• Өнөөдөр 2024-04-26

ЖОН ЛЕННОНЫ СҮҮЛЧИЙН ЯРИЛЦЛАГА

2021-09-09,   833

Алдарт амьд хөгжмийн “Битлз” хамтлагийн ахлагч, дуучин Жон Леннон амиа алдахаасаа өмнө өгсөн хамгийн сүүлчийн ярилцлагыг нь хөрвүүлэн хүргэж байна. Нэрт дуучны өгсөн хамгийн сүүлчийн ярилцлагыг “Rollingstone” сэтгүүлийн редактор Жонатан Кот авсан бөгөөд тэдний ярилцлага найман цаг үргэлжилжээ. Харин Жон Леннон, Жонатан Кот нар ярилцсанаас гурван хоногийн дараа нэрт дуучин дуу бичлэгийн студиэсээ харьж яваад гэрийнхээ гадна бусдын гарт амиа алдсан байдаг. 1981 оны сэтгүүлийнхээ хамгийн эхний дугаарын нүүрийг чимэхээр төлөвлөсөн Жон Ленноны ярилцлагаас тухайн үед “Rollingstone” сэтгүүл богино хэсгийг нь оруулж байв. Тэгвэл нэрт дуучныг амиа алдсанаас хойш 30 жилийн дараа буюу 2010 онд “Rollingstone” сэтгүүлч Жон Леннон, Жонатан Кот нарын ярилцлагыг бүрэн эхээр нь цацсан юм.

-ХЭН НЭГНИЙ ЗОХИОЧИХСОН ЮМ ШИГ АМЬДРАЛД ХЭЧНЭЭН ИНЭЭМСЭГЛЭЖ, АЗ ЖАРГАЛТАЙ, АМЬД БАЙГААД ЯАХ ЮМ БЭ-

Жон Ленноны Дакота дахь орон сууцад ороход түүний гэргий Ёоко Оно “Дотоод амар амгалангийн ариун сүмд тавтай морил” гэсээр хүлээж авав. Гэрийнхээ таазыг өөрсдийн зурсан үүлсээр чимсэн нь харааг минь булааж байлаа. Намайг буйдан дээр нь очиж, суух үед Ёоко Оно дэргэд минь ирж, гэр бүлийн хүнтэйгээ хамтарч гаргаж байгаа “Double Fantasy” цомгоо хэрхэн тэгж нэрлэсэн талаараа ярьсан юм. Түүнд нөхөр Жон Леннон нь “Хэрэв хоёр өөр хүн нэг мөчид ижил зүйлийг дүрслэх юм бол гайхамшиг болно” хэмээн тайлбарлаж өгчээ.

Ярилцлага эхлэхээс өмнө бид хэрхэн танилцаж байсан талаараа хэсэг хугацаанд хуучлав. Би Жон Леннонтой 1968 онд анх танилцаж байлаа. “Битлз” хамтлаг дүр төрхөө урьд өмнөхөөсөө илүү ардчилсан үзэл баримтлалтай болгоод байсан үе. Тухайн үед Жон Леннон өнөөгийнхөөсөө илүү дур булаам, сэтгэл татам, шулуун шударга, басхүү хөгжилтэй нэгэн байсан. Анх харсан, танилцсан сэтгэгдэл минь балмагдаж, сандарсаар таарсан юм. Дуу хөгжмийн түүхэн дэх хамгийн шилдэг бүтээлүүдийг туурвисан “Abbey Road” студид Жон Леннон “The White” цомгоо бичүүлж байлаа шүү дээ. “Abbey Road” студийн өсгөгч цусыг минь “буцалгаж” байхад “Битлз” хамтлагийн гурван гишүүнтэй хамт нэг өрөөнд байна гэдэг зүүд л гэсэн үг. Энэ зэргээр хөөрөлдсөөр домогт уран бүтээлч Жон Леннон бидний ярилцлага эхэлсэн юм.

-Таныг уран бүтээлдээ эргэж ирж байгаад үнэхээр их баяртай байна. Мөн өнгөрсөн таван жилийн хугацаанд бэлдсэн “Double Fantasy” цомгоо үзэгч, сонсогчдын хүртээл болгож байгаад баяр хүргэе?

          -Би бусдын л адил энгийн нэгэн. Өглөөний 09:00 цагаас 17:00 цаг хүртэл ажилладаг. Өглөөдөө талх барьж, хүүхдийнхээ живхийг сольж, хүүхдээ асарна. Намайг нийгмээс тусгаарлагдсан гаж амьтан гэдэг. Тэр худлаа. Хүмүүс надаас “Чи яагаад газар доогуур орчихов оо”, “Юунаас нуугдаад байгаа юм бэ” гэж асуудаг. Би юунаас ч нуугддаггүй. Би Өмнөд Африк, Бермуд, Хонконг, Сингапур гээд л дэлхийн олон газарт очиж байсан. Бусдын л адил хийхийг хүсдэг зүйлээ хийж, энгийн л байдаг юм.

-Гэвч өнгөрсөн таван жилийн хугацаанд тийм ч их дуу бичээгүй байх аа. “Бусдын л адил энгийн байх” үүнд нөлөөлсөн үү?

          -Би таван жилийн турш юу ч бичээгүй. Хүүхэдтэй болсон минь Ёоко бид хоёрын хувьд маш том баяр болсон. Бид нэг хүүхэдтэй болох гэж ямар олон хэцүү зам туулсныг хүмүүс мартсан байх. Ёоко бараг л үхэх шахсан шүү дээ. Гэхдээ тэр одоо дахиад жирэмсэн байгаа. Бид л өөрсдийгөө хэцүү байдалд оруулж байсан байх. Бид хүүхэдтэй болох гэж 10 жил хичээсэн юм шүү. Одоо л нэг бүх зүйл сайхан болж байна. Би телевизээр заадаг теле иогийн дасгал хийж байгаа (инээв). Энэ олон жилийн дараа ирсэн энэ бүх сайхан зүйлээ баллачхаж болохгүй шүү дээ.

-Тэгсэн ч сонсогчид таныг “Огт дуу бичихгүй, хийхгүй байна” гэж шүүмжилж байна. Сүүлд гаргасан гурван цомгийг ч шүүмжилж л байсан. Магад сонсогчид таны шилдэг бүтээлүүдийг мартсан юм болов уу?

          -Тэд их уурласан байх даа. Миний бие даан гаргасан уран бүтээлүүдийг “Битлз шиг сонсогдохгүй байна” гэж шүүмжилж байсан. Би чинь ердөө л Жон Леннон шүү дээ. Хэн нэгний хэн нэгэн болгох гэж хүссэн хүн биш. Хүмүүс үргэлж хэн нэгнийг өөрт нь таалагддаг нэгэн шиг байлгахыг хүсдэг. Сонсогчид зөвхөн миний ч бус Ёокогийн цомгийг ч бас шүүмжилсэн. Гэхдээ тэдгээр цомог олон нийтэд зориулагдаагүй. Бидний хүсэл, бидний нүдээр ертөнц хэрхэн харагддаг тухай цомгууд юм. Гэхдээ энэ зүйл зөвхөн бидэнд тохиолдоод байгаа юм биш. Миг 20 жилийн турш тасралтгүй бүтээл туурвиж байна. 37 настай түүнээс “Гайхалтай дуу гарлаа” гэж магтах хүн байх болов уу даа.

          Брюс Спрингстэнийг алдар нэр хөөж явснаас хойш би түүнтэй уулзаагүй. Тэр саяхан залуудаа маш их согтууруулах ундаа ууж, хэрхэн охид, бүсгүйчүүдийн араас гүйж байсан талаараа ярьсан байна билээ. Түүний сонсогчид жаргалтай байгаа биз. Хүмүүсийн сонсохыг хүсдэг юм чинь тэр шүү дээ. Хүний амьдрал өгсөж, бас уруудна. Уран бүтээлчид чинь машин биш шүү дээ. Хүмүүс биднийг яг юу гэж боддог юм бол оо. Тэд Мигээс юу хүсдэг бол.

Өөрийгөө тайзан дээр хөнөөгөөсэй гэж үү. Аль эсвэл Ёоко бид хоёрыг тайзан дээр бэлгийн харьцаанд ороосой гэх юм болов уу.

Энэ зүйл яг л хүрд шиг эргэлдсээр л байдаг систем шиг зүйл.

-Таныг хувиа хичээдэг зантайгаа тэмцэж байгаа гэх юм билээ. Үнэн үү?

          -Бид бүгдээрээ л хувиа хичээгсэд. Ялангуяа урлагийн хүмүүс хамгийн их хувиа хичээсэн хүмүүс байдаг. Өөрийн дотоод амар тайвны төлөө Ёоко Оно, хүүхдээ, өөр толгойд орж ирэх хэн ч байсан хамаагүй өөрөөсөө түлхэж, өөрийгөө л бодно. Гэхдээ энэ надад тийм ч том асуудал биш. Үүнд ч гэсэн шан харамж гэж бий. Мансууруулах бодис хэрэглэх, түргэн хоол идэж, дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь надад хүүхдээс минь илүү чухал байна гэж үү дээ. Би өөрийгөө тийм ч хувиа хичээсэн нэгэн гэж хэлэхгүй. Би өсөж, том болохдоо л хувиа хичээсэн нэгэн бол төлөвшсөн. Би дэлхий дээрх хамгийн сайн аав биш. Гэхдээ л хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийдэг. Би сэтгэлийн хөдлөл өндөр хүн. Унана, босно, түүний дараа дахиад л унах болно. Энэ маань хүүхдэд минь ямар нөлөө үзүүлж, хожим өсөж, төлөвшихөд нь хэрхэн нөлөөлөх бол гэдгийг бодох хэцүү байдаг. Би түүнтэй хамт байвал телевизээр гардаг ямар ч “хог”-ийг үзэж чадна. Гэхдээ хүүхэд тоглоно гэдэг их хэцүү ажил. Түүний оронд хамт байхдаа дуу зохиосон нь хамаагүй дээр.

-Таныг гайхалтай зургийн авьяастай гэдэг дээ. “Walls and Bridges” цомгийнхоо нүүр зургаа зурж байсан байх аа?

          -Тийм ээ, цомгийн нүүр зургийг 10-11 настай байхдаа л зурсан юм. Тэгээд хожим цомгийнхоо нүүр зураг болгосон л доо. Намайг урлагийн сургуульд байхад дүрслэх урлагийн боловсролын хөтөлбөр намайг ямар нэг хэвэнд цутгах гэж байсан. Тэр нь надад төрөхөөс заяасан зурах өгөгдлийг алга болгох юм л даа. Тэгэхээр нь би зурахаа больж, өөрийнхөө зургуудыг хүүхэд байхаасаа хойш дахиж хөгжүүлж, сайжруулаагүй. Миний зурдаг арга барилыг Ёоко “Япончуудын зурах арга барилтай маш их ижилхэн” гэж хэлдэг. Би ч өөрөө Японы бийрэн зурагтай адилхан л гэж боддог юм.

-Та нэгэн удаа “Би болон дотоод хүнээс минь бусад хүмүүс ямар нэгэн зүйл нууцалсаар байдаг” гэж хэлсэн. Яагаад тэгж бодсон юм бэ?

          -Төсөөлөл биш. Миний дотоод хүн цаг үргэлж жимсний шүүсэн дээр исгэгч хийсэн оргилуун дарс шиг л байдаг. Түүнээс оргилж гарсан зүйлсийг л би бичиж, тэмдэглэхийг хичээдэг юм. Гэхдээ царай муутай далайн хав шиг зүйлийг нь авахгүй. Жишээлбэл, би модыг дүрсэлж бичих дургүй. Харин тэр мод руугаа авирах ч юм уу, аль эсвэл сүүдэртнь тухлах дуртай.

-Уран бүтээлүүд тань хүмүүст ертөнцийн тухай бодол, сүнслэг нөлөө үзүүлсэн юм шиг санагддаг. Тэгээд л “Бүгдээрээ хамт тэмцье” гэж байгаа юм шиг?

          -Би наадахыг чинь л хэлээд байдаг юм шүү дээ. Миний пянзыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс олоод дотор нь бичигдсэн “Нэг дэлхий, нэг хүн” гэснийг ойлгоосой. Үүнийхээ дараа бүү өөрсдийн эрх чөлөөг хорьж, энх тайвны төлөө хэмээн дайн дэгдээж, хэн нэгэн рүү буу чиглүүлээсэй. “Бидэнд зөвхөн хайр хэрэгтэй” гэдгийг хүмүүст ойлгуулах ярвигтай. Гэсэн хэдий ч би олимпын бамбар шиг байж, өөрийн дуу хоолойг нэгнээс нэгэнд, нэг улсаас үндэстнүүдэд хүрч, ирээдүйн төлөө , сайн сайхны төлөө хийх болно. Энэ л миний ажил. Түүнээс биш хэн нэгний зохиочихсон юм шиг амьдралд хэчнээн инээмсэглэж, аз жаргалтай, амьд байгаад яах юм бэ. Би хэзээ ч өөрөөсөө бурханлаг чанарыг шаардаж байгаагүй. Сэтгэл цэвэр ариуныг ч өөрөөсөө мэдэрч байгаагүй. Амьдралын утга учрыг нь бодож олоогүй. Зүгээр л дуугаараа хүн бүрд тохирсон шударга хариулт өгөхийг хичээсэн. Үүнийхээ хүчинд би ертөнцийг өөрөөр хардаг болсон. Гэсэн ч энх тайван, хайр хүмүүст тэгш хүрч, нэгнээ ойлгоно гэдэгт итгэсээр байгаа.

-Дэлхийн дээр сая сая хүн айдас, өвчин, шаналал дунд амьдарч байна. Харин та “Айхаасаа битгий ай” гэж хэлдэг. Үүгээрээ яг юу илэрхийлэхийг хүссэн юм бэ?

          -Би их айдаг. Гэхдээ айхаас айдаггүй. Түүнээс бусад нь бүр ч илүү аймшигтай шүү дээ. Өөрийнхөөрөө байж чадахгүй байна гэдэг хэцүү. Хүмүүс өөрөөсөө өөр хэн нэгэн байх, болох гэж яардаг. Магад тэр нь л муу шийдвэр гаргахад нь нөлөөлдөг байх. Удаан хугацааны турш өөрийгөө хүлж, хий хоосон итгэж явсан нь хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг.

          Би сургуульд байхдаа их сахилгагүй хүүхэд байлаа. Гэхдээ гудамжны танхай залуу байгаагүй. Би Элвис Пресли, Марлон Брандо нар шиг харагдахаар хувцасладаг хүмүүжилтэй хүү байсан юм. Амьдралдаа ганц ч удаа гудамжны зодоон орж, гэмт этгээдүүдтэй орооцолдож байгаагүй. Ердөө хотын захаас ирсэн рок хөгжимд дуртай хүү байсан. Харин надад миний нүдний шил таалагддаггүй. Нүдний шил маань намайг бусдаас илүү доожоогүй, хариугүй харагдуулдаг. Тийм ч учраас Жэймс Диэн шиг чанга эр болохыг хүсэж эхэлсэн байх. Тэгээд л бөхөөр хичээллэх болсон. Аажимдаа надад догь залуугийн шинж илэрч эхэлсэн. Гэвч би хэзээ ч өөрийнхөө хүсэж байгаа шиг хүн болохгүй гэдгээ ойлгосон юм. Үүнийг л Ёоко Оно надад сургасан. Амьдралд минь хэрэгтэй, амьдралыг минь гэрэлтүүлэх нэгэн эмэгтэй. Тэр намайг байгаагаар минь хүлээж авдаг. Бид бүх хүмүүст тусалж чадахгүй. Гэхдээ бүгдээрээ хамт байх юм бол хэн нэгэнд тусалж чадна.


ЖОН ЛЕННОНЫ СҮҮЛЧИЙН ЯРИЛЦЛАГА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188