• Өнөөдөр 2024-04-26

Ж.ЭДМОН: Миний нэрлэх шилдэг 10 кино

2020-12-01,   1373

       “Оюунт Монгол” булангийн маань ээлжит зочин “Нүдэн хуй” кино нэгдлийг үүсгэн байгуулагч, найруулагч, залуу уран бүтээлч Ж.Эдмон өөрийн шилдэг хэмээн дүгнэсэн кино урлагийн бүтээлүүдээ нэрлэлээ. Тэрбээр “Нүдэн хуй” кино нэгдлийнхээ хамтаар богино хэмжээний кино урлагийн төрөлд хүч үзэж, амжилттай ажиллаж яваа нэгэн билээ. Ийнхүү түүний нэрлэсэн шилдэг 10 кинотой танилцацгаая.

1.The Great Gatsby (2013)

Америкийн зохиолч F.Scott Fitzgerald-ын ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн уг киноны сүүлийн хувилбарын найруулагч Baz Luhrman-ны 2013 онд найруулж, гол дүрд нь Leonardo Di Caprio тоглосон байдаг. 1925 оны зохиол атал 88 жилийн дараа л яг дүрээ олсон юм шиг санагддаг.

2.Lolita (1997)

Adrian Lyne найруулагчийн хувилбар нь “The Great Gatsby”-гийн сүүлийн хувилбар байсантай адил энэ кино ч мөн ялгаагүй өөрийн гэсэн бүхнээ олсон бүтээл. Зохиолч Vladimir Nabokov зүгээр л нэг бяцхан охинд дурласан азгүй хижээл насны эрийн тухай бичээгүй юм. Энэ нь нэг төрлийн сэтгэцийн эмгэг болон хүмүүсийн харилцааны гол асуудлыг тусгасан. Энүүхэндээ гэж хэлэхэд ихэнх хүмүүс Лолита-г яг “Malena” шиг ойлгож үздэг. Цаад утга санаа, шаналал гарцаагүй байдал, хагацал, үл ойлголцол, жам ёсыг харуулсан гунигтай бүтээл.

3.Malena (2000)

Киноныхоо дараа найруулагч Giuseppe Tornatore-ийн хэлсэн үгсийг үзэгчид ойшоодоггүй. Сайхан бүсгүйдээ биш эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, тэрхүү хүнд үеийг л давчихвал цаана нь цаг хугацаа үлдэж байгаа учраас, юу ч болж байсан хамаагүй амьд явах ёстой гэдэг эцсийн утга учир  нь аз жаргал мөн болохыг харуулдаг.

4.Forrest Gump (1994)

Robert Zemeckis найруулагчийн бүтээл энэ кинонд илүү дутуу юм ярих шаардлагагүй. "Амьдрал бол Шоколад" гэдэг үгс сэтгэл их тодхон үлдэж дээ.

5.Burning (2018)

Lee Chang-Dong найруулагчийн нууцлаг жанрын кино. Ер нь л нэг тийм тайлбарлаж ярихаасаа илүү үзээд суухад нарийн зангилаа уялдаа холбоог нь хараад ямар сайн бүтээл болохыг нь мэдэх болов уу. Хоёр Солонгосын хил дээр Марихуан сороод бүжиглэдэг хэсгийг би хувьдаа үнэхээр сайн хэсэг болсон гэж боддог.

6.Windstruck (2004)

Солонгосын ихэнх цуврал кинонд дургүй. Харин эсрэгээрээ "Долоодугаар өрөөний бэлэг" болон "Салхиар чам руу", "Шимэгч" гэх мэт ганц ангит сайн кино олон бий. Kwak Jae-Yong найруулагч тус кинонд учрал хагацлыг их эвтэйхэн харуулж чадсан.

7.Before Sunrise (1995)

Найруулагч Richard Linklater-ын өөрийнхөө амьдралын хамгийн гэгээн учралаасаа сэдэвлэн бүтээсэн “Before” гэх гурвалсан цуврал кино бий. Энэ киноных нь хувьд залуу нас, хайр дурлал, гэнэн томоогүй үеийн олон дурсамж бодогдуулж, догдлуулсан кино. Эхний ангийг найруулагчийнх нь хувийн амьдралын нэгэн учралтай төстэй үйл явдлаар хийсэн гэх нь бий.

8.Before Sunset (2004)

Есөн жилийн дараа хоёрдугаар ангиа хийхдээ киноны гол дүр болох бүсгүйтэйгээ есөн жилийн дараа уулзаж буй байдлаар бүтээсэн. Амьдралынх нь бүх зүйл биш ч, амьдралынхаа есөн жилийг алдаж, орхих хэчнээн хайран.

9.Before Midnight (2013)

Гурав дахь анги нь мөн л өмнөх ангиасаа хойш есөн жилийн дараа гарсан. Уг төгсгөлийн анги дээр гол дүрийн хосууд хамтдаа аз жаргалтайгаар төгсдөг гэдэг юм билээ. Харин миний хувьд энэ цувралын төгсгөлийн ангийг үзэхээсээ эмээсэн юм. Маш гунигтай ес, есөн жилийн давтамжтай шаналлыг бүтээсэн.

Гол утга нь нэгэн бүсгүйтэй уулзахын тулд юм л даа. Гэвч хамгийн сүүлчийн анги нь цацагдсаны дараа тус найруулагч Richard Linklater өөрт нь зориулж бүтээсэн уг цувралыг өнөө бүсгүй аль ч ангийг нь үзээгүй болохыг мэдсэн гэдэг. Тэд эхний анги дээрээ дараа дахин уулзах газраа товлон салцгаадаг. Дараагийн анги дээр нь залуу товлосон газартаа хүрч, очсон ч бүсгүй нь ирдэггүй. Тус кино дээрх уг хэсэг бол бодит түүх, кино хоёрын огтлолцол юм. Найруулагч нь өөрийн амьдралаас сэдэвлэсэн бөгөөд Richard Linklaster найруулагч бүсгүйтэй уулзахаар тэр өдөр очсон боловч сэтгэлтэй бүсгүй нь тэр өдөр хорвоо дээр оршихоо больсон гэдэг.

Гэвч кино, амьдрал хоёр өөр шүү дээ. Кино дээрээ бүсгүй амьд байгаа. Хоёрдугаар ангийн үйл явдал дээр бүсгүйн эмээгийнх нь оршуулга болж өнгөрсөн гэдэг нь найруулагчийн өөрийнх нь уулзаж чадаагүй бүсгүйгийнх ч байж болно шүү дээ.

Энэ киног үзсэнийхээ дараа хэсэг их гайхаж, алмайрч суусан. Дараа нь киноны түүхийг судалсан юм. Учир нь, миний амьдралын зарим хэсэг эхний ангитай нь их төстэй гэж хэлж болох юм л даа. Харин ирээдүйд төсөөлдөг байсан зүйлс удаах анги дээр гардаг хэсгүүдтэй дөхөм байсан байж болно. Нэг тийм ойролцоо учрал хагацал, гялбаад л өнгөрсөн гэсэн үг. Тэгээд л сүүлийн ангийг нь үзэхээ хэсэг азнаж, эмээсэн юм. Тийм ч учраас түүний адил сүүлийн киногоо одоохондоо нэрлэхгүй өнгөрөөе дөө.

 


Ж.ЭДМОН: Миний нэрлэх шилдэг 10 кино
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188