• Өнөөдөр 2024-04-25

Бригадын генерал Н.Ганболд: Монгол цэргийн хамгийд дээд, генерал цолыг хүү нь зүүсэн болохоор аав минь баярлаж суугаа нь дамжиггүй

2021-04-28,   2617

Монгол Улсад генерал цол бий болсны 77 жилийн ойд зориулж, сэргээн нийтлэв. 

“Хэдийгээр би шагнал гардаад зогсож байсан ч “Миний муу хэдэн бор цэрэг хил дээр үүргээ гүйцэтгээд явж байгаа даа л”  гэж бодож зогслоо. Бие минь Төрийн ордонд ч, сэтгэл минь хил дээрээ, хилчидтэйгээ хамт байлаа” хэмээн ярих эрхэм хүмүүнийг Нямбуугийн Ганбат гэдэг. Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ойгоор гурван генерал мэндэлсний нэг нь тэр. Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, Бригадын генерал Н.Ганболдтой ярилцлаа.

-76 жилийн түүхтэй генерал цолны 189 дахь Бригадын генерал нь та боллоо. Юун түрүүнд танд баяр хүргэе?

-Баярлалаа, цэргийн цолыг хүмүүс шагнал гэж ойлгоод байдаг тал бий. Энэ нь шагнал биш. Монгол Улсын Ерөнхийлөгч “Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга гэдэг албан тушаал бол генерал зэрэг дэвтэй юм. Энэ зэрэг дэвийнхээ хэмжээнд цол хэргэм эдлэх ёстой. Цол хэргэмийнхээ төлөө та хариуцлагатай ажилла” гэж энэ цолыг олгож байгаа шүү дээ.

-Эх орныхоо хилийг манах хүндтэй, хариуцлагатай албанд та амьдралынхаа 35 жилийг зориулжээ. Та ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Улаан-Уулын хилийн цэргийн 029 дүгээр ангиас ажлын гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш Халх гол, Замын-Үүд, Улаан-Уул гээд хилийн олон ангид томилогдож байсан. Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн хилийн цэргийн 0151 дүгээр ангийн захирагчаар зургаан жил ажиллаад, Хил хамгаалах ерөнхий газарт 2019 оны тавдугаар сард томилогдож ирсэн. Харин энэ оны нэгдүгээр сараас Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга гэдэг албан тушаалд ажиллаж байна.

Анх сургуулиа төгсөөд, хилийн салбарт очиж байхдаа “Би хурандаа, генерал болно шүү. Ямар нэгэн шагнал, цол хүртэнэ” гэж зорилогүй. Мэдээж “Энэ албаны төлөө сайхан зүтгэчих юм сан. Үе үеийн хилчдээ манлайлж, үлгэр жишээ ямах юм сан” гэсэн бодолтой очиж байлаа. Харин Бригадын генерал цол хүртэнэ гэж зүүдэлж явсангүй. 1985 онд шинэхэн дэслэгч төгсөж очоод, шат шатны хариуцлагатай ажлыг хашиж, заставын даргын орлогч, заставын даргын албыг хашиж байлаа.

-Зүүдэлж яваагүй цолоо зүүчихээд, мөрдэс рүүгээ харах ямар байдаг юм байна?

-Хүн итгэж өгдөггүй юм билээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаад энэ талаар надад дуулгасан. Өмнө нь мэдэж, хувцсаа оёулахаас эхлээд багагүй сандарлаа. Ерөнхийлөгчийн зарлигийг сонсож, цол, батламжаа гардаж авахад үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байсан. Хүн л болсон хойно аав, ээж, нутаг ус, ажлын газар, тэр дундаа Монгол Улсын хилийн аюулгүй байдлын төлөө зүтгэж яваа хэдэн бор цэргээ л их бодлоо. Хэдийгээр би Төрийн ордонд одон медаль гардаад зогсож байсан ч “Миний муу хэдэн бор цэрэг хил дээр үүргээ гүйцэтгээд явж байгаа даа” л гэж бодсон. Бие минь Төрийн ордонд ч, сэтгэл минь хил дээрээ, хилчидтэйгээ хамт байлаа. Гэхдээ Монгол Улсын хил тайван амгалан байгаа гэдэгт итгэж байсан. Монгол хүн болж төрсөндөө, хилчин заяандаа, хилчдэдээ үнэхээр их баярласан. Хэрэв би хилчин болоогүй байсан бол одоо яаж явахыг хэн ч мэдэхгүй.

-Таны аав бас хилчин хүн байсан гэж сонссон. Хилийн албанд дурлаж оржээ дээ?

-Би Хэнтий аймгийн унаган хүүхэд. Аав маань хилийн цэргийн ахлагч цолтой хүн байсан юм. Аав 10 жил хилийн цэрэгт ажиллаад, ар гэрийн шалтгаанаар ажлаасаа гарчихсан юм билээ. Ямар ч гэсэн намайг долдугаар ангид ороход энгийн ажил хийдэг болчихсон байсан. Тэгээд гэр бүлийн зургийн цомгоо үзэж байгаад аавыгаа хилийн цэрэгт ажилладаг байсан гэдгийг мэдсэн. Харин би ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, цагдаагийн албан хаагч болно гэж их боддог байлаа. Сургуулиа төгсөөд, тухайн үеийн Цэргийн дээд сургуульд суралцахаар ээжийнхээ дүүтэй хамт одоогийн Говь-Сүмбэр аймгаас галт тэргэнд суугаад Улаанбаатар хотод ирсэн. Ах минь өөрийнхөө цэргийн дарга ч гэдэг бил үү, нэг хүнтэй уулзуулаад намайг Цэргийн дээд сургуульд оруулав. Одоогийнхоор бол Хууль сахиулахын их сургууль гэсэн үг шүү дээ. Тухайн үед цаг хэцүү байсан болохоор аав, ээж минь намайг сургуульд хүргэж өгөөгүй. Сургуульд элсэн ороод, хилийн улс төрийн анги гэхээр цагдаа л болох юм байна гэж бодож байлаа. Гэтэл сургуульд оруулна гэсэн чинь шууд үсийг минь хусаад, Төв аймгийн Баянчандмань суманд нэг сар карентилсан. Буцаж авчраад, нэг жил цэргийн алба хаалгасан. Энэ үеэс л би цагдаа биш, хилийн мэргэжил эзэмшиж байгаагаа ойлгосон юм. Тэгээд нэгэнт энэ ангид сурна гээд цэргийн алба хаачихсан, мөн аав минь хилийн хүн юм чинь би ч гэсэн хилийн хүн болно гээд сургуульдаа үргэлжлүүлэн гурван жил сурсан. Сонсогчийн гурван жилийн хугацаанд би нөхөрлөл гэдгийг харж, ойлгож, мэдэрсэн. Мөн гурван жил казармд байсан болохоор хүмүүжил, төлөвшил манай үеийнхэнд бат бөх суусан байх. Одоо бол хүний зурсан зураг гэдэг тэр байх гэж боддог юм. Залуучуудын хэллэгээр ёстой тавилан юм даа, хилийн хүн болсон минь. Ингэж би хилийн албатай амьдралаа холбосон.

 -Хилчин аавынхаа үргэлжлэл болж, дутууг нь гүйцээсэн болохоор өнөөдөр таны аав таниас илүү баярласан болов уу?

-Тэгэлгүй дээ, миний муу аав хүүгээрээ мөн ч их бахархсан байх. Монгол цэргийн хамгийд дээд, генерал цолыг хүү нь зүүсэн болохоор баярлаж суугаа нь дамжиггүй. Гэхдээ ахлагч ч бай, генерал ч гэлтгүй цолондоо дүүрэн байх ёстой гэж би боддог. Офицер шиг ахлагч зөндөө бий. Офицер хүнээс илүү чавдартай, мэдлэгтэй, оюунлаг, хувцсаа сайхан өмсдөг ахлагч олон байгаа. Хэн ч, ямар ч цолтой бай цолондоо дүүрэн байх шиг сайхан юм байхгүй ээ. Тэгэхээр цэргийн хүн хамгийн наад зах нь гудамжинд явахдаа л биеэ зөв авч явах хэрэгтэй. Гутлаа сайхан тослоод, хувцсаа жимбийтэл өмсөөд явж байхад тэр хүн ямар цолтой нь хамаагүй шүү дээ.

-Таны анх хил дээр томилогдож очиж байхын үеийн нөхцөл байдал одоогийнхоос хэр өөр байв. 35 жилийн хугацаанд хилийн алба хэр өөрчлөгдсөн бэ?

-Хилчид минь өдөр, шөнө, цаг агаарын ямар ч нөхцөлд, аль ч үед үүргээ гүйцэтгэж байдаг. Манайх чинь улсын хилийг хамгаалахаас гадна хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх алба, боомтын аюулгүй байдлыг хангах Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй. Хилийн цэргийнхэн хувцсаа цүнхлээд, томилогдсон ангидаа төвхнөдөг. Гэр орноо ачаад явна гэх юм бол нүүдлийн ая даахгүй эвдрээд дуусдаг. Тухайн үед намайг хилийн заставд очиход тог байдаггүй, хөргөгч, индүү гэх мэт айлд хэрэгтэй юу ч байгаагүй. Цогийн индүүгээр л хувцсаа индүүдэж, лаа бариад амьдардаг байлаа шүү дээ.  Одоо бол орчин нөхцөл сайжраад сайхан болсон. Нүүгээд очиход хөрөгчнөөс эхлээд айлд хэрэгтэй бүх юм бэлэн байна шүү дээ. Хил хамгаалах байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ хөгжиж байна гэж харж байгаа. Бид хилчдээ дандаа морь унаад, хилээ манаад бай гэж хэлэхэд хэцүү болж байна шүү дээ. Тийм учраас сүүлийн жилүүдэд шаардлагатай хилийн зурваст дохиолол хамгаалалт тавих алхмуудыг эхнээснь хийгээд явж байна. Мөн үүгээр ч зогсохгүй хил хамгаалах байгууллагад олон ахиц, дэвшилт гарч байгаа. Монголын хилчдийн ирээдүй гэрэлтэй байгаа.

-Таныг алба хаагчид тань хүнээ сайн ойлгодог дарга гэж тодорхойлдог юм билээ. Энэ олон жил тууштай, шантрахгүй зүтгэхдээ та ямар зарчим баримталж ажиллав?

-Хэн ч очих боломжгүй, сум суурингаас 150-200 километр хүртэл алслагдсан хүнд газар хилчид ажилладаг. Тийм учраас аль болох хилчидтэйгээ тулж, “За яг ажиллахад ямар байна. Юу нь болж, юу нь болохгүй байна” гээд асуудаг юм. Энэ нь илүү амьдрал дөхөм юм шиг санагддаг. Энэ л миний хүмүүстэйгээ ажиллахад гол баримталдаг зүйл. Мөн залуусыгаа илүү их хөгжөөсэй гэж үргэлж бодож явдаг даа.

-Цэргийн хүний, тэр дундаа хилийн хүний ар тал байна гэдэг асар том хариуцлага байх. Та гэргийнхээ талаар ярихгүй юу?

-Энэ амьдралын их түүх, амжилтын ард үргэлж хань минь байдаг. Залуу байхдаа онгирч, сагсуурч байгаад тэр бүр мэддэггүй байж. Ханьтайгаа их сургуулийн I дамжаанд байхдаа танилцаж, дараа жил нь анхны хүүхдээ өлгийдөж байлаа. Одоо хүү, охин хоёрын хамт амьдардаг. Хань минь Ховд аймгийн Буянт сумын уугуул. Миний хань бол миний амьдралын гол зангилаа, түшиг тулгуур шүү дээ. Ханьдаа л баярлалаа гэж хэлмээр санагдаж байна.  

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Танай сайтын хамт олонд амжилт хүсье.

 


Бригадын генерал Н.Ганболд: Монгол цэргийн хамгийд дээд, генерал цолыг хүү нь зүүсэн болохоор аав минь баярлаж суугаа нь дамжиггүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-28 20:50:06
    Содура: Ямар ч үед нэг л зангаараа байдаг хүний дээд хүн дэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-26 12:41:44
    Bold: mundag
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188