• Өнөөдөр 2024-05-12

ААШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТ Г.АНУУЖИН: Гэрийнхэн минь урам зориг өгч, дэмжээгүй бол хүндийн өргөлтөөр хичээллэхгүй байсан

2022-10-18,   880

     Хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид амжилттай оролцож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ. Бид хошой хүрэл медаль хүртсэн Г.Ануужинтай ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны өмнө хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Манай хүндийн өргөлтийн баг тамирчид маань энэ удаа ч мөн олз омог дүүрэн яваад ирлээ. Анхны медаль биш ч гэлээ бас л нэг сайхан мэдрэмж болов уу?

       -Баярлалаа. Хамгийн бахархалтай нь эндээс явах бүх тамирчин медаль авч, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа дөрвөн медаль хүртлээ. Хүндийн өргөлтийн багийн охидоороо болон мундаг сайн дасгалжуулж, бэлдсэн Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багшаараа их бахархсан тэмцээн болж өндөрлөлөө.

-Таны хувьд өмнө нь хүрэл медаль хүртэж байсан болохоор энэ жил амжилтаа ахиулна гэсэн зорилготой явсан болов уу. Юунд жаахан анхаарах ёстой санагдсан бол. Хүн өөртөө нэг үнэлэлт, дүгнэлт өгдөг болов уу гэж бодож байна?

        -Анхны олон улсын тэмцээн биш боловч миний хувьд бэртлээс шалтгаалан олон тэмцээнд өнжсөн болохоор энэ удаа олон зүйлийг бататгасан, сануулсан, зоригжуулсан, итгэл өгсөн сайхан тэмцээн боллоо. Үнэлэлт, дүгнэлтийн хувьд түлхэлттэй өргөлт дээр 121 кг өргөсөн бол мөнгөн медальд хүрэх нөөц боломж байсан. Иймээс сэтгэл зүй болон техникийн хувьд сайжруулж, яарахгүйгээр, сэтгэл хөдлөлөө удирдах зэрэг олон зүйлийг дүгнэсэн, өөрт байгаа туршлага нөөц боломжоо бататгасан тэмцээн боллоо.

-Бөхчүүдэд өөр, өөрсдийн гэсэн мэх байдаг. Үүнтэй адил хүндийн өргөлтийн тамирчдад ч гэсэн онцлог байдаг болов уу. Бид бол бөх шиг төдийлөн анзаардаггүй шүү дээ. Таны хувьд ямар онцлогтой вэ?

       -Хүндийн өргөлт цэвэр техникийн болон өөр рүүгээ төвлөрсөн сэтгэл зүйн спорт. Бусад орны тамирчидтай өрсөлдөж байгаа ч гэсэн өөрөө өөртэйгээ илүү тулалддаг спорт. Өмнө минь миний өргөх штанк л байгаа. Тэгэхээр тэр өргөлт амжилттай болох эсэх нь зөвхөн надаас болон миний техникийн ур чадвараас шалтгаална. Тиймээс зоригтой, итгэлтэй, ямар ч айдас түгшилт мэдрэхгүйгээр зөвхөн техникийн гүйцэтгэлээ гүйцэт хийх тухай л бодох, асар сэтгэлзүйн спорт доо.

Харахад хар төмөр өргөж байгаа мэт боловч төвлөрөлт, мэдрэмж шаардсан оюуны спорт гэж боддог.

-Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний өрсөлдөгчид ямар байсан бэ. Бэлтгэл сургуулилт сайн, хүчтэй байна уу?

      -Ази тив гэхгүй дэлхийд Хятад, Казак, Тайван, Япон, Солонгос гээд Ази тивийн орнууд хүндийн өргөлтөөрөө хүчтэй өрсөлдөгч байдаг. Тэгэхээр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн бол дэлхийн аваргатай дүйцэхүйц ширүүн болдог. Манай жинд л гэхэд Хятад, Тайван, Турк Улсын ширүүн өрсөлдөгчид байсан. Тэр дундаа Тайван Улсын тамирчин бол олимп, дэлхийн медальтан байв. Бэлтгэлийн хувьд багш маань бүх тамирчдаа сайн мэдэрч, бэлтгэлийг байж болох хамгийн сайнаар тохируулж, биднийг энэ өндөр амжилтад хүргэсэн.

-М.Анхцэцэг гавьяатын штанк өргөөд гарынх нь арьс улайж, хууларсан бичлэг цахим орчинд тархсан. Тэр бичлэгийг үзээд тийм л их тэсвэр тэвчээр, зориг гаргаж байж медальд хүрдэг болов уу гэхээр ёстой л нэг баяр төрж байлаа. Таны хувьд ч мөн адил их бэлтгэл, их эрсдэлийн ард гарна биз?

       -Тэгэлгүй яах вэ. Бид гарны арьс байтугай дахиж таван кг ч хүнд ачаа өргөж болохгүй гэсэн эмчийн дүгнэлт сонссон удаа бий. Гэсэн ч бид хэзээ ч шантрах, хойш ухрах бодол төрдөггүй. Харин хэрхэн, яаж бэртлээ хурдан эдгээж, бэлтгэлдээ орох вэ гэсэн бодол л байдаг даа. Энэ ташрамд, биднийг бүх эрсдлээс үргэлж хамгаалж байдаг спортын эмч Түвшинбаяр, Энх-Амгалан, Мөнгөнцэцэг, Булган, Золбоо нартаа баярласнаа илэрхийлье.

-Эх орондоо ирээд нэг хоноод л бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм байна. Тэмцээнгүй үедээ байнгын бэлтгэлтэй байх уу?

      -Долоо хоногийн зургаан өдөр хоёр, заримдаа нэг бэлтгэл хийдэг. Багш маань бэлтгэлээ бүтэн нэг жил, цаашлаад дөрвөн жилээр төлөвлөж гаргадаг.

Өдөр бүрийн бэлтгэл учир жанцантай. Тиймээс нэг өдрийн бэлтгэл алдах ч бидэнд маш хайран санагддаг.

Учир нь, багш бэлтгэл бүрийг бодож, төлөвлөж гаргадаг болохоор бэртэлтэй үед бэлтгэлээ хийхгүй байх хайран байдаг.

-Хүндийн өргөлт гэх ийм хүнд спорт руу яагаад орсон юм бэ. Хэн хөтөлж оруулсан бэ?

     -Анх 2011 оноос 44-р сургуулийн Б.Алтанзул багш хөнгөн атлетикийн өсвөрийн тэмцээнд оруулснаар анх спортод хөл тавьж байлаа. Түүнээс хойш Б.Гунгаа болон Б.Болдбаатар хоёр багш дээрээ хөнгөн атлетикийн харайлтын төрлөөр хичээллэж эхэлсэн. Тэгээд 2013 онд анх Б.Гунгаа багштайгаа хүндийн өргөлтийн зааланд хүчний бэлтгэл хийх гэж ороод Я.Дөрвөнжин, Д.Чинзориг хоёр багш маань энэ спортод оруулсан. 2017 онд үндэсний шигшээ багт орж, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багш дээрээ ирж, өнөөг хүртэл багшийнхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийж, амжилт үзүүлж явна. Энэ спортоор хичээллэх шалтгаан болж байсан бүх л багшдаа үргэлж талархаж явдаг.

-Эмэгтэй хүүхэд хүндийн өргөлтөөр хичээллэхэд, ийм хүнд спорт руу ороход аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бол?

      -Харин ч эсэргээрээ аав, ээж минь намайг илүү дэмжиж, хурцалж, “Миний охин чадна” гэсэн урмын үгээр тэтгэдэг байсан нь улам хичээхэд нөлөө үзүүлсэн. Спортоор хичээллэх бүхий л боломжоор минь намайг дэмжиж, ард минь үргэлж бат зогсож байдаг гэр бүлийнхэндээ баярлалаа. Хэрэв аав, ээж минь боль, эмэгтэй хүүхэд юу төмөр гэсэн бол би эхлэх ч үгүй байсан байх аа.

-Анхны тэмцээн, амжилт нь юу байв. Хүндийн өргөлтийн тамирчин хүний амжилт төмрөө бага багаар ахиулж өргөхөөс л эхэлдэг болов уу. Илүү их өргөх тусам өөрт урамтай байдаг байх даа?

       -Хүндийн өргөлтөөр хичээллээд, анх их хүнд жин өргөх гэж яардаг байсан нь хамгийн том алдаануудын нэг ч байж магадгүй юм. Хүндийн өргөлтийн хүн хүнд жин өргөхөөс илүү техникээ маш сайн гүйцэтгэлтэй хийх ур чадвараа илүү сайжруулах ёстой байдаг юм билээ. Одоо доод үеийнхээ дүү нарт техникээ л сайжруулаарай гэж захидаг. Анхны тэмцээнээ одоо бодоход бөөн сандрал л санагдаж байна.

-Шантарч ер нь болье, хэцүү юм байна гэж бодож, ухарч байсан үе бий юу?

     -Шантрах, сэтгэлээр унах зэрэг мэдрэмж бол хүн бүрийн мэдэрдэг мэдрэмжийн нэг гэж боддог. Шантрах үе бий. Гэхдээ шантрах, сэтгэлээр унах үеэсээ босож ирэх сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байдаг. Тиймээс унасан ч босож ирэх хүчтэй байх л өндөр амжилтад хүрсэн тамирчдын супер хүч юм шиг санагддаг. Би ч мөн тийм л байхыг хичээдэг.

-Салбараас нь хэн хамгийн их дэмжиж, хурцалж, зоригжуулж, урам зориг өгдөг вэ?

     -Нөхөр маань хүндийн өргөлтийн тамирчин хүн болохоор их түшигтэй байдаг. Өөрөө бүх зовлон, жаргалыг нь мэддэг болохоор их ярилцаж, сэтгэл зүйн хувьд эхнэр гэхээс илүү тамирчны зүгээс ойлгож, ярилцаж, дэмждэг. Мөн урам зориг өгч, бүх сэтгэлээрээ намайг дэмжиж , ар гэрийнхээ бүх асуудлыг зохицуулж, намайг бэлтгэлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд тусладаг. Ер нь миний массажист, сэтгэл зүйч, ах, найз шиг байдаг даа. Гэрийн даалгаврыг хүртэл хийж өгдөг.

-Хэрэв хүндийн өргөлтөөр хичээллээгүй бол ямар мэргэжлийн хүн болох байсан бол. Өөр сонирхолтой зүйл бий юу?

     -Спортоор хичээллээгүй бол юу хийхээ сайн мэдэхгүй ч хүн хичээж, өөрөө тууштай сайн зүтгэх юм бол хийж чадахгүй зүйл байхгүй гэж боддог. Тиймээс ямар ч салбарт хүч үзсэн боломж үргэлж байдаг гэж итгэдэг.

-Залуу хүн болохоор байнга бэлтгэл сургуулилт, тэмцээн гэхээр мэдээж жаахан залхах, заримдаа найзуудтайгаа уулзмаар, дуртай зүйлээ хиймээр үе байдаг л байх даа. Тамирчин хүнд энэ талын цаг зав бага гардаг болов уу гэж таамагладаг. Энэ тухайд ямар санагддаг вэ?

    -Спорт бол залуу насны зүйл. Энэ цаг хугацаандаа хэн нь илүү сахилга баттай, дэг журамтай байсан нь хэдэн шатаар дээр явдаг болохоор тэр бүх зүйлийг орхиж сурахаас өөр арга байхгүй. Манай тамирчид чинь маш сайхан хамт олон шүү дээ. Тойрч суугаад л цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг болохоор уйдах, өөр зүйл хийх бодол төрдөггүй дээ.

-Одоо ямар тэмцээнд орохоор зорьж байна вэ. 2024 оны олимп мэдээж том зорилго нь байгаа болов уу?

          -2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сард болно. Энэхүү тэмцээнд манай баг саяных шигээ багаараа орж, медаль авах том зорилготой бэлтгэлдээ орсон байгаа. Харин 2024 онд манай баг багаараа эрхээ авч, бүгд өндөр амжилтад хүрнэ гэсэн том зорилгыг тээгээд бэлтгэлээ хийж байна.

-Ярилцлсанд баярлалаа. Танай хамт олон болон танд өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.


ААШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТ Г.АНУУЖИН: Гэрийнхэн минь урам зориг өгч, дэмжээгүй бол хүндийн өргөлтөөр хичээллэхгүй байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188