• Өнөөдөр 2024-04-29

Бидний сурвалжилгын мөрөөр үр дүнд хүрсэн таван бүтээл

2021-09-09,   295

         Эргэлт.мн мэдээллийн сайт үүсэн байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн анхаарлыг татсан, цаг үеийн мэдээ мэдээлэл бэлтгэхээс гадна түлхүү сурвалжлах чиглэлээр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж ирсэн. Тухайлбал манай редакцын сэтгүүлчид болон Эрэн сурвалжлах нэгдлийн бэлтгэсэн онц ноцтой гэмт хэрэг, эрх мэдэлтнүүдийн албан тушаалаа урвуулан ашигласан хууль бус үйлдэл, зарим аж ахуйн нэгжийн бусармаг явдал зэргийг илчилж тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн байдаг. Бидний сурвалжилга, нийтлэлийн мөрөөр үр дүнд хүрсэн бүтээлүүдээс дараах таван бүтээлийг онцолж байна.


1.    Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ний дугаарт “Улаан чулуут” хогийн цэгт эмнэлгийн ЦУСТАЙ ХУРУУ ШИЛ, ЗҮҮ ТАРИУР, ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЭЖ, АМНЫ ХААЛТЫН ХОГОН ОВОО бий болж, нохой, шувуу шавж байна” гэх гарчигтай сурвалжилга нийтэлсэн билээ. Тус сурвалжилгаар коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн эмчилгээнд ашигласан зүү тариур, амны хаалт, эм бэлдмэлийн сав, цусны сорьц, өвчтөний ойрын болон дам хавьтлууд, тусгаарлалтад байгаа иргэдийн хэдэн арван ширхэг шинжилгээний дээж халдварын голомтод ажиллаж байгаа 2500 орчим эмч, ажилтны халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, нийслэлийн “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд хамрагдсан 72 мянган иргэний сорьц хогийн цэг дээр ил хэвтэж, салхинд хийсэн нохой, шувуу зууч, олон нийтийн газар орхих, цаашлаад нохой, шувуу коронавирусийн халдвар тээгч болж хүмүүст халдаах эрсдэл өндөр байгаа талаар баримттай сурвалжилсан юм.

     Эмнэлгийн аюултай хог хаягдлыг ямар компани хаясан болохыг ЦЕГ, ЭЦГ, НМХГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм. Тус мэдээллээр “Шалгалтын үеэр “Улаан чулуутын” хогийн цэгт эмнэлгийн аюултай хог хаягдал асгасан байсан. “Элемент медикал” компанид улсын мал эмнэлгийн төв лабораториос хүлээлгэн өгсөн 193.3 кг хог хаягдал байх магадлалтай. Үүнийг тухайн компанийн жолооч арванхоёрдугаар сарын 9-нд буталж, ариутгалгүй ил задгай хаясан нь хяналтын камераар тогтоогдсон. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж, хариуцлага тооцно” гэх мэдээлэл өгсөн юм.

“Улаан чулуут” хогийн цэгт эмнэлгийн ЦУСТАЙ ХУРУУ ШИЛ, ЗҮҮ ТАРИУР, ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЭЖ, АМНЫ ХААЛТЫН ХОГОН ОВОО бий болж, нохой, шувуу шавж байна” сурвалжилгыг энд дарж уншина уу.

2. Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч 2021 оны наймдугаар сарын 19-нд гарсан “Авлигад амташсан Сэлэнгэ аймгийн прокурорууд алтны хэргүүдийг хааж эхэлсэн үү” гэх гарчигтай нийтлэл бичсэн. Тус нийтлэлд алтны гэх тодотголтой хэргийн шалгах явцыг удаашруулдаг,  хөөн хэлэлцэх хугацааг нь дуустал хав дардаг, их хэмжээний авлига авч зарим хэргийг шалтгаангүй хаадаг Сэлэнгэ аймгийн прокуроруудын талаар баримттай бичсэн байдаг.

      Уг нийтлэл гарсны маргааш өглөө буюу 2021 оны наймдугаар сарын 20-нд Улсын Ерөнхий Прокурорын газраас ажлын хэсэг гарч, Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт хяналт, шалгалтын ажиллагаа явуулсан юм.

“Авлигад амташсан Сэлэнгэ аймгийн прокурорууд алтны хэргүүдийг хааж эхэлсэн үү” нийтлэлийг энд дарж уншина уу.

3.    Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч 2020 оны аравдугаар сарын 5-ны өдрийн дугаарт “Баян-Өлгий аймгийн эмч нар хахуулиар эрүүл хүнийг хэлгүй, дүлий болгож, группэд хамруулсан ноцтой хэрэг илэрчээ” гэх гарчигтай нийтлэл бичсэн. Тус нийтлэл нь хэд хэдэн цувралаар уншигчдад хүрсэн бөгөөд Баян-Өлгий аймгийн нэр бүхий эмч нарын хууль бус үйлдлийг илчилсэн юм. Тодруулбал, Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг нийгмийн халамжийн сангийн төсвийн ихэнх хувийг Баян-Өлгий аймгийнхан авдаг байсан. Гэвч тус аймгийн иргэд үнэхээр халамж авахаас өөр аргагүй нөхцөл байдалд Баян-Өлгий аймгийнхан амьдарч байна уу. Эсвэл хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулж  эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байна уу гэдэг нь тодорхойгүй байсан.

   Дээрх нийтлэлийн дараа АТГ болон бусад хууль, хяналтын байгууллагынхан Баян-Өлгий аймгийн нэр бүхий эмч нар, холбогдох этгээдүүдийг шалгасан байдаг.

“Баян-Өлгий аймгийн эмч нар хахуулиар эрүүл хүнийг хэлгүй, дүлий болгож, группэд хамруулсан ноцтой хэрэг илэрчээ” нийтлэлийг энд дарж уншина уу.

4.    Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны дугаарт “Богд ууланд хууль бусаар газар авсан Д.Өнөрболорыг шалгаж эхэлжээ” гарчигтай нийтлэл бичсэн. Тодруулбал, Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн амины болон нийтийн орон сууц барьж, зараад асар их ашиг олсон компаниудын цаад эздийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор тэргүүлсэн аж.

      Тиймээс түүнийг холбогдох хууль хяналтын байгууллагууд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Энэ тухай манай сэтгүүлч албан болон албан бус эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан баримттай нийтэлсэн. Мөн Эргэлт.мн сайтын "Эрэн сурвалжлах нэгдэл" дараагийн дугаартаа УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын газрын наймаа, хувь эзэмшдэг компаниудынх нь хууль зөрчсөн үйл ажиллагааных нь тухай нийтэлсэн.

“Богд ууланд хууль бусаар газар авсан Д.Өнөрболорыг шалгаж эхэлжээ” гарчигтай нийтлэлийг энд дарж уншина уу.

 5.    Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны дугаарт “Монголын хууль хяналтын байгууллагыг “гартаа атгасан” “Тэнүүн Огоо” компанийнхан ядарсан эмэгтэйгээр тохуурхаж байна” гарчигтай сурвалжилга хийсэн. Тодруулбал, өнгөрсөн оны зургадугаар сарын 8-нд Чингэлтэй дүүргийн XIX  хороо Шадивлангийн эцэст зам тээврийн ноцтой осол гарч, Тэнүүн-Огоо компанийн автобус осолдсон. Тухайн үед жолооч оройн ээлжээсээ бууж явсан бөгөөд автобусны тоормос гэнэт ажиллагаагүй болж, газрын уруу руу өнхөрсөөр айлын хашаа мөргөсөн байдаг. Азаар хүний амь эрсдээгүй ч жолооч нь маш хүнд гэмтэж, олон сар ухаангүй эмнэлэгт хэвтсэн билээ. Осол гарахаас өмнө жолооч Э.Буянхишиг “Автобусны тоормос ажиллахгүй байна. Янзлуулмаар байна” гэдэг хүсэлтэй удаа дараа тавьсан ч засварын инженерүүд засахаас цааргалж, ажилд нь хөөж гаргаснаар осол гарах шалтгаан бүрджээ. Тухайн үед Э.Буянхишиг жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа ороод гуравхан сар болж байсан юм. Гэвч тус компанийн зүгээс ослын бурууг Э.Буянхишигт өгч, түүнд эмчилгээний ямар нэгэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж, өвчтэй байх хугацаанд нь нэг ч удаа эргэж очоогүй байдаг. Иймээс эргэлт.мн мэдээллийн сайт тус компанийн удирдлагуудын ураг төрлийн хэлхээ, түрэмгий бүдүүлэг зан чанар болон хохирч үлдсэн бүсгүйн талаар хэд хэдэн цуврал сурвалжилга, нийтлэл бэлтгэн хүргэсэн.

“Монголын хууль хяналтын байгууллагыг “гартаа атгасан” “Тэнүүн Огоо” компанийнхан ядарсан эмэгтэйгээр тохуурхаж байна” сурвалжилгыг энд дарж уншина уу.

 

 


Бидний сурвалжилгын мөрөөр үр дүнд хүрсэн таван бүтээл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188