• Өнөөдөр 2024-04-24

П.БАТХУЯГ: ХҮМҮҮНИЙ ДУУЛЬ, ХҮМҮҮСИЙГ Л ДУУЛ

2022-05-13,   735

-Энхбаатарын Хүрэлбаатарын “ Эрлийн үзүүрт” сэтгүүлзүйн бүтээлүүдийн шинжлэл-

     "Эргэлтийн номын сан" цувралыг өнгөрсөн оны тавдугаар сараас эмхэтгэж, арванхоёрдугаар сард хэвлэлтэд шилжүүлсэн билээ. Цувралын тэргүүн эгнээний бүтээл болох Балдорж шагналт сэтгүүлч Э.Хүрэлбаатарын "Эрлийн үзүүрт" номын өмнөх үгийг Зохиолч, яруу найрагч, судлаач, хэл шинжлэлийн ухааны доктор, тэргүүлэх профессор Пүрэвхүүгийн Батхуяг агсан бичиж үлдээсэн байдаг. Түүний "Эрлийн үзүүрт" сэтгүүл зүйн номонд орсон бүтээлүүдэд хийсэн шинжлэлийг бүрэн эрхээр нь хүргэж байна.
 
        Түүнд нэг онцлог бий. Асуудлыг олон талаас нь задлан  бичдэг. Манай уламжлалт сэтгүүлзүйн үйл явдлын логик дарааллыг нарийн баримталдаг бичвэрүүдээс ондоо. Сонирхол татахуйцаар нэрлэсэн дэд гарчиг бүхий хэсгүүдийг холбон найруулдаг. Эхийн нэгдмэл утга агуулсан тэдгээр цогцолборууд нь  бичвэрийнхээ үндсэн агуулгатай шугаман бус гэмээр бүтцээр нэгдэж, зохиомжийн хувьд “бөгжин” хэлбэрийг бүтээдэг. Иж бүрдмэл зохиомжийг чухалчилдаг гэсэн үг. Баримтыг ч мөн адил бичвэрийнхээ дотоод биед тэгш хуваарилж, олон эх сурвалжаас авсан сурвалжилга, ярилцлагуудаар асуудлыг нэмэн нягталж, нийтлэлийнхээ бүтэц байгууламжийг бүрдүүлдэг, орон зайнаас бус тухайн хэрэг явдал өрнөсөн газар дээр очиж, үнэнийг олж тодруулахыг эрмэлздэг нь чухамдаа Э.Хүрэлбаатарын бичлэгийн онцлог гэж үзэж болно. Хэдийгээр орчин үед сэтгүүлзүйн бичлэг төрөл зүйлийн хувьд ихээхэн нийлмэл шинжтэй болж байгаа ч  баримтын үнэн, мэдээллийн шуурхай, сэтгүүлчийн эрэл хайгуул гэсэн онц чухал зүйлсийг тэр бичвэрүүдээ ягштал баримталдаг нь гойд анхаарал татдаг. Уянгын гэмээр зурвас тэмдэглэлүүдээр толгой хийж, эхлэл хэсгээс цааш туйл хэсэг рүү өрнөн үргэлжилэх хэлбэрээр бичсэн  түүний “текстүүд” өнөөгийн сэтгүүлзүйд ихээр дэлгэрсэн цуврал нийтлэлийн шинжтэй. Олсон баримт мэдээллээ нэг сурвалжлага, ярилцлага, нийтлэл төдийгөөр хязгаарладаггүй, эргэн сурвалжилж асуудлыг эцсийн цэгт нь хүргэж, уншигчдад тодорхой түвшинд бодитой “бүрэн дүүрэн” ойлголт өгөхийг зорьдог. 
     
       Өөр нэг онцлог бий. Сэтгүүлчид ихэвчлэн мэргэжсэн, бичиж гаршсан эсвэл дадсан, илүү сонирхдог, өөрийн мэдлэг туршлагад ойр сэдвүүдээр дагнан бичдэг. Харин Э.Хүрэлбаатар түүх-археологи, соёл- шашин, нийгэм-улс төр, байгаль хамгаалал зэргээр олон сэдвүүдийг хөндөж, эрэн сурвалжилж зорин тэмцэж бичдэг ажээ. Цөнгөө түрэн ахуй хаврын голд мөсөн дээр өлгийтэй хүүхдээ тэврэн уйлан дуулсаар цаг- харанхуйд одсон бүсгүйн эмгэнэлт хувь тавилангаас эхлээд эх орныхоо хил хязгаарын байдал, цагаан зээр, бөхөн, буга, алс хязгаарын буйдхан суурингийн хүмүүсийн эгэл амьдралын нандин сайхан, тэдний амьдрал ахуй дүр зургийг “уянгын зураглал” холбоосуудаар хашин, элдэв хэтрүүлэл үгүй дүрсэлдэг. Гэхдээ асуудлыг хурцаар хөндөх, асуудал дэвшүүлэх, бодол эргэцүүлэлд хүргэхээ бас мартдаггүй. “Бид тааралдсан хүмүүстэй мэнд мэдэлцээд, зам асуулаа. “Хотон  нуур энэ замаар яваад байвал очно биз дээ” гэтэл 60 гаруй насны казак эр “Би тийм газар мэдэхгүй. Хаашаа явна гэсэн бэ. Манай энд тийм нэртэй газар байхгүй” гээд л мэтгэж байна. Тэгэхээр нь “Бид нуур үзэх гэж яваа хүмүүс байна. Төөрчихсөн юм биш биз дээ” гээд л баахан сүржигнэлээ. Тэгсэн “Та нар манай Сиргалы нуурийг хэлээд  байгаа юм уу” гэж ам асууж байна. Тэгснээ “Замаа өгсөөд яваад бай. Удахгүй очно” гэж хэлчихээд машиндаа суугаад давхиад явчихлаа. Жаргалант гэх нэртэй уулыг “Жанер” гэх мэтээр сольжээ” /"Алтай таван богд, Хотон, Хурган нуураас, Хар-ус нуур хүртэл цуврал аян замын тэмдэглэл” 2018/ зэргээр үндэсний цөөнх иргэдийн дотор үүсээд байгаа асуудлыг  аян замын тэмдэглэлдээ хүртэл хөндөөд авдаг. Энд л Э.Хүрэлбаатарын онцлог бас сэтгүүлчийн ясны чанар илрээд байдаг юм. Уул усны нэрийг солих, улс үндэстний эв нэгдэл, төр засгийн бодлого шийдвэр, хүн зоны амьдрал, байгаль орон бүгдийг нэг тэмдэглэлд багтаан өгүүлэмжийн өргөн орон зайд чөлөөтэй бичдэг. Чөлөөтэй сэтгэж бичдэг. Зоригтой, чин сэтгэлээсээ, ямар нэгэн зөөллөсөн хавчуурга үгүй шулуухан илэрхийлдэг нь  түүний бусдаас ялгарах тал юм. 
 
        Бас нэг онцлог бий. Хөрөг ярилцлагад багтахаар шинжлэл бичлэгийн төрлүүд байна.  Бидний дунд амьдарч, ажиллаж хөдөлмөрлөж байгаа эгэл хүмүүсийн түүхийг энгийнээр хүүрнэдэг. Хүн бүхэн нэг ертөнц болохыг нээж харуулдаг. Ихэр хүүхэдтэй Энхтөрийн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, амьдралын сайхныг, анирхан хөдөөдөө суугаад адуу малаа өсгөн, алив бүгдээр дэлгэрч яваа малчдын амьдрал гээд “од” нэртэй хэдэн хүнээ тойрч бичдэг одоогийн сэтгүүлзүйд санамж, сануулга болохуйц зорилготой тэмдэглэлүүдийг,  Хануйн сургуулийн сурагчид, Эрээнцавын эвдэрхий вокзал, Хадбаатар аварга, ээжийнхээ тухай гээд ур чадвар, ухаан хоёрыг сүлж бичсэн бүхэн нь хэдий өмнө нь уншсан ч дахин уншихад сэтгэлийн доторх бодлын утсыг хөндөж байна. “Нутгийн айлууд сунайсан урт гүүн зэлээ хүүхдийн зулай шиг эмзэгхэн зүлгэн дээр сунган татаад л. Зэлэндээ номхроогүй унага цахдан унаж, сунайсан урт уурга барьсан залуус адуугаа багширтал хураагаад. Гүүн зэлэн дээрээс чагт нь тасарсан унага эх рүүгээ цолгиун дуугаар хангинатал янцгаагаад хурд мэдэн давхисан мөн ч сайхан жаргалтай зун болж байна. Баруун уулын хэнхдэгээр бүгээн манан татаад зөөлөн бороо шившин байна.”/”Сэтгэлд мөнх орших Эрдэнэсант”/ зэрэг уянгын зураглалууд сэтгүүлч Э.Хүрэлбаатарт үгийн увдис ямархан найрслаар бүрэлдэн гардгийн жишээ юм. Тэр эглээс яруу сайхныг олж, түүнийгээ яруу сайхнаар илэрхийлдэг. 
   
        Дахин нэг онцлог бий. Хөдөөх ахуй, зан заншил, хот суурин, хил хязгаар, чухамдаа Монголоо мэдэж бичдэг. Зовсон зүдэрсэн, энэлэн шаналсан, алдсан оносон, хэлмэгдэж хохирсон бүгдийг өмгөөлж бичдэг. Тэдний тухай зайнаас тааж бичдэггүй, уулзаж учирч, жаргал зовлон дунд нь жаргаж зовж бичдэг. Чухам энэ л дайчин шургуу чанар нь Э.Хүрэлбаатарыг ижил олон сэтгүүлчдээсээ эрхгүй ялгарахад хүргэдэг. Тэр нь “Эрлийн үзүүрт/2021/ номноос илт мэдэгдэнэ. Хүний амьдралын түүх намтраас хэний ч анзаараагүй олдог. Их аварга Жигжидийн Мөнхбатын тухай олон сэтгүүлч бичсэн гэтэл зан төрх, замнал тэмцлийг нь түүн шиг өвөрмөцөөр зохиомжлон, өөрийн өнцөгөөс илэрхийлсэн нь ховор. “Даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбатынхаас гарч явахдаа "Аварга хүн аваргаараа төрдөг" гэсэн үг санаанд буух. Түүний "Эртхэн харь лүднүүд минь. Миний бүх зүйлийг яриулна гэвэл холоо хэвтэнэ" гэж инээж суусан дотно дүр нүдэнд харагдана."/Мөн ч аархуу Мөөеө аварга минь”2014/ зэргээр бичвэрүүдээ өргөлтөт утгаар “базаж” төгсгөдөг. Хүмүүний амьдралаас онцлохыг нь олж, олзуурхмаар дурсамжуудыг дэлгэж бичдэг. Тиймээс л бүхэлдээ "Эрлийн үзүүрт”/2021/ ном хүмүүний дууль мэт амьдралын  түүх, тийм л ховор эрхэм хүмүүсийн тухай дуулах чин хүслээр дүүрэн байна. Магадгүй орчин цагийн сэтгүүлзүйн “гибрид” шинж,  ур чадварын ялгаа, бүтэц зохиомж,  үзэл санаа, хэл найруулга, сэдвийн онцлог зэрэг онолын олон асуудал гэхээсээ илүү хүний оршихуйн мөн чанарыг нээн харуулах нь сэтгүүлчийн туйлын зорилго болсон байж мэднэ.Тэгээд л хүмүүний дууль мэт амьдрал, хүмүүсийг дуулахаар тэр зорьж явна. Хүний сэтгэлийн ертөнцийг нээх шиг хүндтэй гавьяа үгүй. 
                     
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 
                                     
2021-12-06 
 
 
 
 

П.БАТХУЯГ: ХҮМҮҮНИЙ ДУУЛЬ, ХҮМҮҮСИЙГ Л ДУУЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188