• Өнөөдөр 2025-09-19

НОМЫН БАЯРААС ОНЦЛОХ НОМУУД

       Үндэсний номын баяраас дараах номуудыг уншигч танд онцлон хүргэж байна.

ХУУЧИН ДҮРҮҮДИЙН ШИНЭ ДЭЭЛ”
 
       Д.Урианхай зохиолч энэ номын баяраар уншигчдадаа хоёр ч шинэ өгүүллэгийн түүврээр бэлэг барьж байгаагийн нэг нь “Хуучин дүрүүдийн шинэ дээл”. Зохиолч энэ түүврийнхээ талаар “...Өөрийгөө юуны түрүүнд дайчлахаар сэтгэл шулуудсан оролдлогууд эдгээр өгүүллэгүүдэд хийгдсэн нь эерэг талтай санагдавч Монголынхоо шинэ, социалист хөгжлийн үеийн утга зохиолын өгүүллэгийн төрлийн үнэ цэнийг унагахад жишээ баримтын нэмэр болчих вий гэж үхтлээ айж, сая 2024 оны арван нэг, арван хоёрдугаар саруудад бүгдийг нь дахин нухаж, нэлээд засаж, дүрүүдийн үг, бас үйлдлийг үг дүрийн “дотоод ертөнц”, сэтгэлзүйн онцлогоос үүдэж буй шалтгаантай нөхцөлдүүлэхийг мэрийсэн минь бичлэгийн ур чадварыг өмнөх хувилбараас нь үл ялиг ч болов дээрдүүлсэн мэт санагдахаар дэвтэрлэн зүрхэллээ...”хэмээн өмнөтгөлдөө дурдсан байна.
 
САЛХИ УНШСАН, ОДОО...”
 
     Түүний өөр нэгэн өгүүллэгийн түүврийн нэр энэ. Уншигч танд “Салхи уншсан, одоо...” номд орсон “Толь” өгүүллэгийн хэсгээс эшлэн хүргэж байна.
 
...Болд гэнэт өөрийнхөө биеийг нэг л хачин, жигтэй болчхыг мэдрээд ихэд сандарч биеийнхээ энд тэнд тэмтэрч үзлээ. Бие нь огт зүгээр, байдаг янзаараа л байгаа. Гагцхүү бодолд нь л урд өмнө нь хэзээ ч бодогдож байгаагүй нэг сонин шинэ бодол харанхуй өрөөнд чийдэн гэнэт нэлсхийн асах шиг нүд рүү нь, толгой тархи руу нь, хамаг эс эд рүү нь хурцаар гялсхийн нэвчиж, “Байгаа юм байгаагаараа байгаагийн зэрэгцээ ч бас, байгаагаасаа тэс өөрөөр өөртэйгөө давхар зэрэгцэн оршиж байгаа!” гэж бодогдоод тэр бодол нь хөлийн доорх чулуу, өвс шиг барим тавим бодитой нь яагаад ч юм, яалтгүй мэдэгдээд биеийг нь хүчтэй агдасхийлгэв...”
 
ЦААСНААС АМИЛСАН ХҮН”
 
       "Хагас нь эс хагас нь элс” номын зохиолч П.Майнбаяр энэ номын баяраар уншигчиддаа “Цааснаас амилсан хүн” шинэхэн романаар бэлэг барьжээ. Энэхүү роман нь “Төмөр торхны дуу”, “Хорь арваны тав”, “Жаргалтай сүүдрүүд” гэх гурван бүлгээс бүрдсэн байна. Түүний уншигчид хэдийнэ авах номынхоо жагсаалтад багтаачихсан, шив шинэхэн роман уншихаар догдолж буй байх аа.
 
ЗӨНЧ”
 
    Нэрт яруу найрагч, зураач Халиль Жибраны алдарт “Зөнч” зохиолыг Г.Лхагвадулам орчуулагч монгол уншигчдадаа хүргэлээ. Энэхүү ном нь цэвэр яруу найраг ч биш, цэвэр философи ч биш, хүний амьдралдаа санаж баримталбаас зохих зүйлсийг үргэлжилсэн үгийн яруу найраг хэлбэрээр буулгасан, нууцлаг агаад философилог өнгө аястай гэдгээрээ онцлог байна. Ийм нэг сонирхолтой зохиолыг бидэнд ойртуулж, оршихуйнхаа тухай эргэцүүлэх боломж олгосныг "шүүрэн авч" шимтэн уншина гэдэгт итгэлтэй байна.
 
"БҮЙЛС”
      “Тагтаа” паблишинг энэ номын баяраар уншигчдадаа Өмнөд Солонгосын зохиолч, кино найруулагч Сун Вон Пёнгийн “Бүйлс” романыг  хүргэж байгаа аж. Тус номыг орчуулагч Б.Дэлгэрмаа орчуулжээ. Зохиолч социологи, философийн чиглэлээр давхар мэргэшсэн нь цэгцтэй сэтгэж, хүмүүний мөн чанарыг уудлан бичихэд нь ихээхэн нөлөөлсөн гэдэг байна. "Бүйлс” роман нь түүний анхны бүтээл бөгөөд 2016 онд хэвлэгдэн гарсан цагаасаа хойш хориод хэлнээ орчуулагдаж, сая гаруй хувь борлогдож, залуу уншигчдад зориулсан шилдэг бүтээлд олгодог “Чанби” шагналыг хүртсэний сацуу BTS хамтлагийн гишүүн RM хамгийн дуртай номоороо нэрлэж, мөн хамтлагийн Мин Юнги буюу Август-Ди энэхүү номоос сэдэвлэн "Амигдала" дуугаа бичиж, дэлхий дахины уншигчдын талархлыг хүлээсээр буй аж.
 
“ӨДИЙХНИЙГ САНАНАМ”
 
       Орчуулагч Г.Лхагвадулам хоёр ч орчуулгын бүтээлээ хүргэж буйн нэг нь Америкийн алдарт яруу найрагч Билли Коллинсийн шүлгүүд. Энэхүү түүвэрт 1997 онд өөрийн дуу хоолойгоор бичүүлэн олны хүртээл болгосон “Хамгийн сайхан янжуур” нэртэй хуурцагт багтсан шүлгүүдээс нь болон уншлага бүрдээ чухалчлан шигтгэдэг алдартай бүтээлүүдийг нь багтаахыг зорьсон байна. 
 
Цонхны дэргэд уншихад
Энэ хорвоо хонх болж
Эрвээхэй нь би өөрөө болно...
 
БУРХАН БОЛОХЫГ ХҮСДЭГ АВТОБУСНЫ ЖОЛООЧ”
 
     Орчуулагч Б.Сувддулам Израил-Польшийн зохиолч Этгар Керетийн "Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч" номыг орчуулжээ. Тэрбээр амьдралын түмэн өнгө хийгээд олон далайцтай сэдвийг инээд хоржоон, ёгтлол егөөдөл, уран сэтгэмжээр сүлэн асар бага орон зайд багтааж чаддагаараа алдартай бэсрэг өгүүллэгийн сод туурвилч  гэгддэг байна. Керет  “Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч (2004)”, “Сураггүй болсон Киссинжер (2007)”, “Гэнэт хаалга тогшив (2012)”, “Алив, нисээч (2020)”, “Автомат засвар (2025)” зэрэг өгүүллэгийн түүвэр, “Циркчидтэй хамт дутаасан аав (2004)”, “Урт үстэй муужгай хүү (2020)” зэрэг хүүхдийн ном, “Сайнаар дурсах долоон жил" (2013)” зэрэг намтар, дурсамжийн ном бичжээ.
 
"ШӨНӨ ДУНДЫН ХҮҮХДҮҮД”
 
     Энэтхэг-Английн зохиолч Салман Рушди бидний хэзээний танил болоод буй. Тэгвэл "Шөнө дундын хүүхдүүд" гэх дахин нэгэн бүтээлийг нь орчуулагч Г.Сугиррагчаа орчуулжээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа "Би багаасаа бичихийг хүсдэг байсан л даа. Харин амьдралдаа тээж явсан өөр нэгэн мөрөөдөл минь жүжигчин болох байв. Гэхдээ бүтэлгүйтсэн. “Шөнө дундын хүүхдүүд” зохиол маань кино болж гарвал “Зөн билэгчийнх нь дүрд тоглох юм сан” гэж боддог байсан. “Зохиолыг нь бичсэн учраас киноны дүрд нь ч тоглох боломжтой” гэж бодсон" гэсэн байдаг.
 
“ЮУ Ч БИШ”
 
     "Хар муур" хэвлэлийн газраас ямар бүтээл гарах нь уу гэж уншигчид хүлээдэг. Тэгвэл тэд энэ номын баяраар Ч.Мөнхбаярын туужуудыг  "Юу ч биш" нэртэйгээр дахин эмхэтгэжээ. Түүний зохиолыг унших дуртай, эрж байсан хүмүүст сайхан мэдээ байх аа. Эл зохиолчийг Монголын уран зохиолд анхны модерн бичлэгийн аргыг туршсанаараа онцлог гэдэг.
 
ДОКТОР МЭРАГИЙН ГЭМТ ХЭРЭГ”
 
     Үргэлжлүүлэн мөн "Хар муур" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан орчуулагч Д.Дашмөнхийн орчуулга "Доктор мэрагийн гэмт хэрэг" номыг хүргэж байна. Когоро Акэчи хэмээх мөрдөгчийн тухай 6-7 томоохон зохиол байдгийн нэг нь эл бүтээл бөгөөд цуврал бүрд мөрдөгч залуу овжин, зальхай гэмт этгээдүүдийг мөрдөж буй талаар өгүүлдэг байна.
 
ЗАМДАА ГАРЦГААЯ,ХҮРЭЭ ХӨВГҮҮД ЭЭ"
     "Boobooks"-ээс мэдээж юу гэж гар хоосон суух уу.
 
"Тэд зургуулаа байлаа. Өөр өөрийн мөрөөдөл, эргэлзээ, хүсэл тэмүүлэлтэй залуус. Улаанбаатарын хуучны гудамж, цоожтой хаалга, кафе, баар, шөнийн хот - бүгдэд нь тэдний айзам шингэсэн. Тэднийг нөхөрлөлөөс илүү үг, үзэл санаа холбож байв. Тэд өөрсдийгөө баатар хэмээн цоллоогүй, бас цаг үеэ эсэргүүцэгч ч гэж бодоогүй. Харин “өөрөөр амьдарч, өөрөөр мэдрэх” хүсэлд уусан, нэгэн уриа дор нэгдсэн хөвгүүд явлаа: “Бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ.” Энэ үг бол тэдний амьдралын гол утга, энэ номын цохилох зүрх нь юм. “Замдаа гарцгаая” хэмээн бусдыгаа дуудаж ахуйдаа тэд гудамжны нэг булангаас нөгөөг зорьсонгүй. Тэдний зорилго ирээдүй рүү, өнгөрч хуучирснаас холдож өөрсдийн гэсэн “өнөө”-г бүтээх дуудлага байв. Энэ бол залуу насны эрчим, эрсдэл, эрэл хайгуулын түүх. Энэ ном бол зөвхөн “Хүрээ хөвгүүд”-ийн дурсамж бус, нэгэн үеийн их тэсрэлт, хотын уран зохиолын эхлэл, утга учиргүйг өөрсдийнхөөрөө тодорхойлох оролдлого, зам, үзэл санаа болсон юм."
 
“МУУРАН ТӨРХТЭЙ ХҮМҮҮС”
 
     Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Б.Алтанхуягийн ээлжит бүтээл "Мууран төрхтэй хүмүүс"-ийг мөн онцлох нь зүйтэй байх. Тэрбээр "2019 оноос хойш бичсэн өгүүллэгүүдээс арвыг нь сонгож "Мууран төрхтэй хүмүүс" нэрийн дор эмхэтгэлээ. Энэ бол уран сэтгэмжит өгүүллэгийн түүвэр" хэмээн онцолжээ. Уран сэтгэмжит зохиолд дуртай уншигчдын хувьд амжиж авах бүтээл мөн биз ээ.
 
ГАШУУДЛЫН ДАВЛАГАА"
 
        "Монсудар" хэвлэлийн газрын "Жангар"  хүүхдүүдийн, тэр дундаа эцэг, эхчүүдийн хүсэн хүлээдэг редакц болсон. Сонголт ч арвин болж буй. Уншигч таны сонголтод "Гашуудлын давлагаа"-г хүргэж байна.
 
"Гашуудах гэдэг нь хүн бүрд өөр өөрөөр явагддаг үйл явц юм. Хайртай хүн нь нас барж, хайртай зүйлээ алга болгох үед удаанаар дасан зохицох тэрхүү хугацааг гашуудал гэдэг. Гашуудал нь уйтгар гуниг, хэцүү мэдрэмжүүдийн аварга том, асар өндөр давалгаанд шидэгдэж байгаа юм шиг л мэдрэгддэг. Энэхүү номд хагацал, гашуудлын тухай тайлбарлан, үүнийг хүлээн зөвшөөрч, дасан зохицоход туслах сайтар судлагдсан олон аргыг санал болгосон юм. Хүүхдүүдийг амьдралын олон өнгийг ойлгож, аливаад бэлтгэлтэй байхад тусална."
 

НОМЫН БАЯРААС ОНЦЛОХ НОМУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188