• Өнөөдөр 2024-04-26

Хаваржилт хүндэрч, оторчдыг хөөх, гэрийг нь буулгах зэрэг асуудал үүсч, малчид туйлдаж байна

2021-05-01,   1076

    Энэ жил Өвөрхангай, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймагт өвөлжилт хүндэрч, тус аймгийн малчид отроор өвөлжиж, хаваржиж байна. Мал, малчин хоёр арай гэж хахир өвлийг арай ядан давж, хамар хатгах өвчгүй хавартай золголоо. Хаврын нойтон цас их хэмжээгээр орж зарим аймгийн малчдын тэжээлгүй, мал өлдөж үхэж байгаа аж. Мөн отроор явсан малчид хөөгдөж, туугдан зутруухан байгаа гэнэ. Орон нутгийн Засаг дарга, ХХААГ-ын дарга нараас хаваржилтын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
 

Д.Мөнхсайхан: 60 см зузаан цас орсон учир шар усны аюул болох эрсдэлтэй байна

(Баянхонгор аймгийн Засаг дарга)

    Манай аймгийн хангай нутгаар 60 см, говь хээрийн нутгаар 10-30 см зузаан цас орсон. Говийн нутгаар цас хайлж, алаг цог болж байна. Харин хангай нутгийн сумдаар хүйтэн байгаа учраас хайлмагтсан цас мөсөн бүрхүүл үүсгэж байна. Цас орсноос хойш зарим сумаар шөнөдөө -20 хэм хүрсэн. Аймгийн нөөцөд байсан 20 мянган боодол өвсөө сумдад тарааж өглөө. Говийн зарим сумаас нөөцийн өвс татаж хаваржилт хүнд байгаа аймгуудад тарааж, эхний арга хэмжээг авлаа. Уулархаг нутгаар байгаа айлуудад аймгийн онцгой байдлын газрын машин техник, 339 дүгээр ангийн машин техник дайчилж, зам гарган өвс, тэжээл хүргэж өгсөн. Цаг агаар дулаарах юм бол сайхан хавар болох төлөвтэй байна. Мөн дулаарахаар шар усны үер ихэснэ. Үүнээс сэргийлэх үүднээс аймаг, сумдын онцгой байдлын комисс хуралдаж, асуудлыг шийдэж байгаа. Одоогийн байдлаар 45 мянган толгой мал хорогдсон мэдээлэл байна. Өвөл манай аймгийн 500 мянга орчим толгой мал хорогдсон. Манай аймагт ноолуур 120 мянган төгрөгийн үнэтэй байна. Одоо дулаарвал малчид ямаагаа самнаж эхэлнэ. Манай аймгийн зүгээс Монгол Улсын Шадар сайдад “Отроор явж буй малчдын буцах хугацааг зургаадугаар сарын 1-н хүртэл сунгаж өгөх боломж байна уу” гэж хүсэлт гаргасан. Үүнийг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцэнэ гэсэн. Манай аймгийн малчид 17 суманд отроор явж байна. Тэднийг нутгийн малчид болон засаг захиргааныхан хаврын тарчиг цаг болон цар тахлын үед хөөж байна гэх гомдол малчдаас их ирж байна. УОК-ын өвс тэжээлийн нөөц дуусан учир аймгууд өөрсдийн хөрөнгө санхүүгээр өвс тэжээл олж авах нөхцөл байдалтай байна.
 

Д.Түвшинжаргал: Манай аймгийн ихэнх нутгаар хаваржилт сайхан байна

(Завхан аймгийн Засаг дарга)

    Аймгийн ихэнх нутгаар хаваржилт сайхан байна. Ойрын хоёр, гурав хоног 10-15 см зузаан цас орлоо. Аймгийн урд талын дөрвөн сум өвөлжилт тааруу байсан. Нойтон цас орохоор мал муудах шинжтэй байна. Аймгийн хэмжээнд нийт 27 мянган толгой мал хорогдсон. Мөн аймгийн хэмжээнд байсан өвс, тэжээлээ  цаг агаар муудах үеэр тарааж өгсөн. Манай аймагт ноолуур 115 мянган төгрөгийн үнэтэй байна. Аймгийн хэмжээнд хөл хорио тогтоосон учир нэгдсэн зохион байгуулалттайгаар малчдын ноолуурыг авахаар төлөвлөж байна. Ойрын хугацаанд дахин цаг агаар муудаж, шуурна гэсэн. Түүнийг өнгөрөөчихвөл гайгүй болох байх.

Б.Мөнхжаргал: Манай аймгийн малчдын нөхцөл байдал маш хүнд байна

(Дундговь аймгийн ХХААГ-ын дарга)

   Аймгийн хэмжээнд хаваржилт хүнд байна. Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг, Сайхан-Овоо, Цагаандэлгэр сумдаар бороо орсон.  Бороо орсноос хойш их салхилсан учир чийггүй болж байна. 1500 орчим өрхийн 970 мянга гаруй толгой мал отроор хаваржиж байгаа. Дорноговь, Хэнтий, Төв аймгууд малчдыг хөөж, гэрийг нь гаднаас нь буулгах, олноороо нийлж малыг нь хөөх асуудал гарч байна. Манай аймгийн зарим малчин над руу уйлаад ярьж байна. Аймгийн зүгээс малчид оторлож байгаа дөрвөн аймгийн 13 сумын удирдлагуудтай ярьж, сая төгрөг шилжүүлсэн. Би Дорноговь аймгийн ХХААГ-ын дарга руу олон удаа залгасан боловч утсаа авахгүй байна. Тэдний аймгийнхан малчдыг маш ихээр хөөж, хүндэтгэлгүй хандаж байгаа гэсэн. Манай аймгийн зүүн талын сумдаар гаднын отор их бий. Гуравдугаар сарын 15-ны шороон шуурганаас хойш мал муудаж, малын бэлчээргүй болсон. Түүнээс өмнө отроор явсан малчдаа татаж авахаар төлөвлөгөө гаргасан боловч байгалийн гамшигт үзэгдлээс болж ямар ч боломжгүй боллоо. Дахин цаг агаар муудвал мал хорогдох шинжтэй байна. Одоогийн байдлаар 200 гаруй мянган толгой мал хорогдсон. Одоо ч хүйтэн салхитай байна. Нөөцөд байсан өвс, тэжээлээ тарааж, байж болох бүх арга хэмжээг авч байна. Манай аймагт ноолуур 70 мянган төгрөгийн үнэтэй байна. Ноолуурт шороо чихчихсэн үнэгүйдэж байна. Малчид ч ямаагаа самнаж эхлээгүй. Манай аймгийн малчдын нөхцөл байдал маш хүнд байна.
 

С.Цэдэнбалжир: Хаваржилт  тааруу байгаа учраас малчид ямаагаа самнаагүй байгаа

(Өвөрхангай аймгийн ХХААГ-ын дарга)

   Манай аймагт өвөлжилт, хаваржилт хүндхэн байна. Саяхан хангай уулархаг нутгаар цас, говийн нутгаар бороо орсон. Өлзийт, Зүйл, Есөн зүйл, Зүүнбаян-Улаан, Хайрхандулаан, Унга сумаар цас их орсон. 150 гаруй мянган мал хорогдсон байна. Аймгийн нөөцөд байсан 300 тонн өвсийг сумдаар тараасан. Гэвч мал идэх өвсгүй байгаа учир өвс, тэжээлийн хомстол маш их байна. Цаг агаар дулаарвал харьцангуй гайгүй болох байх. Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан сумдад өвөлжилт маш хүнд байлаа. Манай аймгийн иргэд 15 аймгийн 134 сум руу нүүсэн. Өөрийн аймгийн 15 суманд 700 мянга орчим мал оторлож байгаа. Манай аймаг өнгөрсөн зун 60 хувь нь гантай, 30 хувь нь гандуу, 5-10 хувь нь хэвийн байсан. Аймагт ноолуур 110 мянган төгрөгийн үнэтэй байна. Хаваржилт  тааруу байгаа учраас малчид ямаагаа самнаагүй байгаа. Одоогийн байдлаар 10-20 хувь нь самнаж эхэлсэн гэсэн.


Хаваржилт хүндэрч, оторчдыг хөөх, гэрийг нь буулгах зэрэг асуудал үүсч, малчид туйлдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188