• Өнөөдөр 2024-04-30

Ж.ОТГОНБАЯР: Өнөөгийн нийгмийг сүүдрээ нуудаггүй, сүүлээ иддэг тогтолцоо гэе

2024-04-16,   1105

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн философийн багш Ж.Отгонбаяртай нийгмийн ёс суртахууны төлөв байдал, ёс зүйн үнэт зүйлсийн төлөвшлийн зарим асуудлаар цөөн хором ярилцлаа.

-МЭДЛЭГ ОЛГОХЫН ЗЭРЭГЦЭЭ БОЛОВСРОЛЫГ ШИНЖЛЭХ УХААНЖУУЛАХ БУС, ХАРИН ХҮМҮҮНЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ-

-Ярилцлагаа эхэлж ёс зүй, ёс суртахууныг энгийнээр тайлбарлавал уншигчдад сонирхолтой байх болов уу гэж найдаж байна?

                        -Ёс суртахуун гэдэг бол нийгмийн ч, хувь хүний ч үнэт зүйлс юм. Ёс суртахуун хэмээх итгэлцүүр энгийн харагдаж, мэдрэгдэж буйгаасаа хамаагүй нарийн тайлбар шаарддаг хэм хэмжээ, хэвшил дадал юм л даа. Нийтээр хүлээн зөвшөөрснөөр, ёс зүй нь, товчхондоо, ёс суртахууны үйл харилцааг судалдаг шинжлэх ухаан юм. Харин аливаа хүн өөрийн гэсэн ёс суртахуун, үнэт зүйлс, үнэлэмжтэй байдаг. Энэ бол түүний уг язгуурын салшгүй соёл, атрибут чанар юм. Үндэстэн угсаатан, хүн төрөлхтний аж амьдрал, зан үйл нь эрхэмлэх ёсны үнэт зүйл, цээрлэх үйл  гэсэн хоёр хязгаарын хооронд оршин байдаг нь жам. Энгийнээр хэлэхэд, хүүхдийн зан үйл, харилцаа хандлагыг балчир багаас нь л өвөө, эмээ, аав ээж, ах эгч, ахмад хүмүүс  “гоо–гоо, ба-ба” гээд чиглүүлж залж эхэлдэг шүү дээ. Ахиад жаахан мэдээ орох үед нь “нүгэл, буян” гэх мэт үг хэл, үйл харилцаагаар түүний ёс суртахуун, үнэт зүйлсийг чиглүүлж баримжаа олгон төлөвшүүлдэг.  

                        Монголчууд бидэнд эртнээс уламжилж ирсэн, бас шинээр бүтээгдэж буй эрхэм ёс, цээрлэх ёсны арвин баялаг сан хөмрөг бий. Үүнийг философийн хэлээр ёс суртахууны үнэлэмжийн систем, үнэт зүйлсийн тогтолцоо ч гэдэг. Үнэт зүйлс нь хамгийн ерөнхий утгаараа ёс суртахууны, гоо зүйн, мэдлэгийн гэх мэт төрөл зүйлтэй бөгөөд Сайны, Сайхны, Үнэний гэсэн шалгуур үнэлгээтэй. Үнэт зүйлс бол хүнийг хүн болгон нийгэмшүүлж төлөвшүүлдэг, амьдралын чиг баримжаа, хөтөч үзлийг нь тодорхойлдог утга холбогдол бүхий үйл харилцаа юм. Хүмүүн ингэж өөрийгөө мэдэрч ухааран үнэлэмжийн харилцаанд төлөвшдөг. Тухайлбал, амьтны хүрээлэн үзээд ирсэн хүүхдүүд амьтдын элдэв дуу авиаг даган дуурайх ч тэдэн шиг дөрвөн хөллөөд мөлхдөггүй. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрийгөө тэдэн шиг адгуус биш, эрхэмсэг хүмүүн гэдгийг аль эрт ухаарчихсан байна гэсэн үг. Хүнээс бусад юмс үзэгдэл, эд өлөг, хүмүүс хийгээд өөртэйгөө харилцах ёс суртахууны хэм хэмжээ нь хүний түүхээр бүтээгдэн үндэстэн угсаатан, овог удмын соёлд нарийвчлагдан хадгалагдаж, шинэчлэгдэж, баяжиж, бас, хулширч гээгдэж байдаг.

                        Юу сайн юу муу, юу зөв юу буруу, юу зохистой юу зохисгүй, юуг эрхэмлэх юуг цээрлэх вэ гэх мэт харилцаагаар тодорхойлогддог үнэт зүйл нь ёс суртахууны үнэлгээ, үнэлэмж юм. Энэхүү үнэлгээ нь түүхэн шинжтэй, хувьсан өөрчлөгддөг бөгөөд тухайн хүмүүс, бүлгүүдийн мэдлэг, боловсрол, соёлоос ихээхэн хамааралтай. Жишээ нь, гартаам хэмээх чулууны ид шид, ач тус, сайн чанарыг мэддэг хүн түүнд үнэ цэн шингээн утга өгнө шүү дээ. Хүний харилцаанд ч адил. Сайн хүнд утга, хүндэтгэл нэмэгдээд л байна. Бас, муу хүмүүсийн сөрөг үнэлгээ нэмэгдээд л байна. Ёс суртахууны уг язгуур хүн төрөлхтөнтэй чацуу. Эртний нийгэм бүхэлдээ хорио цээрийн тогтолцоо байсан. Тэр хорио цээрийг табу гэдэг. Энэ зохицуулалт зан үйл, заншил ёс, хэм хэмжээ болон хувьссаар нийгэм, улс, айл өрхийн өнөө цагийн эрхэмлэдэг, цээрлэдэг ёсон болж дээ.

-Өнөөгийн манай нийгэмд хүн хүндээ итгэх итгэл, бие биедээ хандах ёс суртахуун ихэд алдарч байх шиг?

                        -Дандаа ч унаж алдраад байгаа юм биш л дээ. Өнөөгийн манай нийгмийн үнэт зүйлсийн тогтолцоо бүхэлдээ шилжилт, шинэчлэлийн байдалтай, эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байгаа л даа. Зөвхөн ёс суртахууны үнэт зүйлс төдийгүй гэсэн үг. Манай улс 1990-ээд оноос социологийн эрс өөрчлөлт хийсэн орон шүү дээ. Үүнийг дагаад нийгмийн бүх хүрээнд үнэт зүйлс, эрхэмлэл өөрчлөгдсөн. Дэлхий нийтийн хөгжил ч хурдассан. Манайд урьд нь хориотой хаалттай, тунхаг төдий байсан хүний эрх эдүгээ бодит байдал болсон, хүний жам ёсны эрх хэрэгжих болсон, чөлөөт зах зээл бодит байдал болсон, оюуны үнэт зүйлс, үзэл санаа хийгээд сэтгэл итгэлийн чиг баримжаа өөрчлөгдлөө. Ёс суртахууны үнэт зүйлсийг илэрхийлдэг нэр томъёо, үг-ойлголт нь хэвээр боловч дотоод агуулга, утга нь шинэчлэгдэж, хуучин чиг баримжаа олон талаар үйлчлэхээ больсон.

                        Дурдсан он цагаас өмнө хувийн өмчийг муу муухай зүйл хэмээн үзэж хориглодог, гутаан доромжилдог байв, даргыг шүүмжлэн үг хэлэхийг гэмт хэрэг лугаа үздэг байв. Төрийн эрхийг ээлж халаагүй эзэгнэж байсан нам нь хаа ч бүтэшгүй утопи коммунист, харгис үзэл санаа, ёс суртахууныг магтан дуулж, хүн арддаа тулган хүлээлгэж байв. Гэтэл хувийн өмч нь хүний амьдрал, чөлөөт байдлын баталгаа байдаг, үг хэлэх хэвлэн нийтлэх явдал хүний эрхийн салшгүй бүрэлдэхүүн байдаг нь жам аж.  Тэгэхээр, ёс суртахууны үнэт зүйлс, чиг баримжаа өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Энэ бол дээр өгүүлсэн түүхэн шинжийн илрэл юм. Үнэт зүйлсийн хуучин тогтолцоо эвдэрч, шинэ нь төлөвшиж л байна гэсэн үг. Өргөн хүрээгээр нь авч үзвэл, дандаа нурж унаад ч байгаа юм биш л дээ, алдаатай оноотой, сул талтай ч, шинэ үнэлэмж, сайхан ааль араншин, сайхан сэтгэл, буянлаг харилцаа манай нийгэмд өдөр ирэх бүр хэвшил дадал болсоор сайжирч байгаа.

 

Харин нийгмийн эрс шилжилтийн эхэн үед нийгэм, хүмүүнлэгийн харилцаа олон талаар огцом доройтсон нь үнээн. Нийгмийн ёс суртахуун, сэтгэл зүйн ханш нь сүрхий алдарч унасан. Тэгвэл эдүгээ үед ерөнхий дүнгээрээ сайжрах, өөдлөх зүгт яваа боловч тэр уналтын ул мөр, инерци хүчтэй байгаа. Бас, сөрөг үнэлэмж ч “үйлдвэрлэгдэж” нэмэгдэж л байна. Энд нөлөөлж буй олон хүчин зүйл байгаа ч, тэргүүн ээлжинд эрх баригчдын алдаатай бодлого, зохисгүй үйлдэл харилцаа, олон түмэнд үзүүлж буй буруу үлгэр дохио арга буюу нэрлэгдэнэ ээ.

 

                        Бас хэлэх ёстой нэг зүйл бол нийгмийн сэтгэл зүйд хадгалагдсаар байгаа хуурмаг төсөөлөл. Тухайлбал, хаа ч байгаагүй социализмыг газрын диваажин мэтээр хийрхэн хөөрцгөөж байсан шигээ зэх зээлийн нийгэм, ардчилсан тогтолцоог бас л “диваажин” байх юм шигээр төсөөлдөг. Энэ нь тийм биш, харин бидний өөрсдийн алдаа оноогоороо урлан бүтээж буй үйл явц, туурвин цогцлоож буй тогтолцоо юм. Нийгмийн энэ байгууламжийг сүүдрээ нуудаггүй нь сайхан ч, сүүлээ “иддэг” нь айхавтар тогтолцоо гэе үү дээ. Ил тодын дүрэм нээлттэй үйлчилдэг болохоор сүүдэр, бусармаг үйл харилцааг сайн илчилдэг л дээ. Харин социализм бол тосноосоо бусгаж толгойгоороо тоглодог, бүх нийтийг хатуу хянан харгалзагч дэглэм байсан л даа. Тэр дэглэмийн үзэл сурталжсан арга хэрэгслээр өнөөгийн эрх баригчид өөрсдийнхөө тухай зүсэн зүйлийн ид шид, миф домог зохион бэлгэдлийн ул суурьтай улс төрийн манипуляциийг бөөн бөөнөөр нь үйлдвэрлэн олон нийтийн санаа бодол, тархи толгойг эрчимтэй угааж байна. Үүнийг засч залруулж, нийгмийн оюун санааг чөлөөлж, ёс суртахууны шинэ үнэт зүйлс жам ёсоороо төлөвших зам нээх ёстой.

-Нэр нөлөө бүхий хүмүүс, эрх баригчдын ёс суртахууны зохисгүй үйлдэл харилцааны тухай асуудлыг хөндөж байх шиг?

-Тэр хүмүүс бүгд биш л дээ. Зарим нь хамгаалж арвижуулах ёстой хөрөнгө мөнгөө завшиж, хууль дүрмээ зөрчиж, олон түмний боломжийг хулгайлсан тухай хичнээн ч баримт дэлгэгдэв дээ. Дээр хэлсэн, нийгэмд ил тодын дуу хоолой байна гэж. Энэ дуу хоолой нь нийгмийн бусармаг явдлыг, эрх баригч зарим хүмүүсийн зохисгүй ёс суртахууныг илрүүлж, олон нийтийн хяналтанд оруулахад тус болдог. Дурдан буй категори хүмүүс бол бараг зуун хувь дээд боловсролтой хүмүүс шүү дээ.

                        Манай нийгэмд нэгэн үе дээд боловсрол, ёс суртахуун хоёр нэгдмэл байлаа л даа. Өөрөөр хэлбэл, дээд боловсролтой хүн гэдэг бол шууд л ёс суртахуунтай хүн гэж ойлгогдож байсан нь баримт. Харин өнөө үед ёс суртахуун, дээд боловсрол хоёр салчихлаа. Өнөөгийн нийгэмд нэр алдартай байх, ашиг орлого хөөцөлдөх нь зүйн хэрэг боловч зарим хүмүүсийн тийм үйл хэрэг ёс суртахууны хүрээний гадна гарчихлаа. Юу ч гэмээр юм бэ дээ, дээд боловсролтой хулгайч, луйварчин, хуульч боловсролтой авлигалчин гэх үү. Төр гэдэг угаасаа албадлага, хүчирхийллийн тогтолцоо. Тийм болохоор, төрд ажиллах хүнд ёс суртахууны онцгой шаардлага тавигддаг. Тийм хязгаарлалт, цензур шалгууртай. Гэтэл дарга төвтэй намын албан тушаалтнуудын амнаас гарахгүй хараал хэрүүлийн үг гэж алга аа. Их Хуралын танхим дахь биесээ доромжлох түрэмгийлэл айл гэрийн хойморт “үзүүлэх хичээл” болж, багачуул, ихчүүл ялгалгалгүй шууд нөлөөлж байдаг нь дэндүү харамсалтай. Төрийн албаныхныг ёс зүйтэй байхыг, хууль биелүүлэхийг, шударга байхыг цахим орчинд ч, ерөөсөө өнөөгийн нийгэм даяараа шаардаж байгаа нь харагдаж мэдрэгдэж байгаа. Одоогийн төрийн зарим өндөр албан тушаалтан дундаж иргэнээсээ доогуур ёс суртахуунтай байна. Энэ бол гамшиг, эндээс олон муу муухай юм үүдэл сэдэлтэй байна.

                        Энд зориуд тэмдэглэх ёстой нэг зүйл байна гэж боддог л доо. Энэ өндөр албан тушаалтан, улч төрч болбоос олимпиадад түрүүлдэг сайн сурагч, сайн оюутан байсан байх аа. Тэгж ч өөрсдөө бичиж, ярих юм билээ. Заримыг нь бүр хүнээс ангид тусгай од, ордонд төрсөн ч юм болов уу гэж бодмоор. Гэхдээ тэд багшийн бүтээл л дээ. Тэдний дунд ном эрдэм сурч, цол зэрэг хамгаалсан доктор профессор ч бий. Тэд ном сурсаан, гэхдээ, өвөг дээдсийн хэлээр бол, тэд номхныг нь сураагүй юм билээ! Эзэмшиж буй мэдлэгт хоёр том ай бүрэлдэхүүн байдаг л даа.

-Сошиал сүлжээний “од”, олны танил, инфлюэнсер гэх хүмүүс хүүхэд, залууст үзүүлж буй үлгэрлэл зохисгүй гэх яриа гар байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

                        -Хүний нийгэмд, тэр тусмаа өсвөр залуу үеийнхний дунд дагах дуурайх үйл харилцаа, ааль араншин, хэв загвар хүчтэй нөлөөтэй байдаг нь жам. Тэд амьдрал хэмээгчийг үргэлж өөгүй сайхан кино-сериал мэтээр төсөөлөх нь бий. Тэгээд өөрсдийнхөө байгаа байдлыг, улс гэр орноо голж шилэх нь байдаг. Ер нь амьдрал дандаа гоё сайхан гэж үү. Хэн тэгж байгаа юм бэ. Сэтгэл зүйчид-судлаачид өсвөр насныхны дунд явуулсан судалгаатай танилцаж байсан л даа. Өсвөр насныхан, бас залуус урлаг, спортын одуудыг тайзчилан даган дуурайж, дуулиан шуугиан үүсгэн өөрийнхөө ирээдүй, үлгэр жишээ, итгэл үнэмшлийнхээ загвар болгодог. Улаан фен нь болж шүтэн биширдэг. Тэгтэл тэр шүтээн хүнийх нь элдэв бусармаг явдал олноо дэлгэгдэн ил болох үед сайхи шүтэн бишрэгчид дотооддоо гүн хямарч, сэтгэл гутралын цочир байдалд орон “сэвтэж”, айхавтар доромжлол хүлээсэн мэт болдог аж. Оюуны итгэл үнэмшил, үзлийн чиг баримжааны хувьд байдал бас л адил даа. Тайзчилж гоёчилсон үзүүлбэрийг бодит амьдрал мэтээр шууд хүлээн авдаг иймэрхүү байдлыг XVII зууны английн философич Ф. Бэкон “театрын төөрөгдөл” хэмээн ёгтолсон нь бий. Алдар хүндийг олно гэдэг сайхан хэрэг ээ, сайн хийгээд сайхны үнэт зүйл л дээ. Гагц олон түмнээс үзүүлсэн хүндлэл, хишиг буяныг хадгалж даана гэдэг том ёс суртахуун байна л даа.

-Нийгэмд ёс суртахууны үнэт зүйлсийг зохистойгоор төлөвшүүлэхэд төрийн ба төрийн байгууллага, гэр бүлийн оролцоо хариуцлагын талаар яривал?

                        -Ёс суртахуун бага наснаас төлөвшдөг тухай дээр ярьсан. Одоо үед хий насны үеийн боловсролын тухай ярьдаг боллоо. Энэ боловсрол монголчуудын уламжлалд байсан л соёл хүмүүжил дээ. Юутай ч, хүн болох багаасаа гэдэг дээ. Юуны өмнө, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо онцгой чухал аа. Манай хуульд ч тэгж заасан. Хүүхдээ сайн сайхан хүмүүжүүлэх нь эцэг эхийн үүрэг гэж. Энэ бол үүрэг. Дараа нь, мэдээж хэрэг, сургууль, сургалтын байгууллага орно. Энэ бол оролцоо. Энд мэдлэг олгохын зэрэгцээ боловсролыг шинжлэх ухаанжуулах бус, харин хүмүүнжүүлэх нь чухал гэж үзэж байна даа. Энэ тал орхигдсон учир бүхнийг зөвхөн зоосны нүхээр хардаг өрөөсгөл, заримдаа бүр сөрөг ёс үнэлэмж төлөвшиж байна. Тэгээд суралцагч өөрийнх нь ухамсартай үйл ажиллагаа, хөтөч үзэл, амьдралын чиг баримжаа нь яригдана. Энэ бол өөрийнх нь хариуцлага. Үүнээс хойшид мэргэжлийн болоод байгууллагын ёс зүйн олон дүрэм, хуулиар сайхи үнэт зүйлсийн төлөвшил тэжээн тэтгэдэнэ ээ. Хууль бол төрийн бодлого. Энэ бодлого үндэсний соёлын дархлааг бэхжүүлсэн, уламжлал шинэчлэлийг шүтэн барилдуулсан, өөрийн орны болоод дэлхийн чиг хандлагыг баримжаалсан байх учиртай. Дэлхийн жишиг гэсэн хийсвэр томъёолол руу биш, монгол иргэн хүнийг онож барьж хандваас ёс зүйн үнэт зүйлс тодорхой төлөвших байх аа. Өнөөгийн манай нийгэмд эрдэм боловсролын хүмүүнлэгийн талд онцгой анхаарч байж нийгмийн ёс суртахууныг улам бүр өөд татна гэдгийг дахин хэлж яриагаа өндөрлөе дөө.

 

 


Ж.ОТГОНБАЯР: Өнөөгийн нийгмийг сүүдрээ нуудаггүй, сүүлээ иддэг тогтолцоо гэе
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 23:23:08
    Зочин: Ёс суртахуун гэж буруу орчуулгын үг. Морал, этик гэж хоёр үндсэн зүйл байгаа юм. Гадны соёлыг буруу утгачилж авчихаад түүндээ будилаад мунгинаад, мунхраад яваад байна. Морал (оросоор мораль) гэдэг бол сайн сайхан байдал, зохицлын үүднээс хувь хүний зөн, зан үйлийн, сайн дурын шинжтэй илэрдэг дадал хэвшил. Этик бол мэргэжлийн эсвэл нийтээр тогтсон хэв журмыг дагах үүднээс хэлбэршсэн сэтгэлгээний хэвшил юм. Жишээ нь цэрэг хүн дайтаж байна. Тэр дайснаа устгах ёстой. Энэ бол этик. Гэтэл хүн алах, ерөөсөө дайн тулаан хийх нь хүн төрөлхтний моралын хувьд харш үзэгдэл. Авилга байна. Авилга бол морал талаасаа ч этик талаасаа ч хүлээн зөвшөөрөгдөхгүй бурангуй үйлдэл. Морал ба этик. Энэ хоёр аргументыг аливаа хүний сэтгэлгээ, төлөвшлийн шинж байдалд дэвшүүлэн тавьж шинжилж болно. Өнөөгийн дундаж Монгол хүнд энэ хоёр шинжүүр бараг илрэхгүй байна. Би нэг зүйлийг гайхдаг. Ерөөсөө Монгол хүнд социализмаас өмнө морал ба этик байсымуу? Би бараг л байгаагүй гэж хэлмээр байна. Нийгмийн сэтгэлгээний шинжүүр нь өөр зүйлс байсан. Зоригтой, хүчтэй, харизмтай гэдэг ч юмуу. Харин социализмын үед Монголчууд үзэл сурталд захирагдаж нэр төдий морал, этикэд суралцсан. Түүнийгээ буруу утгачлан хүлээж авсан. Морал этиктэй байх нь чухал биш, тийм болж харагдах, жүжиглэхэд л анхаарч байв. Одоо л бид эдгээр хоёр ойлголттой жинхнээсээ нүүр тулахаас аргагүй байдалд орж байна. Ер нь Монгол хүн хүн төрхөндөө орох гэж тэмүүлж байна. Бидний морал этик шалан дээр байна. Ердөө л бид түүнтэй танилцаж байна. Хүүхдээр бол 2 зураас дээрээ явж байна. Бод л доо. Хулгай хийхийн жинхэнэ хор хохиролтой одоо л бид нийгмээрээ танилцах гэж байна шүү дээ. Өмнө нь юуг хулгай гэхэв, хулгай хийсэн бол үр дүн нь яадаг вэ гэх талаар огт ойлголтгүй байжээ. Одоо Монголчуудын үлэмж дийлэнх нь өөрсдийгөө хулгайч гэж мэдэхгүй яваа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 21:23:35
    1: Тиймээ, Театрын төөрөгдөл нүүрлээд байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 20:16:54
    B: Bayarlalaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 20:16:53
    B: Bayarlalaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188