• Өнөөдөр 2024-05-14

НҮҮРСНИЙ СОНСГОЛ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГТ БАГТСАН Т.ДОРЖХАНДЫН ТӨРСӨН АХЫНХ НЬ НҮҮРСНИЙ КОМПАНИУДТАЙ ТАНИЛЦ

2023-06-19,   1206

      УИХ-ын дарга Г.Занданшатар Нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хороог татан буулгаж, шинээр байгуулах захирамж гаргасан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан  Түр хороонд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байсан учир татан буулгах шийдвэр гаргасан юм. Нүүрсний сонсгол зохион байгуулах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бол УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтжээ. Тус ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ахынх нь нүүрсний компаниудын тухай баримтыг дэлгэж байна. 

ХҮН-ЫН ЦААНА, Т.ДОРЖХАНДЫН АРД “МОННИС” БАЙДАГ ЮМ БИШ БИЗ

         УИХ-ын гишүүн Т.Доржханд “Манай улс “Нүүрсний хулгай”-д 44 их наяд төгрөг алдсан” гэж анх мэдэгдэл хийж, ард түмнийг Төв талбайд цуглуулж байв. Дараа нь, Хөгжлийн банкны хэргийг хянан шалгах УИХ-ын Түр хорооны гишүүн болж, Нээлттэй сонсголыг Б.Энхбаяртай хамт ахалсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нь “Нүүрсний бүлэглэл”-ийн хамгийн том төлөөлөл, Хөгжлийн банкны хамгийн том найдваргүй зээлдэгч буюу “Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар, түүний ах Б.Жаргалсайхан нартай халаас нэгтэй хамтрагчид явж иржээ. Тодруулбал, 

1. Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нь “Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатарын ах Б.Жаргалсайханы эзэмшдэг “Пегасус пауэр корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2015 оноос хойш ажиллаж байгаа аж. 

2. Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нь “Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатарын хөрөнгө оруулсан “Гобикоул энд энержи” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирлаар 2011 оноос хойш ажиллаж байгаа аж. “Гобикоул энд энержи” ХХК нь 7,140 га талбайг хамарсан нүүрсний 12 орд буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Жишээ нь, Баянхонгорын Шинэжинст сумын нутагт байх Хотгорын нүүрсний орд, Говь-алтайн Чандмань сумын Зээгтийн нүүрсний орд зэргийг тус компани эзэмшиж ирсэн. Хамгийн гол нь, “Гобикоул энд энержи” ХХК-д 2010 оноос хойш 31 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, техник, тоног төхөөрөмжөөр хангаж байсан “нууц эзэн” нь “Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар байсан. Су.Батболд Ерөнхий сайд байхдаа Б.Чулуунбаатарт “Гобикоул энд энержи” ХХК-д хөрөнгө оруулахыг анх санал болгосон гэхээр ямар том артай компани болох нь төвөгггүй ойлгохдох биз. Сонирхуулала, өнгөрсөн онд “Гобикоул энд энержи” ХХК нь “Сэкер ресорсус Монголиа” ХХК болгож нэрээ өөрчлөөд буй. 

      Товчхондоо, Т.Лувсандорж нь “Моннис”-ийн Б.Чулуунбаатарын компанид дэд захирал, түүний төрсөн ах Б.Жаргалсайханы компанид гүйцэтгэх захирлаар өнгөрсөн 10 гаруй жил ажиллаж иржээ. Өөрөөр хэлбэл, шууд утгаараа хамаарал бүхий этгээдүүд болж таарч байна. Гэтэл Б.Чулуунбаатарын “Моннис майнинг” ХХК нь Хөгжлийн банканд 126 тэрбум төгрөгийн өртэй, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас зөвхөн өнгөрсөн хавар л гэхэд 1.3 их наяд төгрөгийн тендер авсан байдаг. Өөрөөр бол Нүүрсний болон Хөгжлийн банкны ч хэргийн том төлөөлөл гэсэн үг. Эндээс, УИХ-ын гишүүн Т.Доржханд Нүүрсний хулгай болон Хөгжлийн банкны хулгайн хэрэгт өөрийгөө гол дүр болгож гарч ирсэн нь цаанаа “Моннис”-ийг халхавчлах гэсэн зорилготой байсан байж болзошгүй хардлага гарч ирж байгаа юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН АМЕРИКТ БАЙХДАА 6.8 ТЭРБУМЫН ХАУСТ АМЬДАРЧ БАЙЖЭЭ 

     УИХ-ын гишүүн Т.Доржханд 2021 оны гуравдугаар сарын 4-нд “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцсон. Тус нэвтрүүлэгт Т.Доржханд “Манай гэр бүл минимализм буюу маш бага хэрэглээтэй байхыг зарчим болгож явдаг. Америкт том байшинд амьдардаг, том машин унадаг байлаа. Хүний амьдралд нээх том байшин, том машин, элдэв үнэтэй зүйлс хэрэггүй гэдгийг мэддэг болчихсон. Алхах, дугуйгаар явах, цахилгаан машин хэрэглэх дуртай. Ер нь бол ганц хоёрхон өрөө байранд унших номтой, үзэх телевизтэй амьдрахад л хангалттай” хэмээн ярьсан байдаг. Т.Доржханд Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2013 онд АНУ руу явсан. Улмаар АНУ-ын Вашингтон хотод Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр 2015 оны сүүлч хүртэл хоёр жил гаруй ажилласан гэж намтарт нь бий. 

Тэгвэл Т.Доржханд АНУ-д хоёр жил жирийн нэг зөвлөхийн төлж дийлэхээргүй Вашингтон хотын хамгийн үнэтэй дүүрэгт хамгийн үнэтэй хауст амьдарч байсан аж. Тодруулбал, АНУ-ын Вашингтон хотын “1150 Spring Hill Rd, McLean, VA 22102” хаягт байрлалтай хауст Т.Доржханд, У.Сийлэн, Л.Сонор нар амьдардаг байсан гэх бүртгэл тус улсын хаягийн мэдээллийн санд архивлагджээ. Т.Доржхандын гэр бүлээрээ амьдарч байсан таван унтлагын өрөө, таван 00-ын өрөөтэй энэхүү хаусыг өдгөө 2.0 сая ам.доллар буюу төгрөгийн ханшаар 6.8 тэрбум төгрөгөөр зарахаар зар байршуулжээ. Тухайн үед Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржийн хүү Л.Сонор хамт амьдардаг байсан бөгөөд Т.Доржхандтай хамт Олон улсын валютын санд дадлагажигчаар ажилладаг байжээ. Одоо Л.Сонор нь Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй. 

Т.ДОРЖХАНД НАЙРАМДАЛ ЗУСЛАНГИЙН АРЫН МОДОНД ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХАУС БАРЬЖ, ТОМЧУУДТАЙ “АЙЛСАВ” УУ

     АНУ-д модон дунд тансаг хауст амьдардаг байсан Т.Доржханд Монголд ч модон дунд хаустай аж. Тодруулбал, Найрамдал зуслангийн эзэмшил газраас газар тасалж авсан 100 иргэний мэдээлэл 2019 онд ил болсон. ТЕГ-ын дарга асан Б.Хурц, АН-ын С.Эрдэнэ тэргүүтэй 100 иргэний жагсаалт дунд Т.Доржхандын эхнэр Уламбаярын Сийлэн 18629322315677 нэгж талбарын дугаартай, 700м2 талбайтай газрыг 2010 онд авсан гэх бүртгэл бий. Нэгж талбарын дугаараар нь Газрын нэгдсэн сангаас шүүж үзвэл У.Сийлэнгийн эзэмшлийн энэхүү газар нь Найрамдал зуслангаас зүүн хойш модон дотор олгогдсон байх бөгөөд хаус баригджээ. Америкт 6.8 тэрбумын хаус авч амьдарч, Монголд ирээд Найрамдал зуслангийн ард улс төр, бизнесийн томчуудтай хаусаар “айлсжээ” гэсэн үг.

Түүний тухай дэлгэрэнгүй баримтыг https://ergelt.mn/news/22/single/33976 дарж уншина уу.

 

 


НҮҮРСНИЙ СОНСГОЛ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГТ БАГТСАН Т.ДОРЖХАНДЫН ТӨРСӨН АХЫНХ НЬ НҮҮРСНИЙ КОМПАНИУДТАЙ ТАНИЛЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188