур дураараа явах гэж чарлана, зарим нь босож авьяасаа үзүүлнэ, тоглоом тоглуулж, таавар таалгаж хөгжилдсөөр тун завгүй. Өдөржин хүүхдүүдийг нааш, цааш болгож, буулгаж, суулгаж хүүхдүүдтэй харилцсан  үйлчлэгч “Би энд ажилд орсноосоо хойш яг л цэцэрлэгийн багш шиг байна. 09:00-19:00 цаг хүртэл хүүхдүүдийг уйдаахгүй, сэтгэл дундуур буулгахгүй  юм сан хэмээн хичээж дуу хөгжим тавьж, дуулуулж, бүжиглүүлж, хөгжилтэй байлгахыг хичээдэг. Зарим нь бие засмаар байна гэж уйлна. Бусдыг тайван аялуулахын тулд тэднийг гялгар уут, шилэнд хүртэл бие засуулж байна. Хүүхдүүд нэг уйлахаараа намдахгүй шүү дээ” гэв. Бидний явсан деподод өсвөр насны хүүхдүүд, томчууд их байлаа. Тэд "Бид яг л хүүхэд насныхаа галт тэрэгт суучихсан юм шиг сайхан байна. Аз жаргал, инээд хөөр бялхсан орчинд хэсэгхэн хугацаанд аялах ядаргаа тайлагдах шиг боллоо” хэмээн баярлаж,  ам уралдан  ярих нь тэр. 

 

“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол

Хүн бүр сууна даа гэж хааяа би боддог юм” хэмээх хүүхдийн дууг сонсоогүй, дуулаагүй хүн гэж үгүй. Энэ дуу өнөөдрөөс л Дархан-Уул аймагт биеллээ олж, томчуудын хүүхэд насны мөрөөдөл бяцхан жаалуудын галт тэрэгт амилж, тэдний хүүхэд насны нандин дурсамж сэдэрч "Биднийг хүүхэд байхад ийм сайхан тоглоомын талбай, парк байсан ч болоосой" гэх цагаахан атаархал тэднээс илүүтэй мэдрэгдэж байлаа. Гэхдээ тэд хүүхдүүдтэйгээ хамт амралтын өдрөө ая, тухтай өнгөрүүлж, сэтгэл нь сэргэсэн болохоор хэзээ ч харамсахааргүй жаргалтай явна лээ.

-Дорноговийн хүүхдүүд галт тэргээр аялахаар Дарханд иржээ-

     18:20 цаг. Ид шидэт итгэдэг хүүхдүүд хаашаа ч аялахад бэлэн байлаа. Тэдэнд 20 минут гэдэг тун бага хугацаа юм. Төрөл бүрийн хүүхэлдэйн баатруудаар чимэглэж, цагаан, цэнхрээр алаглаж, дуу хөгжим, хүүхдүүдийн инээд хөөр цалгилсан галт тэргээр хүүхдүүд хоёр гурван удаа дараалан аялна. Зарим нь бүр харихгүй, явахгүй гэж уурладаг гэнэ. Арга ч үгүй биз дээ.  Манай улсад сүүлийн 30 гаруй жил нэг ч байгууллага дангаараа хүүхдийн төлөө хийсэн томоохон бүтээн байгуулалт байгаагүй шүү дээ. Харин энэ жил урьдчилсан байдлаар 6.9 тэрбум төгрөг зарцуулж хүүхдийн галт тэрэгтэй болж, монголчуудыг, бяцхан жаалуудыг  баярлуулаа. Галт тэргийг одоогоор бүрэн тохижуулаагүй байгаа ч нутаг нутгийн хүүхдүүдийн мөрөөдөл нэгээр нэмэгдэж, Дархан-Уул аймаг руу урин дуудаж, тоглож, наадаж өсөх хүүхдүүдийн баяр жаргал түм бумаар өссөн хамгийн жаргалтай орчин бүрдээд удаагүй байна. Цар тахалтай хүнд хэцүү цаг үед алс холоос амжиж ирээд, гал тэргээр аялж байна  гэдэг манай улсад хүүхдийн төлөө хийсэн ажил, чанартай тоглоомын талбай, зугаалж наадах парк хомс гэдгийг илтгэж буй мэт. Үүний нэг жишээ бол Дорноговь аймгийн хүүхдүүд Дархан-Уул аймагт ирж, галт тэргээр зугаалж, тоглож наадаад явсан гэнэ. Энэ нь шинэ ажил хариуцаж байгаа ажилчдад ч сайхан санагдаж, ажилдаа илүү дурлаж, бахархах сэтгэгдэл төрүүлж чаджээ.

-Галт тэрэгний халаалтыг шийдэж, жилийн дөрвөн улиралд явуулах хүсэлтээ өгсөн-

     Улаанбаатар төмөр зам үүсэн байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа ч өнгөрсөн аравдугаар сард хүүхдүүд тоглуулах төмөр замын сургалтын төвтэй болсон юм. Тус сургалтын төв хоёр үндсэн  чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж. Нэгдүгээрт, төмөр замын ирээдүйн боловсон хүчнийг нэмэгдүүлэхийн тулд лицей ангийнхаа хүүхдүүдэд төмөр замын анхны мэдэгдэхүүнийг зааж сургах, хоёрдугаарт, хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой юм. Дархан-Уул аймагт ашиглалтад орсон хүүхдийн төмөр замыг Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгохоор  тус аймгийн Засаг даргатай өнгөрсөн есдүгээр сард хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, энэ сарын 1-ээс хамтран ажиллах гэрээ байгуулсан гэнэ.  Үүний үр дүнд бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл хэрхэн үргэлжилж, ямар нөхцөл байдалд ажилласан талаар хүүхдийн төмөр замын төслийн удирдагчаас зарим зүйлийг тодруулсан юм.

     Тэрбээр " Хүүхдийн төмөр замын зураг төсөл нэгдүгээр сараас эхэлсэн. Харин тавдугаар сарын 10-аас ажил эхэлж, аравдугаар сарын 13-нд Улсын Онцгой комисст хүлээлгэн өгсөн. Ажлын 111 хоногийн дотор бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хийж дууссан. Удаан хугацаанд хил, гааль хаалттай байсантай холбоотойгоор барилгын материалын хомсдол, үнийн хөөрөгдөл үүссэн. Мөн цар тахлын хоёр, гуравдугаар үеийн давлагаа гэх зэрэг хүнд цаг үед ажилласан. Улаанбаатар төмөр замчид чин сэтгэл, зүрхээ зориулж хөдөлмөрлөж чадсан гэдгийг ард иргэд харж байгаа. Монгол гэрийн хэлбэртэй өртөөний барилга, депогийн барилга "Бумбардай", "Сараана", "Сүмбэн" гэх гурван зогсоолтой. 2.3 км төмөр зам, эрчим хүч дохиолол холбооны иж бүрэн тоноглол, ус зайлуулах хоёр хоолой, зургаан явган гарц, нэг авто гарцтай цогц бүтээн байгуулалтыг шийдэж хийсэн. Хөдлөх бүрэлдэхүүнийг ОХУ-аас захиалгаар хийлгэсэн.

Нэг учир дутагдалтай зүйл нь өвлийн улиралд халаалтын системгүй байгаа. Халаалтын систем тавиулах талаар санал хүсэлтээ боловсруулж байгаа. Хэрвээ ажил хэрэг болж чадвал жилийн дөрвөн улирал явуулах боломжтой юм. Их хэмжээний өртөг зардал гаргаж, бусдын хүч хөдөлмөрийг шингээсэн учир өвөл тоос даруулаад зогсоомооргүй байна. Хүүхдийн галт тэрэг шиглалтад орсон цагаас хойш эцэг, эхчүүд хүүхдүүдээ дагуулаад маш их ирж байна. Ачаалал огт  буураагүй байна. Удахгүй аймгийн иргэдийн хурлын саналаар төлбөрөө тодорхой болгоно. Одоогоор есөн хүн хариуцаж ажиллаж байгаа. Үйлчилгээний 60 орчим хувь нь хүүхдэд, 40 орчим хувийг насанд хүрэгчдэд зориулсан. Мөн захиалгат галт тэрэг болгон чимэглэж аялах боломжтой. Тухайлбал, төрсөн өдөр тэмдэглэх, байгууллага хамт олноороо ойн баяр тэмдэглэх, мөнгөн хонхны баяр тэмдэглэх зэрэг захиалгат үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар хүүхдийн төмөр зам дүрмээ боловсруулж, Төмөр замын хяналтын алба, төмөр замын хуулийн албанд өгч хянуулж байгаа” хэмээлээ. 


ХҮҮХДИЙН ГАЛТ ТЭРЭГТ "АМИЛСАН" ТОМЧУУДЫН МӨРӨӨДӨЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188