• Өнөөдөр 2024-04-27

Н.Хэрлэн: Мөсөнд авиралтын дэлхийн цомоос медаль хүртсэн анхны монгол тамирчин болсондоо баяртай байна

2023-01-22,   473

       Мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, тус төрлөөс медаль авсан анхны монгол тамирчин болсон ОУХМ Н.Хэрлэнтэй ярилцлаа. Тэрбээр өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд байрт шалгарч байсан билээ. Сутайн бор клубийн тамирчин түүнийг аав нь энэхүү спортод хөтөлжээ. 

-Мөсөнд авиралтын дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 
 
      -Сэтгэгдэл өндөр байна. Мөсөнд авиралтын дэлхийн цомоос Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртсэн дээ баяртай байгаа. Мөн азийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-д болж дэд байрт шалгарлаа. Дэлхийн цомын дараагийн цуврал тэмцээн Франц, болон Швейцар Улсуудад зохион байгуулагдана. Амжилттай оролцохын тулд бэлтгэлээ базааж байгаа.
 
-Тус спортын төрлөөр гаргасан бусад амжилтуудаасаа дурдахгүй юу? 
 
      -Би хамгийн анх улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байлаа. 2018 онд ази тивийн тэмцээнээс анхны хүрэл медаль хүртсэн. Дараа нь ази тивийн аваргын тэмцээнд дэд байрт шалгарсан. 2020 оны ази тивийн аваргаас анхны алтан медалиа хүртсэн байгаа. 
 
-Та ямар мэргэжилтэй вэ. Мөсөнд авиралтын спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ? 
 
        -Би дулааны инженер мэргэжилтэй. Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид ажилладаг. Аав минь ууланд авиралтын спортоор хичээллэдэг, бие тамирын багш учир багаасаа спорттой ойрхон өссөн. Багадаа хөнгөн атлетик, жүдо бөхөөр хичээллэж байсан нь хожим ууланд авиралтаар хичээллэхэд дэм болсон байх. 2013 онд оюутан болоод ууланд авиралтын спортоор хичээллэж эхэлсэн дээ. 2015 оноос спорт авиралтаар хичээллэж эхлээд жилийн дараагаас мөсөнд авиралтын спортод орсон. 
 -Энэхүү спортын юу нь таны анхаарал, сонирхлын татсан юм бэ?  
 
        -Мөсөн хана дээр авирч өндөрт гарсны дараа явсан замаа харах хамгийн сайхан. Хүн дуртай зүйлээ хийгээд мэдэрдэг тэр гайхалтай мэдрэмжийг спортоосоо авдаг даа. Миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. 
 
-Та бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ. Монгол Улсад мөсөнд авиралтын спортын бэлтгэл хийх заал байдаг болов уу? 
 
         -Манай улсад бэлтгэл хийх газрын хувьд дутагдалтай. Найрамдал төвд анхны хиймэл мөсөн ханыг барьж байсан. Өмнө мөсөнд авиралтын тэмцээн Улаанцутгалангийн хүрхрээнд болдог байлаа. 2012 онд анхны мөсөн хананд авирах тэмцээн зохиогдсон түүхтэй. 
 
 -Аав нь дасгалжуулагч учир давуу тал мэдрэгддэг үү? 
 
       -Аав минь авиралтын дасгалжуулагчаар ажилладаг, харин хүчний бэлтгэлээ Монгол Улсын гавьяат дасгалжуулагчаар Ц.Хосбаяр багш ажилладаг. Дасгалжуулагч аавтай байхын сайхан нь нэгэнтэйгээ илүү дотно, нээлттэй харьцаж чаддаг. Нэгнийгээ илүү амархан ойлгодог. 
 
-Ууланд авиралтын спортоор хичээллэж байх үедээ гарч байсан оргилуудаасаа хуваалцвал?  
 
         -2012 онд аавтайгаа хамт Сутайхайрханд авирч байлаа. Түүнээс хойш Мөнххайрхан, Цамбагарав гэх мэт олон хайрхан дээрээ авиралт хийж байсан. Миний хувьд өндөр ууланд авиралт хийдэггүй. Миний хичээллэж байгаа спортод хурд чухал учраас ууланд авиралтын спортоосоо хөндийрсөн. Ууланд авирснаар хурд удааширдаг гэдэг юм. 
 
-Экстрим спорт, тэр дундаа хурц иртэй багажтай авиралт хийдэг учраас бэртэж, гэмтэх тохиолдол гарч байв уу?  
 
       -Бэртэх тохиолдол бий. Мөсөн дээр авиралт хийж байгаа учраас цуурч хагарна. Хурц иртэй багаж ашиглан хурдан авирдаг учраас гар хөл рүүгээ зоох тохиолдол гардаг. Нэг удаа гарынхаа шөрмөсийг тасалж байлаа. Миний авсан хамгийн хүнд бэртэл байсан даа. 
 
-Эрсдэлтэй спортоор хичээллэдэг юм байна шүү дээ. Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ? 
 
       -Аав маань уулын спортын хүн учраас гэр бүлийнхэн эергээр хүлээж авдаг. Хүнд бэртэл авснаас болоод нэг хэсэг хориглосон. Гэхдээ намайг энэ спортод дуртайг мэдэх учраас дэмжсэн дээ  
 
-Хад болон мөсөнд авирах хэр хоорондоо ялгаатай вэ? 
 
      -Хаданд болон мөсөнд авирахад ялгаатай зүйл олон бий. Нэг нь багажтай авирдаг бол нөгөөд нь авиралтын багаж шаардагддаггүй. Гэхдээ хоёулаа тамирчнаас тэсвэр тэвчээр шаарддаг. Амархан спорт гэж байдаггүй шүү дээ. 
 
-Хамгийн дурсамжтай, сэтгэлд үлдсэн тэмцээн бий юү? 
 
       -Хамгийн анхны оролцсон тэмцээн нандин дурсамжийг хадгалж байдаг. Анхны бүхэн сайхан байдаг шүү дээ. Тэр утгаараа анхны аварга авч төрийн дууллаа эгшүүлж байх мөч, тэр тэмцээн дурсамжтай.  
 
-Улс бүрийн мөсөн хана, цаг уурын байдал авралтанд нөлөөлдөг үү?  
 
     -Улс бүрийг цаг агаарын байдлаас шалтгаалан мөсөн хананы зузаан, хатуу байдал нь ялгаатай байдаг. Хамгийн анхны тэмцээн хүнд санагдсан. Америк Улсад зохиогдсон тэмцээнээс медаль авах боломж байсан ч чадаагүй. Тэр хамгийн харамсалтай, хүнд тэмцээн болж байсан. 
 
 -Мөсөнд авиралтын спорт Монгол Улсад хөгжих боломж нь хэр байдаг юм бэ?
 
       - Монгол Улсын хувьд арваннэгдүгээр сараас хүйтний эрч чангардаг. Энэ үеэр мөс хайлахгүйгээр тэнцвэртэй хөлддөг. Тиймээс мөсөнд авиралтын спорт хөгжих бүрэн боломжтой. Энэ спорт хөгжсөн гаднын орнуудын хувьд тусгай бэлтгэл хийх заалтай байдаг. Байнгын авиралт хийх мөсөн ханатай учир энэ удаагийн тэмцээнд сайн оролцож байна. Энэхүү спортын төрөл өвлийн олимпын наадамд багтахаар яригдаж байгаа. Хэрэв багтвал олимпоос медаль хүртэл эрхэм зорилго тавьсан. 
 
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. 
 
      -Баярлалаа. 
 
 

Н.Хэрлэн: Мөсөнд авиралтын дэлхийн цомоос медаль хүртсэн анхны монгол тамирчин болсондоо баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188