• Өнөөдөр 2024-03-29

Зөөлөн “алт”-аар зүг гаргагч

2020-08-30,   440

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн нэгдүгээр сард Норвег Улсад айлчилсан билээ. Өвлийн дунд сар талдаа орсон энэ үед Монголд цас малгайлж байхад Норвегт харин бороо хаялна. Намуухан шиврэх бороо байшин, барилгуудыг улам бүр тодруулж, өнгө нэмэх аж. Норвегийн нийслэл Осло хотын төвд орших нэгэн дэлгүүрийг зорьсон нь тэнд Монголын ноолууран эдлэл зардаг гэж дуулсных. Торомгор алаг нүдтэй бүсгүй инээмсэглэсээр биднийг угтсан нь М.Нарангэрэл. Тэрбээр анх 2002 онд хүүхэд асрагчаар Норвегт хөл тавьж байжээ. Эдийн засагч мэргэжилтэй ч хүүхэд байхын багш болох мөрөөдөл нь, Монголын боловсролын системд өөрчлөлт хийх дүрэлзсэн их хүсэл нь түүнийг ажлынхаа хажуугаар хэл сурч, Ослогийн их сургуульд цэцэрлэгийн багшаар элсэх шалтгаан нь байв.
 
Өдгөө тэрбээр улсын цэцэрлэгт ахлах багш хийхийн зэрэгцээ Монголын үндэсний үйлдвэрлэлээ Норвегт сурталчилсан ноолууран эдлэлийн “Cashmere house” дэлгүүр ажиллуулдаг. Энэ дэлгүүрээ өдийгөөс 13 жилийн өмнө буюу 2007 онд анх нээжээ. Харин цэцэрлэгтээ 2006 оноос хойш ажиллаж байгаа. Анх ганцхан жил ажиллаж, туршлага хуримтлуулчихаад нутагтаа очно хэмээн төлөвлөж байсан ч нөхөртэйгээ учирч, энд суурьшжээ. Эдийн засагч мэргэжилтэй хань нь дэлгүүрийнх нь ажлыг хариуцан ажиллуулдаг бөгөөд тэднийх гурван ажилтантай гэсэн. Тэд саяхан дэлгүүрийнхээ хоёр дахь салбарыг нээсэн сайхан мэдээ дуулгасан юм. Энэ их ажлынхаа хажуугаар М.Нарангэрэл Монгол, Норвегийн нийгэмлэгийн тэргүүний албыг 2014 оноос хойш хашиж буй. “Монгол бол миний бахархал. Би дэлгүүрээрээ дамжуулан эх орноо сурталчилдаг. Энэ бол миний Монголдоо оруулж байгаа хувь нэмэр” хэмээсэн түүний амнаас Монгол, монголчуудын талаар дандаа сайн сайхан үгс ундарна. Тэрбээр Монголын баялаг болсон зөөлөн “алт”-ыг Норвегт худалдан, бизнесийн зүг гарган түүчээлж буй.
 

М.НАРАНГЭРЭЛ: МОНГОЛОО ЭНД АВЧИРЪЯ, ДЭЛХИЙД ТАНИУЛЪЯ ГЭЖ БОДОЖ ДЭЛГҮҮРЭЭ НЭЭСЭН

“Cashmere house”-ыг үүсгэн байгуулагч, цэцэрлэгийн ахлах багш М.Нарангэрэлтэй ярилцлаа. 
 
-Норвегт ийм дэлгүүр нээх санаагаа  анх хэрхэн, яаж олсон бэ?
-Ер нь гадаад оронд амьдарч байгаа хүн бүхэн эх орноо санадаг. Тэгээд л энэ тэнд дажгүй юм харагдвал Монголд нэвтрүүлчих юм сан гэж бодно. Уг нь би эх орондоо ажиллаж, амьдарна гэж боддог байлаа. Сургуулиа төгсөөд ганц жил ажиллаж, туршлага хуримтлуулчихаад буцна даа гэж төлөвлөсөн. Гэтэл амьдрал тааж, тааварлахын аргагүй зүйлсээр дүүрэн шүү дээ. Нөхөртэйгээ танилцаж, энд амьдрах болсон. Тэгээд Монголоо энд авчиръя, дэлхий дахинд таниулъя гэж бодож, дэлгүүрээ нээсэн. Монгол ноолуур бол маш сайн, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн. Би дэлгүүртээ ирэхээр Монголдоо байгаа юм шиг санагддаг. 
 
-Норвегт бизнес эрхлэх хэцүү юү?
-Хэцүү, шалгалт ихтэй, түрээсийн төлбөр, өрсөлдөөн өндөр. Анх дэлгүүрээ нээгээд Монголын загварыг шууд үйлдвэрээс нь авчирч, эрсдэлд орж байлаа. Монголын загвар, өнгө, хэмжээ Норвегийнхоос өөр. Тиймээс бид анхны бараанууддаа бараг бүгдэд нь алдагдал хүлээсэн. Үүний дараагаас үйлдвэрүүддээ загвар, хэмжээ, өнгийг нь өгдөг болсон.
 
Энэ бол зах зээлийн өрсөлдөөн өндөртэй салбар. Энд ялгарахын тулд юу ч хамаагүй зарж болохгүй. Чанар, загвар, өнгө гээд бүх зүйлийг анхаарах ёстой. Норвег хүмүүс аль болох удаан хэрэглэгдэх, биед таатай бүтээгдэхүүн сонгодог. Тийм болохоор хэчнээн үнэтэй байсан ч таалагдах юм бол шууд худалдаж авдаг. 
 
Манай хүн хэдий норвег хүн ч Монголд өөрийн гэсэн цэцэрлэгтэй болно гэдэг. Энэ миний ч бас мөрөөдөл. Норвегт цэцэрлэг, сургууль нь цогц хөтөлбөртэй. Үүнийг Монголдоо хэрэгжүүлэхийг хүсдэг. Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд сургуульд орохоосоо өмнө сургуультайгаа танилцдаг. Энэ нь хүүхдүүд сургуульд орохдоо айх зүйлгүй, захирлаа, багшаа таньдаг болоод очно гэсэн үг.
 
-Танай дэлгүүрт хэчнээн үйлдвэрийн бүтээгдэхүүн байна вэ. Худалдан авалт хэр вэ?
-Манайх зөвхөн “Говь”-ийн бүтээгдэхүүн зардаггүй. Монголд ноолууран эдлэлийн ямар сайн брэнд байна, тэр бүгдийн бүтээгдэхүүнүүд байгаа. Ойролцоогоор 4-5 үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд бий. Сард 1000 орчим хувцас зардаг. Үйлдвэрүүдтэйгээ холбогдоод бараагаа шуудангаар авчихдаг юм. Норвег хүмүүс чанартай, экологийн бүтээгдэхүүнд дуртай. Мөн сонголт хийхдээ тухайн бүтээгдэхүүн хэрхэн бүтсэн, ажлын орчин, нөхцөл, хүүхэд ажиллуулдаг эсэх гэх мэт бүх зүйлийг анхаарч, худалдан авалт хийнэ. Тиймээс бид энэ талын маркетинг дээр маш сайн ажилладаг. Үнэтэй, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа хүн бүр аваад байдаггүй. Бид анхнаасаа тодорхой хэмжээнд худалдан авагчдыг бүрдүүлэх гэж зорьсон. 
 
-Цэцэрлэгт ажиллахад гадаад хүн гээд гадуурхах ч юмуу, эсвэл хэл, соёлын ялгаа гарах уу?
-Монголчууд хаана ч дасан зохицох чадвартайгаас гадна өөрийнхөө чадварыг таниулж чаддаг. Тиймээс ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гарч байгаагүй. Би мэргэжилдээ хайртай. Өдөр бүхэн өөр үйл явдал өрнөж, хүүхдүүдтэй ажиллах сайхан байдаг. Манай анги 18 хүүхэдтэй. Би хоёр туслах багштай. Заримдаа гурван туслах багш ажилладаг. Нэг багшид 4-5 хүүхэд оногддог.
 
-Монгол, Норвегийн нийгэмлэгийнхээ талаар танилцуулахгүй юу. Монголчуудад зориулсан арга хэмжээ хэр зохион байгуулдаг вэ?
-Манай нийгэмлэг анх 2007 онд байгуулагдаж байлаа. Таван удирдах, нийт 110 гишүүнтэй. Монгол, Норвегийн хооронд гүүр болох, Монголоо сурталчлах зорилготой. Өнгөрсөн есдүгээр сараас бид монгол хүүхдүүдийнхээ эх хэлний боловсролд хувь нэмэр оруулах, монгол хэлээ өвлүүлэх үүднээс эцэг, эхчүүдтэйгээ хамтарч, сургалт явуулж эхэлсэн. Сард хоёр удаа сургалт зохион байгуулж, эцэг, эхчүүд өөрсдөө монгол хэлээ заадаг. Би сая Монгол яваад ирэхдээ монгол хэлний ном авчирсан. Мөн хүүхдүүдээ хооронд нь танилцуулах, эх хэлээрээ ярих боломжийг бүрдүүлж өгөх гэж хичээж байгаа. Хүүхдүүдээ өвөө, эмээтэйгээ “Сайн байна уу” гэж мэндэлж, хайртай гэдгээ монголоор хэлж чаддаг байгаасай гэж бодож, энэ сургалтыг зохион байгуулах болсон. 
 
-Монголчууд маань голчлон ямар ажил хийдэг вэ. Цалин, хөлс ямархуу байдаг вэ?
-Бусад орныг бодвол, энд монголчууд цөөхөн байдаг. Манайхан  үсчин, худалдагч гээд янз бүрийн ажил хийж байна. Оюутнууд ч бий. Цалин өндөр байхын хэрээр юмны өртөг өндөр. Хамгийн багадаа 36 хувийн татвар төлдөг. Хэрэв 50 мянган кроноос дээш орлоготой бол 50 хувийн татвар төлнө. Тиймээс энд эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй. Сарын  хамгийн доод цалин 16 мянган крон.
 
-“Харласан” хүмүүс хэр олон байдаг вэ?
-30-40 хүн л бий. Норвег Улсын гадаад бодлого их чанга учраас бас тэр бүр хүн энд ирээд, “харлаад” байх боломжгүй, шалгалт ихтэй. 
 
-Норвегчүүд монголчуудын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг бол? 
-Монголчуудын талаар сэтгэгдэл өндөр байдаг. Сайхан сэтгэлтэй, тусч хүмүүс гэдэг. Ялангуяа, Монголд очсон хүмүүс дахиж очихыг хүсдэг. Монгол, норвегчүүдийн хооронд зохион байгуулагддаг арга хэмжээ олон биш. Энд байдаг монголчууд өнгөрсөн жил хэл, соёлын фестиваль зохион байгуулсан. Бид цуглаад, Швед, Чехээс морин хуурчид урьж, тоглолт хийн, гэр барьж, чадах чинээгээрээ Монголоо сурталчилсан.  Норвегчүүд маш тайван, хүнд итгэвэл тултал нь итгэдэг, тусламтгай хүмүүс. Гэхдээ сайн найзууд болоход цаг хугацаа шаардлагатай. 
 

 “МОНГОЛ МИНИЙ БҮХ ЗҮЙЛ”

-Хүний нутагт 18 жил амьдарчээ. Таны хувьд эх орон гэж юу вэ?
-Миний бүх зүйл, бахархал. Монгол гэдэг Норвегт миний имиж. Аль болох эндээ Монголоо сурталчлах, сайн талаас нь харуулах юм сан хичээдэг.
 
-Таны мөрөөдөл юу вэ?
-Манай хүн хэдий норвег хүн ч Монголд өөрийн гэсэн цэцэрлэгтэй болно гэдэг. Энэ миний ч бас мөрөөдөл. Норвегт цэцэрлэг, сургууль нь цогц хөтөлбөртэй. Үүнийг Монголдоо хэрэгжүүлэхийг хүсдэг. Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд сургуульд орохоосоо өмнө сургуультайгаа танилцдаг. Энэ нь хүүхдүүд сургуульд орохдоо айх зүйлгүй, захирлаа, багшаа таньдаг болоод очно гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхэдтэй хамт сурдаг, дүүргээсээ бүх төрлийн тусламж, тусгай багш хүртэл авах боломжтой байдаг.
 
-Монголчууд маань сүүлийн жилүүдэд гадагшаа их явах болсон. Хаана л боломж байна, түүнийг амдаж байгаад явдаг. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Хүн залуу байхдаа үзэх юмаа үзэж, гадагшаа аль болох явж, суралцаасай гэж би боддог. Нүд тайлна, юм сурна. Аль сайныг нь өөртөө шингээх хэрэгтэй. Би оюутан байхдаа солилцооны журмаар АНУ-д  суралцаж байсан. Харин манай хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа нь хүмүүс буцаж очиход саад болдог юм шиг санагддаг. Залуучууд гэр бүлээ, хүүхдээ орхиод, цалин өндөртэй, хар ажил хийж байгаад харин харамсдаг. 
 
Тэрбээр мөн монголчуудыг норвег хүмүүсийн “Байгальд ээлтэй, зөвхөн өнөөдрөө боддоггүй, ирээдүйг хардаг, олон жилээр төлөвлөдөг” зангаас нь суралцаасай гэж хүссэн юм. “Цаашид Европт дэлгүүрээ нээх үү” гэх асуултад маань “Монголын бүтээгдэхүүнийг танилцуулахад маш их цаг хугацаа шаарддаг. Одоо л хүмүүс Осло, Норвегийн хэмжээнд манай бүтээгдэхүүнийг, дэлгүүрийг андахгүй болсон” хэмээн хариулсан. М.Нарангэрэл жил бүр эх орондоо ирдэг ч сэтгэл зүрхнийхээ гүнд Монголоо ямагт тээж явдгаа дурссан. Ээж нь охиноо хүний нутагт хэрхэн аж төрж байгааг харсан учраас “Монголдоо амьдар” гэж шалдаггүй аж. “Гэсэн ч ээж маань охиноо үргэлж дэргэдээ байлгахыг хүсдэг байх. Энэ боломжийг ашиглаад “Ээждээ хайртай шүү” гэж хэлье” хэмээснээр бидний яриа өндөрлөсөн юм. 

 


Зөөлөн “алт”-аар зүг гаргагч
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188