• Өнөөдөр 2024-05-04

"ЦУЛ МӨНГӨН ГҮҮР" ДЭЭРЭЭС "ОЛСОН" 10 ЭШЛЭЛ

2024-01-19,   182

     Гүүрэн дээр зогсоод Ц. Гончиг гэх зохиогчийн дурсамжид саатлаа. Хүний ийм нэг халуун дулаан, халгим, цалгим, сэтгэлийн догдлол баяр, үгүйлэн санагалзахын мяндсан утсыг хөндсөн дурсамж унших шиг амттай, олзтой зүйл юу билээ. Улбаалан мөн өөрийн дурсамж руу "шумбан" орж, тэртээ өдрүүд дэх дэггүй, сониуч, мөрөөдөмтгий мөртлөө санаашралтай өөр рүү очлоо. Тэгэхдээ "Цул мөнгөн гүүр" дурсамжийн номд уншигч таныг хөтлөх дараах  10 эшлэлийг хүргэж байна. 

 
-Цагаан чулуу олох гэж цүнхээлд үсэрч байсан бага насны ой дуртгалаасаа амь тэмцэн голын оёороос агаар мандал руу зүтгэж байхдаа тэртээ цүнхээлийн гүнд юм шиг гэрэлтэн, атгаад авбал усан доор ч амьсгалж болмоор юм шиг санагдаад байсан нарнаас үүдээд санан дурсахын үзүүр хаяаны наахантайгаас цагаан чулуудыг оллоо...
-Цаг хугацаа гэдэг зөвхөн дурсан санах, хүсэн мөрөөдөх хоёрт зориулагдсан мэт ээ...
-...Хавь ойрын номоо уншиж барсан тул айл хунарт харсан аятайхан номыг гэртээ залж унших гэж зурамд зүүсэн урхи эргэж байгаа аятай л тойрно. Өдөртөө хэд хэд эргүүлдэнэ...
 
-...Өнөөдөр ч гэсэн битүүний зурж надад харуулсан Их-Уулын хажуугаар давхиж явна. Ийн давхиж явахад Дорж гуайнхаа зурсан зураг дотор Тэгшээ гуайн кабинд давхиж яваа мэт л сэтгэгдэл төрнө. Нуга шиг хөвдөд хучигдсан чулуу адил Их-Уул.
 
-...Мод зүснэ гэдэг түлээ хөрөөдөхөөс хол няхуур ажил. Жаахан хайнга хандвал утаснаас гараад ташчихна, утаснаас гарахгүй гэж мушгиж татаад байвал ухаж хөрөөдөөд хумбан банз гарна. Хаалганы яс мод өндөр тул зүсэхдээ сандал дээр гарч эхлүүлээд, дундаас доош орохоор нь би хааяа хуруу нэмнэ. Ийн мод зүсэхэд татаж, түлхэж, өгч авахдаа буй биеэрээ ганхан найгах нь хамгаас чухал билээ. 
 
-...Өвгөний үнсээд тавьсан том загасыг хожим хэн ч бариагүй билээ. Өдийд тэр загас мөрөн голын гүнд намайг өвгөн болохыг хүлээгээд л байж байгаа вий...
 
-...Аавын дээлийн өврөөр салхи хүүгж ар тал нь бөмбийгөөд, хойно суусан миний нүүрэнд наалдаж амьсгалахад хүртэл бэрхтэй байв. Бүсний засвар нь гараа хийгээгүй сэн бол би аль хэдийнэ нисэж явах байлаа
 
-...Ямар ч юмны цаад учир хүрэх алсын цэг хүртэл нь асуудаг байсан тул намайг гэрийнхэн "Шалаа" гэцгээдэг байв. Сурсан зангаараа аавыг завсаргүй шалж гарав...
-...Гүүрнээс цааш гэрийн зүг явахдаа би тоймгүй олон бурхдын дүртэй цац суваргуудыг нэвтлэн алхаж явлаа...
-...Цэнхэр гунигийн гол зундаа хэчнээн хоосон гэж санана. Сургууль амарчихсан. Тийм гол байх ч үгүй. Байвал өөр нэртэй л урсдаг байх.

"ЦУЛ МӨНГӨН ГҮҮР" ДЭЭРЭЭС "ОЛСОН" 10 ЭШЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188