• Өнөөдөр 2024-03-29

С.БАТБОЛД: Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэх талаар яриа хэлэлцээ хийж байна

2023-02-06,   2473

         Зам тээврийн бүтээн байгуулалт, тээвэр логистикийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ярилцлаа.   

      -Өнөөгийн нөхцөлд уул уурхайн бүтээгдэхүүнийг автозамаар бус төмөр замаар тээвэрлэх нь оновчтой шийдэл болоод байгаа. Энэ үүднээс төмөр замын бүтээн байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү. Төмөр замын бүтээн байгуулалтууд ямар шатанд байгаа вэ?

        -Өнгөрсөн 2022 онд төмөр замын томоохон 3-4 төсөл хэрэгжүүллээ. Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил бүрэн дууссан. Оны өмнө манай техникийн комисс ажиллаж, тодорхой үүрэг даалгавар өгсөн. Удахгүй улсын комисс хүлээж авна.

      Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил бүрэн дуусаж өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн зүгшрүүлэх тээвэрлэлт хийж байна. Тус замаар миддлинг буюу сайжруулсан түлшний тээвэр хийж байна.

       -Шинэ төмөр замууд ашиглалтад орсноор тээвэр логистикийн зардал буурч, өрсөлдөх чадавх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэх байх. Тодорхой тоо байгаа юу?

       -Уул уурхай, ашигт малтмалын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах үүднээс бөөнөөр нь түргэн хугацаанд, хямд өртгөөр тээвэрлэхэд төмөр замын тээвэр нэн чухал.

       Өнөөдрийн байдлаар автотээврээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд явж байгаа нүүрс тээврийн өртөг нэг тонн нүүрс 32 орчим ам.доллар болж байна. Одоогоор Эрдэнэс Тавантолгой ХХК тендер зарлаж, хэдэн төгрөг дээр тогтсоныг мэдэхгүй байна.  Энэ үнэ гараад ирэхээр тодорхой хэмжээгээр буурна гэж үзсэн.

      Харин төмөр замын тээвэрлэлтийн үнэ үүнээс гурав дахин бага өртөгтэй байна гэх техник, эдийн засгийн тооцоо бий. Жишээ нь, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам техник, эдийн засгийн үндэслэлээрээ жилд 30 сая тонн, Зүүнбаян 25 сая, Ханги 15 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой.  Ингээд үзэхээр 70 орчим сая тонн тээвэр хийх тооцоотой дэд бүтэц баригдаж байна. Бид бодит байдал дээр энэ хэмжээнд хүргэхийн тулд үе шаттайгаар арга хэмжээ авна. Шууд тооцоолсон хэмжээнд хүргэнэ гэсэн үг биш.

    Энэ жилийн хувьд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нийтдээ 8.5 сая тонн ачаа тээвэрлэх үүрэгтэй, ажиллаж байна. Ийм төлөвлөгөөтэй бүтээн байгуулалтын ажлууд үе шаттайгаар явагдаж, ойрын гурван жилийн хугацаанд 15 сая тонн болгож нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

       -Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хэзээнээс бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх вэ. Холболтын, бас дамжуулан ачих, хилийн цэгээ тохирсон уу. Эдгээр ажлууд хэзээ дуусах вэ?

      -Тодорхой нэмэлт ажил хийх шаардлагатай гэж үзэж, үүрэг даалгавар өгсөн. Энэ оныхоо бүтээн байгуулалтын ажлуудыг бүрэн дуусгаад, ирэх тавдугаар сард төмөр замуудаа бүрэн хүлээж авахаар төлөвлөсөн. Төмөр замууд бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд дэд бүтцийн асуудлаас гадна хил холболтын асуудлаа ярилцах ажил бий. Мөн хилийн хүчин чадал, хил холболтын төмөр замууд баригдаагүй байна. Гашуунсухайт чиглэлийн төмөр замын холболтын зураг хийгдэж байгаа. Удахгүй БНХАУ-ын талаас төлөөлөгчид Зам, тээвэр хөгжлийн сайдтай уулзана. Уулзалтаар асуудлууд тодорхой болно байх.

         Хил холболтын цэгээ бол маргаангүй тохирсон. Одоо зургаа гаргаж, хөрөнгийн хэмжээнээс хамаарч хэн нь ямар хариуцлага хүлээхээ шийдсэн, тохиролцсон тохиолдолд энэ ондоо багтаан ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна.

        Ханги чиглэлийн хил холболтын хувьд уран нутгийн хэмжээнд тодорхой цэг өгсөн. Үүнийг Засаг захиргааныхан нь баталгаажуулахаар ажиллаж байгаа. Тэр болтол автомашинаар нүүрсээ цааш гаргаж байна. Техник, эдийн засгийн үндэслэлдээ хүрэхийн тулд хил холболтын замуудыг барьж дуусгаж, хил боомтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Манайхаас гадна хөрш орны хүчин чадлыг харна.

       -Өнгөрсөн онд УБТЗ гол замынхаа урд хэсэглэлийн эхний өртөө болох Замын-Үүд-2 өртөөнөөс Шаргын овоо зөрлөг хооронд хос болгох ажлыг хийсэн. Энэхүү ажил нь тээврийн хэмжээ өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа Замын-Үүд–Сайншанд хоорондын замыг хос болгох ажлын эхлэл юм билээ. Энэ ажлын ач холбогдлын талаар ярина уу?

            -УБТЗ дээр эзэмшиж байгаа гол ачаалал нь Сайншанд-Замын-Үүд чиглэлд байна. Энэ ачааллыг бууруулахаар өнгөрсөн жил Шаргын овоо зөрлөг дээр хос төмөр зам байгуулсан. Үүнийг УБТЗ өөрийн хөрөнгөөр эхлүүлсэн. Одоо бол өргөн царигийн хоёр, нарийн царигийн нэг зам энэ чиглэлд явж байна. Мөн тус байгууллага Замын-Үүд Эрээн чиглэлд нарийн царигийн нэг төмөр зам барих ажил эхлүүлсэн. Энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

             Улаанбаатар төмөр замыг хос болгох асуудал ТЭЗҮ-ээрээ жилд 70 сая тонн ачаа зөөх, 100 сая тонн ачаа зөөхийн тулд хос, цахилгаан болох боломжтой гэх судалгаа бий. Урдаасаа эхлүүлж байгаа нь Сайншандын ачааллыг бууруулах юм. Энэ жил бид Зүүнбаян-Сайншанд чиглэлд 45 километр  төмөр замыг хүчитгэх ажил хийж байна.

         -Нүүрс тээвэрлэлтийн шинэ гарцын хүрээнд зүүн бүсэд тавигдах төмөр зам олны анхаарлын төвд байгаа. Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 433 км төмөр замын ажил хэзээ эхлэх вэ. Хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн үү.  Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

                -Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр зам  бодлогын баримт бичигт байгаа концессын жагсаалтад орсон. Концессыг  хуулиараа Төрийн худалдан авах ажиллагааны газар хариуцдаг. Бид материалаа өгөх хүсэлтээ өгсөн. ТЭЗҮ, зураг төслөө өгнө. Уг ажлыг хурдан эхлүүлэх талаар яриа хэлэлцээр хийж байна.

         - Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2016 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт Монгол Улсыг дайруулсан төмөр замын баруун коридор (Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Ховд-Такешкен-Хами-Цонжийн хотон үндэстний өөртөө засах тойрог-Өрөмч чиглэлийн)-ын төслийг судлах ба эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэхээр тохиролцсон. Энэ ажил эхэлсэн үү?

           -Гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөрт орсон төмөр замууд хийгдээд явж байгаа. Коридоруудыг судлаад, боломжтой тохиолдолд хийж хэрэгжүүлдэг.

        Бид энэ жил төмөр замын хоёр төсөл э ёхлүүлэх гэж байгаа. Баруун босоо гэж нэрлээд байгаа Завхан аймгийн Арцсуурь боомтоос Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомт хүртэл 1255 км төмөр зам барих төсөл эхлүүлэхээр болсон. Энэ ондоо тодорхой ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Монголын төмөр зам ТӨХК ерөнхий концесс эзэмшиж байгаа. Хөрөнгө оруулагч компани болон тусгай чиг үүргийн компаниуд хамтран төмөр замыг барина. Шалгаруулалт нь Монголын төмөр зам ТӨХК дээр явж байгаа.

          Харин зүүн босоо буюу Эрээнцаваас Чойбалсан-Хөөт-Бичигт гэсэн чиглэлд шинэ төмөр зам барина. Дорнодоос урагшаа төмөр зам холбох ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалт явуулж эхэлсэн. Монголын төмөр зам ТӨХК гол суурь бүтцээ төрийн мэдэлд байлгах бодлого баримталж байна. Тиймээс төрийн өмчид компани Монголын төмөр зам ТӨХК энэ ажлуудаа хариуцаж байгаа юм. Концесс эзэмшигчид цаашдаа энэ бүтээн байгуулалтаа төрийн мэдэлд шилжүүлнэ гэсэн үг.

         -Тэгвэл уурхайн бүтээгдэхүүний экспорттой холбоотой авто замын төслүүд ямар шатанд өрнөж байна вэ?

          -Нүүрсний гол ачаалалтай хэсэг болох Тавантолгойн орд газраас Гашуунсухайт чиглэл рүү хос замын төсөл хэрэгжиж байгаа. Концессын чиглэлээр Төрийн худалдан авах газрын гэрээтэй явж байна. Энэ ажил эхлээд 3-4 жил болсон, цар тахлын нөхцөл байдлаас болж удааширсан.

        Өнгөрсөн жил гэрээ дуусах байсан ч амжаагүй, бид яаралтай дуусгахыг шаардаж байгаа. 2023 онд багтаж ашиглалтад орно, одоогоор замын ажил 65 хувьтай байгаа.  Мөн Тавантолгой-Ханги чиглэлд хос автозам 45 хувийн гүйцэтгэлтэй  явж байна.

         -Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км цемент бетон хучилттай их даацын авто зам төслийн тендерийг 2019 онд зарлаж байсан, энэ ажил юу болсон вэ?

          -Концессын жагсаалтад тус замын төсөл орсон байгаа. Гэрээгээрээ 2017, 2019 онд худалдан авах ажиллагаа зарласан ч, материал ирүүлсэн компани байхгүй.

          -Монгол Улсын хатуу хучилттай автозамын даац ямар байдаг вэ, хэдэн аймгийн хэдэн сум нийслэлтэй холбогдсон вэ. Энэ жил зам нэмэгдэж баригдах уу?

           -Орон нутгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил 2022 онд дууссан. Хамгийн сүүлд Завхан аймгийн Загастайн давааны замыг хучиж, 21 аймаг Улаанбаатар хоттой холбогдлоо. Мөн 21 аймагтай хилийн боомтыг холбох ажлын хүрээнд 115 сумыг холбосон. Бусад сумыг хатуу хучилттай замаар холбохын тулд “Нутгийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

          Цаг уурын нөхцөл байдал, газар зүйн онцлогоос шалтгаалж, сумдыг хатуу хучилттай замаар холбох нь эдийн засгийн өндөр өртөгтэй гэсэн судалгаа гарсан. Тиймээс монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, хямд өртөгтэй зам байгуулна. Энэ төсөл Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагийн тусламжтай хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, өөр технологиор хямд өртгөөр орон нутгийг авто замаар холбоно.

        -Авто замын арчлалт, засвар үйлчилгээний ажилд хэрхэн анхаарч байгаа вэ?

         -Нийтдээ 14.5 мянга орчим урт авто замыг манай яам хариуцдаг. Энэ замаа шинэчлэх, сайжруулах ажилд жил бүр улсын төсвөөс засвар, арчлалтын мөнгө төсөвлөдөг. Улсын төсвөөс тодорхой хэсгийг, үлдсэнийг нь төлбөр хураах үйл ажиллагааны орлогоос авто зам засварын ажил хийдэг.

         Зам арчилтын ажлыг өдөр бүр хийх ёстой. Мөн тодорхой хугацааны урсгал зардал гардаг. Их засвар хийх шаардлагатай үед замын насжилтаас хамааран засвар гарах үед төсвийн мөнгө 60-70 хувьд хүрэлцдэг. Тэгэхээр бид бүрэн арчлалтаа хийж чадахгүй байна.

        2019 оноос эхлэн авто замын засвар дээр техник технологийн шинэчлэлийг хийж байгаа. Гадаргуун хучилтыг нэмж хийх төхөөрөмж манай улсад байхгүй байсан. Үүнийг худалдан авч, замын хучилтыг нэмж хийсэн.


С.БАТБОЛД: Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэх талаар яриа хэлэлцээ хийж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 11:14:54
    jagaa: tomor zamaa hurdan baroh heregtei shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-06 11:07:27
    Зочин: сайншанд-хөөтийн төмөр замаа хурдан дуусгахгүй бол зүүн аймгуудын хатуу хучилттай зам гэж машин ч явах аргагүй аймшгийн юм байх юм даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188