Төрийн их баяр наадам өргөн дэлгэр болж, наадамчин олон бөх үзэхээр цэнгэлдэхээ тойрон суусан байлаа. Гэнэтхэн л үзэгчдийн уухайлах нь уухайлж, хашгичих нь хашгичаад явчихсан гэнэ. Олныг үймээсэн зүг харвал майга хөл, улаан хацартай байлдагч дэвж байх аж. Мань эр хугацаат цэргийн байлдагч бөгөөд хоёрын даваанд Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбатыг өвдөг шороодуулчихаад хээвнэгхэн дэвж байгаа нь тэр гэнэ”. Тэртээ 1997 оны түмний цэнгэл баяр наадмын үеэр нэг ийм сонин тохиолдол болсон юм билээ. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Л.Данзанравжаа гэх эр хугацаат цэргийн алба хааж байхдаа бөхийн тоо гүйцээхээр наадамд барилдаж, нэгийн даваанд Ц.Лхамаа начин, хоёрын даваандаа Ж.Мөнхбат аваргыг өвдөг шороодуулж, олны нүд болж байжээ. Энэ тухай сонссоноос хойш үнэхээр ааг, бяр юм уу, аз од байсан уу гэдгийг ам асууж, түүнтэй уулзан ярилцах сан хэмээн бодож дөрвөн сар хайсан ч ер олдсонгүй. Саяхан Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн хүрээнд нэгэн бэлтгэл хошуучтай уулзсан нь өнөөх олддоггүй Л.Данзанравжаа байсан юм. Бид ийн ярилцлаа.
-Таны сургийг сонссон ч олж уулзаж чадалгүй дөрвөн сар өнгөрлөө. Мартагдашгүй түүх бүтээсэн шигээ олдошгүй нууц хүн юм аа, та?
-Арай хэтрүүлээд байх шиг байна. Мартагдашгүй түүх гэх нь хэтийдэх байх. Бага залуу үеийн явдал болохоор аль болох нууж, даруухан явахыг л хичээдэг дээ.

-Та зундаа халуун нар төөнөж, хавартаа тэнгэр хуйсагнасан говь нутгийн хүн. Хүүхэд ахуй наснаасаа барилдсан уу?
-Би 1977 оны долдугаар сарын 7-нд Дундговь аймгийн төвд мэндэлсэн юм билээ. Нэг ах, хоёр дүүтэй. Тэгэж их барилдаж, чухам зорилго болгон хичээллээд байсан зүйлгүй. Бусдын л адил говийн аараг толгод дунд мал маллаж, хаврын зэрэглээтэй тууцалдаж өссөн хүүхэд. Аймгийнхаа ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийг 1996 онд төгссөн. Ирэх намар нь цэргийн албанд татагдаж, ЦЕГ-ын харъяа Дотоодын цэргийн 805 дугаар ангийн цэргийн тусгай салбарт хуваарилагдлаа.
Тухайн үед улсын онц чухал зарим обьектын хамгаалалтад хугацаат цэргүүд ажилладаг байсан юм. Цагдаагийн харьяа анги болохоор манай ангиас цагдаагийн алба хаагч болох цэргүүдийг сонгож, бэлтгэдэг байсан үе. Өөрөөр хэлбэл, цэргийн албаа хааж дуусаад шууд цагдаагийн алба хаагч болсон гэсэн үг. Ер нь эрэгтэй хүүхэд бүр л багадаа цагдаа, цэргийн хүн болох юм сан гэж мөрөөддөг байх.
1990-ээд онд Дипломат байгууллагууд болон Улаанбаатар хотын шөнийн эргүүлийг давхар хариуцан ажилладаг Дипломат байгууллага, Шөнийн эргүүлийн 808 дугаар анги гэж байсан. Хамгийн анх тус ангид эргүүл хамгааллын цагдаагаар ажлын гараагаа эхлүүлсэн. Хоёр жил гаруй ажиллаад Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдын яамны төлөөлөгчийн газрын хамгаалалтын цагдаагаар мөн хоёр жил ажилласан. Оросоос ирээд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын даалгавар гүйцэтгэгчээр мөн хоёр жил ажилласан даа.

-Таныг олон сар эрж, хайсны учрыг та мэдэж байгаа байх аа. Би ярилцахыг хүссэн “дүлий” цэрэгтэйгээ уулзсан гэж бодож байна?
-Улсын баяр наадмаар бөхийн тоо хүрэхгүй болохоор хотын цэргүүдийг барилдуулна. Хэнийг хамаагүй авчихгүй ээ бас. Хотын хүрээний цэргийн ангиудаас барилддаг байлдагч нарыг шилж сонгож авна. Манай ангийн салбарын захирагч, цэргийн заан Г.Чулуундаваа ерөнхийдөө барилддаг, бие хаа өсгөлүүн цэргүүдийг сонгож авдаг байсан юм байна лээ. Би ч яах вэ, айхтар сонгогдсон зүйлгүй, тэднийхээ дунд бужигнаад л, наана, цаана гээд явж байсан юм.
Цэргүүдээ жагсааж байгаад л дутсан бөхийн тоонд хүргэнэ. Би өндрөөрөө салаандаа хоёрт, ротдоо аравын дотор жагсдаг байсан юм. Тэгээд ч барилдах цэргийн тоонд орчихгүй юу. Хөөрч, догдолсон цэргүүд наадмын талбайд очлоо. Барилдах цэрэг болгонд зодог шуудаг олдоно гэж байхгүй болохоор би өмдтэйгээ барилдсан юм. Нэгийн даваанд Увсын долоон харын нэг Лхамаа начинтай таараад хутгаж, эргээд хаячихлаа.
Тэр жил хоёрын даваанд хоёр байлдагч барилдсан санагдаж байна. Тухайн үед найзууд, он жавууд, ойр орчим байсан хүмүүс “Нэг давж болсон юм чинь хоёр давж болдог юм”, “Аваргыг давж аварга болдог юм” зэргээр шуугиад сүйд. Тэгэхээр нь зориг ороод өвдөг шороодсон нэг найзынхаа зодог, шуудгийг өмсөөд л гарлаа. Тэгсэн учраа бөх маань Ж.Мөнхбат аварга байж таардаг байгаа.
Нэгийн даваанд Увсын долоон харын нэг Лхамаа начинтай таараад хутгаж, эргээд хаячихлаа.

-Улсын начныг өвдөг шороодуулсандаа омогшоод аваргаас хулчийсангүй юу?
-Тэр жил бид хоёрын барилдааны тухай цуу яриа, онигоо тасраагүй. Улсын наадмын хоёрын даваанд Мөөеө аваргыг унагадаг “дүлий” цэрэг чинь би шүү дээ. Би ч энэ тухай хүнд яриад байхыг хүсдэггүй юм. Аль болох л нууж явдаг юм. Сайрхсандаа биш, чамайг асуугаад байгаа болохоор энэ тухай яръя.
Аваргыг хаячихсан чинь хүмүүсийн харц, хандлага нэг л биш болоод явчихлаа шүү. Сүүлд сонсоход бөхчүүд их дурамжхан байсан гэдэг. Манай найзууд хүртэл сонин хараад байхаар нь “За, би болохгүй юм хийж дээ” гэж л бодсон. Бөх барилдаж, тэмцээн уралдаанд орж үзээгүй, анх л наадмын дэвжээнд гарч байгаа нь тэр юм. Тухайн үед аварга бүү хэл бага цолтнууд ч тийм доогуур даваанд унадаггүй байсан юм билээ. Бөхөөр дагнаж хичээллэсэн бол тэр үедээ л лав хүн угз татахад уначихааргүй л байсан юм шиг байна лээ. Одоо бол барилдаж явсан тухайгаа бодохоор ичдэг юм.
-Мөөеө аварга үнэхээр таныг “Хэвт, хэвт” гэж хэлсэн юм уу, эсвэл цуу яриа юу?
-Тухайн үед барилдах цэрэг авч ирсэн хүмүүст нь аварга, арслангууд “Эхний хоёр даваанд цэргүүд таарвал унаж өг гэж хэлээрэй” гэж шивнэдэг байсан гэнэ лээ. Аминчхан ярьж байгаа нь тэр байлгүй. Манай дарга ч тэр, Мөөеө аварга ч тэр надад “Унаад өг” гэж хэлээгүй. Тийм ч учраас би өөрийнхөөрөө барилдаад давчихсан байх (инээв).
-Тэгэхээр цуу яриа болж таарах нь. Таны тухай “дүлий цэрэг”, “цөс ихтэй хүн” зэрэг маш олон цуу яриа, онигоо байдаг. Та хэрхэн хүлээж авдаг вэ?
-Сая чиний асуудаг “Дүлий цэрэг байсан юм гэнэ лээ” гэдэг яриа чинь тухайн үедээ амтай бүхэн ярьдаг онигоо болчихсон байсан. “Мөөеө аварга улсын наадмын хоёрын даваанд нэг эвгүй барилддаг байлдагчтай таарчээ. Юу юугүй давшаад ирэхээр нь манай аварга сандараад “Кэвт, Кэвт” гэж олон хэлсэн байна. Гэтэл нөгөө цэрэг нь дүлий байж таараад аваргыг хаячихсан юм гэнэ лээ” гэдэг онигоо хаа сайгүй тарсан. Гүэ тэр аялагыг нь хүртэл дуурайж “Кэвт, кэвт” гэдэг нь ч юу билээ дээ (инээв). Яг тухайн үедээ бол их л сайхан санагддаг байсан. Ажил үүргээ гүйцэтгэж энд, тэнд явахад яг хажууд сууж байгаа хоёр хүн онигоо, цуу яриа болгон ярьж л байна. Яг эзэн нь би байгаад байдаг. Тэр үйл явдлаас тэс өөрөөр хачирлаж яриад байхаар нь инээд хүрээд л байдаг юм билээ. Эхэндээ “за та арай буруу сонсож. Тэр цэрэг чинь би. Энэ чих зүгээр байгаа биз” гэж хэлмээр санагддаг л байлаа. Сүүлдээ ч тоохоо больсон доо. Одоо бол аль болох л нууж явдаг даа.

-Таныг бөхийн удамтай гэж ярьцгаах юм билээ. Гэхдээ та бөх биш цагдаа байхыг сонгож. Харин үр хүүхдээ бөх болгох бодол байдаг уу?
-Аавын талд бөхийн уудам бий. Манай эмээгийн ах нь Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Дэнх гэж нутаг усандаа алдартай, бяртай бөх байсан. Ах, дүү хоёр Дэнх гэж манай нутгийнхан ярьдаг байсан гэнэ лээ. Дэрсэн ус гэдэг газар байсан том чулууг өргөөд километр гаруй алхсан гэх түүх бий. Сүүлд бид алдаршуулах зорилгоор 370 килограмм чулуунд сийлбэртэй, чулуун суурь хийж дурсгал болон байршуулсан. Улсын начин Олзгэрэл, аймгийн арслан Баярсайхан гээд бөхчүүд бий.
Мөн хоёр үеэл дүү маань бий. Аймгийн начин Х.Төмөр-Очир, Аймгийн заан Ш.Ганбаяр гээд аавын ах, дүүгийн хүүхдүүд сайхан барилдаж байна. Хүүгээ өөрийнх нь авьяас байгаад үнэхээр бөх болохоор бол үгүйсгэхгүй. Миний бага хүү барилдах сонирхолтой, оролдлоготой. Коронавирус гарахаас өмнө Жүдогийн академид явдаг байсан юм. Одоо бэлтгэл нь тасарчихаад байгаа. Нэгдүгээр ангидаа жүдогоор хичээллэж байхад нь хөл, гар нь чангараад хөөрхөн болж байлаа. Өөрөө барилдаагүй болохоор хааяа хүүгээ сайхан бөх болчихоосой гэж хардаг л юм.
-Цагдаагийн албан хаагчид хүнд, хэцүү үе цөөнгүй байдаг. Та бөхийж, шантарч үзэв үү?
-Хүссэн бүхэн цагдаа болчихдоггүй. Асар их хариуцлагатай, амаргүй ажил. Монголын цагдаагийн байгууллагад ажилласан он жилүүддээ би эргүүл харуул, хэрэг бүртгэх, зөрчил шалгах зэрэг Тээврийн цагдаагийн албанаас бусад бүх төрлөөр алба хашиж байсан. Хүнд хэцүүгийн хувьд гэвэл аль ч хэлтэс, салбарт ажиллахад амар хялбар байгаагүй. Бүгд л эр хүний шандсыг сорьж, хүчийг шавхдаг. Гэхдээ надад хэзээ ч эргэж буцах, няцах үе байгаагүй. Хоёр удаа хугацаанаас нь өмнө цол авч байлаа. Салбарын авч болох бүх л шагналыг авсан даа. Тэтгэвэрт гарахынхаа өмнө буюу сүүлийн таван жил Гачууртын цагдаагийн хэлтэст ахлах байцаагчаас эхлээд дарга болтлоо ажилласан даа. Одоо бодоход Гачууртад миний хамаг л сайхан дурсамж, дурдатгалууд байдаг шиг санагдаж байна. Зуслангийн бүс, мал бүхий иргэд амьдардаг зэргээрээ Гачуурт их онцлогтой байсан. Нэг сумын хэсгийн төлөөлөгч юу хийдэг тэр бүхнийг л хийнэ.

-Таныг залуухан харагдахаар нь тэтгэвэрт гарсан гэж бодсонгүй. Одоо ямар үйл хэрэг өрнүүлж явна даа?
-2019 онд тэтгэвэртээ гарсан. Одоогоор Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албан тасгийн дарга хийж байна. ИТХ-ын дарга тухайн дүүргийнхээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга нь байдаг. Миний хувьд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүний хувьд гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нь түлхүү оролцож, санал санаачилга гаргах, санал шүүмж хэлэх зэргээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, мэргэжлээсээ холдчихоогүй үйл хэргээ үргэлжлүүлж байгаа л гэж боддог.
-Би таны ажил, мэргэжлийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ та хайран сайхан бөхийн удмыг “тасалж”, том боломжоо алдчихсан юм биш үү?
-Эр хүн болсон хойно элдвийг л бодно. Хааяа нэг ийм санаа орж ирэх нь бий. Гэхдээ би бөх биш, цагдаа болсондоо хэзээ ч харамсдаггүй. Бахархмаар сайхан мэргэжил шүү дээ. Цагдаагийн бахархалтай бөгөөд нэр төртэй, эрхэм албанд залуу нас, бие сэтгэл, оюуны ухаан, авъяас билэг, хүч хөдөлмөр, мэдлэг ур чадвараа харамгүй зориулсан үе үеийн ахмад буурлууд, мөр зэрэгцэн ажилласан журмын нөхөд бидний үйл хэргийн залгамж хойч үе та бүхнийхээ гэр бүл, үр хүүхэд ойр дотны бүх хүмүүст Монгол Улсад орчин цагийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн мэнд дэвшүүлье. Монгол төрийн цагдаагийн мөр ариун, үйлс гэгээн байж, сүр хүч, сүлд хийморь нь мөнхөд мандан бадрах болтугай.

| Л.ДАНЗАНРАВЖАА: Улсын наадмын хоёрын даваанд Мөөеө аваргыг унагадаг “дүлий” цэрэг чинь би шүү дээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхана
2026-09-08 15:40:48
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
2026-09-08 14:27:38
Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2026-09-08 14:23:32
О.ЦОГТГЭРЭЛ ЛИ ГАНЬЖЕТЭЙ УУЛЗАЖ, ХОЁР НАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-09-08 14:04:48
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 225 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-08 13:51:23
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-08 13:03:26
БНАСУ, ОХУ-ыг холбосон авто замын гүүрийг нээлээ
2026-09-08 12:28:26
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
2026-09-08 12:17:32
ГАМШГИЙН ҮЕИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ЭРЭН ХАЙХ, АВРАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ
2026-09-08 11:49:02
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-09-08 11:42:53
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-08 10:19:43
“Хүүхдийн зүрхний долоо хоног” аян эхэллээ
2026-09-08 10:14:02
Явуулын оффис өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллана
2026-09-08 09:42:18
Сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сард бүрэн хангахаар ажиллаж байна
2026-09-08 09:37:31
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-09-08 08:26:07
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-09-08 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-09-08 07:37:08
ТОЙРГИЙНХОНДОО БИДОН ӨГЧИХӨӨД, ӨӨРӨӨ “ЁМКОСТЬ” АВЧЭЭ, ТЭР
2026-09-08 07:00:53
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-09-08 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2026-09-08 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
2026-09-08 06:00:00
Зөвшөөрөлгүй хадгалсан 1185 мөнгөн зоос, 29 ембүүг хураан авчээ
2026-09-07 16:40:57
Сүхбаатарын талбайн автобусны төв зогсоол маргааш түр хаагдана
2026-09-07 16:27:41
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн байгууллагыг 1,000 нэгжээр торгожээ
2026-09-07 16:20:19
Оюутолгойн уурхайд 61 ажилтан өргүүрт гацаж, таван цагийн дараа гарчээ
2026-09-07 16:07:45
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна
2026-09-07 14:38:18
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2026-09-07 12:46:07
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ амьдрал ахуй, эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ажил хэрэгч, хариуцлагатай, алсын хараатай хандахыг хүсье
2026-09-07 10:52:08
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-07 07:00:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-09-07 07:00:00
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-09-07 07:00:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-09-07 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-09-07 07:00:00
2026-09-07 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-09-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |