• Өнөөдөр 2024-05-18

АРДЫН ЖҮЖИГЧИН Д.ГҮРСЭД БУЮУ АВЬЯАСЫН ХӨХ ОЧИС

2022-08-14,   1183

     Тэр Монголын кино урлагийн ертөнцөд бригадын даргаас эхлэн онгоцны нисгэгч болж, трактор жолоодож эхэлсэн. Дараа нь их зохиолч Д.Нацагдоржийн дүрд тоглож, Чин ван Ханддорж болж, Баянмөнх жононгийн дүрийг бүтээсэн. Эгэл энгийн хүнээс их зохиолч, төрд гарч жонон болж, ван болсон түүний дүрийн өсөлт нь кино хэмээх их айлын цуцдаггүй, харьдаггүй уран бүтээлч болгожээ. Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой цэгц шулуун, шударга үг яриатай, тэвхийсэн сайхан Д.Нацагдоржийн дүрийг уншигч та санаж байна уу. Монгол Улсын Ардын жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэдийг бид цэл залуугийн халуун гол шиг ийм л дүрээс нь эхлэн мэднэ.

       Дүртэйгээ хамт бодож, шаналж, сэтгэлээр унаж, зарим үед үхдэг хүмүүс бол үзэгчид.  Д.Гүрсэд гуай дүрээрээ үзэгчийг яг ингэж дагуулдаг уран бүтээлч. Урлагт тэр усанд үйсэн зомгол шиг яваагүй. Чангахан дүрүүдийг чамбайхан гаргаж, сөрж, сөргөж, тэмцэж дүрээ гаргадаг жүжигчин. Амар тайван, аядуу дөлгөөн төрхтэй ч тэр аль ч дүрийг дотроосоо урж, сэмлэж, хугалж, нугалж, энхрийлэн хайрлаж гаргадаг. Сайн муугийн аль ч сэтгэлийн өртөөн дээр дүрээ аваад бууж байдаг.  Дүрүүд нь нэг тийм зөөлөн тунарч байснаа давалгаалан ширүүсч, бороо шиг шивэрч байснаа шуурга болон дэгддэг. Амгалан,тогтнуун дүр нь аажмаар хувирна. Түүний авьяас билиг, хувь хүнийх нь хувьд ерөнхийлөн авч үзвэл нэг тийм хөх өнгөтэй зүйрлэмээр байгаа юм. Хэт тод биш, бүдэг хөх өнгө. Авьяас болоод дүрийн хувьд тод томруун мөртлөө оршихуйдаа дэндүү чимээ аниргүй, эгэл энгийн. 

       Тэрбээр “Саруул талын ерөөл” киноны их зохиолч Д.Нацагдоржийн төгөлдөр төрх, “Мандухай сэцэн хатан” киноны Баянмөнх жононгийн сэрэмж, бодол, “Үхэж үл болно” киноны Чингис хааны дотно үнэнч нөхөр Хуйлдар цэцэн, “Чин ван Ханддорж” Ханддоржийн киноны дотоод их шаталт, “Говийн зэрэглээ” киноны эгэл даруу онгоцны нисгэгч, “Би нисэх дуртай” киноны нисгэгч, “Гэрлэж амжаагүй явна” киноны уурхайн тракторчин залуугийн дүрийг монголчуудын зүрх сэтгэлд “дархалж” чадсан уран бүтээлч.

    Хүний зүрх сэтгэлийн халуун тулган дахь аргалын хөх дөл мэт дүрүүдээрээ гал ноцоож, үзэгчид түүний бүтээсэн дүрийн илчинд дулаацан явна гэдэг жүжигчин, үзэгч хоёрын л эдлэх ёстой баяр, жаргал болов уу.

 Тэрбээр ийм л уран бүтээлчийн нэг. Түүний тайз, дэлгэцэд инээж, гайхаж, баярлан хөөрч, хайрлан дурлаж, үхэж, сэргэж, шаналж, шархалж  “амилуулсан” дүрүүд өнөөд ч “элэгдэж”, хуучраагүй цоо шинээрээ байна. Дүрийн хувьд ийм ч хүнийхээ хувьд хачин даруу, чимээгүй нэгэн. Нас жаахан хэвийж, хөх уул шиг намбайсан ч сайхан инээмсэглэлээс нь анх тоглосон “Газрын үнэр” киноны бригадын даргын дүр нь тэр хэвээр харагддаг. Хүний хайлан гэдэг шиг дүрийн сайхныг авч, авсан дүрээ ч найруулагчаа гонсойлгохгүйгээр дүүртэл гаргаж, угт нь тулгадаг болохоор нь Монголын алтан үеийн киноны “хайлмаг” шиг сайхан дүрүүдийг түүнд оноогоо болов уу. Түүнийг хөрөгт буулган уншигч тантай уулзуулж байна. Тэр бол Монголын кино урлагт үүрээ зассан авьяасын хөх очис.

-УРЛАГТ ҮҮРЭЭ ЗАССАН АВЬЯАСЫН ХӨХ ОЧИС-

             Түүний  “Газрын үнэр” киноны бригадын дарга буюу уран бүтээлийн шинэ цэрэг байсан үе рүү хамтдаа очье. Тэндээс л кино урлагийн өнөө цагийн дархлагдсан уран бүтээлч тэр эхэлсэн. Найруулагч Х.Дамдингийн “Газрын үнэр” киноны бригадын дарга бол монголчуудын ярьдгаар ёстой л нэг хүний мөн чанар үнэртсэн дүр. Д.Гүрсэд гуай дөнгөж сургуулиа төгсөөд тоглосон уран бүтээл нь бөгөөд эхнээсээ л тулхтай дүрээр гараагаа эхэлж. Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсөөд Соёлын яамнаас гаргасан хуваарийн дагуу Улсын драмын эрдмийн театр, Үндэсний жүжгийн эрдмийн театрт ангийн зургаан оюутны хамт очиж байсан гэдэг. Ингэж театр гэх уран бүтээлийн армийн шинэхэн цэрэг бригадын даргын дүр авчээ. Уншигч та санаж байгаа бол саарал дугуй малгайтай залуухан бор бригадын дарга байдаг даа. Энэ үеэс л кино, уран бүтээлийн эхний хуудсаа бичиж, алтан үеийн сайхан киноны дүрүүдээр ажи хөдөлмөрийн хуудсаа зузаалсаар өдгөө 50 гаруй хуудастай дэвтэртэй, эргээд харахад дүр бүхэн нь нас насандаа өөдөөс нь инээмсэглэн зогсож байгаа гэмээр.Одоо харин насны оройд гарч, магнайн үрчлээ сууж, нэг тийм зэвүүн, чинээлэг, баавартай өвгөний дүрийг бол “хашрааж” сууна. Тийм нэг хөх өвгөний дүр зохиж байна ч гэж жигтэйхэн. Энэ тухай төгсгөл хэсэгт дэлгэрэнгүй өгүүлнэ. Үргэлжлүүлэн урлагт хөл тавьж байсан үеийг нь эргэн сөхвөл, театрт ороод Ардын жүжигчин Г.Гомбосүрэн багшийнхаа гарын шавь болж, урлагийн том уулсын нэг болсон эрхмээс ихийг сурч, уран бүтээлийн замдаа жигдэрч эхэлсэн.

-"ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА" КИНОНЫ ЭНХЭЭ БОЛ ЯГ ГҮРСЭД ГУАЙ-

    “Би нисэх дуртай”, “Говийн зэрэглээ” кинонуудад онгоцны нисгэгчийн дүрийг бүтээснийг уншигч та мэднэ байх. Монгол киноны нисгэгчийн дүрийг түүн шиг сайхан үзүүлсэн нь ховор. Жавхалзсан сайхан галтай нисгэгчийн дүр гээч. Тэрбээр энэ тухай “Би нисгэгчийн дүрд тоглохдоо их айж байсан. “Говийн зэрэглээ” кинонд тоглох гээд очтол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Доржпалам “Гүрээ чи нисэх онгоцонд долоо хоног дагалд” гэхэд нь хоёрдугаар нисгэгчийн суудал дээр суугаад дадлага хийхэд, зүрх амаар гарчих гээд хэцүү байсан шүү” хэмээн ярьсан байдаг. Жаахан айдастай, тэгээд ердөө долоо хоног дадлага хийсэн мөртлөө хэзээний хашир туршлагатай бөгөөд үзэгчдийн сэтгэлд унацтай, сэтгэлийн голд тогтоол ус шиг тунаж үлдсэн дүрүүд. Хэзээ ч үзэхэд гэгээн сайхныг нь ярих юмгүй. Хүний хүсэл мөрөөдөл, хээгүй гүндүүгүй мөн чанарын илэрхийлэл болсон эл киноны дүрийн нэгэн хэсгийг нь гүйцээж, бүтээлийг дүүргэлцэнэ гэдэг уран бүтээлч хүний л хийх ёстой зүйл болов уу. Киноны дүрүүдийн хувьд ийм бол Д.Гүрсэд гэх уран бүтээлчийн зан чанарын ерөнхий төлөв, хүмүүжлийн гол нь шингэсэн дүрүүд үү гэлтэй харагддаг. Нэг тийм бүлээн салхи шиг  хүний сэтгэлийг илбээд өнгөрөх мэт. Онгоцны нисгэгчийн дүртэй агаар нэг дүр бол “Гэрлэж амжаагүй явна” киноны уурхайн тракторчин Энхээ.

Энхээ бол яг л Д.Гүрсэд гуай.

Өөрийгөө тэр хэвээр нь үзүүлэх дүр гэж байдаг бол Гүрээ жүжигчнийг Энхээгийн дүрээс л харж болмоор. Аядуу намдуухан намрын хонгор салхи шиг, борооны дараах орчин шиг мэдрэмжтэй дүр. Үг дуу цөөтэй, бүрэг даруу мөртлөө цаанаа нэг хүний сэтгэлийг татсан дүрийг тэр Монголын кино урлагийн модонд өлгөж, навч мэт дүрийг нь зүрх тархиараа имрэхэд эрхгүй байгаа онож, цэгээ хатгасан дүр гэж байх юм даа гэсэн бодол төрдөг.

-ТОМ ДҮРҮҮДЭЭР Ч “ТОМОРЧ” ЧАДСАН-

     Том, жижиг дүр гэж байдаггүй гэдэг. Гэхдээ дүрийн хувьд жүжигчнээс илүүтэй ур чадвар шаардаж, хувирах дүр нь өөрөө том байж болмоор санагддаг. “Чин ван Ханддорж” киноны Ханддорж, “Мандухай сэцэн хатан” киноны Баянмөнх жонон бол яах аргагүй том дүрүүд. Хүнээр яривал том биетэй, бяр тэнхээ шаардсан нэг тийм ланжгар дүрүүд. Залуухан уран бүтээлчийг ч өсгөж байсан болов уу. Ах нь Монголын хаан болсон Баянмөнх жононгийн дүр бол хэлмэгдэн амиа алддаг. Нэг л өдөр хагарч, бутарч амиа алдана гэдгээ тэр өөрөө ч мэдэж байсан. Нэг тийм эмгэнэлтэй гэмээр хувь тавилантай дүр. Кинонд гарах хугацаа нь богинохон нэг тийм зурвас дүр. Гэхдээ бодолтой, хүний үгийг нухацтай сонсдог тулхтай дүр. Эрх ямба, зэрэг зиндааны хувьд бол ярилтгүй том. Харин дараагийн нэг том дүр нь “Чин ван Ханддорж” киноны Ханддоржийн дүр.

Монголын түүхэн дэх том сайдын дүрийг тэр эрхгүй буурь суурьтай, тулхтай сайхан гаргасан.

Монголын түүхийн том төлөөлөгчийн амьдрал, уран бүтээлийн жаргал, зовлонг нуруун дээрээ үүрч, түүний жаргал, зовлонг ч мэдэрч гаргасан. Ер Монголын Чин ван Ханддорж тэр л байсан. Монголын түүхийн хоёр ч түүхэн киноны амин судсыг атгаж, гэрээр бол багана нь болсон түүний дүрүүдэд өөр хүн төсөөлөгдөшгүй. Тохьтой тухтай, нэг тийм амар амгалан, өмөг түшиг мэдрэгдсэн, ер аядуу тайван зантай энэ хүмүүн л "Мандухай сэцэн хатан", "Чин ван Ханддорж" кинонд тоглохгүй бол өөр хэн гэж. Их зохиолч Д.Нацагдоржийн дүртэй бол ярих юмгүй. Нацагдоржийг харж, уулзаж байсан хүн байхгүй ч зохиол, бүтээл, номд өгүүлсэнчлэнн тийм хүн байдаг болов уу.

-ЧИНЭЭЛЭГ “АТАМАН” ӨВГӨНИЙ ДҮР-

      Одоо харин тэр нэлээд бийлэгжүү, “атаман” өвгөний дүрийг гаргаж яваа. Түүнийг бид “Хоёр гүүрний цаана”, “Долдугаар тусгай тасаг” зэрэг уран бүтээлээс нь харж болох байна. Нэг тийм догь өвөөгийн дүрийг бол өнөөгийн кино ертөнцөд “базаж” харагдана. Хэлж, ярьж байгаа дүр нь цөөн боловч жинтэй. Тэгснээ бүхний ард байж, бүхнийг гартаа атгачихсан зэвүүн.  Уянгын болоод түүхэн киноны зөөлөн гэмээр дүрүүдий чимхэж ирсэн тэрбээр насны оройд харин ч нэг яггүй, “яхир” өвгөний дүрээр уран бүтээлээс бүтээлийн хооронд нүүдэллэж байна. Харахад хорчгор, туранхай бор өвгөн. Тэгснээ бүхний дарга, атаман, захирагч болоод байгаа. Цэл залуугийн сайхан дүрийг монгол киноны алтан сан хөмрөгт үлдээж, тайзан дээр гол болон туслах дүрийг хэдийн амилуулсан эл эрхэм амьдрал дээр ч ёстой одоо гаргаж байгаа дүр шигээ "атаман" байхад болохгүй зүйлгүй. Урлагт өөрийн авьяас билгээр өрсөн дүрүүд нь инээдтэйгээ, баяр жаргал, уйтгар гунигтайгаа тэр хэвээр байж байна. Одоо бол ёстой дүрээрээ ч, уран бүтээлчээрээ ч "том" байх учиртай. Хүн тарьсан жимсний модноосоо өөрөө л хүртдэг гэдэг шиг өдгөө хүртэл урлагт тарьж ирсэн уран бүтээлийн модноосоо хүссэнээ хүртэж, шинээр төрөх олон залуу уран бүтээлчдэд мод тарихыг зааж өгөх үе. Урлагийн далайд намуун, тогтнуухан зан чанар, төрх байдлаараа  сэлүүр хийн, жинтэй дүрүүдээрээ хүний зүрх сэтгэлийн тулганд гал ноцоосон тэр яах аргагүй авьяасын хөх дөл.

 


АРДЫН ЖҮЖИГЧИН Д.ГҮРСЭД БУЮУ АВЬЯАСЫН ХӨХ ОЧИС
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-14 22:45:04
    Zochin: Нацагдоржийн дүр гайхамшиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-05 10:02:07
    zochin: Denduu saixan mongol er xun shuu Olon saixan kinond olon saixan dur buteej odoogiin zaluusig baildan daguulj baigaa xun dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-05 08:00:35
    Goy shvv ta: Tand hamgiin sain saihan bvhniig hvsen erooe. Urt nasalj udaan jargaarai.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188