УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай ирэх оны төсвийн талаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганы хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцүүлж байна. Ирэх оны төвсийг нэлээд өөдрөг төсөөлсөн, үрэлгэн төсөв Засгийн газраас оруулж ирсэн гэх шүүмжлэл байна. Та төсвийн төсөлтэй танилцаж амжсан уу?
-Ардчилсан орнуудын төр засаг улсын төсвөө батлахдаа нээлттэй хэлэлцүүлэг хийж иргэдийнхээ оролцоог хангадаг. Шалтгаан нь иргэд нь бидний төлсөн татварыг төр, засаг амласныхаа болон хуулийн дагуу зөв зүйлд зарцуулж байна уу, ирэх онд бидний амьдрах, аж ахуй болон бизнес эрхлэх орчин ямар байх вэ гэдэг өнцгөөс ихэд анхааралтай, идэвх санаачлагатай, шүүмжлэлтэй оролцдог. Би иргэнийхээ хувьд 2024 оны төсөв, мөнгөний бодлогыг хэрхэн төсөөлсөн бэ гэдгийг ажиглаж сууна.
2024 онд Засгийн газар 2023 онтой харьцуулахад төсвийн зарлагыг 35 хувиар нэмэгдүүлж, нийт зарлага 29.4 их наяд хэмээгээд 2.1 их наяд төгрөгийн буюу 2.8 хувийн алдагдалтай төсвийн хуулийг УИХ-д өргөн барьжээ. Мөн энэ онд эрх баригч нам болох МАН Засгийн газрын өрийг ойролцоогоор таван их наяд төгрөг буюу 1.5 тэрбум ам.доллаар нэмэгдүүлэхээр тоосон байна. Монголбанк 2024 онд инфлфцийг зургаа, хасах хоёр байхаар тооцсон. Ганцхан жилийн дотор төсвийн зарлагаа ийм их хэмжээгээр тэлж байгаа улс байхгүй. Энэ Засгийн газраас өргөн барьсан УИХ-аар хэлэлцэж байгаа төсөв, мөнгөний бодлогыг товчхон дүгнэвэл төсвийн зарлагыг хаа ч байхгүйгээр огцом тэлсэн, хэт их алдагдалтай төсвийн, үүнтэй уялдсан мөнгөний хатуу бодлого гэсэн нөгөө л танил загвар байна. Энэ төсөв, мөнгөний бодлогын загвар нь хувийн хэвшил, хувиараа аж ахуй эрхлэгч иргэдийг жинхэнэ борцолдог, төрд эрх мэдэлтэй, төсөвд ойрхон хэдхэн хүмүүсд зооглох боломжийг олгодог загвар билээ. Нөгөө л төсвөөс төсвөөс тэрбумтан төрүүлдэг төрийн алдаатай бодлого үргэлжилж бна гэж ойлгохоос өөр аргагүй
ДУНДАЖ ДАВХРАГЫН АЙЛ ӨРХҮҮДИЙН ТОО БУУРЧ, ЯДУУРЛЫН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭЖ БАЙНА
-Сонгууль угтсан жилүүдэд ийм үрэлгэн төсөв батлах нь эдийн засагт ямар сөрөг үр дагаварт хүргэж байгаа юм бэ?
-Сонгуулийн жилд 3.2 их наядын хөрөнгө оруулалт хийнэ гэж үзжээ. Нэг жилд ийм их хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийж байгаагүй, хийх боломжгүй. Энэ нь зүгээр л сонгуулиар иргэдийн саналыг авахын тулд баахан тууз хайчилах, мөн амлахаас хэтрэхгүй.УИХ-д өргөн барьсан Төсвийн тухай багц хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалт ялангуяа Төсвийн хүрээний мэдэгдэлийн, Ирээдүйн өв сангийн,Төсвийн тогтвортой байдлын тухай зэрэг хуульд нийцэхгүй, зөрчилдөж байна.
Энэ талаар Үндсэн хуулийн 25.1.7-д “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан улсын төсвийг батлах” нь УИХ-ын онцгой бүрэн эрх байна.
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 5 болон 6 дугаар зүйлд жил бүрийн улсын төсвийг боловсруулан төлөвлөх, батлахад мөрдөх зарчмын талаар “төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх,төсвийн зарлагыг тухайн жилд олох орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” хэмээн заажээ. Гэтэл Монгол Улс нь жил хүрэхгүй хугацааны өмнө баталсан төсвийн хүрээ, өрийн дээд хэмжээ зэргийг тогтоох хуулиудаа Төсвийн тухай багц хуулиа өргөн барихдаа өөрчлөхөөр хамт оруулж өөрчилдөг. Ингэхээр Монгол Улс хуулийн засаглалгүй, дээр нь хөгжлийн дунд хугацааны бодлого, ер нь бодлого гэж байхгүй болчихоод байна. Энэ байдал сүүлийн зургаан жил давтагдсан.
Ингэж байхаар сэтгэл байвал ганц цахилгаан станц барьчихвал эрчим хүчний дутагдалд орохоос нэг, хоёр жил аврагдах нь мэдээж юм. 21 дүгээр зуунд цахилгаан байхгүй шавар байшингууд хэрэггүй баймаар. Уг нь УИХ-ын гишүүдийн хамгийн чухал ажил үүрэг нь “Татвар төлөгчидийнхөө улсын төсөвд төлсөн нэг төгрөгийг ч гэсэн үр ашигтай зарцуулахын төлөө зүтгэдэг, тэмцдэг байх, ёстой. Одоо ч,энэ чухал ажлаа хийдэггүй, эсрэгээр нь ажилладаг УИХ-ын гишүүдийг сонгуулиар хуу солих л үлдэж байх шиг байна. Иргэд, сонгогчид жилээс жилд хэрсүү болсоор байна.
-Өнгөрсөн хугацаанд эрх баригчид цар тахлын болон геополиткийн амаргүй цаг үеийн давж, эдийн засгаа тэлэх арга хэмжээ авч байгаа хэмээн тайлбарлаж байгаа шүү дээ?
-Эрх баригчид 2017 оноос УИХ-ын сонгуулиас өнөөг хүртлэх хугацаанд энэ иргэдээ “борцолдог” загварын төсөв болон мөнгөний бодлогыг явуулсан гэж хэлэхэд хэлсдэхгүй.Энэ хугацаанд 10 гаруй төрлийн төлбөр, хураамж, татварыг нэмсэн байдаг. Мөн 2017-202 оны хооронд төсвийн зарлагыг 3.3 нэмэгдүүлэхээр болоод байна. Энэ хугацаанд төсвийн нийт алдагдал 15 их наяд төгрөгт хүрсэн байна. Төсвийн зарлагыг хэт их тэлж, өндөр алдагдалтай батлах тусам тэр хэмжээгээр санхүүгийн зах зээл дээр оролцох иргэд, хувийн хэвшлийн орон зай хумигдаж, Монголбанк нь мөнгөний бодлогын хүүгээ өсгөхөөс өөр гарцгүй болж, энэ нь арилжааны банкнуудаас иргэдэд барьцаатай олгодог зээлийн хүү өсөхөд хүчтэй нөлөөлж байна. Зээлийн олдоц ч буурдаг.
Хэрэв 2024 онд эрх баригчдын явуургүй алдаатай бодлого үргэлжилж энэ оны сүүлээс төгрөгийн ханш унаж, инфляц хоёр орон тоондоо хэвээр байх нь. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хүн улам цөөрөх байх. Сонгуулиар бэлэн мөнгө тараасны гашуун зовлонг олон орон туулсан. Үүний нэг нь Монгол Улс болоод байна. Уг нь төрийн эдийн засгийн бодлогын гол хэмжүүр нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх юм. Гэтэл сонгууль угтсан жилүүдэд өөдрөг төсөв батлаж, халамжийн бодлогоор сонгуулийн саналыг худалдан авсаар байна.
-Энэ нь эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ?
-Үндэсний валют, төгрөгийн ханш байнга унаастай, арилжааны банкны зээлийн хүү хэт өндөр, төсвийн үр өгөөж муу, эдийн засаг дахь төрийн оролцоо хэрээс хэтэрсэн болон эрх мэдлийг хэт төвлөрүүлсэнээр орон нутгийн эрх мэдэл хумигдсан зэргээс авилгал гаарч олон улсын хэмжээнд авилгалын индекс огцом буурсан. Өрсөлдөх чадварын болон бизнес эрхлэх орчны үзүүлэлтээрээ олон улсад сүүл мушгих болсон, гаднаас зээл авдаг ч энэ зээлээ эргээд үр ашигтай эдийн засгаа тэлэх төсөлд ашигладаггүй, тэр жилдээ идээд уугаад дуусдаг төсвийн цоорхойг нөхдөг тул төлбөрийн чадвар тун тааруу болсон зэрэг байдалтай байна.
Сүүлийн хэдэн жилийн алдаатай бодлогыг үргэлжлүүлж сонгуульд ялахад зориулсан одоо УИХ-аар хэлэлцэж байгаа 2024 оны төсөв, мөнгөний бодлогыг УИХ сайжруулан өөрчлөхгүй баталвал 2024 оны сонгуулийн дараагаас монголчуудын олонхын амьдрал улам хүндэрч болзошгүй болоод байна.
-Энэ алдаатай бодлогоо засья гэвэл 2024 оны төсөв, мөнгөний бодлогыг хэрхэн өөрчилж, дунд хугацаанд ямар зорилт тавих ёстой вэ?
-Хэрэв Засгийн газар, УИХ 2024 онд нийт иргэдээ бодитоор дэмжье гэвэл төгрөгийн ханшийг ам долларын эсрэг 10-13 хувиар чангаруулах зорилтыг тавьж, энэ зорилтоо биелүүлэхэд нийцсэн төсөв, мөнгөний бодлогыг” УИХ батлах хэрэгтэй. Энэ зорилт хэрэгжвэл 2024 оны төгсгөлд нэг ам.доллар 3000 төгрөг орчим болно гэсэн үг. Ингэснээр инфлц буурна,төгрөгийн ханш тогтвортой байх болно.
Ингэж чадвал одоогийн эрх баригч МАН-ын Засгийн газар, УИХ нь жинхэнэ Шинэ Сэргэлтийн Хөгжлийн Бодлогыг эхлүүлсэнд тооцогдож түүхэнд бичигдэх болно. Төр, засгийн зүгээс энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг нийт иргэд байгуулагад уриалж хийх ажлуудаа зарлах нь зохистой. Хөгжилтэй орнууд ийм байдлаар хүнд байдлаасаа гарсан байдаг.
-Төсвийн төслийг Их хурал Засгийн газарт буцаах хэрэгтэй гэсэн үг үү?
-Тийм. 2024 оны улсын төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн тул, энэ орлогын төсөөлөлөө эргэж харан бууруулах. Энэ орлогод нийцүүлэн төсвийн зарлагыг 10 орчим хувиар танаж,төсвөө алдагдалгүй батлах шаардлага байна.
Ингэж эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого зөв авч явж чадвал дунд хугацаанд 5-8 жилд дэлхийн дундаж орлоготой улс болон хөгжих бүрэн боломж бий. Дэлхийн дундаж орлого нь нэг хүнд оногдох ДНБ 10000 ам.даллор буюу үүнээс дээш гарсан байх юм. Монгол Улс дэлхийн дундаж орлоготой орон болохын тулд ерөөсөө л экспортыг нэн тэргүүнд тавьж, зорилтуудаа тодорхой болгох хэрэгтэй. Үүний хүрээнд эхлээд экспорттой холбогдсон элдэв зөвшөөрөл, квот гэх мэт бүх цензурууд, хязгаарлалтуудыг байхгүй болгох. Ингэснээр гол нь уул уурхайн бус салбарын экспорт эрчимтэй хөгжинө. Төрийн зүгээс иргэдээ үзэл бодлоор нь ялгаварлаж Үндсэн хууль болон хүний эрхийг зөрчдөг байдлаа зогсоож, ажил хийж буй бүтээхээр зүтгэж буй иргэд, ААН дэмждэг болох. Халамжаар хөгжсөн орон гэж байхгүй. Зөвхөн бүтээхээр зүтгэж байгаа иргэдээ дэмжсэн орон хөгжсөн байдаг. Олигтой дэмжиж чаддаггүй юмаа гэхэд төрийн эдийн засгийн бодлогоо бизнесийн өрсөлдөх чадвартай, таатай орчныг бий болгоход чиглүүлэх цаг нь болжээ.
-Төсвийн төслийг боловсруулахдаа хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх асуудлыг ярьсаар ирсэн. Харамсалтай нь энэ удаагийн төсвийн төсөлд ч хөрөнгө оруулалтын эрэмбэ гэх асуудал маргаан дагуулсан хэвээр байна. Таныхаар нэн тэргүүнд эрбэлж болох хөрөнгө оруулалт юу байсан гэж харж байна вэ?
-Эрчим хүчний дутагдалд орвол хөгжил байтугай нийгмийн амьдрал бүхэлдээ зогсох аюултай.Иймд 2024 оны төсвийн зарлагыг танасан орлогоосоо III цахилгаан станцынхаа суурин дээр орчин үеийн дэвшилтэд технологи бүхий ганц цахилгаан станцыг бариулах. Уг нь сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж экспортлох боломж ойрхон бий.Ингэвээс олон түмний дэмжлэгийг ихэд хүлээх нь дамжиггүй.
Төсвийн зарлагыг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэхэд онц шаардлагагүй төрийн байгуулагын шинэ конторын барилгууд, соёлын төвүүд, 2000-3000 хүнтэй сумдад луу татах гэж буй хар замууд гэх мэт хасчих боломжтой зардлууд зөндөө гарч ирнэ.
Эрдэс баялагийн салбарын тухайд эхлээд төмөр замаа Гашуун Сухайт-Ганц Мод, Шивээхүрэн-Сэхэ боомт дахь БНХАУ-ын нарийн төмөр замтай аль болох хурдан холбох хэрэгтэй байна. Энэ хоёр төмөр зам ашиглалтанд орсноор зөвхөн нүүрсний экспортын биет хэмжээ 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэдэг. Одоо нөгөө төмөр замын бүдүүн нарийн царигын олон жилийн маргаандаа нэгэнт төмөр зам нь баригдчихсан тул цэг тавьсан нь дээр байх.
-Нүүрсний экспорттой холбоотой авлигын том сүлжээ бий болсон гэдэг нь ил боллоо шүү дээ. Та хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байсан хүний хувьд Засгийн газрын үйл ажиллагааг сонирхож л байгаа болов уу?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авилгалтай тэмцэж байгаа нь ч үнэн,тэмцэх хүсэл эрмэлзэл байгаа нь ч үнэн байх.Энэ нь зөв тул хүн бүхэн дэмжих нь тодорхой.
Гэхдээ Засгийн газрын үндсэн ажил нь улс орны нийгэм, эдийн засгийн амьдралыг зөв бодлогоор дэмжих сайжруулах болон хөгжүүлэхэд сайн орчныг бүрдүүлэх.Энэ тал дээр бол өнөөгийн байдлаар үр дүн нь тааруу байна. Гол нь эдийн засгийн, төсөв, мөнгөний алдаатай бодлого, нөгөө талаас эдийн засаг дахь төрийн мөнгөний болон хүний оролцоо оролцоо хэт ихэсч, дээр нь орон нутгийн төсвийн эрх мэдэл хумигдаж төвлөрөл явагдаж байгаатай холбоотойгоор төр томорсоор авлига дийлдэхгүй болж, хувийн хэвшлийн орон зай хумигдаж байгаа нь бодит үнэн.
Иймд авлигатай тэмцэхийн тулд авилгалын сурвалжтай нь тэмцэх нь хамгийн үр дүнтэй. Ер нь татвар төлөгчдийн хөрөнгөөр хувийн хэвшлийн барьсан байгууламж, үүний тоогоор хууль тогтооход оролцох үндсэн үүрэгтэй УИХ гишүүний ажлыг үнэлдэг байдал болон тэднээр тууз хайчлуулахыг хуулиар хориглох хэрэгтэй болжээ. Мөн орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж төвлөрлийг сааруулахын тулд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа, соёлын төвийн зэрэг барилга байгууламжийн тендерийг сумын удирдлага зарлаж шийддэг болох, аймаг нь хяналтаа тавьдаг болохгүй бол тэдэнд хуралд дуудагдаж суухаас өөр онц их ажилгүй болж байна гэдэг. Мөн орон нутгийн удирдлагын ААНэгжүүдийг дэмжин төсвийн орлогоо нэмэгдүүлэх сонирхлыг дэмжих хэрэгтэй байна.
-Төрийн өмчит компаниудын үр ашгийг сайжруулах асуудлыг ч энэ хүрээнд яриад байгаа шүү дээ. Энэ тухайд?
-Төрийн өмчит томоохон компаниудын үйл ажиллагаанд шинэчлэл хийх шаардлагатай болжээ. 2022 оны байдлаар төрийн өмчийн компаниудын нийт хөрөнгө 53 их наяд, өр нь 18 их наяд, ашиг нь ердөө л нэг их наяд байсан. Энэ бол арай дэндүү үзүүлэлт юм. Хувийн компани ийм байвал тэр дор нь татан буулгана. Төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулдаг хамгийн найдвартай цорын ганц арга нь хувьцаат компани болгож үйл ажиллагааг нь олон нийтийн хяналтанд оруулах, хувийн хэвшлийн сайн хувьцаа эзэмшигчээр нь менежментийг хийлгэх гэдэг юм билээ. Дарга нар авилгалыг бууруулахтай тэмцэхдээ шудрага ёс ярьж, баахан загнаж, айдас төрүүлж байгаа ч олигтой сайн үр дүн гарахгүй байна гэж хүмүүс шүүмжилж байгаа нь ч бас үнэний үндэстэй. Энэ нь авлигалын сурвалжийг олж арилгахгүй байгаатай шууд холбоотой байх.
Одоо Монгол Улсын Засгийн газар, УИХ төсвөө тэлж төсвийн худалдан авалтаар дамжуулж эдийн засаг хувийн хэвшлээ дэмжих гэсэн хоцрогдсон, авилгалын суурь болсон, эрх мэдэлтэй төсөвт ойрхон бүлэг хүмүүс зоолдог бодлогоосоо нэн даруй татгалзах хэрэгтэй. Хувийн хэвшилийн төр,засгаас хүсч байгаа гол зүйлүүд нь төр өөрсдөдтэй нь өрсөлдөж аж ахуй эрхэлдэгээ болих, бизнесийн орчны өрсөлдөх чадварыг сайжруулах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, зээлийн хүүг шат дараатай бууруулах, татварын хангалттай өсгөсөн тул дахиж нэмэхгүй байх, экспортын зэрэг төслүүдийг хөнгөлөлттэй санхүүжилтээр шууд дэмжих, шудрага өрсөлдөөнийг дэмжиж тэгш боломжийг бүрдүүлэх зэрэг хэдхэн зүйл байгаа нь судалгаагаар гарсан байна.
Энэ онд Монгол Улсын гадаад харилцаанд сайн талууд илэрч байгаа нь ч бас таашаалтай. Ураны төсөл хөдлөхөөр болж байх шиг байна.Болж байгаа зүйлүүд ч нилээн бий. Энэ нь угаасаа эрх баригчидийн үүрэг юм. Цөөнх нь эрх баригчидтай бодлого өрсөлдүүлэн тэдний хурцлагч байхаас гадна, тэдний үйл ажиллагаанд олон түмний олонхийн байр сууринаас хяналт тавьж шүүмжлэх үүрэгтэй. Тиймээс ихэнх ардчилсан оронд эрх баригчид нь цөөнхөө тэвчээртэй сонсдог нийтлэг жишиг байдаг. Ийм орнууд хөгждөг, хөгжсөөр ч байна. Ер нь бидэнд нэг л эх орон, мөн нэг л ирээдүй бий, иймд бүх Монголчууд хаа хаанаа хариуцлагатай, мөн хүнлэг байх цаг үе иржээ.
-Ярилцсанд баярлалаа.
Д.ГАНХУЯГ: МОНГОЛ УЛС СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН ТӨСӨВ БАТАЛЖ,ҮР ДҮНД НЬ УЛСЫНХАА ХӨГЖЛИЙГ 1-2 ЖИЛЭЭР УХРААСААР БАЙНА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |