Хүүгээ өлгийдөөд орхисон эх шиг
Хүний нутагт сэтгэл тогтсонгүй
Холоос гүйсэн хангал морь шиг
Хорвоод хосгүй чамдаа ирлээ.
Сайн байна уу, Улаанбаатар минь
Сайн сайн байна уу, Улаанбаатар минь...
“Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Ханийн дуу”, “Бүсгүй минь, чи инээмсэглэж яваарай”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг сэтгэлд дотно эгшиглэх XX зууны хит дуугаараа 70, 80-аад оны залуусыг байлдан дагуулж, эстрадын урлагт нэрээ мөнхөлсөн, Монгол Улсын гавьяат жүжигчин Хайдавын Төмөрбаатар таалал төгслөө.

Дуулсан дуу нь ч, тэрбээр өөрөө ч урлагт хайртай хэн бүхний хүндэтгэлийг хэдийн хүртсэн. Тэр 1951 оны есдүгээр сарын 15-нд Улаанбаатарт мэндэлсэн бөгөөд Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөж, хуучнаар ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр дүүргэсэн. Ингээд 1969 онд анх “Баян Монгол” чуулгатай хамтран дуулж эхэлсэн агаад 1974 онд тус чуулгын жинхэнэ орон тооны дуучин болсон гэдэг.
Түүнийг Сочи хотод Олон улсын эстрадын дуучдын тэмцээнд оролцоод тэргүүн байр эзлэхэд Оросын нэгэн сонинд “Энэ уралдаанд Монголоос нэгэн гайхамшигтай дуучин оролцож байна. Тэр оросоор цэвэрхэн дуулаад зогсохгүй яг орос хүн шиг сэтгэх юм...” гэж бичиж байжээ.
Х.Төмөрбаатар улсын филармонийн “Баян Монгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлагт уран бүтээлээ туурвиж байсан бөгөөдхүүдээ Баянмонгол, охиндоо Соёл-Эрдэнэ гэдэг нэр хайрласан.Монголын эстрадын дууны урлагт оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, 2000 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнажээ.
МУГЖ, дуучин Х.Төмөрбаатар тэнгэрт дэвшлээ |
|