• Өнөөдөр 2025-06-01

"Болор цом-41" наадмын гутгаар байрын шагналт яруу найрагч Э.Гантулгын шүлгүүд

2023-11-28,   1847

        Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-41” яруу найргийн наадам арваннэгдүгээр сарын 26-нд болж өндөрлөлөө. Тус яруу найргийн наадамд МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Эрдэнэбаярын Гантулга оролцож, гутгаар байрт шалгарсан билээ. Түүний яруу найргийн анхны түүвэр 2011 онд “Тээр тэнд …” нэртэй гаргаснаас хойш  “Хөх тойрогт ”, “Сүрэг өвс”, “Эмт одын бороо” зэрэг номоо хэвлүүлж, уншигчдын гарт хүргээд байгаа юм. “Болор цом” наадмын шилдгийн шагналт яруу найрагч Э.Гантулгын шүлгүүдийг хүргэе.

ЭРТНИЙ НУТАГ

Бөгцөг няслахын хойморт гэрийн жавар хамаагүй
Бөгтөрч өнгөрсөн эртний бог, бод бэлчээрлэмүй
Бүрий цагаан түнгээр өвлийн салхи авиагүй
Бүрээсэн завсар хавчуулсан туурийн санаа манайх аа
Харцага шонхор морьдийн жигүүртэй байсан нь үнэн
Хажиж, хэжиж ирсэн өвгийн сүнс морилтугай
Хавирга газрын элгэнд тэнгэрийн орой ч хэвтдэг
Ханаа шийрлэсэн талд үүлс  хүртэл ганцаарддаг
Эртний хээр нутагт
Энэ бие минь суудаг аа...

Нэтэд тунгалаг сар нь загасны нүдэн дотор
Нэгэн зууныг хадгалж замагтай усыг бүтээгээд
Нэлэмгэр усан манан газар явгалсан үүрээр
Цэлэмгэр  явдлыг дурсаж ижий минь намайг төрүүлсэн,
Холхи талын тэртээд морины нүдэн дотор
Хоёр зууныг тээсэн нарны садан ганихраад
Хошлон бүслүүрээ чангалсан бор гэрийн гаднаас
Хон хэрээ шиг урд нас минь нулимс унагаж суусан,
Гурамсан санаа эрчилж хээр хондны цаанаас
Гурван зууныг хөтөлсөн шар нөмрөгтэй хуварга
Гуулин зээрдийн чихэн дээр нар мандааж суухдаа
Гуруй нялзрай надад нутаг чинь энэ гэж заасан,
Ертөнцийн алтан хаалга мөчигхөн онгойж эхэлэхэд
Ерийн нэгэн санаа хатавчинд намайг хоргоосон
Ерөөс, хорвоогийн эхлэл эндээс  ургадгыг сануулж
Есөн үеийн дээдэс минь дэрс адил жимбүүрдсэн
Эртний хээр нутагт
Он цаг минь суудаг

Цутгаж асгаж урласан эх газрын хэвгийд
Цуурын улир аялгуу уулын сэрвээнээ  мөндөрлөөд
Цугалбар улаан улирал сэтгэлийн царамд цэцэглэхэд
Цул их талдаа манайх нүүж ирсээн
Савдаг хөнгөн огторгуй үдийн нарандаа хучиж
Саваг цагаан тугал шиг үүлэн дундаа унтуулж
Салхины хээтэй дуртгалыг эвэр угжнаас үнгүүлж
Сар жилийн тэртээгээс энэ цагт хүргэсэн
Туурга дээвэр нь бүлээхэн хонины унгасан гэрт минь
Тулга ширээлсэн галын алтан зогдор дүрэлзээд
Мөнх халуун илч нь тэнгэр тултал төөнөхөд
Мөн чанар намайг Монгол хэмээн тамгалсан
Олон гарагийн сархианд эр бодлоо бэлчээж
Одот тэнгэрийн гэгээнд эмээл дэрлэж хэвтэхэд
Онгодын цагаан хүлэг сэтгэл дотор үүрсэж
Оюун санаа намайг манан савслагадаа аргамжсан
Эртний хээр  нутагт
Эсэр бодол минь суудаг

Эрмэг, зоримог цагийн өндөр хязгаар баганагүй
Эргэлийн мянган санаа өвгөн говьд зэргэлмүй
Эхийн цагаан зөн түмэн зуун тэнхээтэй
Эгэж хүрэх замилан түмэн алаг чулуутай
Асар бараа холдоо үүлэн уулан ниснэм зээ
Аягын чинээ толгод минь мөнх тэнгэрийн орштугай
Алга дарам газраас хамгийн хаан төрдөг
Амьд явахын гал урьдийн санаанаас асдаг
Эртний хээр нутагт
Элэр сүнс минь уяатай.

ТАЛ МЭТ ҮЗЭСГЭЛЭН ГООГ ЧИНЬ... 

Үүрийн алган дээр хэвтсэн гөрөөсний сормуусыг нөмөрч
Үнэн тунгалаг сарны дор сунайж чи үзэгдээд
Үрэл хар нүдний чинь харанхуйг цуулсан гэгээ
Үйлийн цагаан зовлонд минь, өвсний шүүдэр шиг буухад
Үзэг минь чамайг цанган, цанган зураад
Үзэсгэлэн гоог чинь
“Өглөө” гэж нэрлэсэн юм

Цэцгийн бадам дээр завилсан цагаан Дарь-Эхийг ичээж
Цэлийгч мөнхийн тэнгэр дор инээж чи үзэгдээд
Цээнэ ягаан уруулын чинь сэтгэл цоордсон салхи
Цээлийн гүн анирт минь, угалз хуй шиг босоход
Өрцний минь шувууд дэвэн, дэвэн хийсээд
Үзэсгэлэн гоог  чинь
“Бурхан” гэж жиргэсэн юм

Мөнгөн дэрсэн дээр ганхаж зүүдэлсэн үүлсийн урыг эвдэж
Мөндөрийн бөмбөлөг улирал дор эгшиглэж чи үзэгдээд
Мөргөл бумбан хөхний чинь сэрэл цочоосон ахуй
Мөргөцөг улаан зүрхний минь аяз хэмнэлийг алдуулахад
Үгсийн минь эрчис толгод, толгод алдраад
Үзэсгэлэн гоог чинь
“Бороо” гэж шивнэсэн юм

Нараар татсан хэцэн дээр норсон гэзгээ хатааж
Намжир төгс гуниг дор эрхэлж чи үзэгдээд
Нарийн сүмбэн хурууны чинь бодол имэрсэн өндөг
Найраг шатсан үнэний минь галыг шүргэж цэврүүтэхэд
Насны минь залуу ааг үсчин үсчин буцлаад
Үзэсгэлэн гоог чинь
“Намар” аа гэж хашгирсан юм

Таанын шүүсэнд бүрэлдсэн зэрэглээт алсыг нэрж
Тарнийн суусар хүсэл дор дуулж чи үзэгдээд
Танхи сийлбэр биеийн чинь хөгжимлөг мянган чавхдас
Тархи, зүрх, оюуныг минь алгуурхан хөдөрч эзэмдэхэд
Таван мэдэрхүйн минь тэмтрүүл тасран тасран зовоод
Үзэсгэлэн гоог чинь, үзэсгэлэн гоог чинь
“Тал” минь гэж тунхагласан юм

ГӨРӨӨС

Сарны цагаан шувуудыг өвсөөр аргамжиж хоноглохуй

 Цацарсан тунгалаг сэтгэл одод адил дураараа

 Санааны нэгэн үзүүрт холын дурсамж хяраалаад 

   Салхины цагаан дууг орчлонд түгээхэд хайраараа

 Мянган зүүдний аглагт нэг л гөрөөс цахилна

  Марал тэнгэрийн цэцэгс шилбийг ороох нь дураараа

Мартагдсан бүхнийг сэдрээж нүдээ зөөлөн цавчилна

   Манантай уулсын гуниг өрцөнд нурах шиг ориороо

Цэнхэр уулсын чанадад үргээлгүйгээр хүрэе гэвч

   Цээжиндээ үүлстэй чулууд бодлыг хаах нь сүрээрээ

Сайхнаас тоссон дүрийг чинь хааяа нэгтээ олохын тулд

   Сарны цагаан шувуудыг өвсөөр аргамжих минь хэвээрээ

 Борог хуучин намар шүлэг тэрлэх гунигтай

   Бодлын гүехэн нууранд тэнгэр тонгойсон агшин байна

 Болор тун  уруулаа толионд нь хүргэх төдий л

  Бороонд ханасан талын мөнгөн гөрөөс алга байна

ХОРГЫН ТОГООН ДЭЭР БИЧСЭН ХОЖМЫН НЭГЭН БАДАГ

Eртөнц буйдын судсаар бурханы цай даргиж

Eрөөлт уулын зулайгаас буцланхан оргилж байхад

Eсөн мянганы тэртээ ангаж явсан би бээр

Eсөн соёотой чоно байхдаа үхтлээ долоосон удаатай

Тугалга шиг хайлсан биe минь хөндий жалгыг бүрхэж

Тунгалаг Суман, Чулуутын голд хярвасланхан хүрэхэд

Туулай шиг дэгдсэн сүнс минь Тэр ихийн усан дээр

Тулах цэггүй манан болж салхины үгээр хийссэнсэн

Алтан занар моддоор галын тэнгэрээ тахиж

Аварга амьтдын махаар шарсан өргөл үйлдэж

Асар чулуун агаарт майгаар тургисан бурханы

Аянга амсартай тогоо одоо болтол халуун байна

Дэвэрсэн цайных нь ором  дэлхийн амьсгалыг цангаалж

Дэргэд газрын наран шувуу болон жиргэж

Нүүсэн зууны тулгыг хар чулуугаар манасан

Нүсэр нурман цог нь өнөө болтол бүлээн байна

Цанхалж догширсон бурхан амар амгаланд шавьлаад

Цаг хугацааны гороон дээр ахин намайг бүтээгээд

Цангаж явсан чоно чи... хүний ёсоор амьдар гэж

Царайж өрөмтсөн Хоргоосоо сүү аягалж хүртээсэн юм.

 


"Болор цом-41" наадмын гутгаар байрын шагналт яруу найрагч Э.Гантулгын шүлгүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-03 10:53:08
    нямдорж: үгэээр урлахуйн урлаг юмаа амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-30 08:18:01
    Чу Алтанхуяг: Ойрд уншаагүй сайхан шүлгүүд уншлаа Эрэл гэж энэ байх бас олж байгаө олз л мөн байх Их тал шигээ их ирээдүйтэй найрагч даа Жинхэнэ монгол шүлгүүд эртний аялгуутай бас ирэх цагийн аниртай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-30 08:05:07
    P Onon: Uran buteeliin ondor amjilt husei Ger buld ni az jargal eruul enhiig erooe
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-29 14:46:25
    Отгонбат : Яруу найргийг урлаж байдаг буян юм аа уран бүтээлийн арвин их амжилт хүсье найздаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188