Эргэлт.мн мэдээллийн сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Танд гурван жилийн ойн мэнд хүргэе. Эргэлт.мн мэдээллийн сайт үүсгэн байгуулагдсан түүхээс товчхон ярьж өгөхгүй юу?
-Баярлалаа, би Монголын өдөр тутмын "Өдрийн сонин"-д 10 гаруй жил эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажилласан. 2019 онд сониноосоо гарч, "Үндэсний шуудан" сонины Ерөнхий эрхлэгчээр томилогдон шинэ баг бүрдүүлж, шинэ редакц бий болгох хүндхэн хариуцлагын өмнө очиж байлаа. Тухайн үедээ амаргүй санагдаж байсан ч эргээд харахад надад өөр нэг боломж нээж байжээ. Энэ бол яалт ч үгүй Эргэлт.мн мэдээллийн сайт үүсгэн байгуулагдах эхлэл байсан. "Үндэсний шуудан" сонинд жил гаруйн хугацаанд Ерөнхий эрхлэгчээр ажиллаад 2020 оны сүүлчээр Эргэлт.мн мэдээллийн сайтаа байгуулсан. Анх сонины эрхлэгчээр очихдоо дуудаж, цуглуулж, бүрдүүлсэн залуус маань энэ сайтыг хамт байгуулсан. Бид ажлын байр түрээсэлж, хана, таазаа будахаас эхлээд бүгдийг өөрсдийн гараар бүтээж байлаа. Харин өнөөдөр гурван жилийн ойн баяраа тэмдэглэх гээд завгүй бужигнаж байна.
-Эргэлтийнхэн цахим сэтгүүл зүйн салбарт юу бүтээхийг зорьж байгаа талаар ярихгүй юу?
-Бид сайтаа байгуулахдаа улс төрөөс ангид, хараат бус сэтгүүл зүйг бүтээе гэж зорьсон. Нийгэмд бугшсан хуудуутай, хууль бус зүйлсийг илчлэх нь сэтгүүл зүйн үүрэг. Гэтэл улстөрчдийн хөшигний ард хууль бус олон зүйл өрнөж байгаа тухай ноцтой баримтыг сэтгүүлчид олж мэдсэн ч түүнийгээ гаргаж чадахгүй байх тохиолдол олон байсан, намайг залуу сэтгүүлч байхад. Энэ нь нөгөө л ардаа эзэнтэй, улстөрчдийн халаасанд орсон сэтгүүл зүйтэй холбоотой. Нэртэй, туршлагатай сэтгүүлч баараггүй баримт олчихсон хэрнээ түүнийгээ олон нийтэд хүргэж, нийтэлж чадахгүй байна гэдэг харамсалтай. Тиймээс л сэтгүүлчдийг хараат бусаар тултал нь ажиллуулах хэвлэл мэдээллийн байгууллага бий болгох юм сан гэж мөрөөддөг байсан.
Мөн “мөнгөний сэтгүүлчид” гэх үг олон нийтийн дунд нэр томъёо болтлоо яригддаг болсон. Ингээд эхлэхээр сэтгүүлчийн уран бүтээлч байх, гоё сайхныг эрэлхийлэх, соён гэгээрүүлэх мөн чанар алдагдаад эхэлж байгаа юм. Яг үнэндээ микрофон барьж, хүн загнасан, чамирхсан сэтгүүлч олон болсон нь нууц биш. Тэгэхээр уран бүтээл хаягдчихаад, тоосонд булагдчихаад байгаа юм. Энэ бүх эмзэглэлээс өөрийн гэсэн редакцтай болж, болохгүй, бүтэхгүй бүхнийг цэвэрлэх, цэгцлэх юм сан, шинэ үеийн сэтгүүлчид юу хүсэж мөрөөддөг, чаддагийг харуулах юм сан гэсэн бодол төрсөн.
Аз юм уу, хувь тавилан юм уу мэдэхгүй манай редакцад өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй, авьяас мэдрэмжтэй залуус цугласан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд уран бүтээлч байхын төлөө сэтгүүлч бүр зорьж, түүнийхээ төлөө шаналж, өнөөдрийн “Эргэлт”-ийг бий болгожээ. Эхлэлээ ямар ч байсан тавьчихлаа, гэхдээ саад бартааг туулах чилийсэн урт зам байна, бидэнд.
-Хараат бус сэтгүүл зүй бүтээхийг зорьж байгаа гэлээ. Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй манайд ийм боломж байх болов уу?
-Харамсалтай нь, тийм боломж тун бага байна. Өнгөрсөн хугацаанд бид улстөрчдийн, төрийн “том”-чуудын олон ноцтой баримтыг дэлгэсэн. Үүнийхээ хариуд хууль, шүүхийн байгууллагад тасралтгүй дуудагдаж, шалгуулж байгаа. Эрх чөлөөний шинэ цагийг дуудах гэж амаргүй үетэй нүүр тулж байна. Яг үнэндээ энэ тийм амархан даваа биш юм байна. Бодит байдал дээрээ Монголын сэтгүүл зүй эрх чөлөөгүй болчихсон гэдгийг бид бие, сэтгэлээрээ мэдэрч явна. Гэхдээ би сэтгүүлчдэдээ “Баримтаа гарга, өөрийн үзэл бодлоо хас. Хийсэн бүтээлүүд чинь чиний өмнөөс ярина” гэж хэлдэг. Бид эрх чөлөө, уран бүтээл гэсэн хоёрхон зүйлийг гол үзэл баримтлалаа болгоод Монголын сэтгүүл зүйд цэх алхаж яваа.
-Сайн бүтээл “төрүүлэх” үндэс юунаас эхлэх вэ?
-Өглөөний хурлаас эхэлнэ дээ.Төлөвлөөгөө гаргаад сэтгүүлч бүр өөрийн үүрэгт ажилдаа гарна. Сайн ярилцлага, нийтлэл, сурвалжилга бэлтгэхийн тулд тэд өдөр бүр тархиа ажиллуулж, шинийг эрэлхийлнэ. Өвсөн дотроос зүү хайхтай л ижил. Жишээлбэл, би өглөөний шуурхай дээр “Гарьд магнай” киноны “Молиго” Очирын дүрээр олны танил болсон жүжигчин Д.Алтангэрэлийн үр хүүхдүүдээс ярилцлага авах даалгавар өгч байгаа юм. Өөрөө амьд сэрүүн байхдаа хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгч байгаагүй юм билээ. Энэ даалгаврын дараа манай сэтгүүлч тэр хүний ар гэрийг нь хайж байгаа, олж чадахгүй мухардалд орж, олчихоод баярлаж байгаа, ярилцлага авах гэж бэлдэж, авчихаад сайн, амттай, уншууртай ярилцлага болгох гэж хичээж байгааг нь харах сайхан байдаг. Манай сэтгүүлчдийн бүтээл бүхэн яг л ингэж төрдөг.
Мөн шахмал түлш гаргахын тулд гурил хольж байгааг мэдчихээд баримтаа хайж, баримт олохын тулд үйлдвэрийг нь шөнөжин сахиж гадаа нь хононо. Баримтаа баталгаажуулахын тулд ажилтан нь болж, дотогш нэвтэрнэ. Зураг, бичлэгээр баталгаажуулна. Энэ мэтээр эрсдэлтэй хэрнээ зоригтой алхам хийж сэтгүүл зүйн бүтээлүүд төрдөг юм. Хөрөг, нийтлэл биччихээд үзүүлэхэд нь “Энэ нь дутуу байна, ийм юмыг нь яагаад мэдэрч чадахгүй байгаа юм бэ” гэхэд удалгүй мөнөөх санаагаа олох гээд гудамжаар алхаж яваа, санаагаа олчихсон суугааг нь, шаналж, түүгээрээ жигүүрлэж, түүнийхээ төлөө мэрийж байгаа сэтгүүлчдээ харах хамгийн сайхан байдаг.
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Эргэлт”-ийнхэн цахим сэтгүүл зүйд өөрийн өнгө төрхийг бий болгосноос гадна “Эргэлтийн номын сан” шилдэг бүтээлийн цуврал бүтээж амжсан. “Эргэлтийн номын сан” шилдэг бүтээл цувралын 10 боть ном хэрхэн бүтсэн түүхээс хуваалцахгүй юу?
-2021 онд Монголын хэвлэл мэдээллийн редакциудаас сэтгүүлчдийнхээ бүтээлээр бие даан анх удаа 10 боть ном гаргасан нь “Эргэлтийн номын сан” шилдэг бүтээлийн цуврал байсан. Ажиглаад байхад сэтгүүлчид буурь суусан хойноо ч юм уу, илүү туршлагатай болсныхоо дараа сайн бүтээлүүдээ эмхэтгэж ном болгож, гаргадаг юм байна. Магад олонх нь ингэж бодож явсаар юу ч үгүй үлдэх, эсвэл залуу цагтаа бичиж байсан зүйлсээ голоод ном болгохоо больчихдог шиг. Тиймээс бид “Яагаад залуу сэтгүүлчдийн бүтээлээр ном гаргаж болохгүй гэж. Адилхан л шатаж, дүрэлзэж, урамгүйдэж, баярлаж, нойртой нойргүй хонож байж хийсэн сайн бүтээлүүдийг нь ном болгоход юу нь буруу гэж. Сэтгүүлчид маань урам авахаас гадна ар гэрийнхэн нь ч баярлаг, тэдэндээ ч үзүүлэх юмтай болог” гэж бодоод ном гаргах шийдвэр гаргаж байлаа. Эхлээд сэтгүүлч тус бүрээс гурван бүтээл авъя гэж бодоод сайтад байршуулсан сайн материалуудаас нь түүлээ. Тэгсэн нэг сэтгүүлч гурваар ч тогтохгүй сайн бүтээл хийсэн байна. Тэгээд л сэтгүүлч тус бүрээр нь ном гаргая гэж шийдсэн. Мэдээж хүндрэлтэй асуудал тулгарсан. Гэхдээ “Сэтгүүлчдэд үлдэх юм нь энэ юм байна” гэсэн бодол байсан учраас 10 боть номоо гаргах ажилд ханцуй шамлан орсон. Эхэндээ сэтгүүл зүйд дөнгөж хөл тавьж байгаа хүүхдүүд ном гаргана гэхээр гайхаж, айж л байсан байх. Гэхдээ энэ цувралыг гаргаснаараа тэднийг илүү сайн зүйл хийх ёстой юм байна гэх бодол руу хөтөлж, өөрийгөө олох эхлэл нь тавигдсан юм болов уу гэж боддог. Номоо хийснийхээ дараа бүгд “Сайн бүтээл хийж чадсан болов уу” гэх айдастай байсан. Гэхдээ сэтгэлийн мухарт “Манай хүүхдүүдийн хийсэн ном сайн шүү дээ. Хүүхдүүдийнхээ бүтээлийг битгий гол” гэсэн бодол торолзоод л байлаа. Ингээд бид 10 номоо нээж, олонд хүргэх ажилдаа орсон.
Номын нээлтээ хийсний дараа сэтгүүл зүйн салбарын судлаачид, сэтгүүлчид, багш нар “Сайн бүтээл болжээ” гэж сэтгүүлчдэд маань урам өгсөн. Бид өөрсдийгөө магтаж байгаа юм биш. Анх ширээ сандлаа эвлүүлээд редакц байгуулна гээд сууж байсан залуус Монголын сэтгүүл зүйд 10 ном бүтээчихээд байж байх гоё биш гэж үү. Бид хэдэн жилийн дараа анхныхаасаа хэд дахин давсан сайн бүтээлүүдээр ном бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
-“Эргэлтийн номын сан” цувралаа гаргасны дараа “Эргэлт” сэтгүүлээ эрхлэн гаргасан. “Эргэлт” сэтгүүлийн онцлог нь юу вэ?
-Номоо гаргаснаас хойш мэргэжлийн шинэ эргэлт юу байж болох вэ, яаж хийх вэ гэж хэсэг бодсон. Ингээд сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрлийг багтаасан сэтгүүлтэй болъё гэж зорьсон. Бид сэтгүүлдээ улстөрчдийн хуудуутай баримтаас эхлээд эгэл жирийн иргэний амьдрал, нийгмийн сайн сайханд түүчээлэгчид, гэрэлт ирээдүй болсон хүүхэд, залуус гээд өдөр тутмын сонины бүтцийг шингээхийг зорьж байгаа. Нэгдүгээр сэтгүүлд бид төрийн гурван өндөрлөг, Засгийн газрын сайд нар ямар бизнес эрхэлдэг вэ, төрийн тендерийг хэрхэн авдаг вэ гээд жинхэнэ үнэн төрх, багийг нь хуулахыг зорьсон. “Монголд ер нь бизнес хийх ямар ч боломжгүй юм байна. Бүгдийг нь төрд байгаа томчууд өөрсдөө эзэрхийлээд авчихсан юм байна” гэдгийг энэ сэтгүүлээрээ баримттай харуулахыг хичээсэн. Зорилгодоо хүрсэн.
Сэтгүүлийн бүтцийг анзаарсан бол бид улстөрчдийн баримтын өмнө “Давс үүрсэн 40 жил” гэдэг эгэл жирийн иргэдийн амьдралыг харуулсан сурвалжилгаа өрсөн байгаа. Жирийн иргэд амьдрах гэж зүтгэж, чин үнэнчээр 40 жил хөдөлмөрлөөд эвдэрч муудсан дугуйн дээр давсаа дүүрээд явж байхад улстөрчид дөрөвхөн жилийн дотор тэрбумтан болж байгааг тайлбаргүйгээр харьцуулан тавьж өгсөн хэрэг.
Хоёрдугаар сэтгүүлд газрын баялгаар хөлжиж байгаа улстөрчдийн хууль бус баримтыг илчилсэн. Ингэхдээ нийгэмд дуулиан тариад байгаа нүүрсний бүлэглэлийн баримтыг, улстөрчид яаж нүүрсний бизнестэй холбогдсон бэ зэрэг баримтуудыг дэлгэсэн. Нүүрсний хулгайн хэрэг дуулиан тарьж эхлэхэд АТГ-аас 17 улстөрчийн нэрийг зарлаад бусдыг нь дугтуйн дотроо үлдээж байлаа. Харин бид “Үүний цаана УИХ-ын гишүүдийн тэн хагас нь буюу 40 улстөрч байгаа шүү” гэдгийг баримттай гаргаж ирсэн. Дээр нь, Дархан цаазат Богдхан ууланд томчууд нүүрснээс угаасан мөнгөөрөө газрын наймаа цэцэглүүлж, хаус хотхон барьж байгаа баримтуудыг илчилсэн. Энэ сэтгүүлээ мэс заслын хутгаа амраах завгүй монголчуудын хорт хавдартай тэмцэж байгаа хавдрын эмчийн өрөөнөөс хийсэн сурвалжилгаар эхлүүлсэн. Нэг талдаа гэр хороололд амьдарч байгаа иргэд хавдар тусаад үхэл, амьдралтай тэмцэж байхад нөгөө хэсэг нь ертөнцөөс тасарчихсан амьдарч байгаа юм байна гэдэг агуулга энд явж байгаа юм. Одоо гурав дахь сэтгүүлээ уншигчдадаа хүргэхээр бужигнаж байна, бид.
-”Сэтгүүлчдийн цаг наргүй хөдөлмөр сайн бүтээлд хөтөлдөг” гэх юм билээ. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Энэ хүүхдүүд сайн бүтээл хийе гэж зорьж, бидэнд итгэж, “Эргэлт”-ийг бараадсан гэж боддог. Сэтгүүлч болохын тул микрофон барьчихаад тэрийгээ хүний аманд хийхээс наагуур гүйж, хэвлэл мэдээллийн байгууллага гэсэн нэрний ард нуугдчихаад улсын яллагч шиг хүн гүтгээд байхаас илүүтэй залуу насаа уран бүтээлээр жигүүрлэж өнгөрөөх суурийг нь сайн тавих юм сан гэж хичээдэг. Яг үнэндээ “Эргэлт”-ийн хэдэн сэтгүүлч сайн зүйл хийхийн төлөө өдөр, шөнөгүй ажилладаг.
Манай “Ардын эрх”-ийн шар байшин дандаа гэрэлтэй байдаг. Энэ гэрэлтэй цонхны цаана бүтээл төрж байдаг юм. Тэд дан ганц уран бүтээл, ажил гээд гүйхээс гадна амьдрал ахуйгаа бодох ёстой. Заримдаа энэ хүүхдүүдийн залуу нас, гэр бүлдээ зориулах цаг хугацааны өмнө гэмших үе ч байна.
Тийм ч учраас би чадахыгаа, тэд чадахыгаа гээд нэгнээ чадлаараа ойлгоод, дэмжээд, болохоосоо болохгүйг хүртэл энэ цаг үеийг хамтдаа бүтээж байна.
-Та бүхэн юунаас урам авдаг вэ?
-Сэтгүүл зүйн хамгийн том шүүгч нь уншигч. Уншигчдаасаа хамгийн их урам авна. Сайн бүтээлийг хүмүүс өөрсдөө олоод уншчихдаг юм. Өглөөний хурал дээр авсан сэдвээ тууштай эрж хайж, бүрэн гүйцэт, онож бичсэнийг нь харах, унших ч бас том урам зориг шүү дээ.
-Шантрах үе байдаг уу?
-Байлгүй яах вэ. Хууль хяналтын байгууллагын үүдэнд хэдэн өдөр дараалан дуудагдаж зогсохдоо “Би хэний төлөө ийм юм хийж байгаа юм бэ” гэж бодох үе байна. Гэхдээ сэтгүүлчдээ цагдаад шалгуулах, байцаалтад суулгаад бүлтэгнүүлснээс өөрөө очсон нь сэтгэлд амар байдаг. Байгаа цагтаа хэдэн сэтгүүлчийнхээ зоригийг мохоохгүй юм сан гэж боддог. Мөн өглөө ирэхэд нэг нь ажилдаа ирээгүй, өгсөн үүрэг даалгавраа биелүүлээгүй байвал урам хугарна. Сайн юм хийгээд эхэлбэл баярлана. Баярлах нь олон юм даа.
-Монголын сэтгүүл зүйн салбарыг ирээдүйд хэрхэн хөгжөөсэй гэж хүсдэг вэ?
-Залуу эрхлэгч, удирдлагуудтай өөр өөрийн өнгө аястай редакцууд бий болсоор байна. Илүү олуулаа болоосой, мэргэжлийн сэтгүүл зүй, медиа технологийн бизнесийн энэ талбарт жинхэнэ өрсөлдөөн, ялгарлын төлөө ёс зүйтэй, мэдрэмжтэй, мэргэжлийн өрсөлдөөсэй, чаддагууд нь тунаад үлдээсэй гэж боддог. Тэр дундаа Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүй жинхэнэ утгаараа хөгжөөсэй, бүр хүчтэй, бүгдээс хүчтэй болоосой. Эрэн сурвалжлах сэтгүүлчид нэг сайн баримтын араас үр дүнд хүртэл нь судалдаг, явдаг, редакцаас нь цалинтай чөлөө өгөөд явуулдаг байхыг, болохыг мөрөөддөг. Тэгж эрж, хайж, судалж, баталсан баримт нь нугаршгүйгээр донсолгодог, үр дүнг “Май, үнэн гэж энэ” гээд алган дээр тавьдаг баймаар байна. Үүний төлөө бид бага багаар хичээж байгаа ч бодож, төсөөлдөг шигээ болох хараахан болоогүй байна.
-Ирээдүйн “Эргэлт”-ийг та хэрхэн төсөөлж байна вэ?
-Эргэлт сэтгүүл зүйн гал тогоон дотроо залуухан редакц шүү дээ. Гэхдээ бид хамтдаа олон жилийг туулах нь дамжиггүй. Энэ редакцаас сайн бүтээл жигд төрдөг, өөрсдөө бол мэдрэмжтэй, эрэлч, хүнлэг, уншигчдын хувьд итгэлтэй эх сурвалж нь байгаасай.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлчдэдээ, үүсгэн байгуулагч нартаа, хамтран зүтгэгч дүү нартаа баярлалаа. Мөн сайтын үнэнч уншигчдадаа талархал илэрхийлье.
Э.ХҮРЭЛБААТАР: ГЭРЭЛ НЬ УНТАРДАГГҮЙ “АРДЫН ЭРХ”-ИЙН ШАР БАЙШИНД СЭТГҮҮЛ ЗҮЙН САЙН БҮТЭЭЛҮҮД ТӨРДӨГ |
|
2024-10-15 17:06:17
2024-10-15 16:05:50
2024-10-15 15:50:39
2024-10-15 15:47:20
2024-10-15 15:02:29
2024-10-15 14:29:29
2024-10-15 14:14:30
2024-10-15 13:08:29
2024-10-15 13:03:21
2024-10-15 12:54:58
2024-10-15 12:40:16
2024-10-15 12:25:20
2024-10-15 12:19:20
2024-10-15 11:28:29
2024-10-15 11:01:41
2024-10-15 10:38:01
2024-10-15 10:00:00
2024-10-15 09:58:41
2024-10-15 09:39:34
2024-10-15 08:51:23
2024-10-15 07:40:05
2024-10-15 07:22:59
2024-10-15 07:00:19
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-14 17:31:13
2024-10-14 15:58:28
2024-10-14 15:47:40
2024-10-14 15:25:23
2024-10-14 15:15:00
2024-10-14 15:08:07
2024-10-14 15:07:05
2024-10-14 14:32:34
2024-10-14 14:03:57
2024-10-14 13:59:03
2024-10-14 13:25:56
2024-10-14 13:08:08
2024-10-14 13:04:51
2024-10-14 12:42:06
2024-10-14 12:39:04
2024-10-14 12:15:06
2024-10-14 11:45:32
2024-10-14 11:23:25
2024-10-14 11:16:02
2024-10-14 11:13:47
2024-10-14 11:10:22
2024-10-14 11:00:00
2024-10-14 10:58:55
2024-10-14 10:58:50
2024-10-14 10:47:34
2024-10-14 10:41:32
2024-10-14 10:40:13
2024-10-14 10:32:17
2024-10-14 10:30:00
2024-10-14 10:28:54
2024-10-14 10:26:52
2024-10-14 10:21:00
2024-10-14 10:18:26
2024-10-14 10:15:27
2024-10-14 10:12:03
2024-10-14 10:07:17
2024-10-14 09:56:14
2024-10-14 09:48:15
2024-10-14 09:38:23
2024-10-14 09:25:05
2024-10-14 09:12:46
2024-10-14 08:39:28
2024-10-14 08:00:00
2024-10-14 07:28:17
2024-10-14 07:00:22
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |