Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад албан ёсны айлчлал хийж буй. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах гэрээ хэлэлцээрүүд хийж байгаагаас гадна Монгол Улсын эдийн засагт шинэ салхи сэвэлзүүлэх түүхэн цаг үеийн эхлэлийг тавьж байна. Одоогоос таван сарын өмнө Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад өндөр дээд хэмжээний айлчлал хийж, нэн чухал металл нийлүүлэх тухай Хамтарсан Тунхаглал гаргасан. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц Улсад хийсэн айлчлалын үеэр уг ажил биелэлээ олж, хоёр улсын түүхэнд эдийн засгийн харилцаанд шинэ шан татав.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 91 дүгээр захирамжаар Монгол Улсын Засгийн газар болон БНФУ-ын "Орано майнинг" компани хооронд байгуулах "Хөрөнгө оруулалтын гэрээ"-ний төслийг санал дүгнэлт боловсруулах, хэлэлцээ хийх, тохирох эцэслэх ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсад хийх төрийн айлчлалын үеэр УИХ-р хэлэлцүүлэн соёрхон батлах хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд урьдчилан зөвшилцсөн ерөнхий нөхцлүүдийг тусгасан ажлын хэсгийн хэлэлцээний протоколыг хоёр талаас баталгаажуулж гарын үсэг зурлаа.
УРАНЫ ХАЙГУУЛЫН АЖЛЫГ “ОРАНО” ГРУПП МОНГОЛД 25 ЖИЛИЙН ӨМНӨӨС ЭХЛҮҮЛСЭН
“Орана” групп нь Монголд 25 жилийн өмнөөс уран олборлох хайгуулын ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, “Орано” группын эзэмшлийн “Арева Монгол” ХХК-ийн охин компани “Кожеговь” ХХК нь 1996 оноос хойш Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт геологийн эрэл хайгуулын ажлыг тасралтгүй хийж, 2007 онд Дулаан-Уул ордод 7.6 мян.тонн, 2010 онд Зөөвч-Овоо 93.2 мян.тонн ордыг нээсэн. Улмаар “Арева Монгол” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулаас олборлолтын үйл ажиллагаанд шилжих, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс 2011 онд “Бадрах Энержи” ХХК-ийг үүсгэн байгуулсан.
“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг 2015 онд авч, 20 жилийн хугацаатай эзэмшиж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаснаар “Бадрах Энержи” компанийн 66 хувийг Францын төрийн өмчит "Орано Майнинг" компани эзэмшиж байгаа бол Монголын Засгийн газрын 34 хувийг “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Мон Атом” эзэмшиж буй.
47 ЖИЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛӨӨС МОНГОЛ УЛСАД ИРЭХ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ
Уг гэрээнд гарын үсэг зурснаар төслийг нийт 47 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл, 2024-2027 оны хооронд бэлтгэл ажлыг хангах, 2028-2060 оны хооронд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 2061-2070 оны хооронд нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн ашиглалтын хугацаанд ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар, цэвэр ашиг нь жилд 130 сая ам.доллар буюу нийт дүнгээр 4.3 тэрбум ам.доллар байх тооцоолол гарсан байна.
Төслийн ашиглалтын хугацаанд улсад жилд 95.5 сая ам.доллар буюу нийт дүнгээр 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх тооцоололтой. Тухайлбал, АМНАТ-д жилд 47 сая ам.доллар буюу нийт 1,550 сая ам.долларыг төвлөрүүлнэ. Түүнчлэн, Монголын талын хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшилд урьдчилан тохирсон нөхцөлөөр жилд дунджаар 10 сая ам.доллароос багагүй хэмжээгээр буюу нийт 330 гаруй сая ам.долларын ногдол ашиг авах урьдчилсан тооцоололтой байгаа аж. “Бадрах Энержи” ХХК-ийн нийт ажилтнуудын 96 хувь нь Монгол Улсын иргэд байх ба 30 орчим хувийг орон нутгийн иргэдээс бүрдэнэ. Цаашид төслийн хүрээнд шинээр 700 гаруй ажлын байр бий болно гэж тооцоолжээ. Улмаар төсөл хэрэгжүүлэгч компани нь хариуцлагатай уул уурхайн компани болохын хувьд Монгол Улсад уул уурхайн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр болохуйц байгаль орчинд ээлтэй, аюулгүй байдлын дээд зэргийн стандартад нийцсэн уул уурхайн технологийг хөгжүүлэх юм. Ингэснээр Монгол Улс нь ураны зах зээлийн гол тоглогчдын нэг болж, олон улсад нүүрсхүчлийн хий (CO2) ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах талаар гэрээнд тусгажээ.
ПРОТОКОЛД ТУСГАГДСАН ЕРӨНХИЙ НӨХЦЛҮҮДЭЭС ДУРДВАЛ
Монгол Улсын Засгийн газрын хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч нь аливаа хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй 10 хувийн дараах давуу эрхтэй хувьцааг үнэ төлбөргүй эзэмших. Үүнд:
- Ашигт ажиллагаанаас үл хамааран төслийн хугацаанд урьдчилан тогтоосон нөхцөлөөр давуу эрхтэй ногдол ашиг авах;
- Төсөл хэрэгжүүлэгч компанийн дүрэм, хувь эзэмшилд өөрчлөлт орох зэрэг асуудлаар хориг тавих онцгой эрхтэй байх;
2. Давуу эрхийн хувьцааг эзэмшихтэй холбогдуулан суурь АМНАТ нь таван хувь, монголын талын эзэмшлийг тусгай АМНАТ-ын нэмэлт таван хувиар нэмж орлуулах, түүнчлэн өсөн нэмэгдэх АМНАТ-ыг нэмж тохиролцон, нийт АМНАТ-ыг 19 хүртэл хувиар тооцохоор зөвшилцөөд байна. Түүнчлэн Монгол улсад хэрэгжиж буй татварын хууль, эрх зүйн орчноос давсан аливаа давуу хөнгөлөлт, дэмжлэг, таатай орчинг үзүүлэхгүй юм.
3. Худалдан авах ажиллагаатай холбоотой бүх мөнгөн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банкаар болон бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 50-иас доошгүй хувийн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк, эсхүл Монгол Улсад бүртгэлтэй гадаад улсын банкны салбараар дамжуулан хийх талаар урьдчилан тохиролцсон болно.
4. Мөн төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймагт ажлын байр шинээр бий болгох, ажилтнуудыг гэр бүлийн хамт тус аймагт шилжин суурьшихыг дэмжих зэргээр бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, Дорноговь аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний дагуу төслийн уурхайн ашиглалтын үйл ажиллагааны үе шатанд жилд нэг сая ам.долларын хөрөнгө оруулахаар байна.
АЙЛЧЛАЛ: ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГОД ТУЛГУУРЛАСАН ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ГАРЦ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |